One Flew Over the Cuckoo's Nest (1975). Чех-Америкийн кино найруулагч Milos Forman-н найруулсан сэтгэлзүйн комеди-драм. Америкийн зохиолч Ken Kesey-н романаас сэдэвлэн Америкт бүтээсэн кино ба гол дүрүүдэд; Jack Nicholson, Louise Fletcher хоёр тоглосон бол туслах дүрүүдэд; Will Sampson, Danny DeVito, Sydney Lassick, Christopher Lloyd, William Redfield болон Brad Dourif нар тоглосон. Анхлан 1962 онд Америкийн нэрт жүжигчин, продюсер Kirk Douglas гол дүрд нь тоглоно гэж зарласан ч кино дэлгэцнээ гартал 13 жил зарцуулсан байдаг ба зураг авалт албан ёсоор аль хойно 1975 онд Орегон мужийн Салем хотод эхэлж, 3 сар үргэлжилжээ. Продюсерууд зураг авалтыг Орегон мужийн эмнэлэгт, жинхэнэ сэтгэцийн эмнэлэгт хийсэн байдаг нь эх романдаа хэр үнэнч хандсаныг харуулна.
Кинонд гардаг ихэнх барилга байгууламж өдгөө нураагдсан боловч зураг авалт болсон эмнэлэг одоо ч үйл ажиллагаагаа явуулсаар буй. Энэхүү кино нь нээлтээ хийгээд шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан агаад эдүгээ үзэгчид, шүүмжлэгчид бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны тоонд оруулж үнэлэх болжээ. Оскарын кино наадмын шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг кино зохиол, шилдэг эрэгтэй, эмэгтэй гол дүр гэсэн таван гол шагналыг хүртсэн ердөө гурван кино байдгийн нэг нь "One Flew Over the Cuckoo's Nest" бол өнөөх хоёр нь 1934 оны "It Happened One Night", 1991 оны "The Silence of the Lambs" кинонууд билээ. Америкийн кино хүрээлэнгээс гаргасан нэгдсэн улсын шилдэг 100 кино жагсаалтад уг кино 33-р байрт жагссан бол Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 147-р байрт эрэмбэлээд байна. Үйл явдалдаа өөрийн гэсэн онцгой хандлагыг бий болгож, эх зохиолынхоо сэтгэл хөдлөл, драматик хүчийг алдуулаагүй гэдэг утгаараа тун ховор бүтэцтэй дэлгэцийн хөрвүүлэлт бүхий шедевр. "Энэ бол классик түүх байсан; системийн эсрэг тэмцэж буй хувь хүний түүх юм" хэмээн хүчирхэг хүсэл зоригтой босогч хэрхэн сэтгэцийн эмнэлгийн дарангуйлагч ахлах сувилагчтайгаа тэмцэж байгааг харуулсан Ken Kesey-н романд татагдсан талаараа киноны продюсерээр ажилласан Michael Douglas өгүүлсэн байдаг.
Энэ бол хяналтгүй эрх мэдлийн эсрэг эсэргүүцэн тэмцэж буй гайхалтай түүхээс гадна цаг үеийнхээ хамгийн хүчирхэг драмын нэг болой. Jack Nicholson, Louise Fletcher хоёрын тоглолттой маргах зүйл байхгүй. Харин найруулагч Milos Forman Ken Kesey-н сюрреалист романд илүү тэнцвэртэй, ёс суртахууны хувьд хоёрдмол утгатай хандсан нь киног ийм ер бусын болгосон гэдэг. Ингээд хамтдаа Орегоны сэтгэцийн эмнэлгээр зочилцгооё. 1962 онд Kirk Douglas-н Joel Production кино компани "One Flew Over the Cuckoo's Nest" романыг Broadway-д жүжиг болгон тавьж, жүжгийн зохиолыг Dale Wasserman бичиж найруулж, McMurphy-н дүрд Kirk өөрөө тоглохоор болсноос гадна романаар кино хийх эрхийг бас авснаа зарлажээ. Тухайн үед Jack Nicholson бас романы эрхийг худалдаж авахыг оролдсон боловч Kirk илүү их мөнгө төлсөн аж. Wasserman-н жүжиг 1963-1964 оны хооронд Broadway-д амжилттай тавигдсан бол Kirk-тэй хамтран кино хийчих студи олдохгүй байв. Зүүн Европоор хийсэн жүжгийнхээ аялан тоглолтын үеэр Прага хотод Kirk Milos Forman-тай танилцсаныхаа дараа киногоо найруулуулахаар тохиролцжээ. Avco-Embassy Pictures 1969 онд киног бүтэхээр болсон боловч Варшавын гэрээний дагуу Зөвлөлтийн цэргүүд Чехословак руу довтолж, Прагийн хаврын либералчлалын ихэнхийг дарснаар Milos киног найруулах боломжгүй болов.
Чехословакийн нууц цагдаагийн хатуу хяналт дор Milos, Kirk хоёрын холбоо тасарсан ба Kirk-н түүний Прага дахь гэр рүү номын нэг хувийн илгээсэн ч ном замаасаа алга болсон нь мэдээж билээ. 1970 онд Wasserman хэл ам дагуулж байж өөрийнхөө киноны эрхийг Kirk-д зарсан. Дараа онд нь Kirk-н хүү Америкийн жүжигчин, продюсер Michael Douglas Санта Барбара дахь Калифорнийн их сургуулийн оюутнуудын эсэргүүцлийн жагсаалд оролцоход "системийн эсрэг нэг хүн" гэсэн "One Flew Over the Cuckoo's Nest" романы санаа нөлөөлсөн гэдэг бөгөөд Michael ааваасаа энэ киног өөрөөр нь хийлгэхийг гуйж, улмаар ятгаж чаджээ. Ийнхүү продюсерээр ажиллах болсон Michael найруулагчаар Richard Rush-г сонгосон ч Rush том студиудаас санхжүүлт татаж чадаагүй ба 1973 онд Fantasy Records гэдэг шинэ кино хэлтсэс Michael-н төслийг анхныхаа төсөл болгон хамтран ажиллахаар болж, Saul Zaentz гэгч хамтран продюсерлэхээр болжээ. Номын хорхойтон Zaentz Ken Kesey-тэй танил байсан учир Lawrence Hauben-н анхны нооргийн дараа Kesey-г өөрөө кино зохиолчоор ажиллахыг санал болгов. Kasey кино зохиол боловсруулалтын эхний үе шатуудад оролцсон ч продюсеруудтай хүүрнэх өнцөг, жүжигчдийн сонголт дээр санаа зөрөлдсөнөөс болж төслийг орхисон; эцэст нь продакшны эсрэг нэхэмжлэл гаргаад хоёр тал тохиролцоонд хүрснээр Kesey албан ёсоор хасагдсан.
Kesey ажлынхаа хөлсийг авдаг байсан хэдий ч Ахлагч Bromden-н нэгдүгээр биеэс өгүүлсэн зохиолыг нь ашиглаагүй аж. Харин Bo Goldman, Lawrence Hauben хоёрын гуравдагч биеэс харуулсан шинэ кино зохиолыг ашиглажээ. 1973 онд найруулагч Hal Ashby найруулагчаар сонгогдсон боловч Milos Forman Америкт дүрвэн ирснээр түүнийг Milos-оор сольжээ. Michael, Zaentz хоёр Milos-н 1967 онд эх орондоо хийсэн "The Firemen's Ball" киног үзээд түүнийг сонгохоор болсон гэдэг, харин Milos угаасаа эцэг Douglas-н сонголт байсныг хараахан мэдээгүй байсан гэдэг. Michael Douglas хожим "The Firemen's Ball" киноны тухай: "Бидний хайж байсан шинж чанарууд тэр кинонд байсан; энэ кино нь хаалттай нөхцөлд өрнөж, олон тооны өвөрмөцүүд дүрүүдтэй байсан". Milos сэтгэцийн хямралаас болж Нью-Йоркийн зочид буудлаасаа хамраа зухуйлгахгүй байсан ч Michael, Zaentz хоёр түүнд номыг хүргүүлж чадсан ба Milos тэртээ эцэг Douglas-н түүнд өгөх гээд чадаагүй ном гэдгийг мэдээгүй ч уншаад гүн гүнзгий сэтгэгдэл төрж, "Америкт ирээд үзсэн хамгийн шилдэг материал" гэж хэлсэн байдаг. Ийнхүү кино бүтэх ажил шуударсан. Milos-н кино зохиолдоо хуудас хуудсаар нь нарийн нямбай хандах байдал Douglas-г гайхуулж, манай Америкт ийм няхуур найруулагч байхгүй хэмээхэд хүргэсэн байдаг. Хожим Milos хэлэхдээ: "Миний хувьд энэ зүгээр уран зохиол байгаагүй, энэ бодит амьдрал, миний Чехословакт өнгөрүүлсэн амьдрал байсан. Сувилагч Ratched бол Коммунист нам байсан" гэжээ.
Хэдийгээр Kirk хүүдээ киног хийхээр зөвшөөрсөн ч McMurphy-н дүрд өөрөө тоглох хүсэлтэй хэвээр байсан. Milos түүнийг дүрд дэндүү хөгшдөнө гэж үзэж, дүрийн сонгон шалгаруултыг дахин зарласан. Энэ шийдвэр эцэг, хүү Douglas-уудын харилцааг олон жилийн турш муутгах боломжтой байсан ч Michael энэхүү шийдвэр нь өөрийнх нь биш гэж мэдэгдсэн буй. Gene Hackman, Marlon Brando, James Caan, Burt Reynolds нарын нэгийг гол дүрд тоглуулахаар яригдсан ба Ashby найруулагчаар ажиллахаар сонгогдоод байхдаа 37 настай Jack Nicholson-г тоглуулахыг хүссэн байсан ч Michael эргэлзэж, эцэстээ Milos-н анхны сонголт Reynolds дээр буужээ. Гэвч хамгийн өндөр магадлалтай дээрх дөрвөн жүжигчид татгалзсанаар эцэст нь Nicholson тоглохоор болжээ. Nicholson өмнө нь хэзээ ч ийм төрлийн дүрд тоглож байсангүй. Nicholson-н өөр киноны хуваариас болж киноны продакшн 6 сараар хойшилсон; Michael хожим энэ талаар хэлэхдээ: "Энэ явдал ивээл болж хувирсан, энэ нь бидэнд зөв жүжигчдээ олох боломж олгосон". Nicholson маш их дүрийн судалгаа хийсэн бөгөөд сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэж байгаа өвчтөнгүүдтэй уулзаж, цахилгаан цочролын эмчилгээг биечлэн үзсэн байдаг. Сувилагч Ratched-н дүрд Lily Tomlin сонгогдохоос өмнө Jeanne Moreau, Ellen Burstyn, Anne Bancroft, Jane Fonda нарын нэрс яригдсан.
Гэвч Milos "Thieves Like Us" киног үзсэнийхээ дараа Lily-н оронд Louise Fletcher-г тоглуулах сонирхолтой болсон аж. Жүжигчдийн бүрэлдэхүүний найруулагч мөн Louise-г өмнө нь санал болгож байсан байдаг. Louise 4,5 удаа ярилцлаганд орж, Lily өөр кинонд тоглохоор болсноор Louise дарангуйлагч сувилагчийн дүрийг авчээ. Шүүмжлэгч Roger Ebert уг бүтээлийг; олон талаараа сайн хэсэгтэй учраас зарим нэг алдаа эндэгдлийг нь өршөөхүйц хэмээгээд өгүүлэх түүхээсээ илүү том зүйлийг хэлэхийг шаардсан үедээ буруу тийшээ явдаг гэжээ. Шүүмжлэгч Vincent Canby энэхүү киног; шударга хэлэхэд хэтэрхий бүдүүвчилсэн эмгэнэлт дүгнэлтээ сайтар дэмжиж чаддаггүй комеди гээд цааш нь, хүнлэг байхыг харуулахын тулд програмчлагдсан зүйрлэл сайн биш ч жүжигчдийн мэдрэмж нь бодитой гэжээ. Киноны хөгжмийг Jack Nitzsche бичсэн бөгөөд киноны хурц мөн чанарыг хөгжим нь мөн дэмжиж өгч, анхандаа хэвийн мэт санагдах ч үе үе сүрхий түгшүүрийн мэдрэмж төрүүлнэ. Киноны хөгжим нь байсхийгээд л өөрийн хачирхалтай жижигхэн ертөнц руу бүхэлдээ хазайн ордог. Эх номыг бичсэн Ken Kesey хэзээ ч энэ киног үзэж байгаагүй гэж мэдэгдсэн байдаг ба үүнийг нь зохиолч Chuck Palahniuk баталж: "Энэ кинонд Kesey дургүй гэдгээ өөрөө хэлж байсан" гэсэн буй.
Домогт найруулагч Akira Kurosawa уг киног өөрийнхөө дээдэлдэг 100 киноны тоонд багтаасан байдаг. "One Flew Over the Cuckoo's Nest" кино бол улс төрийн далд санааг агуулсан кино ба үүнийг хүчирхийлэл болгон толилуулдаг. Кинонд гарах эрчүүд авторитар дэглэмд дассанаар зөвхөн бие махбодийн төдийгүй оюун санааны эрх чөлөөгүй болж байгааг кинонд дурджээ. McMurphy өмнө нь шоронд хоригдож байсан нь үнэндээ сувилагч Ratched-н сэтгэцийн эмнэлэгт байхаас илүүтэй эрх чөлөөтэй байсан болохыг ухаардаг ба шоронд орвол McMurphy бейсболл үзэж, 68 хоногоо гүйцээгээд эрх чөлөөтэй болох байсан билээ. Харгис сувилагчийн дарангуйлал нь телевиз үзэхээс эхлээд McMurphy-н үүрэг хариуцлага хүртэл явдаг ч Ratched-н бослого эсэргүүцлийг тэвчдэггүй билээ. Сувилагчийн тоталитар дэглэмийн дор McMurphy ямар дүрэм журамд захирагдаж байгаагаа ч мэдэхээ больдог агаад Ratched хүссэндээ хүрэхийн тулд эрх мэдлээ чөлөөтэй ашигладаг билээ. Өвчтөнгүүд бейсболл үзэхээр хоёр дахь удаагаа санал хураалт явуулж, санал нэгтэйгээр McMurphy-н талд өгөхөд Ratched санал өгсөн 9 хүн эмнэлгийн тасгийн дөнгөж хагасыг төлөөлж байгаа тул олонх биш хэмээн тайвнаар мэдэгддэг. Үнэндээ хариу үйлдэл үзүүлэх чадамжгүй, "архаг" өвчтөнгүүд Ratched-д аюултай биш юм. Ахлагч гараа өргөж, хүн бүр гайхаж, McMurphy хөхин баясч байтал харгис сувилагч уулзалт дууссан, тиймээс саналыг тооцохгүй гэдэг. Дарангуйлагч дэглэмийн үед демократ хүртэл дарангуйллын шинжтэй болж хувирдаг ажээ.
Сэтгэцийн эмнэлгийн ахлах сувилагчийн хувьд Ratched өвчтөнүүдээ эрүүл саруул байлгахыг дэмжих ёстой байтал эсрэгээр нь өвчтөнүүдээ дарангуйлах замаар сэтгэцийг нь сүйрүүлдэг. Тэрээр өвчтөнүүдээ хүлцэнгүй, эмчилгээнээс хамааралтай, хүүхэд шиг байлгадаг бол McMurphy өвчтөнүүдийг галзуучууд биш, харин эрчүүд хэмээгээд загасчлал, сагсан бөмбөгөөр дамжуулан өөрсдийнх нь эршүүд шинжийг асаадаг. McMurphy-н ачаар өвчтөнгүүд аймшигт сувилагчаас ухамсартайгаар асуултууд асууж эхэлдэг. Scanlon эмнэлэг яагаад өдрийн цагаар түгжигддэгийг мэдэхийг хүсдэг; Ratched үүнийг эмчилгээний гол цаг гэж хариулдаг; Cheswick өөрийгөө жаахан хүүхэд биш тул хураалгасан тамхиа нэхэхэд, Ratched түүнийг загнадаг ба үүнээс болж Cheswick хяналтаа алдаж, улмаар түүнийг цахилгаан цочролын эмчилгээнд оруулдаг. Өвчтөн эрчүүд ахлах сувилагчийн хяналт дор дээрдэхгүй харин ч Billy Bibbit шиг хэн ч биш болно. Сувилагч Ratched McMurphy-д туслахын тулд түүнийг эмнэлэгт үлдээх хэрэгтэй гэж эмчид хэлэхдээ тэрээр McMurphy-н эрүүл ухаан, цог жавхааг устгаж байгаа юм. Сувилагч Ratched-аас ялгаатай нь McMurphy бие хүн байхыг хүндэтгэж, хайрладаг ба тэр Ахлагчийг дүлий гэдгийг мэддэг ч түүнтэй ярьдаг. Тэрээр блэкжек тоглоомыг ойлгож чадахгүй ч хүүхдэрхүү Martini-д уг тоглоомыг тэвчээртэй заадаг; мөн тэрээр Taber-д загас барихад нь тусалж, Cheswick-д завь жолоодохыг сургадаг. Эсэргүү, солиот McMurphy Ахлагчийг сагсан бөмбөг тоглохыг урамшуулж, мөн тэрээр Cheswick-н тамхийг авахын тулд сувилагчдын өрөөний шилийг хагалдаг билээ.
McMurphy бүх өвчтөнгүүдээ хайрладгаа, ялангуяа Billy Bibbit-г хайрлаг гэдгээ харуулдаг буюу эрх чөлөөнийхөө үнэ цэнээр Billy Bibbit-н занданг тайлуулж, эр хүн болгодог. Энэ бүхэн McMurphy хүн бүрийн өвөрмөц, цор ганц мөн чанарыг хайрладаг болохыг харуулна. Лоботоми түүний хувь хүний бүхий л шинжийг үгүй хийсэн ч Ахлагч түүнийг алснаар түүний бие махбодь үхсэн ч "сүнс" нь түүнийг бодож, санаж байгаа хүмүүсийн дунд оршсоор байхыг илтгэнэ. Кинонд гарах тоглоомууд нь амьдралын ердийн зугаа цэнгэл төдийгүй эрүүл байх, бас таашаал ханамжийн үүргийг гүйцэтгэдэг. McMurphy ирэхээс өмнө өвчтөнгүүд хөзөр, монополь зэргийг тоглож байсан бол McMurphy тэдэнд сагсан бөмбөг, загасчлал гэх мэт эршүүд зүйлсийг заадаг. Түүний дасгалжуулалтын дор өвчтөнгүүд эмнэлгийн ажилтнуудыг сагсан бөмбөгөөр илүү тоглохоо харуулдаг. McMurphy-н хувьд зугаацах нь чухал; түүний хувьд завь жолоодох хөгжилтэй, загасчлах нь хөгжилтэй, секс хийх нь хөгжилтэй бөгөөд бүх төрлийн тоглоом нь өвчтөнгүүдэд энэ нь амьд байгаа мэдрэмж төрүүлнэ. Бейсболлын тэмцээн нь McMurphy ба сувилагч Ratched-н хоёрын тулаанд чухал ач холбогдолтой буюу бейсболл бол багийн спорт учир эв нэгдлийн симбол болдог; энэ нь Америкийн түүхэнд дарангуйллын эсрэг тэмцлийг бэлгэддэг ажээ.
Comments
Post a Comment