Новшоос новш л үүсдэг

 


La Haine (1995). Францын кино найруулагч Mathieu Kassovitz-н зохиолыг нь бичиж найруулсан нийгмийн триллер. Киноны гол дүрүүдэд: Vincent Cassel, Hubert Kounde, Said Taghmaoui нар тоглосон ба Vincent Cassel-н тоглолтыг магтууштай. Парисын захад орших ядуу цагаачдын хороололд амьдрах гурван найзын өглөөнөөс шөнө хүртэлх нэг өдрийг хроник байдлаар уг кинонд үзүүлдэг. Киноны нэр бол кинонд хэллэгддэг "үзэн ядалт үзэн ядалтыг төрүүлдэг" гэсэн ишлэлээс улбаатай аж. Найруулагч Kassovitz энэ киногоор 1995 онд Канны наадмын шилдэг найруулагчийн шагнал хүртсэн.

Энэ бол Парисын ойролцоо орших ядуусын хороолол, цагаач гаралтай гудамжны хулигаан залуусын эмх замбараагүй, аюултай амьдралыг харуулсан 24 цагийн төсөл бөгөөд найруулагч энэ киногоо хийхээсээ өмнө ердөө ганц л кино хийгээд байсан ч "La Haine" бүтээлээрээ өөрийнхөө боломж, чадамжийг дэлхийд таниулсан. Энэ бол бараг Холливуудад кинонуудад ч ховорхон харагддаг эрч хүчтэй, сэтгэл хөдөлгөм триллер буюу илүү бодитой маягаар хийгдсэн нь ингэж хэлэгдэх шалтгаан болж байна. Дүрүүдийн цөхрөл, адгасан уур хилэнг камерын чөлөөтэй хэв маягтай бүтээлчээр хослуулсан энэхүү кино нь тун чухал, үзүүштэй кино болж, Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 550-р байрт жагсаагаад байна. Харин Empire сэтгүүлээс гаргасан дэлхийн шилдэг 100 кино жагсаалтын 32-р байрт бичигдсэн. Энэхүү бүтээлийг кино хийж байх үед амь насаа алдсан хүмүүст зориулсан ба гал шиг дүрэлзэн асах уг киноны үйл явдлыг товчхон өгүүлсү.

Парисын ойролцоо орших нэгэн хороололд болсон үймээн самууныг харуулсан мэдээний бичлэгээр "Үзэн ядалт" эхэлдэг. Үймээн самууны дараа Abdel гэгч залуу цагдаа нарын гарт бэртэж, улмаар эрчимт эмчилгээнд оржээ. Үймээний гал газар авч, галзуурсан залуус хотын цагдаагийн газрыг бүсэлж, энэ үеэр нэгэн цагдаа гар буугаа гээчихнэ. Энэ кинонд бид Abdel-н гал хамууд болох цагаач гэр бүлээс гаралтай гурван залуутай танилцаж, тэдний нэг өдрийн амьдралыг даган бэдрэх болно. Ингээд гурван залуутай танилцая; түрэмгий зантай, еврей Vinz цаг үргэлж Abdel-н өшөөг цагдаа нараас авах талаар үглэн хараал тавих ба тэрээр угаалгынхаа өрөөний толинд "Taxi Driver" киноны Travis Bickle-г нууцаар дуурайн зүггүйтэх. Афро-Франц боксчин Hubert бол хар тамхины жижиг гарын наймаачин агаад хоригдохоос зайлсхийхийг цаг тутам бодох тул цагдаа нартай оролцдохыг хүсэхгүй. Харамсалтай нь, түүний боксын заал үймээний хөлд балгас болжээ. Сүүлчээр баатар бол Хойд Африкийн мусульман Said бөгөөд тэр байнга маргалдах Hubert, Vinz хоёрын дунд зуучлагч аятай явах нь элбэг.

Гурван андын өдөр тутмын амьдралд тодорхой зорилго чиглэл байхгүй ч ерөнхийдөө л цагдаагийн хараан дор байна. Байшингийн дээвэр дээр болсон нэгэн үдэшлэг дээр Vinz энгийн хувцастай цагдаатай ам мурийна. Энэ явдлын дараа Vinz үймээний үед алга болсон гар бууг олоод өөртөө хадгалж байгаагаа хамууддаа хэлнэ. Vinz хэрвээ Abdel үхвэл энэ буугаар цагдаа нараас өшөө авах бодолтой байгаагаа хэлтэл Hubert хатуу эсэргүүцэж маргаан дэгддэг ч Vinz бууг биедээ нууцаар авч явдаг. Тэгээд тэд Abdel-г эргэхээр эмнэлэгт очтол цагдаа нар оруулахгүй; бөөн шуугиан, хэрүүл болж, Said-г баривчлах ба түүний ахыг нь таньдаг цагдаа азаар таарч түүнийг сулладаг. Энэ хооронд, Vinz, Hubert хоёрын дунд цагдаа болон хүчирхийллийн талаарх үзэл санаа нь зөрчилдөж, тэд түр зуур салж явцгаана. Харин Said Vinz-г дагалдаж, Hubert хэсэгхэн гэртээ харина. Шадар гурван цэрэг мөань удсангүй өөр нэг хороололд эргэн нэгдэх бөгөөд энэ үед Abdel-н ах дүүгийнхээ өшөөг авахаар оролдсоноор цагдаа нар ба залуусын дунд дахиад мөргөлдөөн үүснэ. Vinz золтой л нэг цагдааг буудчихгүй.

Манай гурвал Парис орох галт тэргэнд сууж, замын турш найрсаг хийгээд дайсагнасан янз бүрийн Парисын иргэдтэй таарч явдаг. Жишээлбэл, ариун цэврийн өрөөнд тэд гулагаас амьд үлдсэн Польш өвгөний найзынхаа хөлдөж үхсэн түүхийг ярихыг сонсоод мэл гайхаж цэл хөхөрнө. Дараа нь, тэд Said-д өртэй хар тамхичны баян гэрт ороод Vinz түргэн аашнаасаа болж золтой л хүн буудчихгүй өнгөрөх бөгөөд мансуурсан хар тамхичны балайрлыг жинхэнэ гэж итгэн балрах дөхдөг. Тэндээс гартал тэднийг энгийн хувцастай цагдаа баривчилна. Vinz зугтааж чадах бол Hubert, Said хоёрыг садист цагдаа нар шөнө болтол гөвшдөг. Эл азгүй явдлаас болж манай баатрууд галт тэрэгнээсээ хоцорч, гудамжинд хонохоос өөр аргагүй болно. Нэгэн уран зургийн галерейд орж жаал идэж ууж авсныхаа дараа хөөгдсөн тэд худалдааны төвд хоргодож байхдаа зурагтаар Abdel нас барсан болохыг олж мэднэ. Тэдний гашуудал гүн, хорсол хэмжээгүй байлаа.
Ингэж явж байгаад дайсагнадаг хулигаануудтайгаа тааралдан зодолдож байтал Vinz буугаа гаргаж ирээд эсрэг талынхаа толгойлогчийг барьцаалан зугтах боломжийг олно. Hubert эртний өшөөтнөө барьсных хөнөөчих гэж Vinz-д хэлэхэд Vinz зүрх нь хүрэхгүй тавиад явуулчихна. Өглөө боллоо, тэд гэртээ харьж иртэл замд нь киноны эхэнд байшингийн дээвэр дээр тэдэнтэй муудалцсан цагдаа нар хүрч ирээд шууд буу тулгана; цагдаа нар тоглоом шоглоом болгож байгаад гох алдан Vinz-г буудаад алчихна. Vinz үхэхээсээ өмнө буугаа Hubert-д өгсөн байсан ба Hubert найзыг нь буудсан цагдаа дээр явж очно, Said нүдээ анив, зөвхөн буун дуу л бидэнд дуулдаж, хэн буудаж, хэн үхсэн нь тодорхойгүй үлдэнэ. Энэ бол нурж унаж буй нийгмийн тухай кино юм. Энэ бол Францын нийгмийн дайсагналцал эцэстээ утгагүй хүчирхийлэл болон хувирч байгааг хэдхэн дүрээр буюу бичил маягаар дүрсэлсэн кино юм. Барууны ертөнц, ялангуяа хөгшин Европ гаднаа үзэмжтэй харагддаг боловч үнэндээ сайн бус, сайхан ирээдүй төсөөлөх боломжгүй болж байгааг харуулжээ. Цагаачлал хүн амзүйг нь булингартуулж, эрх чөлөө, хүний эрх нэрийдлээр харгислан дарангуйлсан либерал идеалогийн хүйтэн саварт хөгшин Европ мөхөж байна.

Найруулагч Kassovitz-н хэлснээр 1993 онд Заир гаралтай Makome M'Bowole гэгч цагдаа нарт буудуулж үхсэн явдал түүнд ийм кино хийх сэдэл өгчээ. Цагдаа Заир залууг санамсаргүйгээр, манай кино дээрх гардаг шиг сүрдүүлж байгаад гохоо дарчихсан гэж мэдүүлсэн байдаг аж. Kassovitz мөн 1986 онд олон нийтийг хамарсан жагсаалын дараа цагдаад зодуулж амиа алдсан 22 настай байсан Malik Oussekine гэгч оюутны (энэ залуу үнэндээ жагсаалд оролцоогүй) хэрэг дээрээс сэдэвлэн кино зохиолоо бичжээ. Энэ оюутны үхлийн тухай киноны эхлэл бичлэгт дурддаг. Найруулагч Kassovitz өөрийнхөө туршлагыг ч кинондоо оруулж өгсөн; тэрээр үймээн самуунд оролцож явснаас гадна кинондоо жижиг дүр бүтээж амжсан билээ. Киноны зураг авалтын ихэнхийг Парисын захын хороолол Шантелуп-лес Вигнес гэдэг газарт хийсэн бөгөөд үймээн самууны бичлэг нь 1986-1995 онуудад хамаарах бодит бичлэгүүдийг ашигласан ба киноны зураг авалт хийгдэж байхад гудамжинд үймээн самуун өрнөсөөр байв. Тухайн газар хороололдоо зураг авахын тулд Kassovitz жүжигчид болон продакшны багийн хамт гурван сар тэнд нүүж очин амьдарсан байдаг. Киноны сэдэв маргаан дагуулсан тул Францын орон нутгийн дарга албан тушаалтнууд нутаг дэвсгэр дээрээ зураг авалт хийхийг зөвшөөрөхгүй саадууд гарч ирж байлаа.

Кинонд тоглосон зарим хүмүүс мэргэжлийн бус байснаас гадна бодит үйл явдлаас сэдэвлэсэн олон явдлыг кинонд ашигласан буй. Киноны хөгжмийг Францын хардкор реп хамтлаг "Assassin" хийсэн. Уг хамтлагийн гишүүн Mathias "Rockin Squat" Crochon нь жүжигчин Vincent Cassel-н ах болой. "La Haine" Францад болон олон улсад үнэлэгдэн сайшаагдсан ба Канны наадмын үзвэрээр үзэгчид босон алга ташсан байдаг. Эрч хүчээр зодсон, туйлын ач холбогдолтой уг кино бол 1990-ээд оны Парисын нийгэм, эдийн засгийн нуралтыг тууштайгаар үзүүлсэн бөгөөд Los Angeles Time "шинэлэг, амин чухал, сэтгэл татам" гэсэн байхад The Times "орчин үеийн хотын амьдралыг хамгийн үр дүнтэй үзүүлсэн киноны нэг" гэжээ. Кино Францад алдартай болсны дараа тухайн үеийн Францын ерөнхий сайд Alain Juppe уг киног засгийн газрын гишүүддээ үзүүлэхийг үүрэгдэж байжээ. Бодит байдлыг бидэнд ойлгуулж чадах гайхалтай сайхан кино гэж Alain Juppe хэлсэн байдаг. 

Comments