Touch of Evil (1958). Америкийн кино урлаач Orson Welles-н найруулж бас кино зохиолыг нь бичсэн нуар жанрын кино. Америкийн зохиолч Whit Masterson-н 1956 оны "Badge of Evil" романаас сэдэвлэсэн уг киноны гол дүрүүдэд Charlton Heston, Janet Leigh, Orson Welles, Marlene Dietrich, Joseph Calleia болон Akim Tamiroff нарын шилдэгүүд тоглосон. 1956 онд Universal International кино компани сайхь романаар кино хийх эрхийг захиалж авсан. Albert Zugsmith продюсерээр сонгогдож, тэрээр кино зохиолч Paul Monash-г дэлгэцийн хөрвүүлэгчээр хөлслөжээ. 1957 онд Америкийн нэрт жүжигчин Charlton Heston гол дүрд тоглохоор болсон ба Orson Welles-г найруулагчаар томилохыг санал болгов. Ийнхүү Welles найруулагчаар ажиллахаас гадна дүр бүтээж, кино зохиолыг дахин бичихээр болжээ.
Зураг авалт тэр оны 4-р сард дууссан байна. Киноны пост продакшны үеэр Welles болон студийн хооронд уран бүтээлийн ялгаанаас үүдэлтэй зөрчил гарч, улмаар Welles төслөөс хөөгдсөн. Энэ явдлын дараа Universal International компани киноны эвлүүлгийн хэв маягийг илүү уламжлалт болгохын тулд дахин зураг авалт хийжээ. Шинэ хувилбарт хариу болгон Welles 58 хуудас бүхий тэмдэглэл бичсэн буюу үүндээ киноныхоо талаарх зураг, төсөөллийг тоймлож, өөрийнх нь хувилбарыг гаргахыг хүссэн байдаг. Кино нээлтээ хийхэд шүүмжлэгчид "Touch of Evil" киног ойшоохгүй байсан бол Европт алдаршиж, Брюсселийн кино наадмын дээд шагналыг хүртсэн. 1970-аад оноос киноны нэр хүнд өөрчлөгдөж, эдүгээ домогт найруулагчийн оргил туурвилуудын нэгээс гадна классик нуар жанрын хамгийн сүүлчийн бас шилдэг киноны нэгээр өргөмжлөгдөх болжээ.
1998 онд, уг кино Welles-н тэмдэглэлдээ бичсэнээр дахин сэргээгдэж гарчээ. Энэ бол Welles-н Холливуудад бүтээсэн сүүлчийн кино байсан ба эцсийн удаа Америкийн технологийг суут ухаанаараа ашигласан нь харамсалтай. Энэ киноноос хойш түүний төсөөлөл, ур чадвар буурснаас дээрдээгүй байдаг. Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 41-р байрт бичигдэж буй. Хөдөлгөөнт камерийн зураглалууд, хар дарсан зүүд шиг өнцгүүд болон жүжигчдийн гайхам тоглолт уг киног Нуар жанрын оргил бүтээлд ойрхон аваачсан. Энэ бол Orson Welles-н таашаадаг нүд хужирлам, техникийн ур чадвар шаардсан камерийн хөдөлгөөний стандартыг хангасан кино ба кино зураглаач Russell Metty-н сүүдэртсэн, ташуу, кино урлагийн хөгжлөөр дүүрэн эл туйлын экспрессионист кино нуар жанрыг дээд түвшинд хүргэсэн. Ингээд киноны үйл явдлыг тоймлон хүргэе.
Мексик болон Америкийн нэгдсэн улсыг хиллэсэн Лос Роблес гэх тосгонд нэгдсэн улсын нэртэй бизнесмен Linneker нууц амрагийн хамтаар машинтайгаа дэлбэрч үхнэ. Дэлбэрэлт болох яг тэр агшинд Мексикийн хар тамхитай тэмцэх хэлтсийн ахлах офицар Vargas өөрийн шаргал үст, үзэсгэлэнт Америк эхнэр Susan-ны хамтаар бал сараа тэмдгэлж яваад энэхүү аймшигт хэргийн гэрч болно. Залуу хосууд хотын гудмаар азжаргалдаа бялхан алхаж явтал дэргэдүүр нь өнгөрөх машинтай улс нүднийх нь өмнө дэлбэрнэ. Кино маань ингэж эхлэх ба хамгийн шилдэг “нээлтийн” сцентэй киноны тоонд ордог ба мөн түүнчлэн эхлэлийн энэхүү урт үргэлжилсэн, тасралтгүй дагасан (бараг дөрвөн минут) сцен нь кино урлагийн түүхэн дэх хамгийн аугаа сцений тоонд ордог. Шударга үнэнийг дээдлэгч, үүргээ ухамсарлагч Vargas хувь тохиолдлоор яг өмнө нь болсон тус хэргийн учрыг олох нь ариун үүргээ гэж үзэж бал сараа ч хойш тавина. Хоёр улсын хил дээр болсон болохоор Мексик талаас Vargas, Америкийн талаас алдартай мөрдөгч ахмад Hank орж ирнэ.
Hank бол гадна талаасаа дур гутам төрхтэй, найгүй архичин байсан тарган бас бүдүүлэг ч туршлагатай мөрдөгч бөгөөд төд удалгүй Hank хэргийг илрүүлж, хэрэгтэнг олсоноо зарлана. Баян бизнесмений машинд тэсрэх бөмбөг тавьсан нь илт ба үүнийг түүний охины найз залуу болох этгээд охинтойн хавсарч шуналын үүднээс хийсэн байна гэж бат нотлож, хэргийг даруй хаахыг хүснэ. Мексикийн талаас буюу Vargas үүнд эргэлзэнэ, машинд бөмбөг тавьсан нь тодорхой боловч хэргийн эзэн нь тодорхойгүй, баталгаа бүрэн бус гэж үзнэ. Энэ үеэр Vargas-н эхнэрийг Мексикийн томоохон гэмт хэргийн бүлэглэл Grandi-гийн гэр бүл “оролдож” эхэлнэ. Эхнэрийг нь янз бүрээр айлгаж, ичээснээр Vargas-г тус хэргээс гаргахыг илт хүснэ. Vargas Америк ахмадад итгэхгүйн дээр уг хэргийн цаана Grandi-гийн гэр бүл байгааг олж илрүүлнэ. Цааш нь ухаж төнхөсөөр олон мэдээлэлд хүрэхийн дээр Hank-н туслах үнэнч цагдааг өөртөө татаж ахмадын талаар олон арвин мэдээлэл олж авдаг. Ингээд энэ хэргийн цаана үнэндээ Grandi-гийн гэр бүл болон цагдаагийн ахмад Hank байгааг олно. Ажилдаа хэт улайрсан Vargas шинэхэн эхнэрээ мартаж орхисноо гэнэт санана, үзэсгэлэнт Susan-г аль хэдийн Grandi-гийн залуус гартаа авсан байв.
1956 онд "Badge of Evil" хэмээх нууцлаг жанрын роман уншигчдын талархлыг хүлээж, борлуулалт сайтай байлаа. Universal International кино продакшны тэргүүн Edward Muhl сайхь романаар кино хийх боломжтой гэж үзээд киноны эрхийг авахаар тохиролцжээ. Тус оны 4-р сард Los Angeles Times сэтгүүл романаар кино хийх болсныг зарлаж, Albert Zugsmith продюсерээр ажиллах болсныг мэдэгдэв. Zugsmith дөрвөн долоо хоногийн дотор кино зохиол бичих ажлыг телевизийн зохиолч Paul Monash-д даалгасан ба Monash-н бэлэн болсон зохиолыг уншсан Zugsmith-д сэтгэл хүрсэнгүй тул төслийг хэсэг хугацаанд зогсоосон аж. Ингэж байтал 12-р сар болж, студийн дарга нар Zugsmith-г "шахаж" эхэлж, гол дүрд Charlton Heston-г тоглуулах санал тавьсан. 1957 оны 1-р сар гэхэд "The Ten Commandment" киногоо дуусгаад байсан Heston кино зохиолтой танилцаж, улмаар таалагдсан учир тоглохоор шийдсэн. Гэхдээ жүжигчин эр студитэй холбогдож хэн найруулах бэ гэж асуухад тэд одоогоор мэдэхгүй байна, ямартай ч Orson Welles Hank-н дүрд тоглоно гэж хариулж. Heston киногоо Welles-ээр найруулж болохгүй гэж, тэр тун сайн хэмээхэд студийнхэн эргэж холбогдоё гээд салсан ба Universal студийн захирлууд болох Ernest Nims, Jim Pratt нар өмнө "The Stranger" кинонд Welles-тэй хамтран ажиллаж байсан учир шинэ төслийн жолоог Welles-д өгөхөд асуудал байсангүй. Ийнхүү Welles кинонд тоглож, найруулагчаар ажиллаж, зохиолыг хүссэнээр өөрчилж болох ажлыг $125,000 доллараар хийх болов.
Welles урьд нь Zugsmith-н продюсерлэсэн "Man in the Shadow" кинонд тоглож байсан ба Zugsmith-н дурдсанаар киноны зураг авалтын сүүлчийн өдөр Zugsmith-н бичих чадварыг биширсэн Welles түүнд зориулан кино найруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байжээ. Zugsmith олон кино ноорог түүнд өгөөд аль муугийн сонгохыг зөвлөж, Welles Monash-н "Badge of Evil" нооргийг аваад "үүнийг бичихэд хоёр долоо хоногийн хугацаа өгөөч?" хэмээхэд Zugsmith зөвшөөрсөн байдаг аж. Welles кино зохиолоо илүү нягт нямбай болгохын тулд ноорогт багагүй өөрчлөлт хийсэн байдаг; хоёр томоохон өөрчлөлтийг нь дурдвал, Америкийн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн сэдэвчилсэн элемент хийгээд өгүүлэмжийн харах өнцгийг өөрчилсөн явдлууд байв. Тэрээр мөн байршлыг Сан Диего хотоос Мексикийн хил болгон шилжүүлсэнээс гадна гол баатарынхаа нэрийг Mitch Holt-оос Miguel Varges болгожээ. Түүний хэлснээр "улс төрийн шалтгаанаар" гол баатраа Мексик хүн болгосон ба хоёр улсын хилийн дагуух хотуудын замбараагүй байдал, үүнийг дагасан улс төрийн завхарлыг үзүүлэхийг хүссэн гэдэг. Heston-н хэлснээр Welles кино зохиолоо 10 хоногт багтаан бичиж дуусгасан аж. Susan-н дүрд Welles жүжигчин Janet Leigh-г сонгосон. Бүсгүйн агент түүнд киноны дүрийн сонгон шалгаруултын тухай мэдэгдэхээс өмнө Welles өөрөө захидлаар энэ кинондоо хамтран ажиллахын хүсч байгаагаа илэрхийлсэн бөгөөд Leigh тээнэгэлзэж түвэг удсангүй зөвшөөрсөн байдаг.
Жүжигчин Janet Leigh тус кинонд Orson Welles-тэй хэрхэн ажилласан талаараа ийнхүү өгүүлжээ: “киноны зураг авалт эхлэхээс хоёр долоо хоногийн өмнө тэр (Orson Welles) жүжигчидтэйгээ хамт бэлтгэл хийдэг байв, энэ нь тэр үед энгийн зүйл биш байлаа. Бид ихэнх харилцан яриагаа дахин шинээр бичдэг байсан нь бас л энгийн хэрэг биш байсан бөгөөд тэрээр бүх жүжигчдийн хувь нэмэрийг кинондоо оруулахыг хүсдэг байв. Маш их хамтын оролцоо, бүтээлч байдал болон эрч хүчийн үр дүнд уг бүтээл бий болсон. Тэрээр нэг ч агшныг хоосон өнгөрүүлэхийг хүсдэггүй, агшин болгоныг ашиглахыг хүсдэг байв”. Ердийнхөөрөө Welles киноныхоо эвлүүлэг дээрээ өөрөө, туслахаар нь Edward Curtiss ажилласан. Zugsmith-н хэлснээр бол энэ хоёр эрхэм урлагийг харах ялгаатай хандлагатай байсан ба Curtiss-г Virgil Vogel гэгчээр сольжээ. 1957 оны 6-р сард Welles ажлаар Нью Иорк руу нисэв. Түүний эзгүйд студийн удирдлагууд киноны боловсроогүй эвлүүлгийг үзэх хуваарийг товлосон ба Vogel-ээс энэ тухай сонссон Welles уурлаж, Ernest Nims үзвэрийг цуцлахад хүрсэн байна. Чухам энэ үед Vogel төслөөс гарахыг зөвшөөрсөн бөгөөд Nims Universal-ийн өөр нэгэн эвлүүлгийгч Aaron Stell гэгчийг киног бүрэн дуусгахаар томилсон байна. Welles холливуудад буцаж ирэхэд Nims түүнийг эвлүүлгийн өрөөнд орохыг хориглож, Stell-г ганцаараа ажиллахыг үүрэгджээ.
Ямар ч эрх мэдэлгүй болсон Welles дараагийнхаа кино болох "Don Quixote"-г бүтээхээр Мехико хот руу явсан боловч харамсалтай нь, энэ төсөл кино болоогүй байдаг. Stell эвлүүлгийн өрөөнд ганцаараа ажиллахдаа тамаа цайсан ба хүний юмыг олигтойхон юм болгох гэж хэрэндээ үзсэн байдаг; тэрэар эвлүүлгийн үеэр хэзээ ч сэтгэл хангалуун байгаагүй гэдэг; энэ их ажлын эцэст тэрэар "өвдсөн, сэтгэлээр унасан, хамгийн гол нь тэвчээргүй студидээс болж үнэхээр тарчилсан" гэж мэдэгдсэн. 1957 оны 7-р сард Stell-н цомхтголийг студийн удирдлагууд үзээд хангалттай гэж үзсэнгүй. Nims болохоор энэ бүхний буруутан Welles бөгөөд Welles үнэхээр замбараагүй кино хийснийг нь бид засах гэж үйлээ үзэж байна гэж үглэж байв. Үргэлжилсэн эвлүүлгийн уламжлалт аргаар ажиллахыг хүссэн Nims Edward Muhl г дахин эвлүүлэгчээр хөлслөсөн бөгөөд сарын дараа Nims-н цомхтголийг Welles-д үзүүлэхэд дипломат харилцаатай байсан ч Welles шинэчилсэн хувилбарыг сайшаан хүлээж авсан. Гэхдээ төгс төгөлдрийг эрхэмлэгч найруулагч Welles Nims-н шинэ хувилбарт зориулсан арга барилыг шүүмжилсэн санамж бичиг биччихээд өөр бүтээлийн ажлаар Луизиана руу явсан байдаг. Ингээд Universal студи киноноос 15 минутыг хасаад киног илүү ойлгомжтой болгохын тулд зарим сцэнийг шинээр авахаар болжээ.
Welles-д үнэнч байсан Heston, Leigh хоёр дахин зураг авалтыг эхэндээ эсэргүүцсэн бөгөөд гэрээнд заасны дагуу дахин зураг авалтад оролцохоос өөр аргагүй болсон байдаг. Үүнд нөхөр, эхнэр Varges-н романтик хэсгүүд, Menzies-н Hank-н хөлний тухай ярианууд орно. 1957 оны 12-р сарын 5нд шинэ хувилбарыг үзсэн Welles Muhl-д хаяглан 58 хуудас бүхий тэмдэглэл бичиж үлдээсэн ба дээр хэлсэнчлэн 1998 онд Welles-н зааварчилгаагаар дахин энэ шедевр бидний хүртээл болжээ. Шүүмжлэгч Howard Thompson: "Сайн ба муугийн тухай агуулга нь хэвээр үлдэж байгаа ч энэхүү киноноос үлдэх сэтгэгдэл бол бүтцээс илүү үр дүн буюу жинхэнэ үнэ цэнэ нь энэ юм" гээд цааш нь киноны найруулгыг сайшааж, Welles илэрхий боловч гайхамшигтай зальжин ажилласан" гэжээ. Мөн тэрээр: "Хар могойн ороолт шиг дээд зэрэглэлийн камерийн хөдөлгөөнийг ашиглан Welles үйл явдлыг үзэгчдийн нүд рүү чиглүүлдэг" гэжээ. Los Angeles Times сэтгүүл "Welles уламжлалт ёсоороо сэтгэл санааг агуулгаас дээгүүр тавьсан. Гэхдээ ямар гайхалтай сэтгэл санаа вэ! "Touch of Evil" дутагдалтайч муу гэрэлтүүлэгтэй, хяналтгүй (дууны хувьд) боловч Russell Metty-н сайхан хөдөлгөөнт камерийн тусламжтайгаар энэ бүтээл нь шижир кино лугаа адил урагш хөтөлдөг".
Harrison's Reports сэтгүүл "Үйл явдлыг этгээд дүр төрхөөр дүрсэлсэн; ердийн кино хийх аргаас зайлсхийхийн тулд эгэл бус зураглалын өнцөг, сүүдэр, гэрэлтүүлгийг драматик байдлаар ашигласан. Энэ арга нь уран сайхан ч ханддагыг бий болгож байгаа боловч үйл явдлын драматик нөлөөг бууруулсан мэт санагдаж байна. Жүжиглэлт тун сайн ба зарим нэг сцэнүүд нь догдлом, хурцдмал байв" гэж бичжээ. Variety сэтгүүл "Welles бүтээхүйн авъяас чадвараа цогтойгоор бүтээж байгаа ч харамсалтай нь кино өгүүлэмжийн байдлаасаа болж зовж байна. Чиг баримжаа хангалтгүй, хэтэрхий бага тайлбартай тул үйл явдал нь ойлгоход түвэгтэй, төөрөгдөм юм. Welles-н кино зохиол зарим талаараа эрч хүчтэй харилцан яриаг агуулдаг; түүний Russell-тай хамт хийсэн сул гэрэлтүүлэг үр дүнгээ өгч, мөн Russell-н урссан, сэтгэл татам зураглал бишрэм, Henry Mancini-н хөгжим сэтгэл гижигдэм". Гэхдээ энэ кино бол сайн кино бүтээхэд сайн сцэнүүд хангалтгүй гэдгийн нотолгоо" гэсэн буй. Шүүмжлэгч Roger Ebert уг бүтээлийг "Аугаа" киноныхоо жагсаалтад багтаасан байдаг ба киноны гол дүрийн болон туслах дүрийн жүжигчдийн тоглолтыг магтаж, мөн зураглалыг нь "зүгээр л харуулахаас" илүүтэй хүмүүсийн хоорондын харилцааг харуулсан буюу дүрүүдийг нэг "урхи" бүхий кадрт оруулах замаар нарийн түвэгтэй үйл явдлыг гүнзгийрүүлэх зорилготой хэмээжээ. Roger Ebert мөн найруулагч Welles-н дүрийг хагас намтарчилсан гэж таамаглаж, түүний бүтээсэн Hank-н дүр бол Welles-н амьдрал болон урлагийн замналаа хяналтандаа байлгах гэсэн туйлын хүслийн зэрэгцээ тусгал гэжээ.
Comments
Post a Comment