Трүмэн Капоти "Тиффани дахь өглөөний цай"

 


"Тиффани дахь өглөөний цай". Америкийн зохиолч Трүмэн Капотигийн 1958 онд хэвлэгдсэн тууж. Уг туужид, нэгэн нэр нь үл мэдэгдэх зохиолч Нью-Йорк хотод өөрийнх нь хөрш байсан Холли Голайтлитай танил явсан үеэ эргэн дурсаж байгааг харуулдаг. 1961 онд эл бүтээлээр кино хийсэн нь маш алдартай билээ. Туужийн үйл явдал 1940-өөд оны Нью-Йоркт, тэр дундаа Аппер Ийст Сайд, Браунстөун байшинд өрнөдөг. Иргэний дайны дараа энэ бүс нутаг олон өөрчлөлтийг даван туулсан ба Браунстөун (Холлигийн амьдардаг барилга) байшинг хуучирсан, хэрэгцээнээс гарсан илүүтэй амьдрахад зориулсан "загварлаг: газар болгон өөрчилжээ. Харин 1940-өөд он гэхэд нэлээд чинээлэг бүс болжээ.

  Туужийн үйл явдалд орчин тойрны нөхцөл тун чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд амьдралд Аппер Ийст Сайдаас гаралтай янз бүрийн баян дүрүүд Холлигийн амьдралд оролцож нөлөөлдөг. Хэдийгээр "Тиффани дахь өглөөний цай" туужийн үйл явдал Америкийн Өмнөдөд өрнөдөггүй ч туужид дурдагддаг; уншигчид Холлигийн Манхаттан дахь амьдралыг бүхэлд нь дагадаг боловч тэр төрсөн Техасаасаа дайжихыг хүссэн байдаг. Капоти анхны нооргууддаа Холлиг Конни Густафсон гэж нэрлэж байсан ч дараа нь Холидэй Голитайтли болгон өөрчилсөн. Тэрээр Холлигийн дүрийг таньдаг, мэддэг бүхий л эмэгтэй найз, нөхдөөсөө үндэслэсэн аж. Тухайлбал; нийгмийн дээд зиндааны бүсгүй Глориа Вандербилт, жүжигчин Оона О'Нил, зохиолч Кэрол Грэйс, модел Дориан Лей, зохиолч Мейв Бреннан болон өөрийнхөө эгч модел Сүзи Паркер нараас үндэслэсэн бололтой. 2020 онд Нью-Йорк Таймс сонинд гарсан нийтлэлд Холлигийн гол эх сурвалж болсон хүн бол нийгмийн дээд зиндааны хүүхэн Маргерит Литтман байсан гэж бичжээ.

ҮНДСЭН СЭДЭВ. Хорио хязгаарлалтаас чөлөөлөгдөх тухай сэдэв бол уг туужид чухал байр суурийг эзэлдэг бөгөөд Холли нөхөр Докоосоо зугтсан, Саллиг өрөвдөж байгаа шинж, номын төгсгөлд Холлигийн дайжилтаас энэ бүхнийг харж болно. Холли эргэн тойрныхоо хүн амьтнаас бие махбодийн хувьд чөлөөт, хараат байхыг хүсдэгийг ахин дахин харна. Хүүрнэгчид өгсөн шувууны торондоо хэзээ ч битгий шувуу хий хэмээн шаардаж, мөн амьтны хүрээлэнд тав тухгүй байгаа дотоод мэдрэмж нь Холлигийн эрх чөлөө, аюулгүй байдлын талаарх санаа зовнилоо гадаад ертөнц рүү тусган төсөөлж байгаа явдал юм. Капоти мөн сэтгэлзүйн эрх чөлөөний идеаг санал болгодог буюу энэ нь бусдын нөлөөллөөс юмуу бусдаас хамааралтай байхаас хамгаалсан аюулгүй байдлыг илэрхийлдэг. Энэ нь Холлигийн эрх чөлөөний тухай хувийн хүсэл тэмүүллийн өөр нэг тал ба ойр дотно хүмүүстэйгээ сэтгэлийн харилцаа үүсгэх хүсэлгүй, бие даасан байдал нь аюулд орсон гэж үзвэл аашилж уурлах хандлагатай байдаг. Бусдаас хамааралтайгаар өөрийгөө сул дорой болгох, бусдад өөрийнхөө талаар хэт их мэдээлэл өгөх, эсхүл хэн нэгэн өөрийг нь хянах гэсэн санаа түүнийг тухгүй болгодог. Холли түүхээ өөрөө удирдахыг хүсдэг; тэрэар хувийнхаа түүх болон одоогийн амьдралынхаа талаар тодорхой хэмжээгээр ярилцах боловч зохиолоос нь гадуур асуулт асуухад тэр чиглэлээ өөрчилдөг.

Холли бусдад тэр ч байтугай муурандаа ч найдахаас зайлсхийж, хувийн дотно харилцаа багатай байдаг ба тэрээр "суурьших" санааг алс холын төдийгүй фантааз зүйл гэж үздэг. Хосетой харилцаагаа эхлүүлж, эцэст нь сүй тавьсан ч түүнийг өөрийн "идеал эр" биш гэж үзэн тодорхой хэмжээгээр зай барьдаг. Түүний хамгийн ихээр анхаарал халамж тавьдаг хүн болох дүүгийнх нь үхэл Холлиг сэтгэлийн хямралд оруулдаг ба ингэснээр өөр хүний нөлөөнд автахаас зайлсхийхийн тулд бүх харилцаандаа босгосон хана нь бутарч байгааг харуулна. Капоти Холлигийн өөрийгөө гэсэн хүчтэй мэдрэмж, өөрийнхөө мөн чанарыг гүн гүнзгий үнэлдэг ч бусдыг худал дүр эсгэдэг гэж шүүдэг хэдий ч заримдаа өөрөө хоёр нүүр гаргадаг шинжийг нь тодорхой дүрсэлсэн. Тэрээр бүх "янхнууд" шударга бус гэж мэдэгдээд мөнгө, хоолноос болж дотносож байсан ямар ч эр хүнтэй их бага хэмжээгээр хайрын харилцаатай байсан гэж өөрийгөө биеэ үнэлэгчдээс ялгадаг. Туужийн зарим хэсэгт Холли ихэнхдээ шударга бус байдаг; Тэрэар үдэшлэг дээр эрчүүдэд Магийн талаар таагүй сэтгэгдэл төрүүлэхийн тулд худал ярих эсхүл өөрийгөө лесбиян гэх мэтээр худал хэлдэг. Холли Техасын эгэл гарал үүслээ нуухын тулд ярих арга барилаа хүртэл өөрчилж, Франц хэллэгээр яриагаа чимдэг. Хүүрнэгчтэй ярилцахдаа Холли үнэнч шударга ёсны тухай өөрийнхөө төсөөллийн жижигхэн зураглалыг санал болгодог; түүний хувьд "хуулийн төрлийн" шударга ёсыг анхаардаггүй, харин шударга бус сэтгэлтэй байснаас хорт хавдар туссан дээр хэмээдэг; энд Холли өөрөө үнэнч шударгын талаарх үзэл санаандаа нийцэж байгаа эсэхийг уншигч өөрөө шийдэх ёстой.

  Холли хэдийгээр байгаа байдалтайгаа таарахгүй зан авиртай байгаа ч хүн өөрийн гэсэн үзэл бодолдоо үнэнч байх гэдэг нь ямар утгатай болох тухай тодорхой төсөөлөлтэй бололтой, мөн тэрээр хэзээ нэгэн цагт чинээлэг, алдартай болохдоо өөрийнхөөрөө үлдэхийг хүсч байгаагаа илэрхийлдэг буюу өөрийнхөө жинхэнэ мөн чанараа хадгалахыг чин сэтгэлээсээ анхаардаг. Холли бол нарийн түвэгтэй дүр бөгөөд Капоти Холлигийн өөрийнх нь нүдээр хийгээд түүнтэй харилцаа буй бусад дүрүүдийн харах өнцгөөр дамжуулан түүний жинхэнэ мөн чанарыг судалдаг. Туужийн эхэнд хүүрнэгч Холлигийн талаарх өндөр сэтгэгдэлтэй байсан агаад Холли өөрийнхөө үзэл бодолд итгэлтэй байгаа мэт боловч тэдний харилцаа муудсаны дараа Холлиг "жинхэнэ хуурамч" гэж нэрийддэг. Уншигчид Холлигийн жинхэнэ мөн чанарын талаар өөрсдийн дүгнэлтээ хийж, ерөөсөө жинхэнээсээ байх гэдэг ямар утгатай вэ гэсэн асуултыг өөрсдөдөө тавих ёстой юм. Холли гэр орон гэсэн ойлголт, гэр орон гэдэг нь түүнд ямар утгатай болох тухайд туужийн туршид тэмцэлддэг бөгөөд Холли болон түүний дүү Фред багадаа өнчирч, түүхийн ихэнхид түүний хувьд гэр орон гэсэн идеатай холбогдох цор ганц хүн бол Фред байдаг.

  Холли эрх чөлөө ба харьяалагдах мэдрэмжийг хоёуланг нь олж авах гэж амьдралынхаа туршид хичээхдээ аль нэгийг нь золиослох ёстойг ойлгодоггүй бөгөөд тэрээр Мексикт Фредтэй хамт адуу үржүүлэн амьдрахыг мөрөөддөгөө хүлээн зөвшөөрч, хэрэв гэртэй болвол муурандаа нэр өгч чадна гэж төсөөлдөг. Түүний хамгийн гол бэрхшээлүүдийн нэг бол хаана ч байсан тухтай байж чаддаг явдал юм. Тэрээр үнэт эдлэлийн дэлгүүр болох Тиффанид байхдаа л амар тайван байдаг гэж нэгэнтээ хэлж, Тиффани-г гэр орон ямар байх ёстой лавлах цэг болгон ашигласаар байгааг харуулна. Фрэдийг нас барсны дараа Холли гэрийн ажилд хэт автаж, Хосетой хамт амьдрахад бэлтгэж, боломжит гэр орны идеалынхаа хоосон орон зайг нөхөх гэж цөхрөнгөө бардаг. Холли батлан даалтад гарсныхаа дараа эх орноо орхин явахдаа муураа гудманд шууд орхидог ба удалгүй тэр муур үнэхээр өөрийнх нь, магадгүй тэд бие биендээ гэр орон болдог байсныг ухаардаг.

МОТИФ. "Тиффани дахь өглөөний цай" бүтээлийн турш Холлиг шувуудтай холбон дурддаг, ялангуяа Холли түүний асран хамгаалагч, өнгөрсөн амьдралын нөхөр Док Голитайтлитай холбогддог. Док зэрлэг шонхрыг эмзэг, дорой байхад нь асарч торниулсан гэж Холли хэлдэг бөгөөд энэхүү эмзэг дорой шинж бол Холлигийн бага залуу байсан цагийг илтгэж байгаа боловч одоо бол тэрээр үүнээс зугтахыг оролдож байна. Док мөн хэрээг номхруулж түүнд өгсөн; Холли зугтахад хэрээ ч бас зугтсан явдал бол хоёр "зэрлэг зүйл"ийн хооронд ижил төстэй шинж байгааг үзүүлнэ. Док Холлиг шувуутай харьцуулдаг байснаас гадна Холли ч өөрийгөө шувуутай төстэй хэмээдэг. Тэрээр торонд байгаа шувууны тухай идеанаас болж байнга шаналдаг буюу анхны гэрлэлтээсээ хийгээд туужийн төгсгөлд шоронд хоригдох аюулаас аль алинаас нь ангижрахыг эрэлхийлдэг.

Шувууд бол түүний хоригдохоос айх, эрх чөлөөг хүссэн хүслийг илэрхийлнэ. Нийгмийн дээд зиндааны аспект нь Холлигийн ертөнцийг үзэх үзлийг байнга тодосгож, нэр төрд дуртай дээд зиндааныхантай холбоогдсноор туужийн үйл явдлыг өдөөдөг. Холли Нью-Йорк хотын нийгмийн шатаар өгсөгчдийн дунд нүүж очоод амьжиргаагаа залгуулахын тулд хагас-чинээлэг эрчүүдтэй нөхөрлөж, тэдэнд найддаг. Түүний олон найз нөхөд энэ ертөнцийнх буюу тэр дундаа Маг, Расти зэрэг дүрүүдээр Капоти нийгмийн статус, нэр хүндэд донтох байдлыг шүүмжилжээ. Холлитой холбоотой хамгийн өндөр статустай хүн болох Хосе хүртэл Холлиг баривчлагдсаны дараа түүнийг орхиж байгаа нь харилцаанаасаа илүү өөрийнхөө статусаа эрхэмлэдэг болохыг харуулж байна. Гэсэн хэдий ч Холли баян чинээлэг, алдар нэртэй байх ертөнцөд өөрчлөгдөхгүй байх хүсэлтэйгээ илэрхийлдэг бөгөөд тэр хэзээ нэгэн цагт амжилтад хүрнэ гэдэгтээ итгэлтэй байдаг. Гэвч түүний төсөөлж чадах хамгийн төгс газар бол дээд зиндааны ертөнцийн аварга бас асар үнэтэй үнэт эдлэлийн дэлгүүр болох Тиффани юм. Энэ нь Холлигийн оршин тогтнож байгаа ертөнцтэй холбогдохын хувьд жинхэнэ үнэний талаарх асуултыг уншигчдад тавих ёстой.

СИМБОЛ. Тиффани үнэт эдлэлийн дэлгүүр бол Холлигийн хамгийн ихээр амар амгаланг мэдэрдэг газар билээ. Тэр идеал гэр орныхоо тухай ярихдаа тэнд амьдрах нь эгээ л Тиффанид байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ гэж итгэлтэйгээр төсөөлдөг бөгөөд объектив байдлаар, Тиффани бол Холлигийн заль мэх, тэсвэр хатуужлаараа нэвтрэн орж чадсан нийгмийн ертөнцийг бэлгэддэг. Гэхдээ л Холлигийн бодлоор Тиффани нь ямар нэгэн дотно зүйлийг симболизм болдог. Тиффани нь түүний аюулгүй байдал, харъяалагдах мэдрэмжийг илтгэж, бүтээлийн турш түүний хүслэн болсон гэр орныг төлөөлдөг. Холлигийн муур энэхүү номонд нэргүй хэвээр үлддэг бөгөөд мууртайгаа хэрхэн харилцаж байгаагаас нь түүний юунд учир утга өгч байгааг харж болно. Тэрээр өөрийгөө болоод муураа хамтдаа амьдардаг "бие даагчид" гэж тодорхойлж,  өөрсдийнхөө хооронд ямар нэгэн сэтгэлийн холбоо байгааг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг.

Түүний муурандаа хайртай гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа нь бие даасан байдлаа, эрх чөлөөгөө аливаа хүн амьтанд оноохыг хүсдэггүйтэй, мөн хаана ч байсан гэртээ байгаа мэт тухтай мэдрэмж авч чаддаггүйтэй холбоотой. Муур олон талаараа Холлигийн өөрийнх нь тусгал ба тэдний түр зуурын мөн чанар, харъяалагдах мэдрэмжгүй шинж нь адилхан буюу тэд адилхан гэр оронгүй, тэнэмэл амьтад юм. Холлигийн мууртай харьцах харилцааны дүрслэл нь түүний бусдаас хамааралтай байх, тогтвортой нөхөрлөлийг хүсэх эрмэлзлэлээс айх айдсыг илтгэнэ. Эдгээр мөчүүдэд муур нь тогтвортой гэр орон, сэтгэлзүйн аюулгүйн байдлын симбол болдог. 

Comments