Эрих Мария Ремарк "Өрнөд фронтоор нам гүм"


 "Өрнөд фронтоор нам гүм". Германы зохиолч Эрих Мария Ремаркийн хагас намтарчилсан роман. Зохиолч маань Дэлхийн 1-р дайнд оролцож явсан туршлага, мэдрэмжээсээ үндэслэн бичсэн уг романыг зарим судлаачид "бүх цаг үеийн хамгийн шилдэг дайны тухай роман" гэж үздэг. Эл бүтээлд, Германы цэрэг эрс дайны үед бие махбодийн болон сэтгэл санааны асар их гэмтэл авч байгааг, мөн дайнаас гэртээ эргэж ирсэн ч иргэншиж, хэвийн амьдралын мэдрэмжээ алдаж байгааг дүрсэлсэн. Энэхүү роман нь 1928 оны 11, 12 дугаар саруудад Германы "Vossische Zeitung" сонинд анхлан хэвлэгдсэн ба 1929 оны 1-р сард ном болон гарчээ. Уг номыг, мөн үргэлжлэл болох "Буцах зам" (1931) номыг Нацистууд Германд хориглож, шатааж байв. "Өрнөд фронтоор нам гүм" хэвлэгдсэн эхний 18 сарын хугацаанд 22 орны хэлээр орчуулагдаж, 2.5 сая хувь борлогджээ. Уг бүтээлээр хийсэн бүрэн хэмжээний хоёр кино байдаг; 1930 онд Америкийн найруулагч Льюис Майлстоун анх кинонд хөрвүүлж, Оскарын кино наадмаас хоёр шагнал хүртэж байсан бол 2022 онд Германы найруулагч Эдвард Бергер кинонд хөрвүүлсэн нь Оскарын наадмаас дөрвөн шагнал хүртсэн.

  ҮНДСЭН СЭДЭВ. "Өрнөд фронтоор нам гүм" романы хамгийн чухал сэдэв бол номын бүхий л хэсэгт харуулсан дайны аймшигт харгислал юм. Уг роман гарахаас өмнө дайны сэдэвтэй зохиолууд нь алдар суу, нэр төр, эх оронч үүрэг болон адал явдал гэх мэт санаануудыг онцолсон буюу дайныг романтик хандлагаар дүрсэлдэг байсан бол "Өрнөд фронтоор нам гүм" нь бодит туршлагаар харуулахыг зорьж, алдар суу, баатарлаг шинжийн романтик зураглалыг романтик бус, учир утгагүй алаан хядааны зураглалаар сольсон. Олон талаараа дэлхийн 1-р дайн нь өмнөх ямар ч дайнаас илүүтэйгээр энэхүү дүрслэлийг шаардсан; дэлхийн 1-р дайн бол хүн төрөлхтний цэрэг армийн мөргөлдөөний талаарх концептийг олон сараар үргэлжилсэн аллага, хүчирхийлэлтэй гамшгийн хэмжээнд аваачин бүрэн өөрчилсөн бөгөөд мөн аюултай шинэ технологийн дэвшил (жишээлбэл, пулемёт, хорт хий, шуудуу) нь аллагыг урьд өмнөхөөс илүү хялбар, энэрэлгүй болгосон. Ремаркийн бүтээл нь дэлхийн 1-р дайны эдгээр аспектуудыг анхаарал татахуйцаар дүрсэлж, дайны үед хүн мэдрэл, оюунаа алдаж, дайны харгислал хүний бие махбодь хийгээд сэтгэл санааг тувт гэмтээдэг болохыг онцолсон. Романы төгсгөлд бараг бүх гол дүр үхэж байгаа нь дайны мөхлийн нөлөөгөөр бүхэл бүтэн залуу үе сүйрэн устаж байгааг харуулсан.

  Энэхүү романы үйл явдал фронтын шугамд тулалдаж буй цэргүүдийн байр байдлыг харуулдаг учир романы үндсэн чиглэлийн нэг нь дайтаж буй цэргүүдэд үзүүлж буй дайны мөхлийн нөлөөлөл юм. Эдгээр цэрэг эрс бие махбодийн байнгын аюул дор байж, үндсэндээ тэд ямар ч мөчид шууд утгаараа тасар татагдаж болзошгүй байдаг. Энэхүү хайр найргүй бие махбодийн аюул нь мэдрэлийн системийг зогсолтгүй довтолж, цэргүүдийг хором бүрт анхдагч, зөн совингийн айдастайгаа тэмцэхэд хүргэдэг. Нэмж хэлэхэд, цэргүүд бөөс, харх, цогцсоор дүүрсэн бохир устай суваг шуудуунд амьдрахаас өөр аргагүйд хүрдэг бөгөөд тэд ихэвчлэн хоол унд хомс, нойргүй, хувцас хэрэгсэл дутмаг, мөн эмнэлгийн тусламжаар гачигдаж байдаг. Түүгээр ч зогсохгүй тэд дотно найз, зэвсэг нэгт нөхдийнхөө гэнэтийн бас байнгын үхэлтэй ойр ойрхон нүүр тулснаас болж хэт харгис хэрцгий байдалд дасах хандлагатай болдог. Ремарк энэхүү нөхцөл байдлын ерөнхий үр нөлөөг цочрол ба цөхрөлийн хэт их ачааллаас үүдэлтэй гэж дүрсэлдэг.

Цэргүүдийн амьд үлдэх цор ганц арга бол мэдрэмжээсээ салж, сэтгэл хөдлөлөө дарж, амьдралынхаа нөхцөлийг хүлээн зөвшөөрдөх л явдал ажээ. Ремаркийн үзэж байгаагаар энэхүү сэтгэл хөдлөлийн тасалдал нь цэргийн хүнлэг энэрэнгүй сэтгэлд туйлын хор хөнөөлтэй нөлөөтэй аж; жишээлбэл, Паул дайнгүйгээр ирээдүйгээ төсөөлөх чадваргүй, өнгөрсөнд үзэж туулсан мэдрэмжээ эргэн санах чадваргүй болсон байдаг. Мөн тэрээр гэрийнхэнтэйгээ ярилцах чадвараа ч алддаг. Цэргүүд амь үрэгдсэн зэвсэг нэгт нөхдөө эмгэнэн өрвдөхөө ч больдог; романы эхлэлд, Кеммерих эмнэлэгт үхлүүт хэвтэж байхад түүний гутлыг хэн өвлөж авах вэ гэдэг асуудал л нөхдийнх нь дунд хамгийн тулгамдсан асуулт болдог билээ. Гэсэн хэдий ч амьд мэнд байгаа цэргүүдийн дунд дайны мэдрэмжээс үүдсэн үнэнч нөхөрлөл, нөхөрлөлийн хүчтэй холбоог Ремарк дүрслэхээ мартаагүй. Эдгээр сэтгэл, мэдрэмжүүд бол роман дахь цорын ганц романтик элемент ба цэргүүдийн үндсэн хүнлэг сэтгэлийг хадгалдаг цор ганц сэтгэл хөдлөл болой. Олон талаараа, дэлхийн 1-р дайныг өдөөсөн шалтгаан бол үндсэрхэг үзлийн ёс зүй, үндэстэн-улсуудын оршин тогтнох гэсэн үндсэн өрсөлдөгч шинж, түүнчлэн хүн юуны өмнө улс үндэстэндээ үнэнч байх өртэй гэсэн үзэл санаа, үндэстний өвөрмөц шинж нь хүний ерөнхий өвөрмөц шинжийн анхдагч хэсэг гэсэн үзлүүдээс урган гарчээ.

  Үндсэрхэг үзлийн ёс зүй нь шинэ зүйл биш байсан боловч 19-р зуунд оргил эрчимдээ хүрч, ингэж явсаар дэлхийн 1-р дайныг эхлүүлэхэд хүргэсэн аж. "Өрнөд фронтоор нам гүм" романд дайны аймшигт нөхцөлийг дүрслэн харуулахдаа үндсэрхэг үзлийг хатуу шүүмжилж, үндсэрхэг үзэл гэгч бол эрх мэдэлтэнгүүдийн үндэстнийхээ хүн амыг хянан удирдахын тулд ашигладаг хоосон хөндий, хоёр нүүртэй, идеалоги болохыг харуулсан. Паул болон түүний найзууд үндсэрхэг үзэлд уруу татагдаж армид элсдэг ч тулалдааны үеэр үзэж мэдэрсэн бүхэн нь тэдэндг үндсэрхэг үзлийн ач холбогдолгүйг ойлгуулдаг. Эх оронч үзэлтэй Канторек, Химмельтосс нарын үндсэрхэг үзэл нь тулалдааны талбарт үнэ цэнэгүй, орчин үеийн дайн байлдаанд хоцрогдсон зохисгүй болсныг онцолдог. Фронтод тулалдаж байгаа цэргүүд үндэстнийхээ алдар нэрийн төлөө бус харин өөрсдийгөө амьд авч үлдэхийн төлөө тулалддаг гэдгийг Ремарк харуулсан ба тэд алагдахгүйн тулд бусдыг алах ёстой. Нэмж хэлэхэд, Паул болон түүний найзууд эсрэг талынхнаа жинхэнэ дайсан гэж үздэггүй бөгөөд тэдний үзэж байгаагаар жинхэнэ дайсан нь өөрсдийн эрх мэдэл, алдар гавьяаг нэмэгдүүлэхийн тулд өөрсдийг нь дайнд золиослогч тэдгээр өөрсдийнх нь үндэстний эрх мэдэлтэнгүүд юм.

МОТИФ. Романы үндсэрхэг үзлийг шүүмжилсэн ихэнх дайралт дайны эхэн үед Паул болон түүний найзуудыг армид элсэхийг ятгаж байсан багш Канторек мэтийн дүрүүдэд хаяглагдсан байдаг. Канторек идеалист, эх оронч ба гоёмсог уран үг хэллэг ашиглан үндэстний үнэнч шинж, ялгуусан алдар гэсэн концептийг илэрхийлж байдаг. Тухайлбал, тэрээр залууст хаяглан бичсэн захидалдаа тэднийг чанга хатуу, хүчирхэг, тэсвэрхатуужилтай "төмөр залуучууд" гэж нэрлэдэг ч дайны зэрлэг балмад нөхцөлд тэдгээр нь үргэлж сандарсан, аргаа барсан байдалд зовж байдаг билээ. Канторек ба түүний хэлсэн үг романы туршид эргэн дурсагдах бүрт, Паул болон түүний найзууд үндсэрхэг үзэлтэнгүүдийг жигших нь улам нэмэгддэг; дайны аймшгийг үзсэн мэдрэмж нь тэднийг үндсэрхэг үзэл, эх оронч үзлийг зэвүүцэн харах байдлыг нэмэгдүүлсээр байдаг.

Романы эхэнд ч тэд Жозеф Бэмийн цаг бусын үхэлд Канторекийг буруутгаж, ямар ч эрхэм дээд үзэл санаа тулалдааны ид шуурганд бие махбодь болоод сэтгэл санааг хамгаалж, тайтгаруулахгүй гэдгийг багш ойлгохгүй гэж мэдэгддэг. Романы эх оронч идеализмын эсрэг галласан гол зэвсэг бол дайны үеэрх аймшигт аллага, харгислалыг тууштай дүрсэлсэн явдал юм. Тулалдаантай үзэгдэл бүрт (барагцаагаар бүлэг бүрт гарна) хэрцгий хүчирхийлэл, цуст яргалал хийгээд үхэл, гэмтлийн дүрслэл гардаг. Эмнэлгийн үзэгдэлд, эмнэлгийн хэрэгсэл хүрэлцээгүй болохоор эмчилгээ авч чадахгүй байгаа хүнд шархадсан цэргүүд гардаг бол Паул шархадсан найз Катыгаа нуруундаа үрээд эмнэлэг рүү явж байгаад эмнэлэгт очсон хойноо л найз нь замдаа толгойдоо сумны хэлтэрхийд цохиулан үхсэн болохыг олж мэддэг билээ. Хүн мэдрэмжээсээ хэрхэн салж байгааг энэ бүтээлд судлан үздэгээс гадна дайны үед үхлийг хүртэл үр дүнтэйгээр ашигладаг болохыг үзүүлдэг; тогооч үхсэн цэргүүдийн хоолыг амьд үлдэгсдэд нь өгөх эсэхдээ эргэлзэн гайхдаг; Кеммерихийг үхэх нь тодорхой болсон, ор дэрийг нь өөр цэрэгт өгнө гээд уйлуулан байж авч оддог. Энэхүү зэрлэг хүчирхийлэл, мэдрэмжээ алдсан байдлын үед үндсэрхэг үзлийн хэтрүүлэгтэй хэллэгүүд үнэмшүүлэх чадвараа түргэн гээж харин мунхаг жигшүүртэй, хоёр нүүрт чанарыг олж авдаг ажээ.

СИМБОЛ. Кеммерихийн дайны үед өмсөхөд хамгийн дээд зэрэглэлийн гутлыг авсан цэрэг болгон дараалан үхдэг. Кеммерих өөрөө гутлаа үхсэн нисгэгчийн онгоцноос авсан ба Кеммерих үхлүүт хэвтэж байхад Мюллер гутлыг авахын төлөө маневр хийж эхэлдэг. Кеммерих үхсний дараа Паул гутлыг Мюллерт өгдөг, романы төгсгөлд хэрд Мюллер буудуулж үхсний дараа гутлыг өөртөө авдаг; энэ утгаараа гутал нь дайны цагт хүний амьдрал ямаршуу хямдхан болдогийг илэрхийлдэг. Сайн чанартай гутал хүний амьдралаас илүү үнэ цэнэтэй хийгээд удаан эдэлгээтэй байна. Гутлыг хэн өвлөн авах вэ гэдэг асуулт өвлөгчийнхөө үхлийн сүүдэр болж байна. Гутал нь мөн цэрэг хүнд байх ёстой прагматизмыг бэлгэддэг буюу дайны сүйрлийн үед хүн сэтгэл хөдлөлдөө бууж өгч болохгүй, харин цөхрөл, уй гашууг машин шиг мэдрэхгүй байх ёстой. Романд байгаль нь хорогдох нуувч газрыг төлөөлдөг. Фронтоос хол байхдаа цэрэг эрчүүд голын усанд орж, өөрсдийгөө угааж цэвэрлэн, хэсэгтээ л дайны талаарх дурсамжаасаа ангижирдаг; романы 11-р бүлэгт, Детеринг цэцэглэж буй интоорын модыг хараад орон гэрээ санадаг бол Паул шуудууны ойролцоох эрвээхэйг олж хараад ойр хавьд нь ямар ч цэцэг, ургамал байхгүй байхад эрвээхэй энд юу хийж байгаа юм бол хэмээн гайхдаг. Гэхдээ фронт дээр ч гэсэн байгаль хамгаалалтын бүтцийг санал болгодог. Паул цусаа дарахын тулд шархандаа шороо түрхдэг, мөн шуурган галаас хамгаалагдахын тулд өөрийгөө шороогоор булдаг. 

Comments