The Woman in the Window (1944). Австри - Америкийн нэрт кино найруулагч Fritz Lang-н нуар жанрын бүтээл. Уг кинонд, дунд эргэм насны сэтгэл судлалын профессор гэр бүлийнхнийгээ эзгүйд нэгэн үзэсгэлэнтэй залуухан хүүхэнтэй танилцаж, улмаар хүн амины хэрэгтэн болж байгаа тухай онц сонирхолтойгоор өгүүлнэ. Гол дүрүүдэд; Edward G. Robinson, Joan Bennett, Raymond Massey, Dan Duryea зэрэг жүжигчид тоглосон. Уг киног Америкийн зохиолч J. H. Wallis-н 1942 онд бичсэн "Once Off Guard" романаас сэдэвлэн нэрт кино зохиолч Nunnally Johnson дэлгэцнээ хөрвүүлжээ. Nunnally Johnson 1940 онд алдарт "The Grapes of Wrath" киноны зохиолыг бичиж алдаршаад байсан нь уг төсөлд уригдах үндсэн шалтгаан болжээ. Нуар кино, нуар жанр гэсэн нэр томьёо нь "The Woman in the Window" киноноос гарал үүсэлтэй гэж зарим судлаачид үздэг. Найруулагч Lang-н 1945 оны "Scarlet Street" кинонд мөн Edward G. Robinson болон Joan Bennett хоёр гол дүрүүд бүтээдэг буюу тэр кинонд Robinson ганцаардсан дунд эргэм насны эрд, Joan гэмт хэрэгтний дүрд тоглодог ажээ. Дурдсан сайхь кинонуудын зураглаачаар Milton R. Krasner ажиллажээ. Уг киног онлайн энтертайнмэнт сэтгүүл Paste бүх цаг үеийн хамгийн шилдэг нуар киногоор нэрлэсэн буй. Ингээд киноны үйл явдлыг товчхон өгүүлсү.
Коллежийн профессор Richard эхнэр болон хоёр хүүхдээ амралтанд явуулчихаад найзуудтайгаа хамт суун элдвийг ярилцангаа ганц нэг хундага виски уухаар клуб зорино. Тэрээр клубын хажуудах байранд хараа булаам залуухан, үзэсгэлэнтэй хүүхний хөрөг зургийг хараад бишрэх бөгөөд найзуудтайгаа сайхь зургийг болоод зураг дээрх хүүхнийг шагшин магтацгаана. Цаг оройтож, найзууд нь явсан ч Richard клубт үлдээд илүү нэг хундага татангаа "Соломоны дуулал" номыг уншиж байгаад дуг хийчих агаад түүнийг үйлчлэгч сэрээнэ. Профессор гарч яваад өнөөх шилэн хоргоны цаадах үзэсгэлэнтэй хөргийг дахин нэг хармаар санагдаж, яг харж байтал хөрөг зураг дээрх хүүхэн амилаад ирэв үү гэлтэй юм болж харанхуйгаас өөрийгөө Alice гэж танилцуулсан хүүхэн түүнд хүрч очоод хамт юм ууя, хань болооч хэмээн гуйна. Richard зөвшөөрөх ба тэд Alice-н гэрт явж очоод дөнгөж ууж эхэлж байтал гэнэт хаалгаар нэгэн том биетэй нөхөр дайрч орж ирээд юу юугүй Richard-г зодож эхэлнэ. Хариугүй алуулдгийн даваан дээр Alice профессорт хайч атгуулснаар Richard том биетэй эрийг хайчаар сүлбээд алчихна.
Одоо үхдэл болсон том биет бол Alice-н амраг ба танилцаад удаагүй байсан, өөрийгөө Howard гэж нэрлэдэг байсан хэмээн хүүхэн ярих нь үнэнээ хэлж байх шир профессорт санагдана. Хэдий энэ аргагүй хамгаалалт байсан ч Alice, Richard хоёр аллагыг нуун дарагдуулахыг хүсч, хамтрахаар болж, тэр шөнө дөө Richard цогцсыг хотын захад аваачин хаядаг. Бороотой ёрын шөнө Richard олон ул мөр үлдээхийн дээр хэд хэдэн хүний нүдэнд өртчихнө. Маргааш клубт, Richard-н найз болох дүүргийн прокурор Frank мөрдөн байцаалтын талаар гаргууд мэдлэгтэн ба хэргийг дэндүү сонирхоод байсан профессор найзыгаа хэргийн газарт хамт очиж үзэхийг урих буюу мэдээж түүнийг огт сэжиглээгүй болно. Хэргийн газарт очсон Richard ухаан самууран буруу зөрүү ярин алдаа гаргадаг боловч хэн л тохитой томоотой профессорыг алуурчин гэж сэжиглэх билээ. Цагдаа нар баримт цуглуулж, бидний мэдэх Howard үнэндээ Mazard гэдэг баян этгээд болох нь тодорно. Энэ зуурт, Mazard-г дагахаар хөлслөгдөөд байсан экс цагдаа, одоо бол гэмт хэрэгтэн Heidt гэгч этгээд Alice-г мөнгө өгөхгүй бол Mazard-г алсан гэдгийг чинь цагдаад хэлнэ шүү гэж сүрдүүлнэ.
Richard, Alice хоёр уг нь дахиж уулзахгүй гэж тохироод байсан ч сайхь сүрдүүлгээс болж дахин уулзах ба Richard самгардсан хүүхэнд шантаажчинтай тэмцэх хамгийн сайн арга бол шантаажчинг хөнөөх гэж хэлдэг. Richard эмч найзаасаа нойрны эмийн жор аваад жороо үзүүлээд нойрны эм аптекаас авч хүүхэнд өгнө; Alice эмийг Heidt-н уух юманд хийх ёстой болно. Шантаажчин мөнгөө авахаар ирэхэд Alice архинд нь эм ээ хийсэн ч хашир шантаажчин үүнийг нь мэдээд хүүхнийг сүрдүүлэн байж мөнгөө аваад зогсохгүй удахгүй дахин ирж мөнгө авна гэдгээ мэдэгддэг. Alice төлөвлөгөө нурсан тухайгаа утсаар Richard-д хэлэх бөгөөд цөхөрсөн профессор үлдсэн нойрны эм ээ ууж амиа хорлохоор шийддэг. Тэднийг утсаар яриад дөнгөж дуустал гадаа буун дуу гарна; энэ бол Heidt үхсэн хэрэг буюу гудманд цагдаад буудуулж үхсэн нь бөгөөд цагдаа нар Heidt-н биедээ авч явсан мөнгө хийгээд Alice-аас булаасан зарим зүйлсийг хараад түүнийг Mazard-н алуурчин гэж үздэг. Энэ бүхнийг харсан Alice бушуухан Richard руу залгасан боловч профессор маань утсаа авах сэхээгүй, сандал дээрээ үхэж байлаа. Кадр өөрчлөгдөхөд профессор маань кино эхэлж байсан үедээ ирэх буюу Richard клубт "Соломоны дуулал" номоо уншиж байгаад унтаад сэрсэн нь энэ байлаа. Дээрх бүхэн киноны маань гол дүрийн зүүд байжээ. Кино ингэж төгсдөг.
Кино нээлтээ хийхэд Variety сэтгүүл кино зохиолыг бичсэн Nunnally Johnson-н ажлыг магтсаны дээр найруулагч Lang-н мэдрэмжтэй найруулга, нийт жүжигчдийн тоглолтыг сайшаасан. Энэ бол үзэгчдийн сонирхлыг хором ч унагахгүй, түгшүүртэй, хүчирхэг мелодрам юм. "Харанхуйн мастер" гэгддэг Fritz Lang-н "The Woman in the Window" бол түүний Холливуудад бүтээсэн цөөхөн орлого сайн олсон киноны нэгээс гадна Германыг орхин гарснаас нь хойш хамгийн чухал кино байж магадгүй юм. Австрийн цагаач найруулагч уг киногоороо нуар жанрыг бий болоход үнэтэй хувь нэмэр оруулсан боловч хачирхалтай нь, киноны эмэгтэй гол дүрийг фемме фатал гэж барагтаа тодорхойлдоггүй. 1944 онд найруулагч Lang Холливуудаас гарсан хамгийн зоригтой анти-фашист мэдэгдлүүдийн нэг "Ministry of Fear" киногоо мөн хийсэн байдаг; тэр жил найруулагчийн төрсөн нутаг фашистуудад сүйрч байсан ч уран бүтээлчийн хувьд замналынх нь онцгой жил байв. Киног сэтгэл судлалын профессор Richard лекцээрээ нээдэг; профессор Библийн хүн алж болохгүй гэсэн сургааль хэрхэн орчин цагийн хууль эрх зүйтэй холбогдох талаар ярьж байгаа нь анхнаасаа шууд үзэгчдэд хандсан шийдэл ба учир нь лекцэнд сууж байгаа оюутнууд барагалж харагддаггүй билээ.
Биеэ хамгаалан, аргагүй хүн хөнөөх тухай ярианы дундуур найруулагч зориуд тасалдуулдаг ба хуулийн хувьд ч, ёс суртахууны хувьд ч хүний амийг хороох нь хороогчийн амьдралыг сүйрүүлэх нь гарцаагүй гэсэн санаа энд бий. Ихэнх шүүмжлэгчид киноны төгсгөлийн эргэлтийг "бултсан" эсхүл дордуулсан хэмээн сөргөөр шүүмжилдэг; надад төгсгөл профессорын үхлээр төгссөн бол илүү үнэмшилтэй байх байсан санагддаг ч эх төгсгөл киногоо лав дордуулсан санагдаагүй. Төгсгөлийн эргэлтийн энэхүү шийдлийг Холливуудын цензурын албаны хөндлөнгийн оролцоо гэж үзэгсэд байдаг ч 1940-өөд онд цензурын хязгаарлалт хамаагүй зөөлөрч эхэлсэн тул үүнийг үндэслэлгүй гэж үзэх явдал ч байдаг. Харин найруулагч Lang сайхь шийдлээ цэвэр өөрийнхөө санаа байсан гэж мэдэгдсэн байдаг аж. Хамгийн гол нь киноны төгсгөлийн эргэлт киногоо сүйтгэхгүй юм. Нягт нямбай тохируулга, төсөөллийн боломжууд, төгс бүтэц нь киног алдаагүй төгсгөлтэй болгоно. Lang уг бүтээлээ өөрийнхөө хийсэн хамгийн дуртай киноны нэгээр нэрлэж, ер нь өөрийнхөө кинонуудыг "Хувь тавилангийн эсрэг хийх хувь хүний тэмцэл" гэж тодорхойлжээ. Энэ утгаараа найруулагч маань төгсгөлийн "булталтыг" хувь тавиланг бий болгож буй нийгмийн бүтцийг үгүйсгэх арга гэжээ. Киноны дүрүүд нийгмийн бүтцээс зугтааж байгаа нь үзэгчдийг шийдэмгий байж хувь тавилангийнхаа эзэн байгаасай гэж хүссэнийх болой.
Киноны ихэнх хэсэг хэдхэн орон байр дотор өрнөдөг бөгөөд профессор эр хүний хувьд энэ орон зайд Alice-аас илүүтэй эрх чөлөөтэй байдаг; киноны ертөнц барагалж бүхэлдээ зүүд шиг лугаа байдаг. Аллага болсон шөнө ганцхан удаагийнх мэт, гол хоёр дүр маань ганган, орон байр нь ч тансаг, зураг шиг байдаг. Alice-тэй сцэн бараг үргэлж гэр дотор, тэгээд үргэлж болзоонд явах гэж байгаа юм шиг ганган дэгжин байдаг нь ямар учиртай вэ?; тэр бол 20-р зууны дунд үеийн жишиг (миогинист) болсон хослол өмссөн эрчүүдийг өөртөө татахын тулд хүлцэнгүй, дориун зантайгаа нийцүүхүйц үзэсгэлэнтэй эмэгтэй болой. Alice-н дүрд тоглосон Joan Bennett энэ кинонд үнэхээр мөрөөдлийн мэт үзэсгэлэнтэй харагддаг. Кино салбарынхан Fritz Lang-г түгшүүр хийгээд уран бүтэхүйн мастер байсан гэдэгт дуу нэгтэйгээр санал нэгддэг. Профессорын "Соломоны дуулал" номыг уншдаг хэсгийг (энэ ном нэлээд эротик агуулгатай) оруулаад зангилаа шиг киноны бүтцээрээ найруулагч Холливуудын цензурын албыг үл тоомсорлож буйгаа харуулсан гэлтэй.
Comments
Post a Comment