Spellbound (1945). Английн кино мастер Alfred Hitchcock-н Америкт бүтээсэн сэтгэлзүйн триллер. Уг киног John Palmer, Hillary Saint George Saunders хоёрын 1927 онд бичсэн "The House of Dr. Edwardes" романаас сэдэвлэн бүтээжээ. Кинонд, нэгэн психоаналист бүсгүй эмнэлгийнхээ даргад дурлах агаад гэтэл дарга нь үнэндээ жинхэнэ даргыг нь хөнөөгөөд орыг нь эзэлсэн алуурчин байж болшгүйг олж мэднэ. Киноны гол дүрүүдэд; Ingrid Bergman, Gregory Peck, Michael Chekhov нар тоглосон. Энэхүү кино нь 1945 оны Хэллоуины баяраар нээлтээ хийж, шүүмжлэгчдээс эерэг үнэлгээ авсан. Оскарын наадамд шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг хёгжим гэсэн 6 төрөлд нэр дэвшсэнээс шилдэг хөгжим төрөлд ялалт байгуулсан.
"Spellbound" бол Hitchcock болон продюсер David O. Selznick хоёрын гэрээний үл ойлголцлоос үүдэн бүтжээ. Hitchcock Selznick-тэй 1939 оны 3-р сард гэрээ байгуулсан ч "Rebecca", "Spellbound", "The Paradine Case" гэсэн гурван л кино бүтээжээ (Hitchcock энэ хугацаанд өөр 7 киног бусад студидтэй зээлийн гэрээний дагуу хийсний дотор 1946 онд "Notorious" киног продакшны дундуур RKO студид худалдсан). Selznick түүнээр өөрийнхөө сэтгэлзүйн дүн шинжилгээний өөдрөг туршлагаас үндэслэн кино хийлгэхийг хүссэн; Selznick Hitchcock-н санад болгосноор "The House of Dr. Edwardes" номын эрхийг авсан аж. 1943 оны 12-р сард Hitchcock эхнэр Alma Reville-тэй хамтран романыг кино болгох боловсруулал дээр ажиллаж эхэлсэн бөгөөд түүхийн сэтгэлзүйн элементүүдийг үнэн зөвөөр илэрхийлэхийн тулд Их Британийн тэргүүлэх сэтгэл судлаач, психоаналистуудаас зөвлөгөө авсан гэдэг. 1944 онд Hitchcock дайны сэдэвтэй богино хэмжээний кинонууд дээр хамтран ажиллаж байсан Angus MacPhail гэгчийг зохиолын боловсруулалт дээр хөлслөсөн.
Ингээд эцэст нь MacPhail-н нэр романыг кино зохиол руу хөрвүүлсэн гэдэг кредит авсан; харин эцсийн бүтээлд Alma-н хувь нэмэр хэр орсон нь тодорхойгүй үлджээ. Боловсруулалт дууссаны дараа нэрт кино зохиолч Ben Hecht кино зохиолыг бичиж эхэлжээ. Ийнхүү бэлэн болсон кино зохиолыг Selznick Америкийн Кино Урлагийн Холбоонд батлуулахаар өгтөл MPAA "сексийн заналхийлэл", "бэлгийн дур хүсэл", сэтгэлийн цөхрөл" гэх мэт зохисгүй үг хэллэг байгааг эсэргүүцэж, өөрчлөхийг шаардаж, улмаар зарим нэг өөрчлөлтийг хийсэн байдаг. Энэ бол доод ухаанд хийсэн сонирхолтой аялал ба Hitchcock-н сэтгэцээр наадах чадвар нь Ingrid Bergman, Gregory Peck гэсэн оддын хамтаар энэхүү гайхалтай триллерийг өргөжүүлдэг. Ингээд киноны үйл явдлыг товчхон өгүүлсү.
Вермонтод Ногоон Эдлэн нэртэй сэтгэцийн эмнэлэг байх агаад психоаналистаар нь залуухан бас үзэсгэлэнтэй Constance ажиллана. Сэтгэл хөдлөлгүй, хүйтэн хөндий учир ганц биеэ яваа хэмээн нөхөд нь бүсгүйг зэмлэнэ эл эмнэлгийн дарга доктор Murchison мэдрэлийн ядаргааны улмаас амралт авчихаад буцаж ирэхдээ хүчээр тэтгэвэрт гаргахаар болсон байв. Түүнийг орлохоор ирсэн доктор Edwardes гэгч нь тун залуу байлаа. Агшин зуурт Constance, Edwardes хоёр дурлалцах нь тэр. Constance дарга бас амрагаа цагаан дэвсгэртэй зэрэгцээ шугаман зураасаас айх эмгэгтэй болохыг анзаарна. Бүсгүй мөн амрагийнхаа гарын үсэгтэй мэргэн номыг үзэж байгаад өөр нэг номон дээрх гарын үсэг нь зөрж байгааг олж мэдэх буюу баригдсан шинэ дарга өөрийгөө жинхэнэ Edwardes биш, өөрөө жинхэнэ Edwardes-н өвчтөн байгаад түүнийг хөнөөчихөөд дүрд нь хувираад явж байгаагаа үнэнээр хэлнэ. Одоо үл таних хүн болсон тэрээр амнези өвчнөөр шаналж байгаа, өөрийгөө хэн болохыг мэдэхгүй ч анагаах ухааны мэдлэгээс нь харахад эмч хүн байх гэсэн таамагт хүрдэг. Constance түүнийг гэм буруугийн комфлекстэй гэм зэмгүй хүн гэдэгт итгэнэ. Гэвч шөнө нь залуу алга болчихно.
Жинхэнэ Edwardes-н туслах ирснээр бүгд жинхэнэ Edwardes ор сураггүй алга болсныг мэдэцгээдэг. Constance хайж явсаар хайрт амрагаа Brown гэсэн нууц нэрээр Нью-Йоркийн нэгэн зочид буудалд бүгж байхад нь олно. Brown бүсгүйг явахыг шаарддаг ч Constance психоанализаар түүний дурсамжийг сэргээн эмчилж чадна гэж итгүүлдэг. Ингээд тэд Constance-н ментор, найз, хөгшин доктор Brulov-г зорино. Хоёр психоаналист Brown-н зүүдэлсэн зүүдийг ингэж тайлбарладаг; Brown зүүдэндээ нэгэн нууцлаг хөзрийн клубт тоглож байтал Constance-тэй төстэй бүсгүй клубт байх бүх хүмүүсийг үнсэж байна гэнэ. Түүний хөзрийн хамтрагчийг клубийн эзэн хөгшин эр залилав хэмээн буруутгаж, заналхийлж байх юм гэнэ. Хөгшин эр багтай байх агаад налуу дээвэр дээр зогсоод унаж байгаа дүр зургийн дараа хөгшин эр яндангийн ард зогсоод гартаа барьсан хүрдийг доош унагаж гэнэ. Brown-н зүүд өөрийг нь аварга том хос далавч долгод уруудан хөөж байгаагаар төгсдөг. Brown-н цагаан дэвсгэртэй зэрэгцээ хар зураасны фоби бол цасан дээрх цанын мөрийг илэрхийлэх бөгөөд зүүдэнд гарах хөгшин эр бол цанаар гулгаж яваад осолдсон жинхэнэ Edwardes гэж психоаналистууд тайлбарладаг.
Харин аварга том далавчийг Габриэлийн хөндий дэх цанын бааз гэж таамаглана. Constance, Brown хоёр Edwardes-н үхлийн нөхцөл байдлыг дахин сэргээхээр тийшээ аялдаг ба Brown хэрвээ тэр үнэхээр Edwardes-г алсан байвал тэнд очоод аллагаа давтана байх гэж айдаг. Тэд уулын энгэрээр цанаар гулгаж байтал Brown мартсан амьдрала эргэн санаж эхэлнэ; тэрэар багадаа дүүтэйгээ тоглож байгаад санамсаргүй түлхээд хөнөөчихсөн нь өнөөдрийг хүртэл дагаж яваа гэм буруугийн комфлекс нь болжээ. Тэрээр мөн Edwardes-н унасан хадан цохиог санаж, дараа нь өөрийнх нь жинхэнэ нэр John Ballantyne гэдгийг ч санана. Constance, Ballantyne хоёр удахгүй цагдаа нартай уулзаж, цагдаа нар Ballantyne-н заасан газраас Edwardes-н цогцсыг олно. Ингээд Ballantyne хүн өмины хэргээр баривчлагдана. Хүнд байдалд орсон Constance Ногоон Эдлэндээ эргэн очих ба Murchison буцаад дарга болжээ. Murchison анх бүсгүйд Edwardes-г огт таньдаггүй гэж хэлж байсан бол энэ удаад Edwardes-г бага сага мэддэг байсан, надад таалагддаггүй байсан гэж зөрүүтэй ярьж өөрийгөө барьж өгөх нь тэр. Одоо Constance-д Ballantyne-н зүүдний тайлбар тодорхой болж ирнэ; багтай хөгшин эр Murchison, хүрд бол Murchison-н Edwardes-г буудаж алсан буу ажээ. Murchison эрх мэдлийн төлөө Edwardes-г араас нь буудаж алаад буугаа цанын баазад орхижээ. Constance зоригтойгоор Murchison-той нүүрэлдэж, хийсэн хэргийг нь дурдахад Murchison түүнийг буудна хэмээн сүрүүлдэхэд Constance тун тайвнаар; та намайг албал цаазаар авхуулна, галзуурсан гээд хэргээ хүлээвэл ялаа хөнгөрүүлэх боломжтой гэж хэлчихээд өрөөнөөс нь гараад явчихна. Ганцаараа үлдсэн Murchison өөрийгөө буудснаар кино төгсдөг.
Selznick анхлан Joseph Cotten, Dorothy McGuire, Paul Lukas нарыг гол дүрүүддээ тоглуулахыг хүссэн байдаг аж. Домогт Greta Garbo-г психоаналист Constance-н дүрд тоглуулна гэж бас тооцсон бол Hitchcock Joseph Cotten-г доктор Murchison-д тоглуулахыг хүссэн; харин Constance-д Jennifer Jones-г тоглуулна гэсэн Selznick-г тас эсэргүүцжээ. Selznick өөрийнхөө сэтгэцийн эмч May Romm гэгчийг продакшны үеэр урьж авчраад техникийн зөвлөхөөр ажиллуулсан ба Hitchcock сэтгэцийн эмчтэй байнга маргалддаг байв. Киног хийж байх үед Ingrid Bergman, Gregory Peck хоёр хоёулаа тус тусдаа гэр бүлтэй байсан ч продакшны богинохон хугацаанд амраглаад амжсан гэдэг. Ingrid нас барснаас хойш 5 жилийн дараа буюу 1987 онд Gregory нэгэн ярилцлагандаа эл нууц амрагийн харилцаагаа олон нийтэд ил болгосон байдаг агаад "би ч, тэр ч залуу байж, би түүнд маш хүчтэй дурласан, бид хэдэн долоо хоног дотно, эрч хүчтэй ажилласан" гэсэн байдаг. Алдарт сюрреалист зураач Salvador Dali киноны зүүдний үндсэн үзэгдлийн зарим хэсгийг бүтээхээр хөлслөгдсөн бөгөөд Dali, Hitchcock хоёрын бүтээсэн үзэгдлийг кинонд хөрвүүлэхэд Selznick-д хэтэрхий урт хийгээд ярвигтай байсан тул ихэнхийг нь засварлаж танаад кинонд оруулжээ.
Зүүдний үзэгдлийн хоёр минутад хэсгийг л эцсийн байдлаар кинонд багтаасан агаад Ingrid Bergman-н хэлснээр бол эх хувилбар хорин минутын үргэлжлэх хугацаатай байжээ. Зүүдний хассан хэсгүүдийг зарим нь Selznick-н хувийн архивт хадгалагдаж үлдсэн ч ерөнхийдөө алдагдсан бичлэг гэж үздэг. Selznick "Gone With the Wind" кинондоо хамтран ажиллаж байсан William Cameron Menzies гэгчийг хөлслөн тайз засал болон үзэгдлүүдийн дарааллыг найруулуулсан байдаг ба Hitchcock зураг авалтад биечлэн бага оролцсон. Киноны хөгжмийг Унгар-Америкийн хөгжмийн зохиолч Miklos Rozsa бичиж, улмаар энэхүү туурвилаараа Оскарын шагналын эзэн болсон. Тэрээр теремин гэдэг хөгжмийн зэмсгийг найрал хөгжимтэй найрсуулан зохиомжилсон нь тухайн цагтаа энэ тереминыг кинонд ашигласан анхны тохиолдол болсон юм. Selznick анхлан Bernard Hermann-г хүссэн ч Hermann боломжгүй байж таарчээ. Rozsa "Spellbound"-ийнхоо хөгжиийг өөрийнхөө шилдэг ажлын нэг гэж үздэг бөгөөд нэгэн ярилцлагандаа; "Hitchcock хөгжим таалагдаагүй, энэ нь түүний найруулгад саад болж байна гэж хэлж байсан. Тэр цагаас хойш би түүнтэй уулзаагүй" гэжээ. Rozsa намтар номондоо; киногоор нь Оскарын шагнал авчихаад байхад Hitchcock өөрт баяр хүргээгүй, бүр холбоо ч барих гэж оролдоогүйд нь харамсаж явдаг гэж бичсэн байдаг. Критик Bosley Crowther уг киноны түүхийг тун ойлгомжтой бөгөөд үргэлж яригддаг үлгэр гээд харин хүүрнэх шинж чанар, арга барилыг ер бусын сайн гэжээ.
Newsweek: "Дээд зэрэглэлийн, сэтгэл түгшээм мелодрам" гэсэн бол Variety сэтгүүл Ingrid Bergman-н тоглолтыг "үзэсгэлэнтэй" гээд Gregory Peck түгшүүртэй сцэнүүдийг ур чадвараараа гарамгай зохицуулж, өнөөдрийг хүртэлх хамгийн шилдэг дүрүүдийнхээ нэгийг бүтээсэн гэж бичжээ. Harrison's Reports сэтгүүл "Spellbound" бүтээлийг "Маш сайн!" гээд үйл явдлын туршид хүмүүнийг гүн гүнзгий сонирхож, дур булаам романсын мэдрэмжийг айдас, түгшүүрийн өнгө аястай уртай уусгасан гэж магтжээ. The New Yorker: "Кино эзотерик байхаа болиод, нууцлаг шивнээ, догдлом мелодрамаасаа татгалзсан хойноо л Hitchcock-н мэргэшсэн арга барилаар явдаг гэжээ. Критик James Agee эл бүтээлийг психоанализмын тухай гайхам урам хугалсан триллер, үзэхэд сайхан ч түүнээс цаашгүй гэх мэтээр сөрөг шүүмжүүд ч бас байв. Тэрээр мөн Salvador Dali-н бүтээсэн зүүдний хэсгийг бодит байдалтай огт хамааралгүй гэжээ. Критик Jake Wilson: "Өнөөдөр энэ кино нь эрчүүдийн ертөнцөд эрх мэдэл олохын төлөө тэмцэж буй эмэгтэйчүүдийн ирээдүйг урьдчилан харсан хөрөг шиг санагдаж байна".
This comment has been removed by the author.
ReplyDeleteThis comment has been removed by the author.
Delete