A Canterbury Tale (1944). Харваачид нэрээрээ алдаршсан кино урлагийн мастер хослол болох Michael Powell, Emeric Pressburger хоёрын зохиолыг нь бичиж найруулсан Их Британи кино. Кино хар-цагаанаар хийгдсэн ба зураглаачаар Германд төрсөн Ervin Hillier ажилласан буюу Powell, Pressburger, Hillier нарын хамтарсан хоёр киноны анхных нь кино байв. Киноны гол дүрүүдэд; Eric Portman, Sheila Sim, Dennis Price, John Sweet нар тоглосон. Киноны хүүрнэгчийг Esmond Knight хийсэн бол киноны Америкт гарсан хувилбарын хүүрнэлийг Raymond Massay хийж, үзэгчдийг татахын тулд Kim Hunter-г нэмсэн байдаг. Киноны дүрслэлийн хэв маягийн дийлэнх хэсэгт Британийн реализм ба Hillier-н Германы экспрессионист хэв маягийг хольсон нь Английн ландшафтад нео-романтик мэдрэмжийг шингээжээ.
Английн ландшафт дахь "өнгөрсөн үргэлж одоог мөшгөдөг" гэсэн концепт нь хэдийнээ Английн уран зохиолын соёлын нэг хэсэг байсан; жишээлбэл, Английн зохиолч, яруу найрагч Rudyard Kipling-н "Puck of Pook's Hill" гэх мэт зохиол бүтээлүүдэд гардаг ба 1960-аад оны Британийн кино найруулагчид хийгээд зохиолчдын онцлууштай зүйрлэл нь болж байлаа. "A Canterbury Tale" киноны нэр бол 14-р зууны Английн яруу найрагч, зохиолч Geoffrey Chaucer-н "The Canterbury Tales" зохиолоос авсан нэр бөгөөд кинонд Кент хотын оршин суугчдын дайны үеийн амьдралыг онцлон харуулахын тулд, мөн дайны үеэрх Англи-Америкийн нөхөрлөл, харилцан ойлголцлыг дэмжих үүднээс "шашны мөргөл хийхээр яваа этгээд дүрүүд" гэсэн Chaucer-н сэдвийг ерөнхийдөө ашиглажээ. Англи-Америкийн харилцааны тухай Powell, Pressburger хоёр өмнөх "The Life and Death of Colonel Blimp" кинондоо, дараагийн "A Matter of Life and Death" кинондоо тус бүр авч үзсэн байдаг. Магадгүй Powell, Pressburger нарын хувийн шинжтэй, ер бусын энэхүү кино нь нээлтээ хийхдээ үзэгч, шүүмжлэгчдийг будилуулж байсан цагаас хойш нэрт найруулагчдын хамгийн шилдэг киноны нэг гэгдэх болжээ. Pressburger өөрөө уг бүтээлээ өөрийнхөө хамгийн дуртай киногоор нэрлэсэн байдаг. Хачирхалтай болоод доргионтой "A Canterbury Tale" бол найруулагч Michael Powell-н ландшафтын нууцлаг хүчийг үзэсгэлэнтэй болгож буй бүрэн дүүрэн илэрхийлэмж болно. Ийнхүү киноны үйл явдлыг товчхон хүргэе.
Энэхүү түүх нь ингэж болжээ; Британийн армийн түрүүч Peter, Америкийн армийн түрүүч Bob болон "газрын бүсгүй" (эрчүүд нь дайнд явсан тул хүүхнүүдээр газар тариалан эрхлүүлэхээр байгуулсан арми) Alison гэсэн гурван залуухан хүнтэй холбоотой. Тэд 1943 оны 8-р сарын баасан гаригийн орой Кентерберигийн ойролцоох Кент хотын Чиллингборн (зохиомол) хэмээх жижигхэн сууринд хүрэлцэн ирнэ. Peter энд хуарагнаж байгаа бол Alison фермер дээр ажиллахаар ирсэн, харин Bob дараагийн зогсоол Кентербери гэснийг Кентерберид ирлээ гэж андуураад ирчихжээ. Тэднийг галт тэрэгний буудлаас хамт явах үед үл таних хүн Alison руу халдан үсэнд нь цавуу наачихав. Ийм хандлага орон нутгийн охид хүүхнүүдэд байнга тохиолддог бөгөөд нутгийнхан үл мэдэгдэгчийг "цавуу хүн" гэж нэрлэнэ. Alison эл нууцлаг явдлын учгийг хамт тайлж энд үлдэхийг Bob-оос гуйна.
Маргааш нь Alison тариалангийн талбайд ажиллаж байхдаа Peter-тэй таараад нууцыг тайлах багтаа элсүүлнэ. Ийнхүү Bob, Peter, Alison гурав нутгийн хөвгүүдийн тусламжтайгаар мөрдөн шалгалт хийж эхэлнэ. Залуу хүмүүс учир авхаалжч ур чадвараа ашиглан ,"цавуу хүн" гэдэг бол орон нутагтаа хүндлэгдсэн түүхч, шүүхч Colpeper гэгч болохыг тогтоодог. Кентербери руу явах галт тэргэнд манай гурван мөрдөгч Colpeper-тэй халз тулгарах ба Colpeper хэргээ хүлээгээд, үйлдлийнхээ шалтгааныг, ийм цавуу хүний зохиомол түүхээр дайнд мордсон эрчүүдийнхээ эзгүйд нутгийнхаа хүүхнүүдийг Америк цэргүүдэд алдахгүй байх, эр нөхрүүдэд нь үнэнч байлгахын төлөө элдэв үүх түүх ярьдаг байсан хэмээнэ. Colpeper хэлэхдээ Chaucer-н мөргөлчид наманчлах юмуу адислал хүлээн авах гэж Кентербери руу аялдаг байсан гэж яриагаа өндөрлөдөг. Дайны бөмбөгдөлтөд сүйрсэн Кентерберид манай гурав ирээд гурвуулаа өөр өөрийн гэсэн адислалыг хүлээн авдаг. Alison дайнд амь үрэгдсэн гэж бодож явсан найз залуугаа амьд болохыг олж мэддэг; Bob өөрийг нь хаясан гэж итгэж явсан найз охин нь Австралид байгаа төдийгүй бичсэн захидлууд нь удаан хугацаагаар хойшилсоор одоо ирж байгааг мэднэ. Харин дайны өмнө кино театрт орган хөгжим тоглодог байсан Peter ангитайгаа буцахаасаа өмнө Кентерберигийн сүмд орган хөгжим тоглодог ба мөн Colpeper-г цагдаад мэдүүлнэ гэсэн бодлоосоо няцдаг. Кино ингэж төгсдөг.
Найруулагч Powell, Pressburger хоёр кино зохиолоо хамтдаа бичиж, ландшафт болон түүхийн (гэрэл ба хугацаа) концептийг мөргөлчид гэсэн гурван хүний хувийн аялалтай холбон, нийтлэг нэгэн шинж төрхийн үндсийг харуулахыг зорьжээ. Powell хэлэхдээ; төрсөн нутаг болоод Английн талаарх бүх сэтгэгдлийг харуулсан кино бүтээхдээ Chaucer-н бүтээлээс ихээхэн урам зориг авсан гэжээ. Киноны гол дүрд тоглож гурвал олонд танигдаагүй жүжигчид байсан ба олны хэсэгт тоглосон ихэнх хүмүүс орон нутгийн жирийн иргэд байжээ. Энэхүү кино нь нэрт хоёр найруулагчийн анхны продакшны бүтээл болсон ч ашгийн хувьд амжилт олоогүй. Дайнтай холбоотойгоор киног Америкт гаргахад засвар хийх шаардлагатай болж, киног 20 минутаар танаж, хэмнэлийг нь хурдан болгосон байдаг аж. Энэ бол маргаангүй хоёр найруулагчийн дайнтай холбоотой кинонуудаас хамгийн их нийгэмд хандсан кино нь болно. Кино нээлтээ хийхэд хүмүүс бараг тоогоогүй ба улс төрийн хоёрдмол агуулгатай тайлбар, хачирхалтай нууцлаг үйл явдал зэрэг нь шүүмжлэгчдийн алмайруулж, уг киног ач холбогдолтой бүтээл гэж үзэхээс ангид байлгажээ. Үнэндээ "A Canterbury Tale" бол үндэстний домог зохиох элементүүдийг дайны үеийн Британийн амьдралыг сонирхолтойгоор хослон харуулжээ.
Кино Chaucer-н "The Canterbury Tales" бүтээлийн оршлоор эхлээд удалгүй 1943 он руу шилжиж байгаа нь үзэгчдийг цаг хугацааны хувьд урагшлуулах ба энэхүү бүтээлч эвлүүлгээр Chaucer-н мөргөлчдийн сэдвийг дахин амилуулж байна. Орчин үеийн Кент дэх сөнөөгч онгоцыг 15-р зууны шонхор шувуугаар сольж байгаа нь үнэхээр шинэлэг бас бүтээлч сэтгэлгээ байсан нь гарцаагүй. Киноны гурван залуу гол дүрүүд боловч Кентерберид бол гадны хүмүүс ба аймшигтай мисогинист Colpeper бол нутгийнхаа соёл, хөдөөнийхөө үнэт зүйлсийг авч үлдэх гэсэн "эх оронч" дүр болно. Colpeper гэртээ үлдсэн хүүхнүүдийг харийнханд алдчихгүй юмсан гэсэн санаандаа автсан, үүнийгээ буруугаар хэрэгжүүлэгч гэлтэй. Гэхдээ киноны төгсгөлд түүний буруу үйлдлийнх нь төлөө ялладаггүй. Төгсгөлд кино "араагаа" сольж, Кентерберид байгаа гурван залуу маань дайны улмаас сүйрсэн итгэл найдвар, аз жаргалаа "гайхамшигтайгаар" олж авч байгааг харна.
Киноны улс төрийн хоёрдмол шинжийн талаарх маргаан бол мөргөлчдийн адислалд хөтөлж буй муу муухайн хажуугаар оньсого мэт дүр болох Colpeper-г хэрхэн авч үзэхээс хамаарна. Colpeper бол киноны хорон санаатнааё гадна киноны үндсэн мессежийг дамжуулагч. Киноны улс төрийн зорилго бол олон нийтэд цаашид тэмцэх урам зориг өгөхийн тулд үндэстний нэгэн нийтлэг шинж төрхийг сэргээн дэмжих явдал байсан. Адислал нь гурван дүрүүдэд дайнаар алдагдсан гэж бодсон амьдралаа эргүүлж авах олгох боломж буюу энэ нь үзэгчид хийгээд дүрүүдэд хэвийн амьдралдаа эргэн орох гэсэн итгэл найдварыг өгнө. Powell, Pressburger хоёр хоёрдмол агуулгатай гэхээсээ илүүтэй ухаалгаар үндэстний тухай ойлголтыг өгч, үүнийхээ төлөө тэмцэх ёстой гэсэн санааг илэрхийлсэн санагдсан. Энэ кино бол олон нийтэд бид өөр өөр үнэт зүйлстэй байж болох ч үндсэн нэг системээр нэгтгэхдэх ёстой тухай аж.
Comments
Post a Comment