American Psycho (2000). Канадын кино найруулагч Mary Harron-н хоррор. Америкийн зохиолч Bret Easton Ellis-н 1991 оны ижил нэрт романаас сэдэвлэн Guinevere Turner, Mary Harron хоёр хамтран кино зохиолыг бичсэн. Киноны гол дүрүүдэд; Christian Bale, Willem Dafoe, Jared Leto, Chloe Sevigny, Justin Theroux, Reese Witherspoon нар тоглосон. Уг кино нь 1980-аад оны юппи соёл (хотын залуу мэргэжилтэнгүүд) болоод консумеризмыг егөөдөхдөө бараан комеди, хоррор, slasher (цавчигч) жанруудыг хослуулсан. Кино Sundance кино наадмаар нээлтээ хийж, шүүмжлэгчдээс ерөнхийдөө эерэг үнэлгээ авсан ба кино зохиол болон Christian Bale-н тоглолтод онц дүн тавьсан. 2010 оноос хойш уг кино култ статустай болж, 2002 онд үргэлжлэл нь гарсан ч бүтэлгүйлтсэн. Энэ кино бол бидний өөрсдийн нарциссизм болон үүнээс үүдэлтэй өнөөгийн хэт хэрэглээнд автсан гүехэн соёлыг цочир тусгаж чадсан. Mary Harron-н эмх цэгцгүй хандлага зохиолч Bret Easton Ellis-н өвөө хэв маягтай сайтар найрссан учир эл бүтээлийн амжилтын үндэс юм. Christian Bale-н бишрэм гүйцэтгэлээр толгойлуулсан, харгис, бүдүүлэг, классик хоррор-комеди киноны гүнд орцгооё.
Энэхүү кино нь "Америкийн Достоевский" хэмээгддэг Bret Easton Ellis-н "American Psycho" гэдэг егөөдөлт романы дэлгэцийн хөрвүүлэлт бөгөөд 1991 онд хэвлэгдсэн эл ном нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн дүрслэлтэй гэгдэн маргаан дэгдээж байв. Ellis 1987 онд "Less than Zero" гэдэг анхных нь романаар хийгдсэн кино хүлээлтэд нь хүрээгүй учир "American Psycho" ном нь кино болох боломжгүй, кино болгох хүн ч олдохгүй гэж итгэж явжээ. Гэсэн хэдий ч 1992 онд жүжигчин Johnny Depp сонирхож, продюсер Edward R. Pressman номыг кино болгох эрхийг худалдаж авснаар номыг дэлгэцнээ хөрвүүлэх ажил эхэлсэн. Эл романыг кино болгохоор "донтсон" байсан Pressman-н хандлага Ellis-г гайхшруулсан ба Ellis найруулагч Stuart Gordon-той төслийн талаар ярилцсан боловч Stuart Gordon түүнд тохирохгүй санагдсан байна. Найруулагч David Cronenberg, жүжигчин Brad Pitt нар төслийг сонирхож, Cronenberg найруулж, Pitt гол дүрд тоглож, харин Ellis кино зохиолыг хариуцахаар болов. Гэтэл энэ нь Ellis-н хувьд түвэгтэй процесс байв; Cronenberg роман дахь шөнийн клубтэй хэсэг юмуу ресторантай материалыг ашиглахыг хүсээгүй ба хүчирхийллийг багасгаж, кино зохиолыг 70 хуудснаас илүү гаргахгүй байхыг үүрэгджээ. Ellis түүний зааврыг "солиотой" гэж үзээд санааг нь үл тоомсорлосон аж. Ellis бараг 4 жил ингэж амьдраад залхаж, номоосоо хөндийрч эхэлсэн.
Variety сэтгүүл "American Psycho"-г уран зохиолын хувьд энд бүтээл гэж нэрлэснээс болж кино дэлгэцнээ хөрвүүлэхэд бэрхтэй болж, энэ үйл явц сунжирсан байна. Cronenberg Ellis-н ноорогт сэтгэл дундуур байсан учраас Norman Snider гэгчээс шинэ ноорог бичүүлсэн хэдий ч Snider-нх бүр дор юм байж таарч, улмаар Cronenberg төслийг орхижээ. Ellis 1995 онд Rob Weiss найруулагчид зориулж өөр ноорог бичсэн ч дахиад л бүтэлгүйлтэв. Pressman хүмүүс рүү дайрч давшсан хандаж кино хийхийг хүсээгүй ба Ellis-н нооргийг "бүхэлдээ порнограф" гэж тодорхойлжээ. 1996 онд, "I Shot Andy Warhol" киногоороо шүүмжлэгчдээс сайшаал хүртээд байсан Mary Harron-д "American Psycho" киноны найруулагчийн суудлыг санал болгов; Harron эх романыг анх хэвлэгдсэн үед нь унших гэж оролдоод хэтэрхий хүчирхийлэлтэй санагдсан учир дундаас нь орхиж байж. Тэрээр номыг уншаад 1980-аад оныг харуулна кино хийхэд одоо цаг нь болсныг ухаарч, 1980-аад оныг егөөдөлт хэлбэрээр үзүүлбэл сонирхолтой байх болов уу гэж сэтгэжээ. "I Shot Andy Warhol" киноных нь дараа Harron-д ирсэн төслүүд түүнд "уйтгартай бас дэндүү майнстрийм" санагдаж байсан учир эрсдэлтэй ч сонирхолтой байсан тул энд өгүүлэн буй киноны найруулагчаар ажиллахыг зөвшөөрсөн аж. Harron төдийг хүртэл бичигдсэн нооргуудыг уншиж үзээд Ellis-н зохиолд бага ч гэсэн татагдсан ч ихэнх хэсэг нь хэтэрхий ёс суртахуунлаг, нийгмийн ямбатангуудыг дүрсэлсэн романы нарийн ширийн нь алдагдсан гэж үзсэн.
Ингээд тэрээр Pressman-д хандан зөвхөн кино зохиолыг өөрөөр нь бичүүлнэ гэсэн нөхцөлд л төсөлд нэгдэнэ гэж хэлсэн. Pressman эл төсөлд их бага хэмжээгээр оролцож байсан бүх найруулагчдаас Harron л кино болгох тодорхой шийдэл гаргасан цорын ганц найруулагч хэмээн үнэлсэн. Harron өмнө нь хамтран ажилласан байсан кино зохиолч Guinevere Turner гэгчийг төсөлдөө урьсан ба хоррор жанрыг таашаадаггүй Guinevere "American Psycho" номын талаар огт сонсож байгаагүй тул татгалзсан боловч Harron амжилттай болно гэж ятгаж чаджээ. Guinevere номыг уншаад хошигнол ба хоррорын холимог шинжийг үнэлж; "зөв хийж чадвал үнэнхүү хорон, феминист" кино болно гэж дүгнэжээ. Harron, Guinevere хоёр романы ихэнх хүчирхийллийг агуулсан Bateman-н дөрвөн аллагын үзэгдлийг хасав. Тэдний материалдаа хандах хандлага болон Bateman-н дүрийн хөгжүүлэлтэд Италийн кино найруулагч Mario Bava-н "giallo" жанрын 1970 оны "Hatchet for the Honeymoon" киноны нөлөө их байв. Mario Bava-н намтар судлаач Tim Lucas-н хэлснээр аль аль киноны баатрууд нь өөрийгөө таних гэсэн хүслээс үүдэлтэйгээр аллага үйлддэг гэсэн байдаг.
Harron хожим дурсахдаа; Bateman-н аллагын сэдлийг хүмүүс сонирхохын оронд түүнийг ижил хүйстэнээсээ айх айдастай гэж дүрсэлсэн гэж шүүмжилж байсанд гайхсан гэжээ. Түүнд мөн гол баатрынхаа сэтгэлзүйг судлах хүсэлт ирсэн хэдий ч Harron: "сэтгэлзүйн хувьд тодорхой тайлбартай байх нь надад тийм ч сонирхолтой санагдаагүй" гэсэн буй. Тэрээр Bateman-н гэр бүл, гарал үүслийг судлахаас татгалзсан ба энэ нь огтын шаардлагагүй, Bateman бол зүгээр л "мангас" гэжээ. Найруулагч Harron гол баатар Patrick Bateman-н дүрд тоглох боломжтой хэд хэдэн жүжигчин уулзсан боловч тохирох хүн олтлоо багагүй зүдрэв. Тэрээр: "хэрэв Bateman-д 100 хувь тохирох хүн олдохгүй л бол хэнийг ч сонгохгүй, тэд тэр дүрд тоглож чадахгүй гэсэн үг" гэсэн байдаг. Жүжигчин Billy Crudup нэг сарын туршид дүрд сонсогдож магадгүй байсан ч хүчлээгүй учраас төслийг орхив. Ингээд Harron кино зохиолоо Christian Bale руу илгээсэн бөгөөд Bale эх номыг нь уншиж байгаагүй болохоор төслийг төдийлөн сонирхосонгүй. Harron "Velvet Goldmine" кинонд Bale-тэй хамтарсан продюсер Christine Vachon гэгчтэй холбогдож, Bale-г ятгахыг хүссэн ба Bale кино зохиолыг уншаад тэр даруй сонирхож, Harron-той уулзахаар Нью-Йорк руу нисчээ. Bale "Velvet Goldmine" кинонд зориулж Манчестерийн аялгаар ярьснаас хойш Америк аялгаар ярих гэж зүдэрч байсан ч Harron түүнийг гол нь дүрээ ойлгосон нь чухал гэж бодож байв.
Harron шиг Bale Bateman-н гарал үүслийг сонирхохгүй байсан ба Bale эл дүрээ 1980-аад оны капиталист Нью-Йоркт буусан ичгүүргүй харь гаригийн хүн гэж үзэж байлаа. Harron энэ дүрд тохирох цорын ганц жүжигчин бол Bale гэдгийг мэдэрсэн бөгөөд хожим дурсахдаа "Bale над шиг харж, хошигнолыг нь ойлгож байсан" гэжээ. Түүнийхээр бусад жүжигчид Bateman-г "догь" залуу гэж бодож байхад Bale л өөрөөр харж байжээ. Гэхдээ Harron тухайн үед харьцангуй од болоогүй байсан Bale-г сонгох нь эрсдэлтэй гэж бодсон ч түүнд маш их итгэж байсан ба "Velvet Goldmine" киноны найруулагч Todd Haynes Harron-д; "Bale бол миний хамтран ажиллаж байсан хамгийн шилдэг жүжигчин" гэж хэлсэн нь нөлөөлжээ. Lionsgate Films 1998 онд "American Psycho"-ийн түгээлтийн эрхийг авсанаа зарлав. Harron, Bale нар 8-р сард зураг авалтаа эхлүүлэхээр төлөвлөж байсан ба ямар ч жүжигчинтэй албан ёсоор гэрээ байгуулаагүй байхад Jared Leto, Willem Dafoe хоёр тоглох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Bateman байнга дасгал хийдэг "баки" биетэй гэж дүрслэгддэг болохоор Harron Bale-г жимд явахыг хүссэн; ердөө сар хүрэхгүй хугацаанд Bale "бүрэн өөрчлөгдсөн" гэдэг. Энэ кинонд тогловол замнал чинь төгсөнө, шууд амиа хорлолт гэсэн сануулгыг хүмүүс Bale-д өгч байсан ч энэ нь түүнийг улам шаргуу, тууштай болгосон ажээ. Тухайн цагт Bale-н хамгийн том дүр нь 13 настайдаа тоглосон Steven Spielberg-н "Empire of the Sun" киноных байсан ба харин Lionsgate түүний оронд Edward Norton юмуу Leonardo DiCaprio гэсэн илүү том од тоглуулахыг хүсч байлаа. "Titanic" супер хит кинонд тоглочихсон DiCaprio тэр үеийн хамгийн хурц од байсан ба өөрөө ч Bateman-д тоглох сонирхолтой байв.
Harron түүнийг хөвгүүн төрхтэй учир тохирохгүй, тэгээд охидын шүтээн болсон жүжигчинд энэ дүр замналыг нь бусниулах аюултай хэмээн дургүйцэж, Pressman гуйгаад байхад ч DiCaprio-той уулзаагүй байдаг. Ellis ч мөн DiCaprio-г тохирохгүй гэж бодож байлаа. 1998 онд Lionsgate гэнэтхэн Bateman-н дүрд DiCaprio тоглоно гэж зарлав. Pressman ятгасан ч Harron Bale-гүйгээр төсөлд үлдэж чадахгүй гэснээр өөрөө халагджээ. DiCaprio томоохон найруулагчтай хамтармаар байгаагаа илэрхийлж, бүр Danny Boyle, Stanley Kubrick, Martin Scorsese нарын аль нэгийг хүссэн байна. Гэхдээ Oliver Stone найруулагчаар хөлслөгдөж, кино зохиолыг дахин бичиж эхэлсэн. Harron-н зохиол егөөдөлт байсан бол Stone, DiCaprio хоёр илүүтэй сэтгэлзүйн талын кино хийхийг хүссэн буюу "Jekyll and Hyde" маягийн түүхийг боджээ. Pressman хэлэхдээ DiCaprio асуудал байхгүй газраас шийдэл хайж байсан агаад цаг хугацаа өнгөрөх тусам DiCaprio төөрөлдөж, будилж эхэлсэн гэжээ. Нөгөө талд Bale DiCaprio төслийг орхино гэдэгт итгэлтэй байсан тул 9 сарын турш дүрдээ бэлтгэсэн хэвээр байж, өөр киноны санал хүлээж авсангүй. DiCaprio Danny Boyle-н "The Beach" кинонд тоглохоор болж төслийг орхив; түүнийг дагаж Oliver Stone ч халагдлаа. "American Psycho" романыг хүчтэй шүүмжлэгч Gloria Steinem гэгч DiCaprio-д энэ кинонд тогловол залуу шүтэн бишрэгчдээ алдана гэж сануулсны улмаас DiCaprio төслийг орхисон хэмээн Guinevere хожим ярьсан байдаг.
Ингээд шалдаа буусан Lionsgate Harron болон Bale-г дахин хөлслөсөн. Гэхдээ энэ явдлаас өмнө Lionsgate Ewan McGregor, Ben Affleck, Matt Damon, Edward Norton нарт санал тавихад тэд бүгд татгалзсан агаад Ewan McGregor-той Bale биечлэн уулзаж ятгаснаар Lionsgate сонголтгүй шахуу Bale-тэй маш бага цалингаар гэрээлжээ. Уг кино нээлтээ хийхэд үзэгчид болон шүүмжлэгчид хоёр хуваагдан хүлээж авсан ч Bale-н гүйцэтгэлд дуу нэгтэйгээр алга ташсан. Кино шүүмжлэгч Roger Ebert кинонд Harron, Guinevere хоёрын өгсөн эмэгтэй хүний мэдрэмжийг магтаж, Bateman-г сэтгэцийн хувьд хямарсан бус харин хэт хувиа хичээсэн, эго-доо хөтлөгдсөн эрэгтэйлэг зан араншинтай гэж дүрсэлсэн нь оносон гэжээ. Ebert мөн Bale дүрээ баяртайгаар жигшим болгох боломжийг олгож байгаа нь баатарлаг явдал; Bale энд өөрийгөө хамгаалах зөн совингоосоо татгалзсан ба энэ чинь л сайн жүжигчний шинж гэж магтсан байна. Шүүмжлэгч Kenneth Turan хэлэхдээ; үзэгчид өөрсдийгөө гол баатард загварчлах тусам дэлгэцийг дүүргэх шулуухан хүчирхийлэл нь хүмүүний бодит байдлаас салж, энэ бүхнийг догь хошигнол гэж хүлээж авах тутамд энэ нь үхмэл хийгээд утгагүй бүтээлээс таашаал авахтай адилхан болдог хэмээжээ. Тэгвэл Newsweek сэтгүүл илүү сөргөөр шүүмжилсэн буюу 1980-аад оны шунал, нарциссизм, материализмын соёлыг цаг гаран задлан шинжилсний дараа кино өөрийгөө давтаж эхэлдэг бөгөөд энэ кино илүү харгис, сюрреал болж хувирдаг боловч сонирхолтой болдоггүй гэж бичжээ.
Шүүмжлэгч David Edelstein романтай харьцуулбал кино нь хүчирхийлэл ба сексийн өнгө аясыг бууруулсан нь Bateman нарийн бичгийн даргаа өршөөж байгаагаас харуулна гэжээ. Time сэтгүүл: "найруулагч Harron, түүний хамтрагч Guinevere нар номоо сайтар ойлгосон ба тэд киногоо түүхэн зан авирыг харуулсан комеди гэж ойлгогдоосой гэж хүссэн нь илэрхий" гэсэн буй. Зохиолч Ellis "American Psycho" номоо кино болгох шаардлагагүй байсан, кино нь хариулт шаардаж байгаагаас болж ном нь ямар ч сонирхолгүй болох боломжтой гэж хожим ярьсан байдаг. Тэрээр мөн Bateman-г итгэж болохуйц хүүрнэгч болгохыг, ном нь үйл явдалд хоёрдмол утгыг нэмж оруулахыг оролдсон боловч кино төгсгөлөөс урьтан бүхнийг илэрхий харуулчихсан гэж шүүмжилжээ. Он жил улиран одох тусам Ellis-н кинонд хандах хандлага "зөөлөрч" эхэлсэн. Гэхдээ тэр Bateman-г итгэж болохгүй хүүрнэгч болгосон киноны концептийг буруушаасан бодолдоо үнэнч байсан; зохиогчийн хувьд тэрээр Bateman-н найдваргүй хүүрнэл нь үйл явдлыг үнэнчээр тайлбарлаж байна уу, хий юм хараад байна уу, эсхүл худлаа зохиогоод байна уу гэдгийг ойлгоогүй гэжээ. Ellis киноны хошин егөөдөлт шинжийг харин магтсан буюу өөрөө хэтрүүлэгтэй егөөдөлт ном бичсэнг үзэгчид хүчирхийлэлт, эмэгтэй хүнийг үзэн ядсан сэдэвт гэж андуу ташаа бодож явсныг кино зөв залруулсан гэжээ.
Comments
Post a Comment