Фройдократизм

 


Masculin Feminin (1966). Францын нэрт кино найруулагч Jean-Luc Godard-н зохиолыг нь бичиж найруулсан Францын Шинэ Давалгаа Хөдөлгөөнд хамаарагдах бүтээл. Киноны гол дүрүүдэд: Jean-Pierre Leaud, Chantal Goya (дуучин), Marlene Jobert, Catherine-Isabelle Duport болон Brigitte Bardot, Françoise Hardy (дуучин) нар тоглосон. Уг кинонд романтик, идеалист залуу болон поп од хүүхэн хоёрын хайр сэтгэлийн асуудлыг авч үздэг бөгөөд тэд улс төр, хөгжмийн сонирхол тэс ондоо ч дурлалцаад зогсохгүй "menage a quatre" буюу дөрвөлсөн бэлгийн харьцаанд хүртэл орж байгаа тухай өгүүлдэг. Киноны баатруудаас хайр, секс, улс төрийн талаарх цуврал ярилцлагыг баримтат кино хэлбэрээр авсан нь киноны өвөрмөц тал болж байв. Мөн үе үе үндсэн үйл явдал янз бүрийн эпизод, дэд үйл явдлуудаар тасалддаг нь туршилтын шинжтэй гэмээр.

"Masculin Feminin" нь 1960-аад оны Франц болоод Парисыг тольдон үзүүлэх зорилготой бүтээгдсэн ба кинонд Францын ерөнхийлөгч асан Charles de Gaulle, кино домог James Bond, Америкийн нэрт дуучин Bob Dylan зэрэг тухайн цаг үеийн улс төр, поп соёлын бие хүмүүсээс ишлэн дурддаг. Киноны хамгийн алдартай ишлэл бол "Энэ киног Маркс ба Кока-Колагийн хүүхдүүд гэж нэрлэж болно" гэдэг хэсэг билээ. Энэ киног Godard-н хувьд зарим талаараа эргэлтийн цэг байсан гэж шүүмжлэгчид үздэг бөгөөд тухайн цаг үеийнхээ улс төрийн уур амьсгалыг анх удаа бүтээлдээ шингээж өгсөн гэдэг. Нарийн түвэгтэй хэдий ч хүртээмжтэй, шүүмжит мөртлөө энэрэнгүй, олон талаараа "Weekend" киноных нь урьдач сүүдэр болсон "Masculin Feminin" маргаангүй Шинэ Давалгаа Хөдөлгөөний гол найруулагчийн төгс бүтээл юм. Энэхүү кинонд Вьетнамын дайны оргил үе дэх Парисын улс төр, сексийн амьдралыг инээдтэй, өдөөн хатгасан байдлаар судлахдаа Godard өөрийнхөө нарийн түвэгтэй философийн ертөнцдөө үйл явдлаа өрнүүлдэг. Энэ бол кинонд секс-улс төрийн боломжит чадамжийг тодорхойлохын тулд Godard-н зохиосон "Фройдократизм" нэр томьёог дээд зэргээр харуулсан кино юм. Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 506-р байрт эрэмбэлээд байгаа эл киноны үйл явдлыг товчхон өгүүлсү.

  Цэргийн албаа хаагаад удаагүй байгаа идеалист залуу Paul ажил хайж яваад дуучин боловч бичлэгээ хийлгэж чадаагүй яваа үзэсгэлэнтэй хүүхэн Madeleine гэгчтэй танилцана. Тэд кафед ярилцаж байтал дэргэдэх ширээнд байсан эхнэр, нөхөр хоёр маргалдаж, эцэст нь эхнэр нь буу гарган ирж нөхрөө буудчихна тэр. Энэ явдлын дараа Paul Рио-де-Жанейро хотод засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн хэмээн буруутгагдсан зохиолч хийгээд бусад уран бүтээлчдийг суллах өргөдөлд гарын үсэг цуглуулж буй сэтгүүлч найз Robert-той уулзахаар явна. Удсангүй Paul сэтгүүлд ажиллаж эхэлнэ. Ариун цэврийн өрөөнд тэр Madeleine-тэй таарах ба хүүхнээс өмнө нь болзоно гэж амалснаа биелүүлэхгүй юмуу гэж асуухад Madeleine түүнээс болзоё гэдэг чинь нэг оронд оръё гэсэн үг үү хэмээн сөргүүлэн асуутал Paul таг гацчихна тэр. Madeleine түүнд амлалт худлаа байсан гэж хэлдэг. 1965 оны 12 сард болох Францын ерөнхийлөгчийн сонгууль ойртоход Paul 21 нас хүрч, Madeleine-тэй романтик харилцаатай болжээ. Madeleine Paul-г өрөөнийхөө найз хүүхэн Elizabeth-тай танилцуулахаас гадна үзэгч бид Robert-н татагддаг Catherine-Isabelle гэгч хүүхэнтэй бас танилцана.

Paul Robert-д туслан Парисыг тойрон Америкийг эсэргүүцэж, Вьетнамын дайныг зогсоохыг уриалсан зурагт хуудас тарааж бас наана. Залуус галт тэргэнд явж байхдаа хоёр хар арьстан эр цагаан арьстай нэгэн хүүхэнтэй маргалдаж байгаад хүүхэн буу гарган ирээд буудаж байгаа явдлыг гэрчилнэ. Madeleine анхны синглээ гаргах гээд туйлын баяртай байна. Сингл гарсан баярт өдөр Paul түүнд гэрлэх санал тавьсан ч пянз, дуу хөгжмийн замналаас өөрийг бодох сөхөөгүй явсан хүүхэн энэ асуудлыг дараа ярилцая гээд орхидог. Paul аргаа бараад дуут зурвасын машинд Madeleine-д зориулан үг илгээж байтал нэгэн хутга барьсан эр түүн рүү дөхөж ирээд өөрийгөө хутгалчихна. Энэ бүх явдлаа тэрээр найз Robert-доо хэлдэг. Robert сонин уншиж байгаад Paul-д Bob Dylan-н тухай хэлээд нэрт дуучныг "beatnik" гэж нэрлэдэг. Madeleine, Elizabeth, Catherine-Isabelle гуравтай Paul хамт амьдарч эхэлдэг. Мөн Paul олон улсын санал асуулгын байгууллагад ажиллахаар болсноор сэтгүүлийн газраасаа гардаг. Тэрээр Elsa гэдэг хүүхнээс ярилцлага авахдаа; улс төр, хайр, жирэмслэлтээс хамгаалах гэх мэт сэдвүүдээр ярилцдаг.

  Кафед, Paul  Elizabeth-д Madeleine жирэмсэн гэж хэлдэг ч Elizabeth эргэлзэнэ. Удалгүй Кафед киноны эхэнд нөхрөө буудсан хүүхэн ирэх бөгөөд одоо тэр биеэ үнэлэгч болсон байна. Хамт амьдарч, дөрвөлсөн харилцаанд орсон баатрууд маань кино үзэхээр явах ба киноны үеэр Madeleine Paul-д хайртай гэдгээ хэлнэ. Харин Paul Charles de Gaulle-г шүүмжлэхээр гадагшаа гардаг. Хожим Robert, Catherine-Isabelle хоёр ярилцаж байхад Robert хүүхнийг Paul-д хайртай биздээ гэж тулгачихна. Найруулагч Godard Robert-оор дамжуулан ажилчдын хувьсгал бол хөдөлмөрийн хувьсгал гэж үздэг санаагаа батжуулж байх шиг байдаг. Нэгэн өдөр үл таних эр Paul-оос шүдэнз гуйж аваад "Вьетнамд энх тайван" гэсэн бичиг үлдээчихээд өөрийгөө шатаачихна тэр. Paul, Catherine-Isabelle хоёр дуу бичлэгийн студид дуугаа бичүүлж байгаа Madeleine дээр зочлох ба Madeleine Paul-д хүйтэн хахир хандаж, сурвалжлагч ирэхийг хараад Paul-оос машин олж өгөхийг хүснэ.

Paul өөрийгөө армийн генерал гэж хэлээд дайны яам руу залган машин явуулахыг шаарддаг. 1966 оны 1 сар хүртэл Paul улс төр, хайр дурлал болоод бусад сэдвээр санал асуулга явуулсаар байв. Тэрээр өөрийгөө ухамсаргүй байсан учраас санал асуулгад оролцсон хүмүүс чин сэтгэлээсээ байж чадсангүй гэсэн өөрийгөө буруутгана. Цагдаагийн газарт Catherine-Isabelle мэдүүлэг өгч байна, хүүхэн цагдаад Paul өндөр барилгад нүүж орсон тухай ярьж байна. Madeleine хамтдаа Elizabeth-нх руу нүүе гэсэн ч Paul эсэргүүцсэн байдаг. Paul амиа хорлох хүн биш, тэр осолдож цонхноосоо унасан байх гэж Catherine-Isabelle өгүүлж байна. Харин жирэмсэн үлдсэн Madeleine одоо яахаа үнэндээ мэдэхгүй байгаагаа цагдаад хэлдэг.

1965 онд Argos Films компанийн тэргүүн Anatole Dauman найруулагч Alexandre Astruc-н 1952 онд хийсэн 44 минутын "The Crimson Curtain" киног дахин шинэчлэн хийхийг хүссэн бөгөөд Anatole Dauman мөн өөр нэгэн дундаж хугацаатай кино давхар хийхийг хүсч, Францын аугаа зохиолч Ги де Мопассаны "The Signal" гэдэг богино өгүүллэгээр кино хийхийг удаан хугацаанд хүсч ирсэн Godard-д хүслийнх нь төслийг санал болгож, Godard ч зөвшөөрчээ. Гэтэл Anatole Godard-аас Мопассаны өөр нэг өгүүллэгийг "The Signal" өгүүллэгтэй нийлүүлэн нэгтгэн кино хийлгэхийг хүсч, зохиогчийн эрхийг нь ч авсан аж. Зураг авалт эхлэхэд найруулагч Godard Мопассаны өгүүллэгүүдээс сэдэвлэсэн кино хийхээс татгалзсан. "Masculin Feminin" шууд утгаараа Мопассаны зохиолоос сэдэвлээгүй хэдий ч Мопассаны сайхь хоёр өгүүллэгт Paul нэртэй баатар байдаг бол мөн кинонд гардаг кино театрт гарах "кино доторх кино" нь "The Signal"-аас санаа авсан ажээ. Сонирхолтой нь, Godard-д зураг авалтын зохиол байгаагүй гэдэг; оронд нь харилцан яриа, тойм зураг, идеануудаар дүүрэн тэмдэглэлийн дэвтэр л байсан гэдэг. Мөн тэрээр байгалийн гэрэлтүүлэг, хамгийн авсаархан бие бүрэлдэхүүнийг продакшны үеэр ашигласан. Godard 1965 онд тухайн үед киноны ч тайзны ч жүжигчин байгаагүй Chantal Goya-тай анх танилцангуутаа кинондоо тоглуулахыг хүсчээ.

Залуу насыг дүрсэлсэн байдал, сексийн агуулга зэргээс нь болж уг киног Францад 18-аас доош насныхан үзэхийг хориглосон ба үүнийг сонссон найруулагч маань чухам 18-аас доош насныханд зориулагдсан кино байсан шүү дээ хэмээн бухимдсан байдаг. Кино нээлтээ хийхэд Францын шүүмжлэгч Georges Sadoul киноны залууст хандах чадварыг магтаж байсан бол зарим нь киноны сексийн агуулгыг шүүмжилсэн ч ихэнх нь Jean-Pierre Leaud-н тоглолтыг сайшаасан байдаг. Их Британий шүүмжлэгч Tom Milne уг киног Godard-н тухайн үеийн хамгийн түвэгтэй кино гэж. Харин Америкийн Pauline Kael: "Энэ бол ховор ололт, орчин үеийн нөхцөлд гоо сайхан, нигүүслэлийг харуулсан гайхалтай кино" гэжээ. Тэгвэл шүүмжлэгч Andrew Sarris "Цаг үеэ харуулсан шилдэг кино" гэсэн байхад Judith Crist "Орчин үеийн ойлголт ба оригнал шинжээрээ гэрэлтсэн кино" хэмээн магтсан буй. Улс төр, поп соёл, хүйсийн тэмцлийн санаануудаар дүүрэн 1960-аад оны хураангуй болсон энэхүү хар-цагаан кино бол кинонд дурлагсдын заавал үзэх ёстой киноны нэг мөнөөсөө мөн. 

Comments