Эринии

 


The Birds (1963). Английн кино мастер Alfred Hitchcock-н найруулж, продюсерлэж, Америкт хийгдсэн натурал хоррор-триллер. Энэ нь Английн зохиолч Daphne du Maurier-н 1952 онд хэвлэгдсэн ижил нэрт богино өгүүллэгээс сэдэвлэсэн. Кинонд Калифорнийн Бодега Бей тосгоны иргэд руу шувууд гэнэтийн бөгөөд тодорхой шалтгаангүйгээр дайрч байгаа тухай өгүүлдэг. Кино зохиолыг Evan Hunter бичсэн; Hitchcock түүнд шинэ дүрүүдийг хөгжүүлж, шувуудын тайлбарлагдашгүй довтолгооны концептийг хадгалан, үйл явдлыг илүү нарийвчлан үзүүлэхийг даалгажээ. Кино анх нээлтээ хийгээд олон янзын үнэлгээ авсан ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр нэр хүнд нь өсч, өдгөө бүх цаг үеийн хамгийн шилдэг аймшгийн кинонуудын нэгд тооцогдох болсон. Киноны гол дүрүүдэд; Rod Taylor, Tippi Hedren (түүний дебют байсан), Suzanne Plashette, Jessica Tandy нар тоглосон. Жүжигчин Tippi Hedren уг кинонд тоглосон дүрээрээ Алтан Бөмбөрцөг кино наадмаас "оны шилдэг шинэ од" шагналыг хүртжээ байжээ.

Киноны постерт "Шувууд ирж байна" гэсэн байсан нь утгагүй ч киноны сэтгэл хөдөлгөм шинж киноны аливаа алдаа дутагдлыг өршөөхүйц юм. Эл бүтээлийг хүмүүс нэг нэгнийгээ шувуу шиг торонд хорьдог тухай зүйрлэлт үлгэр гэж үзэж болох ба Фройдизмыг тодорхой хэмжээгээр харуулсан, нэгэн зэрэг хөгжилтэй ч догшин ширүүн ч кино юм. Ингээд Theyshootpictures сайтын бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 179-р байрт жагсагдаж буй кинотой илүү ойроос танилцах гээд үзье. Зохиолч Daphne du Maurier-н эх зохиолдын баатар нь Английн Корнуоллд амьдардаг фермер байдаг, мөн төгсгөл нь киноноосоо хавь илүү гутранги байдаг аж. Evan Hunter нь өмнө нь Hitchcock-н телевизийн антологид болон Hitchcock-н "Mystery Magazine" сэтгүүлд хамтран ажилласан байжээ. Hunter найруулагч Hitchcock-той уг киног бүтээж байх үеийнхээ хоорондын харилцааны тухай 1997 онд намтар номондоо бичсэн байдаг; номонд бичснээр тэрээр Hitchcock-г болон туслахтай нь киноныхоо талаар санаа оноогоо захидлаар солилцож байсан гэдэг.

  "The Birds" кинонд мөн 1961 онд Калифорнийн далайн эргийн Капитола хотын оршин суугчид руу сүрэг шувууд дайрсан бодит явдлыг шигтгэж өгсөн бөгөөд шувууд машин руу шумбан мөргөж, байшин гэрийг сүйтгэсэн явдал нь эгээ л кино дээр гардаг шиг байсан гэдэг. Найруулагч маань энэ үйл явдлыг дуулаад дөнгөж эхэлж байсан төслийнхөө судалгааны материал болгон ашиглажээ. Бодит явдал дээрх шувуудын үл ойлгогдом авирын жинхэнэ шалтгаан нь хорт замгаас үүссэн байсан ч тухайн үед үүнийг хараахан мэдэж чадаагүй байв. Киноны нэг сцэнд, дүрүүд "өнгөрсөн жил" Санта Круз-д болсон шувуудын довтолгооны тухай ярьдаг, энэ нь үнэндээ Капитолагийн дайралтыг ишилсэн хэрэг юм. Hunter 1961 оны 9-р сард кино зохиол дээр ажиллаж эхэлсэн бөгөөд тэрээр Hitchcock-той хамт түүхийг хөгжүүлж байхдаа тосгоныхон нууж хаах гэм буруутай, шувууд нь тэдний нүглийн шийтгэл болох хэрэгсэл байвал ямар вэ гэсэн санал гаргаж байв. Тэрээр мөн кино ойворгон комеди жанрын зарим элементүүдийг агуулсан байдалтайгаар эхлээд дараа нь "үнэхээрийн аймшигтай" болж хувирах саналыг гаргасан.

  Энэ санаа Hitchcock-н сэтгэлийг татсан, учир нь найруулагчийн туйлын дуртай сэдэв бол түгшүүр билээ. Кино нэр хийгээд шувууд олон нийт рүү дайрах нь киноны сурталчилгаанаас хэдийнээ ил тодорхой болчихсон байсан боловч шувууд чухам яг хэзээ дайрах нь нууц хэвээрээ байв. Эхлээд хошигнол, араас нь залгаад хоррор нь түгшүүрт шинжийг цочирдом болгох ёстой байлаа. Эхэндээ Hunter гол дүрээ сургуулийн багш байлгахыг хүссэн, харин энэ нь Annie-н дүрийн үндэс болсон аж. Hunter зохиолоо сцэнүүдийн оронд кадраар зохиомжилсон боловч эцсийн зураг авалтад энэ арга нь бараг нөлөөлөөгүй аж. Hitchcock Hunter-н анхны нооргийг уншаад өөр хүмүүст уншуулж санал сонсохыг хүссэн бөгөөд хүмүүсийн шүүмжийг нэгтгээд Hitchcock Hunter-д захидал бичжээ; захидалд, зохиолыг эхний хэсэг дэндүү нуршуу, гол хоёр дүрээ хангалттай дүрслээгүй, зарим сцэн үзэгчид сонирхлыг татахуйц драматик бус байна гэсэн шүүмж байв. Энэ мэдээж Hunter-д таатай санагдсангүй. Гэхдээ Hitchcock киногоо илүүтэй хоёрдмол утгатай, тодорхойгүй төгсөхийн тулд киноны зохиолын сүүлчийн 10 хуудсыг хассан аж.

Уг нь Hitchcock киногоо төгсгөлийн картгүйгээр шууд өндөрлүүлэхийг хүссэн ч эцэстээ аргагүй эрхэнд төгсгөлд карт оруулсан байдаг. Уг киноны үндсэн сэдэв бол хайр ба хүчирхийлэл юм. Кино дээрх шувууд нь сэдвүүдийн хөгжил хийгээд түүхийн үйл явдлыг илэрхийлэхийн тулд тогтмол өөрчлөгдөж байдаг. Эхэндээ тэжээвэр амьтдын дэлгүүрт байх шувууд нь Melanie, Mitch хоёрын дурлалын цэцэглэлт, мөн сексийн зөрчилт байдлыг илэрхийлдэг. Харин шувууд Бодега эрэг руу дайрч эхэлмэгц симболизм өөрчлөгддөг. Hitchcock нэгэн ярилцлагадаа; кино дээрх шувууд нь байгалийн эсрэг хүмүүсийг шийтгэхийн тулд боссон байгалийн хүчин зүйл гэжээ. Мөн өөр нэг сэдэв бол найруулагчийн олонтаа шигтгэж өгсөн ихэмсэг зан юм. Гол дүрүүдтэй анх танилцахад л тэдний өөртөө автсан шинж чанартай болохыг онцолдог. Tippi Hedren-н дүр бол тансаг амьдралаас уйдсан байдаг нэгэн бол Rod Taylor-н дүр бол мэдрэмтгий зөрүүд зангаа зөвтгөсөн хуульч байдаг. Харин түүний экс сүйт бүсгүйн дүр болох Annie нь өөрийгөө өрөвдөгч нэгэн байхад түүний ээж ганцаардлаас үхтлээ айдаг билээ.

Ийм түвэгтэй, энэрэнгүй бус сэтгэлтэй дүрүүдтэй учраас үзэгчид анхнаасаа л шувуудын өнцгөөс буюу хүнлэг бус өнцгөөс тэднийг харж эхэлдэг. Эл бүтээлд зориулсан механик шувуудыг бүтээхэд $200,000 гаруй доллар зарцуулсан гэсэн тооцоо байдаг; гэхдээ кинонд гардаг шувуудын дийлэнх нь бодитой байжээ. Ray Berwick гэдэг эрхэм шувууг сургах, барих, кинонд ашиглахад голлон ажиллажээ. Шувуудын довтолгооны үзэгдлүүдийн үеийг үзэгчдэд илүү бодитой сэтгэгтэл төрүүлэхийн тулд кино дотроо монтаж эвлүүлэг болон хурд удаашруулах аргуудыг ашигласан; нэн ялангуяа киноны бүтцийг зориудаар удаашруулахад оршиж байжээ. Жишээлбэл; Сургуулийн гадаа Melanie хүлээн сууж байхад шувууд арын талбайд нь цугларч байдаг, дараа нь камер түүнийг ба улам нэмэгдсээр эцэстээ дайрах шувуудын хооронд засварлан эвлүүлдэг. Кино доторх Eyeline matches (Энэ нь үргэлжилсэн эвлүүлэх системтэй холбогдох кино эвлүүлгийн техник буюу энэ бол үзэгчид дэлгэцэн дээрх дүрийн юу харж байгааг харахыг хүсэх, үүнийг нь үзүүлэх арга) ба POV кадрууд нь үзэгчдийг тодорхой дүрүүд болоод тэдний субъектив туршлагыг тодорхойлоход дэм болдог. Энэ нь дүрүүд ба тэдний харааны обьект хоёрын хооронд засварлан эвлүүлснээр бий болно. Жишээлбэл; Melanie киноны эхлэлд завиар гатлах үед түүнийг болон Mitch хоёрын хооронд камер засварлан эвлүүлдэг. Харилцан яриа гэхээсээ илүүтэй эвлүүлэх, харааны дүрслэлд анхаарах нь Hitchcock-н кинонууддаа голчлон ашигладаг арга барил нь юм.

Уг кино нээлтээ хийснээс хойш хэдэн жилийн дараа зураг авалтын үеэр найруулагч Hitchcock өөртэй нь зүй бусаар харьцах байсан хэмээн жүжигчин Tippi Hedren удаа дараа мэдэгдэв. Tippi нэрт найруулагчийн зүгээс хэдэнтээ бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн шуугиан тарив. Жүжигчид ба кино багийнхан Hitchcock-н тухайн үеийн зан араншинг "киногдоо хэт автсан" байсан гэж тодорхойлсон бол найруулагч гэнэт өөрийг нь тэврэх юмуу биед нь хүрч байсан, энэ бол бэлгийн хүчирхийлэл байсан гэж Tippi хэлж байв. Жүжигчин хүүхэн цааш нь, Hitchcock-н удаа дараагийн "чангаалтыг" эсэргүүцсэн бөгөөд эсэргүүцсэний дараахан, киноны утасны бүхээг рүү шувууд дайрдаг сцэний үеэр нүүрээ шилэнд зүсч шархтсан нь, бас киноны төгсгөлийн хэсэгт механик шувуудыг жинхэнэ шувуудаар сольсноо өөрт нь мэдэгдээгүй зэрэг бол өөрийнх нь хүслийг хүлээж аваагүй найруулагчийн хариу авсан үйлдэл гэж үзэж байгаагаа мэдэгдсэн. Мөн Hitchcock өөртэйн 7 жилийн гэрээ байгуулсан нь зориуд хажуудаа уяж, ажиллах чадамжийг нь хязгаарласан бусармаг явдал гэж мэдэгдсэн. Hitchcock-г нас барах хүртэл эдгээр мэдэгдэл ил гараагүй. Кинонд тоглосон Rod Taylor олон нийтэд энэ талаар ярьж байсан хэдий ч энэ бүхэн хэзээ ч баталгаажаагүй. Кино мастер Andrei Tarkovsky "The Birds" кино шедевр бүтээл гэж нэрлээд кино урлаг дахь хамгийн чухал 77 киноны нэгээр нэрлэсэн.

Америкийн кино хүрээлэнгээс гаргасан Америкийн кино урлагийн түүхэн дэх хамгийн шилдэг триллер кино жагсаалтынхаа 7-р байрт эрэмбэлжээ. Шүүмжлэгч Bosley Crowther "хамгийн зоригтой үзэгчдийн анхаарлыг татахуйц сайн хоррор" гэсэн ч шувууд нь зүйрлэлийн утгатай эсэхэд эргэлзэж байна гээд "Hitchcock-н кинонуудад зүйрлэлт юмуу нийгмийн ач холбогдлыг шингэсэн хэв маяг тохирохгүй, гэхдээ шувууд нь дэлхий дээр муу муухайг тарихыг хүсч байгаа Грекийн домогзүйн Эринийг төлөөлж байж магадгүй" гэсэн байдаг. Харин Англид өрнөдөг үйл явдлыг Америкт болгон өөрчилсөнд эх зохиолч Daphne du Maurier уг кинонд, Hitchcock-д дургүй байсан гэдэг. The Washington Post сонин "Гоёмсог сайн кино. Кинг Конг Empire State Building дээр авиран гардагаас хойш ийм зугаатай кино үзэж байсангүй" гэж бичжээ. The Village Voice сэтгүүл "Daphne du Maurier, Evan Hunter хоёрын уран зохиолын авъяасаас үндэслэн найруулагч Hitchcock кино урлагт томоохон бүтээл туурвилаа" гэжээ. Киног сөргөөр шүүмжлэгчдийн дунд Los Angeles Times сэтгүүл байсан ба жүжигчдийг үзэн яддаг гэсэн Hitchcock-г үгийг өлгөн аваад "нүдэж өгсөн" байдаг. 1960 онд "Psycho", одоо "The Birds", киноны дараа Hitchcock өөрийнхөө жигшил зэвүүцлийг хүн төрөлхтөнд хүргэсэн нь илэрхий боллоо, Hitchcock Гайхашруулахын төлөө хамаг тамираа барсан нь киног муу болголоо гэх мэтээр балбасан байдаг.

  Шүүмжлэгч Brendan Gill: "Энэ кино Hitchcock-нх гэж итгэхэд хэцүү ч гэсэн энэ кинонд түгшүүрийн элемент огт байдаггүй, энэ нь мэдээжээр триллер киноны амин зүрх болсон садизмыг зөвтгөж бас хувьсгадаг. Кинонд садизм хэтэрхий ил, эгдүүцэм байдаг. Харамсалтай бүтэлгүйтэл" гэж бичжээ. Hitchcock-н бусад бүтээлийн нэгэн адилаар цаг хугацаа өнгөрөхийн хэрээр уг кино шүүмжлэгчдийн дунд байр сууриа улам дээшлүүлэн бэхжүүлсэн. Guillermo del Toro, John Carpenter нарын хоррор киноны мастеруудад "The Birds" маш ихээр нөлөөлсөн байдаг. Италийн кино мастер Federico Fellini уг киног өөрийнхөө хамгийн дээдэлдэг 10 киноны тоонд оруулсан бол Японы мастер Akira Kurosawa мөн өөрийнхөө дуртай 100 кино жагсаалтад оруулсан. Кино шүүмжлэгч David Thomson: "Энэ бол Hitchcock-н сүүлчийн өөгүй кино" гэжээ. The Guardian, Bravo, Time зэрэг томоохон сонин сэтгүүлүүд уг киног хамгийн шилдэг хоррор кино гэсэн жагсаалтдаа оруулсан байдаг. Үйл явдал, уур амьсгалыг угсран босгох нь түгшүүр төрүүлэх гол түлхүүр болохыг дахин нэг нотолсон Hitchcock эна кинондоо эгэл шувуудыг аймшгийн кино түүхэн дэх хамгийн хорон, аймшигтай дүрүүдийн нэг болгож чадсан юм. 

Comments