The Last Detail (1973). Америкийн алдартай кино найруулагч Hal Ashby-н найруулсан комеди-драм. Зохиолч Darryl Ponicsan-н 1970 оны ижил нэрт романыг нэрт кино зохиолч Robert Towne дэлгэцнээ хөрвүүлсэн бөгөөд гол дүрүүдэд; Jack Nicholson, Otis Young, Randy Quaid нар тоглосон. Уг кинонд, Виржиниагаас Нью Хэмпширийн Портсмут дахь шоронд сэтгэцийн асуудалтай залуухан усан цэргийг хүргэхээр томилогдсон хашир хоёр усан цэргийн аяллын тухай өгүүлнэ. Кино нээлтээ хийгээд шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсны ихэнх алга ташилт Robert Towne-н дэлгэцийн хөрвүүлэлт, жүжигчин Jack Nicholson хоёрт оногдсон. Уг кино 1974 оны Канны кино наадамд дээд шагналын төлөө өрсөлдсөн бол Nicholson Канны наадмаас шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчний шагнал хүртсэн.
Кино Оскарын наадамд шилдэг эрэгтэй гол дүр (мэдээж Nicholson), шилдэг эрэгтэй туслах дүр (Randy Quaid), шилдэг дэлгэцийн хөрвүүлэлт (Robert Towne) гэсэн гурван төрөлд нэр дэвшсэн ч аль ч төрөлд ялалт байгуулаагүй. Гэхдээ Nicholson тэр жилдээ BAFTA-ийн шилдгээр тодроод зогсохгүй Үндэсний кино шүүмжлэгчдийн нийгэмлэг болон Нью-Йоркийн кино шүүмжлэгчдийн хүрээлэнгээс шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн. Гэвч Nicholson өөрийнхөө тоглолтоор Оскар авч чадаагүйдээ сэтгэл гонсойсноо нуугаагүй; " надад "The Last Detail" киногоороо Канны шилдэг болсон нь сайхан байсан, гэхдээ өөрсдийнхөө дээд шагналыг авч чадаагүй нь надад хэцүү байсан. Би энэ кинонд үнэхээр сайн байсан, энэ бол миний хамгийн сайн дүр байсан" гэсэн буй. Towne-н зохиол бараг бүхэлдээ хараалаас бүтэж байсан нь тухайн цагт асуудал болж байсан ч киноны дүрүүд нь сургуулийн хөвгүүд биш гэж бодвоос өнөөдөр энэ бол сүртэй асуудал биш юм (Холливуудад хамгийн чанга хатуу цензур байсан, байсаар ч буй). Заримдаа хөгтэй, заримдаа ёжтой уг кино бол Nicholson 1970-аад онд ямаршуу формтой байсны тодорхой жишээнээс гадна энэ бол түүний замналын оргил ажлуудын нэг болохыг бататгана. Үнэхээрийн нүгэлтэй, тунчиг инээдтэй, маш 1970-аад оны уг өвөрмөц комеди-драмыг Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 983-р байрт эрэмбэлээд байна.
Ингээд киноны үйл явдлыг товчхон хүргэе. Виржиниа мужийн Норфолк хот, тэнгисийн цэргүүд "үймээний эзэн" хочит Buddusky, "луус" хочит Mulhall хоёр командлагчийнхаа эхнэрийн зохион байгуулсан буяны сангаас мөнгө хулгайлахаар завдсан хэргээр 8 жил шоронд суух ял сонссон 18 настай тэнгисийн цэрэг Meadows-г Портсмутын шоронд хүргэж өгөхөөр гурвуул аян замд гарч буйгаар кино маань эхэлнэ. Buddusky, Mulhall хоёр Meadows-г шоронд хүргэхэд 7 хоногийн хугацаа бий. 18 настай залуугийн юм хулгайлах муухай зуршил, маанагдуу байдалд дургүцэж байсан хашир цэргүүд аян замын явцад түүний гэнэн итгэмтгий занд татагдаж, бүр найзан дундаа оров. Тэд Meadows-д өгсөн шударга бус шийтгэлд харамсаж, ядаж энэ аяллыг нь сайхан байлгахын төлөө чадахаараа хичээхээр болно. Ингээд, залуус бааранд орж, тэнгисийн явган цэргүүдтэй зодолдож, бас бус адал явдлыг ч туулна. Үр дүнд нь, тэд галт тэрэгнээсээ хоцорч, буудалд шөнөжин пиво ууж, зурагт үзэж өнгөрүүлдэг. Маргааш нь, тэд Meadows-н ээжтэй ойрхон ирснийг гээд уулзахаар Нью Жерсигийн Камден руу явж, Meadows-н ээжийн гэрт очтол, байшинд архи, пивоны шилнээс өөр юу ч байдаггүй. Хөөрхий залуу үүнд тун ичиж зовдог.
Тэнгисийн цэргүүд маань Нью-Йоркт ирэх бөгөөд Meadows-н хүслээр нэгэн Буддизмын бүлэгтэй нэгдэж, буддистуудын үдэшлэгт орцгооно. Үдэшлэгийн үеэр, нэгэн хүүхэн түүхийг сонсоод Meadows-г Канад руу зугт, тэнд очвол би чамд тусална гэдэг ч Meadows ингэх аваас сайн найзууд болох Mulhall, Brian хоёроосоо урвасан хэрэг болно гээд эрс татгалзана. Энэ зуур, Buddusky үдэшлэг дээр танилцсан хүүхнээ найрах гэж зүдэрч байдаг бол Mulhall либерал намынхтай маргалдаж байдаг. Бостон хотод, Buddusky, Mulhall хоёр Meadows-нхоо занданг тайлахын тулд янхны газарт орох ба Meadows анхны дээрээ "гялалзуулчихна", Buddusky, Mulhall хоёр нөхрөө жинхэнэ эр хүн болоосой гээд нэмж мөнгө өгснөөр Meadows эр хүн болоод гарч ирнэ. Meadows-г янхантай үзэж тарч байх хойгуур Buddusky, Mulhall хоёр хувийнхаа амьдралын талаар ярилцана; Buddusky эхнэртэйгээ таарахаа болиод салсан хэмээх бол Mulhall одоо хүртэл ээжтэйгээ амьдардагаа ярьдаг. Ийнхүү яг Портсмут руу явахын өмнө Meadows гадаа зайдас шаръя гэсэн эцсийн гуйлтаа найзууддаа хэлдэг бөгөөд тэд цэцэрлэгт хүрээлэнд зайдас шарж байтал Meadows зугтахыг оролддог ч баригдаж сайтар балбуулна. Meadows-г хашир усан цэргүүд эцэстээ нэг юм шоронд нь хүргэж өгнө. Продюсер Gerry Ayres 1969 онд Darryl Ponicsan-н романыг кино болгох эрхийг худалдаж авсан ба Robert Towne Jack Nicholson-н найруулгын дебют болох "Drive, He Said" киноны зураг авалтаас эргэж ирээд романыг кино зохиол руу хөрвүүлж эхэлжээ.
Towne дотно найзууд Jack Nicholson, Rupert Crosse хоёрт зориулан бичсэн. Номыг кино болгохдоо тэрээр Buddusky-н үзэсгэлэнт эхнэр хийгээд дүрийнхээ оюунлаг шинжийг устгасан ба тэрээр мөн төгсгөлийг нь өөрчилсөнөөр Buddusky номон дээр гардаг шигээ үхдэггүй. Gerry Ayres энэ төслийг нь бүтээж өгөөч хэмээн Columbia Pictures-ээс хүссэн ч студи Towne-н кино зохиолын хэллэг асуудалтай байна гэж үзжээ. Peter Guber-н дурссанаар, дөнгөж эхний долоон минутад 342 "fuck" гэдэг байсан гэдэг. Студи зохиол дахь хэллэгийн асуудлаа шийдэхийг Towne-гээс хүссэн ч Towne "амьд" шинжээ алдчихна хэмээн эсэргүүцсэн бөгөөд уг төсөлд Jack Nicholson орж ирэх хүртэл кино болох эсэх тодорхойгүй болоод байжээ. Ayres кино зохиолыг эхлээд Robert Altman дараа нь Hal Ashby руу илгээж; Ayres тухайн үеэ дурсахдаа "Би энэ киног гажуудуулж харах шаардлагатай кино гэж бодсон, Hal Ashby бас тэгж бодсон байх" гэсэн байдаг. Ashby энэ үед "Harold and Maude" кино нь арилжааны хувьд бүтэлгүйлтэж, MGM-тэй шинэ төсөл дээр ажиллахаар төлөвлөж байсан ба Nicholson түүнд Columbia студид "The Last Detail" гэдэг кино хийх гэж байгаа тухай хэлж, Ashby 1971 онд кино зохиолтой танилцаж, "урт, төсөөлшгүй" гэсэн шүүмж байсан боловч түүнд энэ төсөл таалагдсан байдаг.
Ashby энэ төсөлд ажиллахыг хүссэн ч түүний MGM-тэй хийсэн өөр төслийн хуваарьтай давхцаж байсан тул MGM-тэй гэрээгээ цуцалж, Nicholson-той хамт "The Last Detail" киног хийхээр зориг шулуудсан. Томоохон студидын захирлуудтай хэл амаа ололцдоггүйгээрээ зартай байсан тул Columbia анхандаа дургүй байсан ч эцэстээ зөвшөөрчээ. Nicholson Buddusky-д тоглох нь тодорхой болсон бол Mulhall, Meadows хоёрт тохирох жүжигчдийг олох дээр төвлөрчээ. Жүжигчин Bud Cort найруулагч Ashby-тай уулзаад Meadows-н дүрд тоглуулаач хэмээн гуйсан ч найруулагч маань дүр нь түүнд тохирохгүй гэж эрс татгалзжээ. Ингэж явсаар Ashby-д Randy Quaid, John Travolta гэсэн хоёр сонголт үлдсэн бөгөөд эх зохиолд бичсэнээр Meadows-н дүр нь "доожоогүй, жижигхэн эр" гэж дүрслэгдсэн ч Ashby хамаагүй өндөр Randy Quaid-г Meadows-н дүрд сонгосон. Хамгийн гол нь түүнд Ashby-н хүсч байсан эмзэг, жирийн бус чанарууд байсан гэдэг. Ashby Канадад кинондоо тохирохуйц байршил хайж явахдаа марихуан авч явсан хэргээр баривчлагдсан. Энэ явдлаас болж студи төслийг зогсоох тухай бодож эхэлсэн ч Nicholson-н дэмжлэгээр төсөл үргэлжлэхээр болж, Ashby-н хэргийг ч дараад чимээгүй өнгөрчээ.
Киноны продакшн эхлэхийн өмнөхөн Crosse хорт хавдартай гэж оношлогдсон ба Ashby зураг авалтыг долоо хоногоор хойшлуулсан. Ийнхүү Crosse төслөөс гарч оронд нь Otis Young тоглохоор болсон. Зураг авалт дууссаны маргааш нь Ashby эвлүүлэгчдээ авсан бүх материалаа илгээжээ. Үр дүн нь Ashby-г цочирдуулж, тэрээр эвлүүлэгчээ халаад өөрөө киногоо эвлүүлэхээр шийдсэн байна. Ayres түүнд хурдтай ажилладгаараа нэрд гарсан, Оскарт өрсөлдөж явсан эвлүүлэгч Robert C. Jones-г санал болгосон ба Jones яаралтай горимоор зургаан долоо хоног ажиллахдаа дөрвөн цагийн анхны эвлүүлгийг бэлэн болгою. Ashby шинэ эвлүүлэгчийнхээ ажилд сэтгэл өег байж, түүнд бүрэн итгэж, улмаар гэртээ авчран хамт ажиллаж эхлэв. Найруулагч өөрийнхөө авсан бүх бичлэгт сэтгэл ханамжгүй байсан тул эвлүүлгийн ажил нэлээд удаашрав. Ashby студийн дуудлагыг үл тоомсорлосон нь студийн захирлуудын сонорт хүрсэн бөгөөд Ashby Лондонд жүжигчин Peter Sellers-тэй уулзан "Being There" киноныхоо тухай ярилцаж байтал Jones залгаж, хурдан ирж киногоо дуусгахгүй бол студид толгойг чинь авах нь байна гэж хэлжээ. Хүлээж залхасан студийнхнийг Ashby тайтгаруулсан. Towne үе үе Ashby-н гэрт зочилж кинотой нь танилцдаг байсан ч түүнд Ashby-н эвлүүлгийн хэмнэл таалагддагүй байсан гэдэг.
Towne-н хэлснээр: Ashby гүн гүнзгий байдлыг нь эвлүүлгийн өрөөнд орхиод үр дүнд нь зохиол гүехэн болчихсон гэж шүүмжилсэн байдаг. Эвлүүлгийн явцад Columbia студид Ashby-н үсэргэсэн монтаж-д тун дургүй байсан ба тухайн үед санхүүгийн асуудалтай байсан студид ашиг авчрах кино хэрэгтэй байсан учир кинонд агуулагдсан хараалын үгсэд санаа зовж байв. Ингээд киноны эцсийн хувилбар бэлэн болж MPAA-гаас R үнэлгээ авсан буй. Columbia кинонд сэтгэл хангалуун бус хэвээр байж, "fuck" гэсэн үгтэй 26 мөрийг хасахыг хүсч байв. Студи хараалын үгстэй "зууралдаж" улмаар кино театрын нээлтээ хийж чадалгүй 6 сарыг үдэв. "The Last Detail" нийтдээ 65 "fuck" гэсэн үгийг агуулж байсан нь тухайн цагт нээлтээ хийхэд хамгийн их "fuck" гэсэн үг ашигласан кино болж байжээ. Ashby студийг ятгаж, хүмүүсийн ханддагыг тандахын тулд урьдчилсан үзвэр хийхийг хүсч, студид ч зөвшөөрсөн бөгөөд үзвэл маш амжилттай болсон байдаг. Шүүмжлэгчид киног халуун дотноор хүлээж авсан. Шүүмжлэгч Vincent Canby жүжигчин Jack Nicholson-н тоглолтыг "одоогийн байдлаар түүний хамгийн шилдэг гүйцэтгэл" гэсэн. Шүүмжлэгч Gene Siskel: "кино зохиол ухаалаг бас инээдтэй. Харин Nicholson сэтгэл татам тоглолтоо үргэлжлүүлсээр л байна" гэжээ. Los Angeles Times "Дээд зэрэглэлийн жүжигчдийн гүйцэтгэлтэй, зэвүүн хошигнолтой энэхүү кино бол цаг хугацаа, орчиноо яг таг сэтгэснээрээ найдваргүй байдал, гэнэн цайлган шинжээ даван туулах тухай мессеж юм" гэсэн буй. Зарим шүүмжлэгчид Ashby-г кинондоо 1930-д оны Америкийн найруулагчид шиг материалдаа дэндүү гүн гүнзгий хандсан гэж шүүмжилсэн байдаг.
Comments
Post a Comment