Сүүдэрт зогсогч

 


The Third Man (1949). Английн нэрт кино найруулагч Carol Reed-н найруулж, Англи зохиолч Graham Greene-н зохиолыг нь бичсэн нуар жанрын кино. Гол дүрүүдэд: Joseph Cotten, Alida Valli, Orson Welles, Trevor Howard нарын шилдэгүүд тоглосон. Кинонд дэлхийн 2-р дайны дараах холбоотнуудад эзлэгдсэн Венад найзынхаа урилгаар ирсэн зохиолч залуугийн хайр дурлал хийгээд хүн амины гэмт хэрэгт татагдан орж байгаа онц сонирхолтой түүхийг өгүүлдэг. Уг нуарыг юу онцгой болгодог вэ гэвэл кинонд зураглаачаар ажилласан Австралийн зураглаач Robert Krasker-н экспрессионист нөлөөнд автсан хар-цагаан зураглал, мөн хурц гэрэлтүүлэгтэй голланд өнцгөөс авсан кадрууд ба Вена хотын сүйрч хоосорсон газруудыг сайхь техникээр өвсан нь Хүйтэн дайны эхэн үеийн ядарч цуцсан, зэврүүн сэтгэгдлийг эрхгүй төрүүлж өгнө. Киноны хөгжмийг Австрийн хөгжмийн зохиолч Anton Karas бичсэн бөгөөд киноныхоо нэртэй ижил хөгжим нь олон улсад хит болж, хэний ч таньдаггүй байсан Австрийн хөгжимчин од болж тодорсон байдаг.

  Уг киноны атмосферик зураглал, жүжигчдийн гүйцэтгэл, хөгжмийн зохиолыг шүүмжлэгчид өндрөөр үнэлж, бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны тоонд оруулсаар ирсэн. 1999 онд Их Британийн кино хүрээлэнгээс эл бүтээлийг бүх цаг үеийн хамгийн шилдэг Их Британи киногоор нэрлэсэн бол Time Out сэтгүүл харин Их Британийн хамгийн шилдэг хоёрдугаар киногоор нэрлэжээ. Харин Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 54-р байрт эрэмбэлээд байна. Их Британиас төрсөн хамгийн аугаа кино урлаачдын нэг Carol Reed бол замналаа жүжигчнээр эхлүүлсэн ч нөр хөдөлмөрийнхөө үр дүнд алдартай кино зохиолч, найруулагч болсон юм. Түүний үнэмлэхүй шедевр бол маргаангүй "The Third Man" мөнөөс гадна энэ кинонд зориулсан музей Австрид байдгаас харахад энэ нь тус улсын соёлд томоохон байр суурь эзэлдэг нь илэрхий аж. Хөгжилтэй, онц сонирхолтой, бүхэлдээ өө сэвгүй учраас өнөөдөр ч үзсэн шинээрээ мэт байдаг уг киноны үйл явдлыг товчхон хүргэе.

Хямдхан гэмт хэрэгт төрлийн зохиолч Martin багын найз Harry-нхаа урилгаар холбоотнуудад эзлэгдсэн Венагийн Британийн хэсэгт ирж буйгаар кино маань эхэлдэг. Гэтэл Martin-д найз нь ирэхээс нь өмнөхөн зам хөндлөн гарч байгаад машинд дайруулж үхсэн гэсэн мэдээ угтана. Harry-г оршуулах ёслол дээр Martin Болон цэргийн цагдаагийн хоёр офицертой танилцана; тэд бол түрүүч Paine, хошууч Galloway нар бөлгөө. Энэ явдлын дараа Martin-г нэгэн номын клубт лекц уншихыг урина. Удалгүй тэрээр Harry-н найз Kurtz гэгчтэй танилцах агаад Kurtz түүнд, Harry-н өөр нэг найз болох Popescu гэгчийн хамтаар Harry-г амьсгал хураах мөчид дэргэд нь байж, Harry үхэхдээ тэдэнд Martin-г болоод өөрийнхөө найз хүүхэн болох жүжигчин Anna хоёрыг харж хандахыг захисан хэмээнэ. Ингээд Martin Anna-тай танилцаж, Harry-г осолд орж үхэх үед тэр хавьд амьдардаг эсхүл байсан гэрчүүдээс Harry-г үхсний дараа хэдэн хүн авч явсан, юм хум ярьсан уу гэх зэргээр асууж лавлатал гэрчүүд янз янзаар хариулах нь тэдэнд сэжигтэй санагдана. Harry-н байрны манаач Martin-д цогцсыг гурван хүн авч явсан хэмээдэг.

Илүү ихийг шан харамжаар ярьж өгч болно гэж байсан манаач маргааш нь алагдсан олддог. Martin хошууч Galloway дээр очоод хэргийг дахин шалгахыг шаардахад хошууч түүнд багын найз нь цэргийн эмнэлэгээс пенициллин хулгайлж, түүнийгээ шингэлээд дараа нь хар зах дээр үнэтэй зардаг ба үүнээс нь болж олон хүн үхсэн гэж хэлнэ. Ийм юм сонссон Martin мөрдөн байцаалтыг зогсоохыг зөвшөөрч, өөрөө Америктаа буцахаар шийддэг. Багагүй балгасан Martin Anna дээр очоод сэтгэлээ уудлах ба нэгэн эрэгтэй гудамжаар алхан Anna-нх руу орох гэтэл Martin-г цонхон дээр зогсож байгааг хараад зайлан одчихов. Халамцуу Martin хүүхнийхээс гараад явж байтал Anna-н муур гудамжны буланд нэг хүнтэй байгааг харж гайхан байтал гэнэт эсрэг байшингаас гэрэл тусахад буланд байгаа хүний царай зуравсхан харагдаад өнгөрөх бөгөөд энэ хүн аль хэдийнээ үхсэн Harry байх нь тэр!... Энэ явдал агшин зуурт болоод өнгөрч, Martin ухаарч амжаагүй байтал Harry алга болсон байна. Martin хошуучийг дуудаж, хошууч тэр хавийг сайтах шалгаж үзээд Harry хотын бохирын хоолойгоор дамжин Зөвлөлтийн хэсэг руу зугтсан гэсэн дүгнэлтэд хүрнэ. Британийн цагдаа нар булшыг ухаж авсыг гаргаж ирэхэд авсанд Harry бус харин түүний туслахын цогцос байх нь тэр!...

  Британийн цагдаа нар Anna-н пасспортод асуудал байгааг олж мэдээд Чех хүүхнийг Зөвлөлтийн хэсэгт шилжүүлэхээр болно. Martin Kurtz дээр давхиж очоод Harry-тай уулзлуулахыг шаардаад Harry-г алсын харагч дээр хүлээж байх болно гэдгээ хэлдэг. Harry түүн дээр эрүүл саруул, цовоо золбоотойгоор хүрч ирээд хотын эмх цэгцтэй байдал, ядуу зүдүү нөхцлийг ашиглаж хэдэн цаас хийсэн, үүнд буруу юм байхгүй гэж увайгүйгээр хэлээд зогсохгүй Anna араас нь яршиг түвэг удан чаргууцалдаад байсны учраас Зөвлөлтийнхөнд худалдчихсан гэж хээв нэг бурна. Harry явахаасаа өмнө Martin-г тойруугаар заналхийлж, найз хүүхэнд минь сэтгэл алдарсан хэмээн шоолж амждаг. Galloway багынхаа найзыг барихад туслаач хэмээн Martin-аас хүсэх бөгөөд зохиолч маань зөвшөөрөхдөө хэрэв Anna-г Зөвлөлтийнхөнд өгөхгүй гэвэл би тусалъя гэдэг. Британий тал Anna-г Парис руу явуулахаар тохиролцдог; гэтэл хүүхэн галт тэрэгний өртөөн дээр Martin байгааг олж хараад явж очиж уулзах агаад Martin Harry-г барихад туслах болсноо хүүхэнд хэлтэл хүүхэн Harry-д анхааруулга өгөхөөр Венад үлдчихнэ.

  Үүнд нь Martin ихээхэн бухимдаж, Венаг чөтгөр шуламд нь даатгаад буцах гэтэл Хошууч Harry-н хэрхэн хүүхдүүдийн аминд хүрч байсан тухай хэлэн ятгасаар үлдээж чаддаг. Нөгөө талд Harry-д зугтаахыг Anna хэлж амждаг. Harry бохирын хоолой руу орчих ба цагдаа нар болон Martin араас нь дагаж ордог. Harry түрүүчийг буудаж алаад өөрөө шархддаг. Бөөн хөөцөлдөөн болсны эцэст Martin Harry руу буу чиглүүлэн зогсож байна, зугтаах ямар ч боломжгүй болсон Harry багынхаа найз руу толгой дохиход Martin түүнийг буудаж хөнөөнө. Martin багынхаа найзын хоёр дахь оршуулгын ёслолд оролцсоныхоо дараа Anna-тай ярилцахаар замыг нь тосон хүлээнэ, харин хүүхэн түүн рүү харалгүйгээр дэргэдүүр нь явж өнгөрдөг. Зохиолч Graham Greene кино зохиолоо бичихээсээ өмнө зохиолынхоо уур амьсгал, дүр төрх, сэтгэл санааны байдлыг боловсруулахдаа кино зохиолоо давхар тууж болгон зохиомжилжээ. Тэрээр туужаа олон нийтэд хэзээ ч уншуулахгүй гэж бодож байсан ч хожим нь кинотойгоо адилхан нэртэйгээр хэвлэн нийтлүүлжээ. Тууж нь түрүүч Galloway-н өнцгөөс нэгдүгээр биеэс хүүрнэдэг аж.

1948 онд Graham Английн жүжигчин Elizabeth Montagu гэгчтэй Венад уулзсан ба жүжигчин бүсгүй түүнд хот, бохирын шугам, нэр муутай шөнийн клубуудыг үзүүлэн танилцуулсанаас гадна тэрээр Graham-г Time сонины Европ дахь сурвалжлагчтай танилцуулж, сурвалжлагч Graham-д Венагийн хар захын үүх түүхийг ярьж өгсөн байна. Киноны зураг авалтын үеэр продюсер David O. Selznick, найруулагч Reed хоёрын хооронд киноны төгсгөлийн сцэнээс болж маргаан үүсчээ. Selznick туужийн итгэл найдвар төрүүлсэн төгсгөл бүхий Martin, Anna хоёрыг хөтлөлцөн алхаж байгаагаар киног төгсгөхийг хүссэн бол найруулагч иймэрхүү хуурамч аз жаргалтай төгсгөлийн эсрэг зогссон аж. Graham хожим хэлэхдээ: "Reed бид хоёрын дунд цөөхөн ч том санал зөрөлдөөн байсны нэг нь киноны төгсгөлтэй холбоотой байлаа, гэхдээ түүний зөв байсан нь одоо тодорхой байна" гэсэн байдаг. Олон жилийн турш уг киног Carol Reed биш Orson Welles найруулсан гэсэн яриа, таамаг явж ирсэн  бөгөөд судлаач Jonathan Rosenbaum "Discovering Orson Welles" гэдэг номондоо дээрх ойлголтыг "түгээмэл ташаа ойлголт" гээд хэдийгээр "The Third Man" кинонд Orson Welles-н дуртай сэдэв болох эрчүүдийн нөхөрлөлийн урвалт гэсэн сэдэв, "Citizen Kane" кинотой хамаатай тодорхой идеа байдаг ч энэ бол Welles-н кино биш гэж бичжээ.

Тэрээр мөн энэхүү кинонд Welles найруулагчийн хувиар огт оролцоогүй; түүний үндсэн зураглал, эвлүүлэг, хөгжим, утга санаа байдаггүй, гэхдээ домог амь бөхтэй байж, зарим хүмүүс үүнийг Welles-н кино гэж итгэсээр байдаг гэж бичжээ. Welles өөрөө 1958 онд өгсөн нэгэн ярилцлагадаа гал дээр тос нэмсэн буюу тэрээр Harry дүрээ бүхэлд нь өөрөө бичсэн гэж хэлжээ. Гэвч дараа нь тэрээр 1967 онд найруулагч Peter Bogdanovich-той ярилцахдаа: "Reed-н кино байсан, миний оролцоо маш бага, зарим харилцан яриануудад л санаа оноогоо оруулсан" гэж үнэнээ хэлсэн байдаг. Энэхүү кино нь дэлхийн 2-р дайны дараах Венад өрнөх учир цаг үе, орчиндоо зохицсон нарийн зохион байгуулалттай вальс хөгжим шаардаж байсан ч найруулагч Reed өөр бодолтой байв. Венад нэгэн үдэш Reed дарсны цэцэрлэгт байхдаа Anton Karas-н ятга хөгжмийг сонсоод биширсэн ба ингэж Karas уг киноны хөгжмийг бичсэн. "Энэ ямар төрлийн хөгжим бэ, гунигтай эсхүл хөгжөөнтэй, догшин юмуу таагүй эсэхээс үл хамааран алинд нь ч хамаатуулахад хэцүү байх болно. Гэвч үүний сэтгэл татам эгшгийн дор камер тоглож эхэлдэг. Үл үзэгдэх ятгачин, Хомерийн туульч лир хөгжмөөрөө тоглох лугаа адил" хэмээн William Whitebait бичсэн буй. Reed Karas-г Лондонд авчран, 6 долоо хоногийн турш хамтран ажилласан ба Reed Австрийн хөгжимчинг энэ бүх хугацаанд гэртээ байлгажээ.

  Нэрт шүүмжлэгч Roger Ebert: "Хөгжим нь кинотойгоо төгс найрссан өөр кино "Carol Reed-н энэхүү киноноос өөр байгаа гэж үү?" гэж уулга алдсан байдаг. Шүүмжлэгч маань 1962 онд Парист уг киног анх үзэж, Welles гэнэт гарч ирэхэд төөрөлдөж гүйцсэнээ, эл бүтээлийг өөрийнхөө үзсэн хамгийн романтик киноны нэгээр нэрлэсэн байдгаа бахтайгаар бичсэн байдаг. Өөр нэг нэртэй шүүмжлэгч Gene Siskel уг киног "дэлхийн 2-р дайнаар эвдэрч сүйрсэн орчныг тодотгохдоо дүрүүдийнхээ хохирсон түүхийг зэрэгцүүлэн үзүүлж болдогийн сонгодог жишээ" гэж онцолсон. Австрид анх уг киног "логик-гүй" хэмээн шүүмжлэгчид байхад хотын ядуу, аюултай, дайны дараах ёс суртахуунгүй байдлын уур амьсгалыг төгс үзүүлсэн гэж сайшаагсад ч бас байсан. Судлаач William Cook 2006 онд Венагийн "The Third Man" киноны музейд зочилсныхоо дараа: "Их Британид энэ кино бол нөхөрлөл ба урвалтын тухай триллер бол Венад бол Австри улс өнгөрсөнтэйгөө харилцах түвэгтэй асуудлыг харуулсан эмгэнэлт кино юм" гэсэн.

Тухайн цаг үед зарим шүүмжлэгчид киноны камерын голланд өнцгийг шүүмжилсэн байдаг ба The Observer сэтгүүлд найруулагчийн техникийг; шалнаас диагональ налуутай, ойрын зураглалыг холбоогүй муруйлган сцэнийг хазайлгаж авах найруулагчийн зуршил хамгийн яршигтай, анхаарал сарниулам гэжээ. Reed-н найз, нэрт кино найруулагч William Wyler захидалдаа: "найзаа, дараагийн удаа кино хийхдээ, камераа зүгээр л дээр нь тавьчих, тэгэх үү?" гэжээ. Кино Америк, Их Британид ихэнхдээ сайн шүүмжлэл сонссон ба ухаалаг эргэлт, жүжигчдийн төгс тоглолт хийгээд бузар мууг хошигнолтой, энгийн зүйлсийг жигтэй байдалтай чадварлагаар хольсон чанарыг магтаж, Alfred Hitchcock-н зарим кинотой харьцуулсан байдаг. Энэ бол чөтгөрийн хошигнол шиг, ёрын муу харанхуйд бадамлаад унтрах нэгэн төрлийн зугаацал юм. Сонирхуулахад, Их Британийн коммунист Daily Worker сонин уг киног Зөвлөлтийн эрх баригчдыг аль болох харгис, хүнлэг бусаар харуулахыг оролдсон кино гэж шүүмжилжээ. 

Comments