Хулигаан


The Asphalt Jungle (1950). Өгүүлэх нь, гэмт хэрэгтэнгүүдтэй нягт холбоотой Cobby гэгчийн бооцооны газрын үүдэнд такси ирж зогсох ба таксинаас жолоочийн яршигтай ярианаас залхасан нэгэн хижээл насны намхан, туранхай эр гарч ирээд өөрийн нэрээ Doc гэж танилцуулсанаар бооцооны газар руу явж орох бөгөөд энэ Doc гэгч бол саяхан долоон жил шоронд сууж байгаад гарч ирсэн гэмт хэргийн ертөнцөд суут ухаантан хочоороо алдаршсан ямар ч банк, үнэт эдлэлийн дэлгүүрийг тонож чадах эр бөлгөө.. Doc Cobby-г зорьж ирсэн шалтгаан нь харваас зальхай, аймхай энэ Cobby нь энэ хотынхоо бүх цагдаа сэргийлэх хийгээд жижиг том бүхий л хулгайч, дээрэмчдийг таньдаг юмуу, хамтран ажилладаг, өөрөөр хэлбэл хотынхоо нэвтэрхий толь учраас агаад өөрийг нь нэрт хуульч Emmerich гэгчтэй холбож өгөхийг хүсээд маш том ажлын санал байна, чи бас надтай хамтарвал муугүй шан хүртэнэ шүү хэмээн Doc бооцооны газрын эзэнд хэлнэ..

мөнгөнд шунахай Cobby саналыг гуяа алгадан хүлээж аваад Doc-г Emmerich-тэй уулзуулж өгнө, энэ хуульч бол бие муутай эхнэртэй, залуухан үзэсгэлэнтэй нууц амрагтай, хижээл насны олонд хүндлэгдсэн, баян хуульч бөгөөд хуульч гэхэд шударга ариун биш харин ч бохир хүмүүстэй нягт холбогдсон хууль завхруулагч болно.. гэмт хэргийн суут ухаантан ийнхүү хэлнэ: маш үнэтэй үнэт эдлэлийн дэлгүүрийг тун цэвэрхэн, найдвартай тонох төлөвлөгөөтэйгөө хэлээд хамтран ажиллавал олзоо тэнцүүхэн авна, харин чадалтай, энэ хавиа сайн мэддэг гурван юу ч хийхээс буцахгүй эр олоход надад мөнгө хэрэгтэй, энэ мөнгийг Emmerich та эхний ээлжинд өгч байгаа ч хэмээх бөгөөд хуульч энэ бүх саналыг уриалгахан хүлээн авна..

зочдыг явсны хойно өөрийн хувийн мөрдөгч Brannom-г дуудан авчран энэ талаар ярилцах агаад үнэндээ хуульч саяхнаас бараг дампуураад байгаа учир ямар нэг аргаар хулгайлж авчрах үнэт эдлэлүүдийг цөмийг нь булаахгүй бол дампуурлаас зайлж чадахгүй байлаа.. нөгөө талд Doc багаа бүрдүүлж эхлэх бөгөөд түүнд мэдээж Cobby зохих хүмүүсийг олж өгнө, тухайлбал: мэргэжлийн сейф эвдэгч Louie болон зоогийн газрын эзэн, энэ ажилд жолоочоор ажиллах Gus \ Louie зөвхөн Gus-д л итгэдэг \, мөн Gus-ын найз, зартай хулигаан Dix нар нэгэн баг болж дэлгүүр тонохоор болох ба тэднийг Doc, Cobby хоёр удирдаж залах бол тэр хоёрын дээр Emmerich заларна.. Dix бол бараг киноны гол дүр, тэрээр аавыгаа нас барах хүртэл хангалуун сайхан амьдарч ирсэн хөдөөний гүндүүгүй сайн эр бөгөөд жаал мөнгөжөөд буцаад хөдөөнөө амар тайван амьдрах хүсэлтэй ч энэ бохир ертөнцөд улам гүн шигдсээр буй ба түүнийг Doll хэмээх хүүхэн сүүдэр шиг даган хайр сэтгэлээ илчлэх хэдий ч Dix хүүхнийг хүндлэх ч янагийн харцаар харахгүй..

ингээд амьсгаа түгжигдсэн дэлгүүр тонолт бараг амжилттай дуусч байтал дохиолол дуугаран цагдаа нар ирж, улмаар Louie буудагдан шархдах боловч бусдаар ажиллагаа амжилттай болох ба хотоор үймээн самуун дэгдэж цагдаа хүчнийхэн тэднийг эрэн сурвалжилж эхэлнэ.. үнэт эдлэлүүдээ аваад Doc болон Dix нар Emmerich дээр ирэхэд Brannom мөн тэнд байж байна, ингээд Emmerich тэдэнд хандаж: үнэт эдлэлүүдээ энд үлдээгээд та хоёр зугт, дараа эргэж уулзаад хувиа ав, тэгэхгүй бол цагдаа нар та хоёрыг хамгийн түрүүнд олж эрнэ, харин намайг хэн ч сэжиглэхгүй гэж хэлнэ.. энэ бол ил тодоор үнэт эдлэлээ өгөөд зайлцгаа гэсэн утга ба овсгоо самбаатай Dix-ын ачаар бяцхан буудалцааны дараа Dix шархдаж, Brannom үхэх бөгөөд Doc, Dix хоёр Emmerich-г угаасаа өнгөрсөн хүн гээд үнэт эдлэлүүдээ аваад арилж өгнө.. Emmerich үхсэн хамтрагчаа усанд живүүлэх хэрэг гарахаас гадна өөрийгөө хамгаалахын тулд дэлгүүр тонуулдаг өдөр үзэсгэлэнт нууц амраг Angela-ындаа байсан шүү гэсэн аман тохироог Angela-тай хийнэ.. хотын цагдаагийн даргын хатуу тушаалаар бүх цагдаа уг хэргийг илрүүлэх даалгавар авсны дотор Cobby-ын цагдаа найз Ditrich багтах ба тэд хамтран ажилладаг, Ditrich Cobby-оос мөнгө байнга авдаг байсан ч одоо Ditrich ажилтайгаа үлдэхийн тулд шударга ёсыг сахиулж Cobby-г барьж аваад хэргийг нь хүлээлгүүлсэнээр дэлгүүр тоногчид бүгд баригдах нь цаг хугацааны асуудал л болно..

цагдаа нар Emmerich-г Brannom-ын үхэлд бас дэлгүүр тоносон хэрэгт буруутган нууц амрагийнх нь гэрт байхад явж очих ба Angela айсандаа газар дээрээ хэргээ хүлээх бол Emmerich амиа хорлодог.. цаашлаад цагдаа нар Gus-г дорхоноо барих бол Louie-г үхсэн хойно нь оршуулж байхад олох ба Doc болон Dix нар Emmerich-ээс гарч яваад Doll дээр очоод тэндээсээ Dix, Doll хоёрыг орхиод Doc тусдаа явна.. Doc хотоос зугтааж яваад замдаа цагдаа нарт баригдана, харин Dix, Doll хоёр Dix-ын төрсөн нутаг руу явж шархдсан Dix шархаа даалгүй дөнгөж нутагтаа ирэнгүүтээ нүд аньдаг.. 

Кино урлагийн Эрнест Хемингуэй хэмээгддэг Америкийн кино урлаач John Huston-ын энэхүү гэмт хэрэгт болон нуар жанрын бүтээл нь 1950-аад оны нөлөө бүхий триллерийн тоонд ордогоос гадна дээрэмтэй \heist \ киног урлагийн сонгодог бүтээл болгож чадсан буюу тонон дээрэмдэх үйл явцыг \үнэт эдлэлийн дэлгүүрийг тонодог хэсэг 11 минут үргэлжилдэг\ нарийн зураглан үзүүлж, жинхэнэ амьдрал дээрх дээрмийн ажиллагааг нүдээр үзэж буй мэт сэтгэгдэл төрүүлэх \орчин цагийн загвар, маягт анхаарсан хиймэл, худлаа heist кинонуудтай харьцуулахын аргагүй\ ба гэмт хэргийн ертөнцийг “мэргэжлийн” өгүүлсэн бүтээл болжээ.. кино тэр чигээрээ нийгмийн бохир, ялзарсан ертөнцийг бүдүүлэг, завхарсан байгаагаар нь үзүүлэх бөгөөд хууль ёс, шударга төр, цагдаа хэрэв үгүй бол аллага, хулгай, дээрэм болон хүчирхийлэл гаарч, хүний нийгэмд ширэнгийн хууль буюу хүчтэй, бяртай, зальтайн ялж арай сул дорой, ядарсан нь хохирч, мөлжүүлэх болно гэсэн санааг агуулсан агаад ийм ширэнгэн үе рүү бид явж байгааг анхааруулан сэрэмжлүүлжээ.. John Huston-ын кинонууд үргэлж баргар байдаг хэдий ч драматик хийгээд сэтгэл хөдөлгөм байж бас чаддаг бөгөөд эл бүтээлээрээ тэрээр өөрийгөө уран зураач болохоо харуулсан буюу эмх цэгцтэй эвлүүлэг, драматик гэрэлтүүлэг болон өмнө талын хийгээд дэвсгэр зургийн балансыг олсон мэдрэмжтэй найруулгийг судлаачид өндрөөр үнэлсэн ба бусад найруулагчдийн гурван удаа оролдож байж авах зураглалыг John Huston ганц оролдлогоор авсан хэмээн магтсан байдаг..

киноны зохиолыг W. R. Burnett-ын 1949 онд хэвлэгдсэн ижил нэрт романыг John Huston болон Ben Maddow нар кино зохиол болгосон ба кино тэр жилийнхээ Оскарын наадамд шилдэг зураглаач, шилдэг найруулагч гээд нийтдээ дөрвөн төрөлд нэр дэвшсэн бөгөөд бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 566-р байрт жагсдаг.. киноны жүжигчдийн тоглолтыг судлаачид магтдаг ба гол дүрүүдэд: Sterling Hayden \Америкийн жүжигчин, далайчин тэрээр нуар болон вестерн жанрын кинонуудаараа алдартай\, Louis Calhern, Jean Hagen, James Whitmore, Sam Jaffe болон Marilyn Monroe нар тоглосон агаад Marilyn Monroe-ын жүжигчиний замнал дөнгөж эхлээд удаагүй байв.. тус киногоор хожим 1961 онд ТВ-ын олон ангит кино хийсэн байдаг бөгөөд Францын ижил жанрын Rififi бүтээл уг киноноос тун их урам зориг авсан байдаг ажээ..

Comments