Моторын дуу (1973). Говьд ус хамгийн чухал байдаг бол залуу насанд хайр хамгийн чухал байдаг. Энэ киног надаас хайрын тухай кино юу гэж асуувал би тийм гэж хариулна. Хэдий кинонд романтик элементүүд цөөхөн, байгаа нь илэрхий тод (жишээлбэл үнсэлт юмуу нялуун гоё үгс байхгүй) гардаггүй ч далд, чимээгүй оршихдоо уран яруу бас бодитой байдаг. Энэ бол бүх талаараа тухайн үеийн залууст зориулсан, цаг үедээ модерн байсан кино юм. Драм, романтик энэхүү киног Бадрахын Сумхүү найруулж, кино зохиолыг нь Чимидийн Гомбо бичсэн бол зураглаачаар Бэгзийн Балжинням ажиллаж, Дагвын Лувсаншарав хөгжмийг нь бичжээ. Гол дүрүүдэд буюу Ганаа-д Нямхүүгийн Бямбацогт, Өлзий-д Д. Хишигдулам, Үрчгэр-д Улаанхүүгийн Осор, Даржаа-д Тангадын Пэрэнлэй, Мягмар-д Батхүүгийн Даваасүрэн нар тоглосон. Энэ бол Монголын хамгийн дутуу үнэлэгдсэн киноны нэг бөгөөд кино судлаач Daashka Meeks-ийн хэлснээр тухайн үедээ Равжаагийн Доржпаламын "Тунгалаг тамир" шедеврт дарагдсан гэдэгтэй хувьдаа би санал нийлнэ.
Киноны үйл явдал тун энгийн, жигд, тогтвортой; Ганаагийн худгийн шовгор, тэрийг тойрсон хэдэн гэр-айл, тэгээд хэдэн машин гэсэн цомхон байршилтай ч найруулагч Сумхүү киноныхоо хэмнэлийг гаргууд хянахын сацуу өгүүлэх санаагаа хэтрүүлэггүй бодитоор гаргаж, говьд хайр ба усчуулалт гэсэн сэдвийг найрсуулан сүрхий зохиомжилсон. Зохиолч Гомбын кино зохиол бараг л тайзны бүтээл байхуйц цомхон ч харилцан яриа нь хошин, ёжтой, мөн ухаалаг байдаг. Тэгвэл Балжиннямын зураглал хэдхэн байршилд хязгаарлагдмал байгаа ч чөлөөтэй урсахдаа дүрүүдийнхээ дотоод сэтгэлийн нарийн өнгө төрхийг алдалгүй гаргаж, өөгүй ажилласан. Нийт жүжигчдийн гүйцэтгэлд таван онооноос дөрөв хагасыг өгөхүйц сайн. Жинхэнэ мэт, дотно санагдах нь зохиолч Гомбын баримтат киноны мастер байсантай холбоотой болов уу. Энэ киног үзэж байхдаа хоёр зүйлийг хамгийн түрүүнд анзаарсан; эхнийх нь, энэ бол Монгол хүний сайн талыг харуулсан кино санагдсан. Үрчгэр өвөөгөөс эхлээд бараг ихэнх дүр Ганаатай зөрчилддөг ч хурцдмал байдалд ордоггүй, харин ч Ганаад дасч, эв нэгдэлтэй болж байдгийн нэг жишээ бол Үрчгэр өвөө хэрэлддэг ч Ганааг халуураад хэвтэж байхад ирж тусалдаг. Мөн түүнчлэн Даржаа бензин хулгайлсан ч наадмаар согтуу ирэхдээ канистртай бензин авчран буцааж өгдөг. Хэрэв тэр согтоогүй бол Ганаад гар хүрэх нь юу л байсан бол? Удаах бодол маань гэвэл; киноны төгсгөл хэрд, дарга Даржаагийн мөнгөн аяганы хулгайн хэрэг явдлуудыг сонсоод; залуучууд ажилгүй болохоор ирэхээрээ уйдан, улмаар гэмт хэрэгт оролцож байна ухааны юм ярьдаг нь үнэхээр үнэн. Өнөөдрийн Монголын залуучуудын асуудал ажилгүйдэл п, залхуурал гэдэг нь үнэн. Дүүгээ малд явуулчихаад залхууран хэвтэх Даржаа бол их "завтай", залхуу байгаа даа тухайн нийгэмдээ буруутай дүр бөгөөд харин одоогийн Монголд бол харин ч авхаалжтай, сэргэлэн, жишиг эрийн дүр гэлтэй. Идеалогийн ялгааны үнэлэмж ийм л байдаг аж.
Өлзий нутагтаа ирснээр кино эхэлнэ. Ганаа өмнөхөн нь ирсэн нь удалгүй бидэнд мэдэгдэнэ. Тэмээ буйлахыг сонссон Ганаа ямар уйтгартай юм бэ гэж хэлдэг. Залуу эр говьд ганцаараа байх үнэхээр уйтгартай байх нь аргагүй юм. Түүнд өглөө л ажил нь оволзохоос бусдаар унтаж юмуу уйтгарлан өдрийг барах нь олонтаа. Түүний шовгорт гитар, хагас нүцгэн хүүхнүүдийн зураг, радио хөгжим зэрэг байгааг харвал түүнийг хотынх, хэрэндээ л орчин үеийн болохыг илтгэнэ. Киноны бараг гуравны нэг өнгөрсний дараа Өлзий түүний шовгорт орж ирснээр кинонд бас Ганаад хайр сэтгэлийн дуу эгшилэж эхэлнэ. Чанх урд байрлах үеийн хүүхэн Ганаагийн уйтгарлах, санаашрах сэтгэлийн эм байх нь зүйн хэрэг юм. Хүүхэн түүний шовгорт орж ирэхэд камер Өлзийгийн хөлнөас дээшлэн хүүхний өнцгөөс шовгор доторхыг тойруулан харуулдаг хэсэг үнэхээр гоё. Гэвч Өлзий ханан дээрх Ганаагийн эгчийн зургийг хараад мушилздаг хэсгээс хойш дараа нь Ганаа ээжтэйгээ орж ирсэн Өлзийд зураг дээрх хүүхэн түүний эгч болохыг илчилснээр Өлзийгийн ч үзэгчдийн ч сэтгэл амардаг. Өлзий, Ганаагийн бүтээсэн шүршүүрт ордог сцэн тухайн үедээ зоригтой шийдэл байсан болов уу. Ямартай ч Өлзий энэ үйлдлээрээ өөрийгөө Ганаагийнх болсон гэдгээ илэрхийлдэг. Кинонд нэг туйлын романтик шийдэлтэй сцэн байдаг; оройн цагаар Ганаа зочлон ирсэн найзтайгаа гитараар тоглонгоо Өлзийгийн гэрийн зүг харахад хайрандаа нойр нь хулжсан Өлзийг харуулахад эгшиглэдэг дуу дүрстэйгээ тансаг зохицдог; уртай эвлүүлэг!.
Алслагдсан нутагт хөгжил, соёл түгээж, ургуулах сэтгэлийн чин эрмэлзэлтэй гол дүр тэр нутгаасаа хайр сэтгэлээ олж байгаа нь энэ кино надад Хятадын найруулагч Жан Имоугийн "The Road Home" киног санагдуулсан. Олон талаараа төстэй зүйл багатай ч минимал бүтэц, зорилго нь ижилхэн. Аавынхаа зөвлөснөөр; ажлыг хамгийн хэцүүгээс нь эхлэхээр ирсэн боловсролтой Ганаа даргадаа амалснаа биелүүлж, хөрш айлуудын хонь малаа услах тэмцлийг шийдвэрлэж, чөлөөт цагаараа шүршүүр зэргийг бүтээж, моторынхоо дууг ямартай ч таг болгочихдоггүй. Тэр худгаа тойруулаад коммунизм байгууллна гэдэг. Залуу хүн ийм зорилго, зоригтой байх ёстойгоос гадна Ганаагийн шударга, тууштай, даруухан зан одоогийн залууст сургамжтай. Ганаагийн чин сэтгэлийн инээсэн дүр төрх цаанаа л дулаахнаас гадна түүний шовгорынхоо цонхоор харах мөчүүд бол энэ киноны мартагдашгүй хэсгүүд билээ. Энэ кинонд тухайн үеийн үзэл суртал шингэсэн нь илэрхий харагддаг боловч хүн ажилдаа үнэнч тууштай бас дуртай байх ёстой, Даржаа шиг дандаа тусын араас тус нэхдэггүй байх хэрэгтэй, ерөнхийдөө хөгжил, соёлыг дэлгэрүүлэн соёлуулах гэсэн үндсэн санааг нь үзэл суртлын гээд үл тоомсорлож болохгүй билээ. 21-р зууны хотын залуус энэ киноны дүрээс илүү соёлжсон, хөгжсөн гэж дүгнэхэд бэрхтэй (би энд ёс суртахуун, идеалоги ярьж байна). Мэдээж кинонд сул талууд бий; миний бодлоор кино үргэлжилж буй хугацаандаа таарахуйц саад, эргэлтгүй, бас ёс суртахууны зөрчил бараг байхгүй; тиймээс гэнэтийн хурц явдал дутмаг.
Кино эхлээд өндөрлөхөд ихэнх дүрүүд илүү сайн хүн болж өөрчлөгддөг. Өлзий малд явахыгаа заваан, балиар гэж эхэндээ яршигладаг ч сүүлдээ нутагтаа үлдэж байгаа нь түүний ухаажсныг харуулна. Мягмар гэж сонирхолтой дүр байдаг. Киноны эхэнд түүнийг Даржаа шиг юмуу ер нь л увайгүй, ашиг хонжоо харсан, ойлгомжгүй дүр гэж бодтол тэр киноны төгсгөлд Өлзийг Ганаа руу буцааж байгаа, алив бүхэнд шударга хандаж байгаагаас нь түүнийг өөрчлөгдөж, өөрийгөө давсан буюу ерөнхийдөө нийт киноны өөрчлөлтийн хувьслыг илтгэсэн дүр болохыг харуулж байна. Гол дүр Ганаа мөн өөрчлөгддөг. Хайрын хүч хийгээд хөдөлмөрийн үр шим түүнийг бардам орчин үеийн хүнээс нөхцөл байдлаа ухаарсан бие хүн болгодог (мөн нүцгэн хүүхнүүдийн зургаа авч хаядаг). Миний хувьд энэ киноны хамгийн анхаарахуйц, яг одоо бидэнд хамаатай дүр бол архинд дуртай, ашиг харагч Даржаа юм. Даржаа бол дээр хэлсэнчлэн бидний одоогийн тусгал юм. Киноны төгсгөлд, Ганаагийн шовгорт Өлзий орж ирээд тэд хамтдаа цонхоор хардаг нь маш чамин шийдэл буюу энэ нь тэд амьдралаа холбосныг илтгээд зогсохгүй нутгаа орхисон Өлзий, шинэ нутагт ирсэн Ганаа хоёрыг говьд үлдэж, говь нь тэдний шинэ гэр болсныг харуулж байна. Хүнд хайр, ус хоёр хамгийн хэрэгтэй юм. Моторын дуу кинонд хөгжил, соёлын симбол болдог. Өнөөдөр Монголд хонхны дуу биш, моторын дуу хэрэгтэй байна.
Comments
Post a Comment