Хоёр нүүрт

 


Primal Fear (1996). Америкийн кино найруулагч Gregory Hoblit-н найруулсан гэмт хэрэгт, нууцлаг триллер. William Diehl-н 1993 онд гарсан ижил нэрт романаас сэдэвлэн Steve Shagan, Ann Biderman нар кино зохиолыг бичсэн. Уг кинонд; Чикагогийн амбицтай өмгөөлөгч Католик шашны хамба ламыг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа тахилч залууг өмгөөлж буйг үзүүлдэг. Киноны гол Richard Gere, Laura Linney, Edward Norton, John Mahoney, Alfre Woodard, Frances McDormand нар тоглосон. Кино арилжааны хувьд амжилт гаргаж, ерөнхийдөө шүүмжлэгчдээс эерэг үнэлгээ авсан ба ихэнх шүүмжлэгчид анхны бүрэн хэмжээний кинондоо тоглосон Edward Norton-д харамгүй алга ташилт бэлэглэсэн. Norton тахилчийн дүрээрээ Алтан Бөмбөрцөг наадмаас шилдэг эрэгтэй туслах дүрийн шагнал хүртсэн бол Оскарын наадамд шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналд өрсөлдсөн байдаг.

  Тахилч буюу Aaron-н дүрд анхлан Pedro Pascal сонгогдоод байсан ч Paramount Leonardo DiCaprio-г тоглуулахыг хүссэн; DiCaprio зохиолыг нь уншаад " асуудалтай" хэмээн саналаас татгалзсан байдаг. Сонгон шалгаруулалтад Англи болон Калифорнид болоход Matt Damon тэргүүтэй 2,100 жүжигчин өрсөлдсөн байна. Энэ киногоороо Edward Norton Холливуудын А зэрэглэлийн жүжигчин болохоо тунхагласан ба дебютээрээ ийм өндөр амжилт гаргасан тохиолдол ховор байдаг билээ. Шүүмжлэгч Janet Maslin "Primal Fear" бол гадна талдаа сэтгэл татам хэдий ч түүх нь завгүй байхын тулд дэд үйл явдлууд дээр тулгуурладаг гэж бичжээ. Харин Roger Ebert үйл явдал нь гэмт хэргийн процедур шиг сайн боловч киноны гурван хэмжээст дүрүүд нь үйл явдлаасаа илүү сайн гээд цааш нь, тэрээр Richard Gere замналынхаа шилдэг дүрүүдийн нэгийг бүтээсэн, Laura Linney өөрийнхөө стандартаас давж чадсан, эцэст нь Norton-г үнэхээр үнэмшилтэй тоглосон гэж магтжээ. Norton-н гайхамшигтай тоглолтоор өргөгдсөн эгэл хэрнээ сонирхолтой энэхүү триллерийн үйл явдлыг товчхон хүргэе.

Martin бол Чикагогийн бардам, нэр алдарт дуртай өмгөөлөгч бөгөөд тэрээр Pinero зэрэг гэмт хэргийн боссоос өгсүүлээд нийгмийн дээд давхаргыг өмгөөлж бас найзын хүрээллээ бүрдүүлнэ. Martin урьд нь мужийн прокуророор ажиллаж байсан ч энэ замнал нь ирээдүйгүйг ухаараад өмгөөлөгч болсон нь энэ. Олны анхаарлын төвд байх дуртай Martin өмнө нь хамтрагчаас гадна хайрт амраг нь байсан, одоо мужийн прокурор болсон Janet-тайгаа эргэн нийлэх нууцхан хүсэлтэй. Олон нийтийн хайртай хамба лам Rushman унтлагынхаа өрөөнд хэрцгийгээр зэрэмдэглүүлэн алуулсан байдалтайгаар олдох ба Кентаккигаас гаралтай 19 настай тахилч Aaron хэргийн газраас цусанд будагдсан байдалтайгаар баригдсанаар шууд хүн амины хэргээр буруутгагдана. Бүгдийг араасаа дагуулах хүсэлтэй Martin энэ хэрэгт Aaron-г өмгөөлөхөөр болно. Хорхойд хоргүй, ээрүү Aaron өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгддэг хэдий ч амнези өвчтэй хөөрхий залуу аллагын газарт байсан ч юуг ч тодорхой санадаггүй. Түүний ганц санаж байгаа зүйл бол хамбын өрөөнд гуравдагч буюу жинхэнэ алуурчин байсан гэсэн мэдүүлэг юм. Martin түүнд итгэх бол мужийн шүүгч Shaughnessy прокурор Janet-д тахилч залууд заавал цаазын ял оноохыг үүрэгддэг.

Энэ зуурт, Aaron-н байранд Martin-н туслах Tommy нэгжлэг хийж байгаад Alex гэдэг залуутай тааралддаг ч гараасаа алдчихна. Сэтгэл мэдрэлийн судлаач Molly гэгч Aaron-той хүүхэд нас, амнези өвчнийх нь тухай, мөн түүний сураггүй болсон Linda гэдэг найз охиных нь талаар ярилцдаг. Мөн энэ хооронд Pinero-н тусламжтайгаар Martin Shaughnessy гэх мэт Чикагогийн эрх мэдэлтэнгүүд хамба лам Rushman-н сүмийнхээ эзэмшил газрыг ашиглуулахгүй гэсэн шийдвэрээс болж асар их мөнгөө алдсныг олж мэднэ. Энэ зуурт бас нэгэн зүйл болно; хамба ламын цээжин дээр хутгаар Америкийн зохиолч Nathaniel Hawthorne-н "The Scarlet Letter" зохиолын хэсгээс сийлсэн болох нь тогтоогдоно. Сийлсэн үгний утга нь; ямар ч хүн удаан хугацаанд хоёр нүүр гарган яваад байж чадахгүй, эцсийн эцэст үнэн төрх нь илчлэгдэнэ гэжээ. Энэ бол тойруугаар алуурчин хамба ламыг хоёр нүүртэй хуурамч этгээд байсан гэсэн үг юм. Martin, Tommy хоёр Aaron-н гэрээс Alex-г олох ба залуу нэгэн VHS хуурцаг хайж байсан гэж мэдэгдэнэ. Martin ухаан сийлж, Alex-н хайсан хуурцаг хамба ламын гэрт буюу хүн амины хэргийн газарт байж магадгүй гэж сэтгээд очтол үнэхээр хамба ламын шүүгээнд хуурцаг байж байна.

  Martin хуурцагийг хулгайлчих бөгөөд тоглуулж үзтэл хамба ламын тушаалаар Aaron, Linda, Alex гурав секс хийж байгаа порно бичлэг байв. Хамба лам орон гэргүй залуусыг дэргэдээ аваад энэ мэт бузар зүйлс хийлгэн зугаацаж, хэрэв хүслээс нь зөрвөл залуусыг гудманд гаргаж хаяна гэж сүрдүүлдэг байх хэмээн Martin таамагладаг. Martin үнэнийг өөрт нь хэлээгүй гэж Aaron-г загнаж, дарамталж, буруутгах тусам Aaron сандарч, шаналж эхлэж байгаад гэнэт зан араншин нь түрэмгий болж өөрчлөгдөх буюу тэс ондоо гэмээр болсон Aaron Martin-г эргүүлээд дарамталж бараг зодно. Өөрийгөө Roy гэж нэрлэсэн энэ харгис балмад хүн хамба ламыг алсан гэдгээ хүлээн зөвшөөрч, тэр хуурцагийг шүүх хурал дээр үзүүлбэл ална шүү гэж сүрдүүлнэ. Гэнэт тэр дахиад номхон ноомой Aaron болж, саяны ярьсан, үйлдсэн бүхнээ огт санахгүй байна гэнэ. Доктор Molly Aaron-г багаасаа эцэгтээ зодуулж, дараа нь хамба ламын дор хүчирхийлэлд байснаас болж биеэ хүн хуваагдах сэтгэцийн эмгэгтэй гэж дүгнэнэ. Martin үйлчлүүлэгчээ галзуу гэдэг аргаар цагаатгах боломжтой гэдгээ мэддэг ч шүүх хурлын дундуур стратегиа хуулийн дагуу өөрчилж чадахгүй болохоо ухааран зөрчилдөж эхэлнэ.

Aaron-г өрөвдүүлэхийг тулд, мөн түүний аллагын сэдлийг нотлохын тулд Martin хуурцагийг Janet-д илгээчихнэ. Shaughnessy хуурцагийг устгахыг шаарддаг ч Janet татгалзаж, шүүх дээр үзүүлдэг. Pinero алагдсан болохыг олж мэдсэн Martin Shaughnessy-г шүүх дээр гэрчээр дуудаж гэнэтийн бэлэг барина. Martin Shaughnessy-г хамба ламын ёс бус сексийн завхайрлыг нуун дарагдуулсан, Pinero-н аллагад оролцсон, мөн хамба ламтай холбоотой мөнгөний асуудал байсан зэргээр буруутгана. Шүүх хурлын үеэр шүүгч Martin хэтэрхий хувийн хонзонгоо ашиглаад байна, мөн доктор Molly-н дүгнэлт галзууралд тулгуурласан гээд үгүйсгэж орхино. Martin Aaron-г гэрчээр дуудах өа тэрээр Roy-г гаргаж ирэхийн тулд зориуд Aaron-г хэл амаар өднө. Мэдээжээр Aaron байхгүй болж Roy гарч ирээд ойрхон байсан Janet-г золтой л багалзуурдаад алчихсангүй. Ингээд шүүгч Aaron-г галзуурсан шалтгаанаар гэм буруугүй гэж тогтоохын тулд тангарагтны шүүхийг огцруулдаг. Martin Aaron-д сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад дараа нь чөлөөлөгдөж магадгүй гэж хэлнэ. Энэ үед Aaron Janet-н хүзүүг гэмтээсэндээ харамсаж байгаагаа хэлэхэд Martin түүнийг Janet руу дайрснаа санаж байгааг нь гэнэт ухаарч, юу билээ гэж зог тусдаг. Aaron эцсийн эцэст түүнийг ухаан орсонд баяр хүргээд хэзээ ч Aaron гэж байгаагүй үргэлж Roy байсан гэж үнэнээ өчдөг. Цочирдсон Martin шүүхийн байрнаас гарч явснаар кино төгсдөг.

Цагдаа нар гэмт хэргийг шийдэхгүй, хувийн ажиглалт, тагнуул хэргийг шийддэг энэ кинонд. Чикагогийн бардам өмгөөлөгч яагаад ялах магадлал тун багатай хэргийг сайн дураараа авна вэ? Яагаад гэвэл энэ хэрэг жилийн хамгийн шуугиантай хэрэг болно гэдгийг Martin мэдэж байгаа ба тэр энэ бүх үйл явдлын төвд байхыг хүсдэг. Магадгүй тэр Кентаккигийн залууг гэм буруугүй гэж бодсон учраас өмгөөлөхийг хүссэн байх, гэхдээ энэ нь магадлал багатайг кино хорхойтон бол түүний яриа, хандлагаас илэрхий харах буюу тахилч залуу гэм буруутай эсэх нь үнэндээ түүнд чухал биш юм. Архинд дуртай, эгодоо хөтлөгдсөн өмгөөлөгчийн дүрд Richard Gere байж болох хамаг сайнаараа тоглосон; хэдий түүнд триллер жанр төдийлөн зохидоггүй гэж үзэгсэд байдаг ч энэ үнэхээр сайн гүйцэтгэл болж чадсан. Киноны эхэн үеэр Martin Чикагогийн эрх мэдэлтэй чухал газруудаар асуудалгүй, толгой цэх явж байгаагаас түүний нийгэмд эзлэх байр суурь, мөн түүний танил ихтэй, салбартаа чухал хүн болохыг нь хэлээд өгнө. Найруулагч Gregory Hoblit киногоо сүмийн найрал дуугаар эхлүүлдэг, энд ямар нэгэн нүглийн өнгө аяс мэдрэгддэг бөгөөд харагдаж байгаагаас илүү зүйлс үргэлж байдаг, өөрөөр хэлбэл хурц ширүүн кадр-гүйгээр аюул заналхийллийн уур амьсгалыг найруулагч бодож олжээ. Энэ кино  Чикагогийн улс төр, авилгын ялзралыг үйл явдлынхаа суурь дэвсгэрээ болгосон нь илэрхий харагдана. Гэмт хэрэгт жанрын сайн кино хэн, яагаад үүнийг хийсэн тухай биш тэд болсон явдлын талаар дүрүүд ямар сэтгэгдэлтэй байгааг харуулахад оршдог. "Primal Fear" бүтээл үүнийг мэддэг ба 

Comments