"Талын Чоно". Германы нэрт зохиолч, яруу найрагч Хермман Хессегийн анх 1927 онд хэвлэгдсэн түүний арав дахь роман. 1929 онд Англи хэлнээ орчуулагдсан. Уг романы үйл явдалд 1920-оод оны үеийн Хессегийн оюун санааны ертөнцийн гүн гүнзгий хямралыг үлэмж тусгасан байдаг. "Талын Чоно" олны талархлыг хүлээж, дэлхийн уран зохиолын санд үнэт эрдэнэ болж үлдсэн хэдий ч Хессе хожим нь хүмүүс энэ номыг нь буруугаар ойлгосон гэж хэлсэн байдаг. 1924 онд Хермман Хессе дуучин Рут Венгертэй гэрлэжээ. Хэдэн долоо хоногийн дараа Хессе Базель хотыг орхиж явсан ч оны сүүлээр буцаж ирсэн ба буцаж ирээд эхнэрээсээ тусдаа байр хөлслөж, өөрийгөө тусгаарлажээ.
Дараа нь, эхнэртэйгээ хамт Герман руу богинохон хугацаанд аялсныхаа дараа Хессе эхнэртэйгээ бараг уулзахаа больсон байдаг. Үүнээс үүдэлтэй тусгаарлалт, гадаад ертөнцтэй холбогдох чадваргүй болсон цөхрөлөө тэвчиж чадахгүйд хүрсэн Хессе амиа хорлох тухай бодож эхэлсэн гэдэг. Тэрээр "Талын Чоно" романаа Базельд бичиж эхлээд Цюрихт дуусгасан ба романыхаа өмнө 1926 онд "Хямрал: Хермман Хессегийн өдрийн тэмдэглэл" нэртэй шүлгийн түүврээ хэвлүүлсэн. 1926 онд Хессе жазз хөгжимтэй танилцаж, Сидней Бечет, Жозефин Бейкер нарын жазз хөгжимчдийн хамтаар Швейцарт болсон тоглолтод оролцсон. Массачусетсийн Их сургуулийн Афро-Америк судлалын профессор Стивен С. Трейсийн бичсэнээр Хессе Паблогийн дүрээ Бечетийн хөгжмийн тоглолтоос санаа авч бүтээсэн ажээ.
ҮНДСЭН СЭДЭВ. "Талын Чоно" романд Харри Халлерын ер бусын, эмгэнэлтэй нөхцөл байдлыг харуулдаг. Тэр бол хөрөнгөтний хүндлэгдсэн, тав тухтай оршихуйг хүсэгч хагас хүн, энэхүү хоосон, абсурд хүслийг нь тохуурхан шоологч хагас чоно гэсэн хоёр БИ-ийн дунд хуваагдсан нэгэн юм. Хессе романыхаа туршид эл эсрэгцлийг ахин дахин дурддаг ч үүнийг эгэл юмуу хэтрүүлэгтэй гэхээс татгалздаг. Номон доторх "Талын Чонын шастирт" бичсэнээр Харри эдгээр хоёр БИ-гээ бүрдсэн гэсэн идеа нь онолын хувьд тохиромжтой боловч бүхий л онолын ерөнхийлсөн төрхийн нэгэн адилаар эцсийн дүндээ бодитын түвэгтэй, баялаг шинжийг олж авах боломжгүй юм. Шастирт дурдсанаар "Харри хоёр биш зуу эсхүл мянган БИ-гээс бүрддэг". Түүгээр ч зогсохгүй энэ зөвхөн Харригийн хувьд үнэн төдийгүй хүн төрөлхтний төрөлхийн нөхцөл ажээ. Олон төрхтэй байдлын идеа нь романы төгсгөлд, Шидэт Театр дотор хамгийн тод, бүрэн дүүрэн судлагддаг. Пабло Шидэт Театрыг хувь хүний задралыг үзүүлдэг газар хэмээн ярьдаг. Хачирхалтай хаалгануудын нэгний цаана Паблотой төстэй нэгэн хүн Харрид хувь хүн гэдэг бол шатрын хэсэг шиг янз бүрээр өөрчлөгддөг тоолж баршгүй олон БИ-гээс бүрддэг хэмээн номлодог.
Дахин төрөх, сүнс эцэс төгсгөлгүй биеүүдэд шилжих тухай Дорно дахины идеагаас үндэслэж, мөн Карл Юнгийн психоаналитик онолоос үндэслэн Хессе олон талт шинж чанарын тухай хувийн хувийн таамаглалаа дэвшүүлсэн. Тансаг Хувцастай Үдэшлэгийн өмнө Харритай ярилцсан хамгийн хурц агаад ил тод ярилцлагадаа Хермина "мөнхийн" гэж нэрлэсэн зүйлийг онцолдог билээ. Мөнх байдал нь "цаг хугацааны ард" оршдог ба энэ бол Моцарт гэх мэт суут уран бүтээлчдийн бүтээлүүд, бүхий л жинхэнэ мэдрэмж, үйл хөдлөл доторх хүч чадал, чадамжууд, мөн ариун гэгээнтнүүд, тарчлан зовогсод зэрэг бүх чухал зүйлс оршдог вант улс ажээ. Херминагийн хэлсэн үг цаг хугацаанаас гадуурх ертөнцийн талаарх Хессегийн идеаг хамгийн тод томруунаар илэрхийлдэг. "Талын Чоно" романд бусад дүрүүд ч энэ санааг их багаар илэрхийлдэг; жишээлбэл Гёте хүн хэтэрхий их үүрэг хүлээснээс болж маш их цагийг алддаг тухай өгүүлдэг билээ. Чухамдаа, Харри өнгөрсөн үеийн суут хүмүүстэй уулзсан баримт бол цаг хугацааны механизмаас ангид ямар нэгэн ертөнцөд тэд оршин байгааг харуулна.
Илүү нарийвчилбал, цаг хугацаанаас гадуурх оршихуйн тухай идеа нь Харри цагийг зөв ашиглаж байх үед байнга мэдрэгддэг бөгөөд жишээлбэл, Харри үдэшлэг дээр бүжиглэж байхдаа "цаг хугацааны мэдрэмжээ алдлаа" гэж хэлдэг. "Талын Чоно" роман нь боловсролын бүтээл байх учиртай тул Хессе романыхаа бусад голлох идеануудтай уялдуулан гадуурх ертөнцийн тухай идеаг боловсруулдаг. "Үхэшгүй мөнхийн" инээд нь мөнхийн ертөнцөд орох нэг арга зам юм. Үүний нэгэн адилаар хувь хүний дотор олон төрлийн БИ оршдог гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байх нь цаг хугацааг үл ухамсарлах ухамсар хангалтгүй байгаатай холбоотой бололтой. Чухамдаа ч Харри Шидэт Театрын аварга том толь руу харахад олон төрлийн хэмжээ, хандлага, ааштай олон арван Харриг олж хардаг. Энэ нь романы бусад гол санаатай нийлдэг тул цаг хугацаанаас гадуурх орон зайн оршихуйн эдгээр сүнсний тухай идеаг тодорхой хэмжээгээр хангана. Инээд бол амьдралтай нүүр тулах аргыг санал болгож болох авч үүнийг хийх ухамсар нь мөнхийн тухай санаа ба Хессе сайн сайхан, суут ухааны төлөөх бидний тэмцлийн үйлдлүүд нь уужим цар хүрээнд харахад л ач холбогдол нь оршин гэж үзжээ. "Талын Чоно" бол зөрчилтэй, цөхөрсөн хувь хүний дотоод сэтгэлийн зовлон зүдгүүрээ шийдвэрлэхийн тулд дахин амьдрахыг эрэлхийлэгчийн тухай зохиол болно.
Энэхүү бүтээл нь эл асуудлыг шийдвэрлэх шийдлийг санал болгодог; энэ нь инээд бөгөөд романд, мэргэн ухааны эх сурвалж болох "Талын Чонын шастирт", Гёте, Хермина, Пабло, Моцарт нар Харрид инээд бол амьдралын зөв хандлага гэж зөвлөдөг. Романы хамгийн уярам, хурц хоромуудад инээд нь хүйтэн хийгээд үзэсгэлэнтэйгээр жингэнэдэг бөгөөд түүх эцэстээ Харри инээж сурахаар шийдэж буйгаар төгсдөг билээ. Хессегийн инээдийн талаарх ойлголт нь нарийн түвэгтэй байдаг. Инээд бол амьдралаас зугтааж таашаал юмуу зугаа цэнгэл рүү орох, эсхүл хиймэл чамин гэрлээр оршихуйн бараан талуудыг дахин хэлбэржүүлэх явдлын аль нь ч биш, харин гэгээрсэн хүмүүсийн инээд бол оршихуйн ноцтой гэмтлийг цоо нэвтлэхийн зэрэгцээ гэмтлүүдийг халж, давж гарах явдал юм. Хэдийгээр Харри хүн төрөлхтний оршихуйн аймшгаар дүүрэн болохыг олж мэдсэн нь зөв байсан ч энэхүү мэдлэгт тохирсон хариулт бол бүтэлгүйлдээ автсан хүн амьдралаа сүйтгэнэ гэсэн үг биш юм. Харин хүн тэмцэнгээ ертөнцийн эмх замбараагүй байдлыг хараад инээх ёстой ажээ.
МОТИФ. Өмнөтгөлд, симфони үзэж байхад Харрид тохиолдсон сонирхолтой өөрчлөлтүүдийг дүрсэлсэн байгаагаас Харри хөгжмөөс гүн гүнзгий хамааралтай байж ирсэн нь эхлэлээсээ илэрхий харагдана; Харригийн хамгийн анхны агаад хамгийн их биширдэг хүн бол Моцарт байдаг билээ. Орчин үеийн соёлоос түүнийг хамгийн их бухимдуулдаг зүйл бол радио, граммофон буюу эдгээр нь түүнийхээр ариун хөгжмийг бузарладаг тул жигшлийг нь төрүүлнэ. Харригийн хувьд хөгжим нь оюун санааны төгс, трансцендент ертөнц тул жирийн, бодит ертөнцөөс дээгүүрт хөвж явдаг. Хөгжмийн энэхүү өндөр дээд үнэлгээ нь дүрслэх, урлаг, драмын урлаг шиг өөр ямар нэгэн зүйлийг илэрхийлэхийг оролддоггүйгээрээ бүхий л урлагаас хөгжим хамгийн дээд гэж үздэг Германы романтик гоозүйн онолыг санагдуулна.
Хувилшгүй шижир, аливаа физик зүйлийг зураглах юмуу дүрслэхээс салангид хөгжим нь үзэгдэх ертөнцөөс гадна тэнгэрлэг ертөнцөд хамаарагдах мэт байна. Бүжгийн мотиф нь хөгжмийн мотифтэй зэрэгцэн ажиллана. Хөгжим нь Үхэшгүй мөнхийн, оюун санааны дээд ертөнцийн мэдрэмжийг өгдөг бол бүжиг нь дэлхийн үйл явдлыг тэнгэрлэг хэмнэлтэй уялдуулахыг санал болгоно. Хермина Харрид бүжиглэхийг заахын зэрэгцээ биеийн болон оюун санааны амьдралыг хэрхэн хослуулахад сургадаг. Пабло бол олон түмний бүжиглэх дууг сонгож, найруулж, удирддаг авъяаслаг хамтлагийн ахлагч буюу түүний авъяас нь оюун санаа ба мэдрэхүй гэсэн БИ-ийн хоёр хэсгийг зохицуулан нэгтгэгчийн үүрэгтэй.
СИМБОЛ. "Талын Чоно" романд өөрийгөө болон өөрийнхөө олон төрхийг олж нээхэд толь нь бэлгэдлийн үндсэн төвд байршдаг. Шидэт Театрт хийсэн бол хүн хий зүйлс харагддаг хөгжилтэй байшингийн толинд өөрийгөө нэг удаа харах явдал юм. Үүгээр зогсохгүй "Талын Чоно шастирт" бол Харритай тусгайлан ярилцах ёстой үгсээс бүтсэн толь гэж үзэж болно. Романы бусад хурц толин тусгалуудаас хамгийн чухал нь Хермина юм. Тэрээр толин тусгалын хийх үүргээ хүлээн зөвшөөрч, Харрид тун хэрэгтэй харагддаг шил болж буйгаа мэдэгддэг бөгөөд Херминаг ширтэх нь толинд харахтай адилхан болохыг Харри өөрөө ч хожим тэмдэглэдэг. Хермина Харригийн тусгал болохын хэрээр Харригийн урьд нь хардаггүй байсан талуудыг харуулдаг ба Харригийн дотор нуугдаж буй мэдрэмжүүдийг гаргахдаа эдгээр мэдрэмжүүдийн илэрхийлэмж хийгээд мэдрэмжүүдийн оршихуйн талаарх Харригийн ухаарлыг аль алийг нь гаргачихдаг. Харригийн радиотой харилцах харилцаа бол орчин үеийн амьдралын хүсэл тэмүүлэлгүй, бүдүүлэг хэвшмэл байдлыг илтгэж, мөн радио нь түүнд үл итгэм, жигшим байдлаар дүүрэн байдаг.
Харри радиогоор эгшиглэх хөгжмийн гажуудалд үл итгэх бөгөөд нийт түмэн олон иймэрхүү бузар муухайг тэвчиж, анзаардаггүйд нь ойн гутдаг. Харригийн иймэрхүү сөрөг сэтгэгдэл нь түүнийг радиог аливаа эерэгээр тайлбарлах гэсэн оролдлогод харалган болгож байгааг уншигчид Харригийн гэрийн эзэгтэйтэй цай ууж суухдаа ярилцсан ярианаас харж болно. Радиогийн зарим нэг сонирхолтой философийн далд утгатай дурдалтын дараа Харри ууртайгаар маргаан руу хурдан шилждэг. Харри байрныхаа үүдний танхим дахь Араукариа ургамлыг хараад хөрөнгөтний дэг журам, хүлээцтэй зангийн туйлын симбол гэж үздэг бөгөөд хиргүй цэвэрхэн, тууштай арчилдаг ургамлын бүх үүйлс хөрөнгөтний амьдралын хэв маяг, хэмнэлийг илтгэнэ. Харри ийм амьдралаа санагалзах мэдрэмжийг мэдэрдэг ч тэр бас тийм амьдралаас хаягдсан мэт өөрийгөө бодно. Тиймээс Араукариа бол алдагдсан ертөнцийн гэрэлт цамхаг төдийгүй Харригийн зэвүүцэн үздэг явцуу бодолтой, холын бодолгүй хөрөнгөтний амьдралын симбол юм.
Comments
Post a Comment