The Thing (1982). Америкийн хоррор жанрын мастер John Carpenter-н найруулсан шинжлэх ухааны уран зөгнөлт хоррор. Киног john W. Campbell Jr-н 1938 онд хэвлэгдсэн "Who Goes There" гэдэг зохиолоос сэдэвлэн Bill Lancaster дэлгэцнээ хөрвүүлсэн бөгөөд кинонд Антарктидад судалгаа хийж явсан бүлэг Америкийн эрдэмтэд аливаа биет организмыг өөртөө уусгаж, улмаар уусгасан организмаа дуурайдаг аймшигт харь гаригийн биеттэй учирч байгаа тухай өгүүлдэг. Энэ явдлаас болж эрдэмтэд бие биедээ итгэхээ больж, өөрсдийнх нь хэн нь ч тэр зүйл байх боломжтойг ухаарснаар параной хийгээд зөрчилд автдаг. Киноны гол дүрд Америкийн жүжигчин Kurt Russell тоглосон. J. W. Campbell-н номоос сэдэвлэн 1951 онд "The Thing from Another World" нэртэй гарч байсан ба үүний дараагаар 1970-аад оноос номтойгоо илүү нягт холбоотой кино хийх яриа яригдаж эхэлсэн. "The Thing" төсөл олон найруулагч, зохиолчдын гараар дамжихдаа янз бүрийн санаа оноотой байв. Зураг авалт 1981 оны 8-р сард эхлээд ойролцоогоор арван долоо хоног үргэлжилсэн бөгөөд Лос Анжелес, Аляск, Бритиш Колумбийн Стюарт зэрэг газарт явагджээ.
Киноны $15 сая долларын төсвөөс $1.5 саяыг нь киноны тусгай эффектийг хийсэн Rob Bottin-н багт оногдсон буюу үзэшгүй муухай харь гаригийн араатан бүтээхийн тулд химийн бодисууд, хүнсний бүтээгдэхүүн, резин, механик эд ангиудыг ашигласан байдаг. "The Thing" гарсан даруйдаа сайн шүүмж бараг сонсоогүй; дүрүүд нь ойлгомжгүй, жигшим дүрслэлтэй гэж сөргөөр шүүмжилсэн хэдий ч тусгай эффектийг нь магтах хандлагатай байв. Уг кино үзэгчдэд хүрч чадаагүй гол шалтгааныг тухайн үед харь гаригийнхныг илүү өөдрөг, сайнаар дүрсэлсэн Steven Spielberg-н хит "E.T. the Extra-Terrestrial" киноноос болсон гэж үздэг, учир нь Carpenter-н кино Spielberg-н кинотой харьцуулахад хэтэрхий нихилист, зэврүүн өнгө аястай байлаа. Мөн тухайн онд "Mad Max 2", "Conan the Barbarian", "Blade Runner", "Tron" зэрэг шинжлэх ухааны уран зөгнөлт юмуу фантааз кинонууд давхцаж нээлтээ хийсэнтэй холбодог.
"The Thing" видео хуурцагаар гарч, бас телевизээр гарах болсноор култ статустай болж, тэр цагаас хойш шинжлэх ухааны уран зөгнөлт ба хоррор жанрт хийгдсэн хамгийн шилдэг киноны тоонд орж үнэлэгдэх болсон. Олон арван кино найруулагчид эл бүтээл нь тэдэнд урам өгч, нөлөөлсөн гэж мэдэгдсэн байдаг бол уг киноноос улбаатай видео тоглоом, комик ном, хөлөгт тоглоом гарсан байдаг. 2011 онд киноны өмнөтгөл анги гарсан. Энэ бол Антарктидын алслагдсан байдлаас үүссэн клаустрофоби, паранойд тулгуурласан анхны бөгөөд тэргүүлэх атмосферик кино юм. "Halloween" шедеврээрээ танигдсан John Carpenter-д энэ нь хамгийн тохирсон материал байлаа. Киноны физик хүрээ давчуу боловч өнгө аяс нь үлэмж, сансар огторгуйн айдастай юм. Энэхүү киног Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 211-р байрт жагсаагаад байна. Ингээд "Юм"-ын дотор орцгооё.
1970-аад оны дунд үед продюсер David Foster, Lawrence Turman хоёр Universal Pictures-д Campbell-н "Who Goes There?" номоос сэдэвлэн дахин кино хийх санал тавьснаар киноны хөгжүүлэлт эхэлсэн аж. Эх зохиолоос сэдэвлэн 1951 онд "The Thing from Another World" нэртэй киног Howard Hawks (нэрт найруулагч маань кино зохиол болгосон) Christian Nyby хоёр хийчихсэн байсан ч Foster, Turman нар эх зохиолтойгоо илүү дөхсөн төсөл хийхийг хүссэн аж. Кино зохиолчид болох Hal Barwood, Matthew Robbins хоёр кино болгох эрхийг эзэмшиж байсан ч шинэ киногоо эхлүүлэхийн тулд Universal зохиолын эрхийг тэднээс авсан. 1976 онд кино зохиолч, продюсер Wilbur Stark RKO Pictures-н 23 киноны дахин хийх эрхийг Уолл Стритийн гурван санхүүчээс худалдаж авсны дотор "The Thing from Another World" киноны эрх явж байв. Universal дахин шинэчилсэн кино хийх эрхийг Stark-аас авсан ба кинотой холбоотой бүхий л зүйлсэд өөрийнх нь нэр байх ёстой гэсэн гэрээг Stark үзэглэсэн байдаг. Найруулагч John Carpenter,-д болон хамтрагч продюсер, найз Stuart Cohen хоёрыг төсөлд оролцох яриа тэртээ 1976 онд болсон байдаг ч Carpenter голдуу independent кино найруулдаг байсан учраас Universal "The Texas Chain Saw Massacre" хоррор киногоороо танигдчихсан байсан Tobe Hooper-г сонгосон байна.
Продюсерууд эцэст нь Hooper болон түүний кино зохиолч Kim Henkel нарын концепт таалагдсангүй. Найруулагч John Landis-г оролцуулаад өөр өөр зохиолчид, мөн найруулагчидтай ярилцсан ч ажил нэг л урагштай байгаагүй тул төслийг түр зогсооход хүрсэн байна. Тэгж байтал 1979 онд Ridley Scott-н шинжлэх ухааны уран зөгнөлт хоррор "Alien" амжилттай болсон нь төслийг сэргээн эхлүүлэх шалтгаан болсон ба 1978 онд Carpenter "Halloween" хорророороо нэрд гараад байсан нь продюсерууд эргээд түүнд хандахад хүргэв. Гэтэл Carpenter төсөлд нэгдэхээс татгалзсан; тэрэар Howard Hawks-н дэлгэцийн хөрвүүлэлтээс илүүг хийх хэцүү гэж бодсоноос гадна киноны мангас нь бараг анзаарагдамгүй байгаа нь таалагдаагүй. Харин Cohen найздаа эх зохиолыг уншихыг санал болгож. Гэнэт Carpenter-д амьд организмыг дуурайдаг үзэшгүй зэвүүн амьтан болоод үүгээр ямар асуултууд гаргаж тавьж болох вэ гэсэн бодол төрж, сонирхлыг татжээ. Carpenter эх номыг зохиолч Agatha Christie-н нууцлаг роман болох "And Then There Were None" хоёрын хооронд зэрэгцээ зураглал зурж, мөн Hawks-н зохиол тухайн үедээ цагаа олсон байсан бол минийх ч бас цагаа олсон байх болно гэсэн урам тэмүүлэлтэйгээр "The Thing" кинондоо орсон аж.
Carpenter Hawks-н дэлгэцийн хөрвүүлэлтийг шүтдэг байсан ба "Halloween" кинондоо түүнд хүндэтгэл үзүүлсэн байдаг билээ. Мөн тэрээр киногоо хийж эхлэхээсээ өмнө "The Thing from Another World" олон удаа үзэж санаа сэдэл авч байв. Түүний зураглаачаар Dean Cundey ажилласан, тэд анх "Halloween" дээр хамтарч байжээ. Carpenter-г төсөлд орж ирэхээс өмнө кинонд зориулсан хэд хэдэн ноорог бичигдчихсэн байсны дотор Hooper, Henkel хоёрын ноорогт киноны зарим хэсэг усан дор байхаар байв. Cohen үүнийг; усан доорх тулаан нь "Ахмад" болон Моби Дик хоёрын түүх шиг байсан хэмээн тодорхойлсон байдаг. Carpenter ирэхээс өмнө зохиолчид төслийг орхисон, түүний хэлснээр; сайхь нооргууд "Юм"-ын хамелеонтой төстэй аспектыг үл тоомсорлож, түүхийг огт өөр болгосон байсан учраас "Аймаар" муу нооргуудаас шууд татгалзсан аж. Тэрээр саяхан "Escape from New York" кино дээрээ ажиллаж хамаг хүч тамираа барчихаад байсан тул шинэ төслийнхөө зохиолд оролцохыг хүсээгүй, энэ хүнд ажлыг өөр хүнээр хийлгэхийг зорьсон. Bill Lancaster анх 1977 онд Turman, Foster, Cohen нартай уулзаад тэд "The Thing from Another World" хуулбарлан дахин хийх гэж байгаа юм шиг санагдсан тул төсөлд нэгдэхээс татгалзжээ.
1979 онд Lancaster-тай дахин холбогдсон; энэ үед тэрээр эх номыг уншчихсан байснаас гадна Carpenters төслийн жолоог атгаж байлаа. Ийнхүү Lancaster энэ киног хэрхэн төсөөлж байгаагаа, мөн аль болох эх зохиолоо налах зорилготой байгаа нь угаасаа түүний ажлыг биширч ирсэн Carpenters-д таалагдаж, хамтран ажиллахаар болсон. Lancaster киноны хэд хэдэн гол сцэнүүдийг зохиосон; жишээлбэл цусны шинжилгээгээр "Юм"-г таних арга зэргийг дурдаж болно. Lancaster-н хэлснээр, эх зохиолд онц хурц үйл явдал багахан байсан нь кинонд үүнийг хөрвүүлэхэд бэрхшээлтэй байсан гэдэг. Тэрээр мөн дүрийн тоог 37-оос 12 болтол бууруулсан; ийм олон дүртэй байвал үзэгчид үйл явдлыг ойлгоход түвэгтэй, мөн дүр бүрийг тодорхойлоход киноны цаг хүрэхгүй гэж үзсэн нь зөвдсөн ажээ. Тэрээр мөн түүхийн бүтцэд өөрчлөлт оруулсан, энэ нь эх зохиолд гардаг эргэн дурсах бүтцийн оронд үйл явдлыг киноны дунд эхлүүлсэн явдал байв. Хэд хэдэн дүрийг тухайн үеийн үзэгчдэд зориулж шинэчилсэн: гол баатар McCready эх зохиолд цаг уурч мэргэжилтэй, ганцаардсан хүнээр дүрсэлсэн байдаг бол кино зохиолд нисдэг тэрэгний жолооч, шатарт дуртай, хүйтэнд дургүй, сайн цалинтай нэгэн гэж гардаг билээ.
Жүжигчин Kurt Russell өмнө нь Carpenter-тай хоёр ч кино дээр хамтран ажиллаж байсан ба уг кинонд сонгогдохоосоо өмнө Carpenter-тай санаа оноогоо хуваалцаж байжэн. Russell киноны жүжигчдийн бүрэлдэхүүнд сонгогдсон сүүлчийн жүжигчин болсон, зураг авалт хэдийнээ Аляскт эхэлчихсэн байв. Гэхдээ Carpenter гол баатарынхаа эцсийн сонголтыг нээлттэй байлгаж, Christopher Walken, Jeff Bridges, Nick Nolte нарын жүжигчдийг студийн зүгээс сонирхож байж. Гэсэн хэдий ч Carpenter эцэстээ Russell-тай хамтран ажиллахыг илүүд үзсэн бөгөөд ямар ч нөхцөлд гоншигноод байдаггүй, хатуу чанга Russell-н зан чанар итгэлийг нь татсан гэдэг. Russell дүрдээ зориулж нэг жил орчим үс, сахлаа ургуулжээ. Киноны хөгжмийг Италийн алдарт хөгжмийн зохиолч Ennio Morricone бичсэн. Carpenter кинондоо Европын хөгжмийн өнгө төрхийг оруулахыг хүссэн тул Morricone-той ярилцахаар биечлэн Ром ниссэн бөгөөд Morricone Лос Анжелес руу нисч байх үед Carpenter чухам ямар төрлийн хөгжим бичүүлэхээ хараахан шийдээгүй байсан тул олон тооны синтезатор хөгжмөөр дүүргэсэн соронзон хальснуудыг бэлдчихсэн байжээ. Morricone түүний хөгжмийн таашаалыг гадарлаж байсан тул найрал хөгжим, синтезаторын тусдаа болон хосолсон хөгжмийг бичсэн аж. Carpenter өөрийнх нь зохиосон хөгжимтэй төстэй хэсгийг сонгосон нь киноны үндсэн хөгжим болжээ.
2012 онд Morricone түүнтэй ажилласан талаараа ийнхүү дурсан өгүүлсэн: "Carpenter туслахтайгаа электрон хөгжим бэлдэж байхаар нь би түүнээс асуулаа; чи өөрөө хийх байсан юм бол намайг яагаад дуудсан юм бэ? гэсэн тэр: би таны хөгжимтэй гэрлэсэн хүн, тиймээс таныг дуудсан юм гэж хэлж намайг гайхшруулж билээ. Тэгээд тэр киногоо үзүүллээ, дараа нь би хөгжим бичсэн. Бид санаа оноогоо солилцдоггүй байсан. Тэр киногоо үзүүлэхээс ичээд, зугтаад явчихдаг юм байна. Би түүний зөвлөгөөгүйгээр хөгжмөө өөрийнхөөрөө бичсэн". Би амьдралтайгаа холбоотой хэд хэдэн хөгжим бичив. Нэг нь электрон хөгжим байсан, тэгээд Carpenter электрон хөгжмийг нь сонгосон". Эл бүтээл нээлтээ хийхэд шүүмжлэгчид киноны увайгүй, анти-дарангуйлсан, дайсагнасан өнгө аяст сөргөөр хандсан ч тусгай эффектийг нь магтаж хүлээж авсан. Зарим нь "агшин зуурын хог", "1980-аад оны байдаг л тэнэг киноны нэг", "өрөвдөлтэй цагийн гарз" гэх мэтээр нүдэж өгсөн байдаг.
Шүүмжлэгч Alan Spencer: "E.T-ийн өөдрөг үзэл, Star Trek-н итгэл найдвар, Tron-ийн техникийн төгс төгөлдөр, Blade Runner-н бүрэн дүүрэн байдлын эсрэг хүйтэн, үр дүнгүй хоррор" гэжээ. Тэгвэл The Los Angeles Times сэтгүүл "үгүйрсэн, цөхөрсөн, нихилист ба сэтгэл дутсан" гэж тоймолсон байна. Шүүмжлэгч Dave Kehr тусгай эффект ашиглан түгшүүрт байдлыг бий болгох гэж оролдсон явдлыг ойлгомжгүй гээд харилцан яриа нь улиг болсон, гол дүрүүд нь хоорондоо төстэй гэж "загнасан" байна. Тэгвэл Roger Ebert уг киног аймшигтай гэж үзсэн хэдий ч тусгай эффектээс өөр шинэлэг зүйл санал болгодоггүй гэжээ. Мөн шүүмулэгч Vincent Canby энэ киног сонирхолтой болгож байгаа ганц зүйл бол аалзан хөлтэй толгой ба нохойны задлан шинжилгээний сцэнүүд юм хэмээжээ. Нэлээд хожуу найруулагч Carpenter нэгэн ярилцлагадаа: "Би бүтэлгүйтэл бүхийг хүндээр хүлээж авдаг. Надад хамгийн хүнд байсан нь "The Thing" байсан. Хэрвээ энэ кино амжилт олсон бол миний замнал өөр байх байлаа. Энэ киног хүмүүст үзэн ядагдсан, шинжлэх ухааны уран зөгнөлт киноны фенүүд хүртэл үзэн ядсан. Анхны киноны найруулагч Christian Nyby хүртэл надаар тохуурхаж байлаа" гэсэн байдаг.
АНУ, ЗХУ-ын хоорондын хүйтэн дайны хурцадмал цаг үед хийгдсэн уг киноны цаад санааг цөмийн зэвсэгтэй холбодог. Киноны гол дүр компьютерын шатарт хожигдсныхоо дараа гаргадаг араншин ямар ч аргаар хамаагүй "Юмыг" устгана гэдэгтээ адил юм. Хүйтэн дайны үеийн тусгаарлалт нь бүлгийг гэмтээж, итгэлцлийг үгүй хийдэг. Зарим судлаачид энэ бол Вьетнамын дайны дараах туйлдсан эрчүүдийн түүх гэдэг. Сонирхуулахад, кинонд эмэгтэй дүр байхгүй нь хоррорын жанрын хувьд уламжлалт бусаас гадна "Юм" нь эрэгтэй хүн байх, эсхүл ижил хүйстэн байхаас айх айдсын илэрхийлэл гэж дүгнэдэг. "Юм" нь эр хүн байхыг хатуу шалгуур буюу "Юмыг" танихын тулд түүнтэй ойр байж, гэм буруугаа хүлээж, тухайн "Юмыг" ойлгох сэтгэл шаарддаг ч "эрэгтэй хүний сул байдал" үүнд саад болдог ажээ. Нэг үгээр бардам зандаа баригдсан, сэтгэл хөдлөл нь зогссон эрчүүд ичихээс айсандаа үнэнтэй нүүр тулж чаддаггүйг илэрхийлжээ. Зарим судлаачид уг кинонд анализ хийгээд хоррор зохиолч H. P. Lovecraft-ын космос хоррор жанртай харьцуулан жишсэн байдаг. Космос хоррор нь "эзлэгдэхээс айх айдсаас" үүдэлтэй идеа бөгөөд энэ кинонд Lovecraft-ын гадаадынхныг үзэн яддаг үзэл киноны Blair дүрийн зан араншин түүний хамгийн ихээр айдаг зүйл болж буйтай холбогддог.
Үүний эсрэгээр бас Blair-г илүү уламжлалт холливуудын гол дүрийг төлөөлдөг MacReady-тай харьцуулсан байдаг. Харийн "Юм" буюу амьтан өөрийгөө алдахаас айж байгаа нь Blair-ын зан араншинтай төстэй юм. Найруулагч Carpenter-ын "Apocalypse" трилогийн хүрээнд уг киног авч үзвэл харийн мангасын дэлхийд заналхийлж буй аюул нь хувь хүн өөртөө учруулж буй аюулаас илүү бага сэтгэл зовоом бололтой. Энэхүү киноны үндсэн сэдэв бол параной болон шл итгэлцлийн тухай юм. Суурь үндсээрээ кино нь жижиг нийгэмлэг дотор итгэлцэл алдагдан үгүйрч байгаа тухай ба энэ нь хэн нэгэн хэлж ярьж байсан шигээ байх магадлалтай юмуу хамгийн сайн найз чинь дайсан чинь байх магадлалтай юм гэсэн паранойгийн янз бүрийн хэлбэрээр эхэлдэг. Энэ нь хүмүүс бусад хүнд үл итгэн, бидний мэддэг гэж боддог хүн биднээс урваж, бидний бие махбодь ч эцэстээ урвах бий гэсэн айдсыг илэрхийлдэг. Паранойн сэдэв нь аль ч насныханд дасан зохицдог тул одоо ч энэ сэдэв шинэлэг хэвээрээ юм. Киноны илэрхий анхаарсан зүйл бол үе тэнгийнхэндээ итгэх чадваргүй байх явдал боловч энэхүү мэдрэмж нь бүхий л байгууллагуудад үл итгэх явдлыг илэрхийлсэн гэж томоор ч харж болно. "Юм" огт ярьдаггүй, үйлдлийнхээ сэдлийг өгдөггүй бас зорилгодоо харгис ханддаг.
Зарим судлаачид сонирхолтой санаа дэвшүүлсэн; хүний мөн чанар бол эрх чөлөөтэйгөөр хүсэх явдал ба "Юм" үүнийг нь өөртөө авчихсан, харин хүн үүнээ булаалгачихснаа мэдэхгүй яваа гэсэн байдаг. Харин найруулагч Carpenter өөрийнхөө киног хүмүүн төрөлхтнийг дэмжигч утгатай гэсэн байдаг. Кино ДОХ өвчний тухай гэж үзэгсэд байсан, учир нь, тухайн цагт ДОХ газар аваад хүн төрөлхтнийг айдаст автуулаад байснаас гадна "Юм"-ыг зөвхөн цусны шинжилгээгээр тодорхойлж мэднэ гэдэг киноны санаа нь дээрхийг бататгах мэт байлаа. Өнөөдөр уг киног шүүмжлэгчид хоррор жанрын чухал бүтээл гэж үнэлэх болсон. Шүүмжлэгч Peter Nicholls: "Барзгар, мартагдашгүй энэхүү киног классик гэж хэлж болох байх" гэжээ. John Kenneth Muir: "Carpenter-н хамгийн амжилттай хийгээд дутуу үнэлэгдсэн найруулагчийн зүтгэл" гэсэн бол Matt Zoller Seitz: "Урьд хожид хийгдэж байгаагүй хамгийн шилдэг, хамгийн гоёмсог Б-кинонуудын нэг" гэжээ.
Comments
Post a Comment