Жеймс Жойс "Зураачийн залуугийн хөрөг"


 "Зураачийн залуугийн хөрөг". Ирландын нэрт зохиолч Жеймс Жойсын 1916 онд хэвлэгдсэн хоёр дахь роман. Модернист хэв маягаар бичсэн Кюнстлерроман буюу "уран бүтээлчийн тухай" өгүүлэх эл бүтээлд Жойсын зохиомол алтер-эго болох залуу Стивены шашин шүтлэг хийгээд оюун санааны сэхээрэлтийг харуулдаг. Романы баатар Стивен Дедалын нэр нь эртний Грекийн домогзүйд гардаг уран дархан Дедалусаас санаа авч өгчээ. Стивен католик шашин болон Ирландын тогтсон ёс заншлын талаар эргэлзэж, эсэргүүцэн босоод өөрийгөө Ирландаас Европ руу цөлж байгаа тухай өгүүлнэ. Жойс энэ бүтээлд ашигласан бичих техникээ хожим "Уллис" (1922) романдаа илүү боловсронгуй болгон ашигласан байдаг.

Уг романы үүсэл 1904 онд "Стивен баатар" нэртэй 63 бүлэгтэй реалист хэв маягаар бичигдсэн намтарчилсан роман байхаар төлөвлөгдсөн. 25 бүлэг бичсэний дараа Жойс 1907 онд "Стивен баатар" зохиолоо орхиж, харин сэдэв болон гол дүрээ дахин боловсруулж, таван бүлэгт багтаан хураангуйлж, хатуу реализмаас татгалзаж, мөн шууд бус чөлөөт ярианы хэв маягийг ашигласанаар уншигчдад Стивены хөгжиж буй ухамсартай танилцах боломжийг олгожээ. Америкийн модернист яруу найрагч Эзра Паунд "Зураачийн залуугийн хөрөг" романыг 1914-1915 оны хооронд Английн уран зохиолын "The Egoist" сэтгүүлд цувралаар хэвлүүлж, 1916 онд Нью-Йоркийн хэвлэн нийтлэгч Б. В. Хюнбш ном болгон хэвлүүлсэн ба "Зураачийн залуугийн хөрөг" болон "Дублинчууд" (1914) богино өгүүллэгийн түүвэр хэвлэгдэн олон нийтэд хүрснээр Жойс уран зохиолын модернизмын тэргүүн эгнээнд залрах болсон байдаг. Ирландын Дублин хотноо дундаж давхаргын гэр бүлд төрсөн Жеймс Жойс (1882-1941) оюутан байхдаа онц сурлагтан байсан ба 1902 онд Дублины Их Сургуулийн коллежийн төгсөж, дараа нь анагаахын чиглэлээр суралцахаар Парис руу нүүсэн ч удалгүй хаяжээ.

Ээж нь хорт хавдартай болж, гэр бүлийнхээ хүсэлтээр Ирландад буцаж ирсэн. Ээж нь нас барахаасаа өмнө Жойсоос өөрийнх нь төлөө залбирч, нүглээ наманчлахыг гуйхад шүтлэггүй Жойс эхийнхээ эцсийн хүсэлтээс татгалзсан байдаг. Дараа нь, тэрээр өөрийн гэсэн сонин гаргах гэж удаа дараа оролдсон ч тухай бүрт бүтэлгүйтэж, улмаар багшлах, номын тойм бичих, дуулах ажилд орсон. Жойс 1904 оны эхээр "Стивен баатар" романаа бичих анхны оролдлогоо хийв. Тэр оны зургадугаар сард Жойс ирээдүйн эхнэр Нора Барнаклийг Нассау гудамжинд явж байхыг анх олж харсан ба тэдний анхны болзоо зургадугаар сарын 16-нд байсан буюу түүний "Улисс" романы үйл явдал өрнөдөг өдөр юм. Анхны харцаар дурлалцсан хосуудыг Ирландын байдал ба шашин сүмийг хүлээн зөвшөөрдөггүй итгэл үнэмшил улам нэгтгэж нийлүүлжээ. Жойс, Нора хоёр төв Европт руу дүрвэж, эхлээд Цюрихт, дараа нь Триестэд арван жил амьдрахдаа Жойс тэнд Англи хэл зааж байв. Нора 1905 онд, Жоржиог, 1907 онд Люсиаг төрүүлжээ. Харин энэ хооронд Жойс "Стивен Дедал"зохиол, эссэ зэргийг бичсэн. Богино өгүүллэгийн түүвэр болох "Дублинчууд" нь 1914 онд бэлэн болсон ч маргаанаас болж хэвлэгдэн гарах хүртэл найман жилийн нүүр үзжээ. Жойс "Дублинчууд" түүврээ хэвлэгдэхийг хүлээж байхдаа 1904 онд Ирландад эхлүүлж, 1907 онд орхиод байсан "Стивен баатар" романыхаа үндсэн сэдвийг дахин боловсруулж, 1916 онд Цюрихт буцаж очсоныхоо дараа хэвлэн нийтлүүлжээ.

  ҮНДСЭН СЭДЭВ. "Зураачийн залуугийн хөрөг" бүтээлийн хамгийн алдартай аспект нь магадгүй Жойсын "бодлын урсгал" хэв маягийг шинэлэг байдлаар ашигласан явдал буюу зохиолч маань дүрээ ажиглагчийн гаднах байр сууринаас дүрслэн харуулахын оронд дүрийнхээ оюун ухаанд эргэлзэж буй бодол, мэдрэмжийг шууд хөрвүүлэн бичсэн хэв маягт оршиж байв. Жойс бодлын урсгалыг ашигласнаар уг роман нь үндсэндээ Стивены оюун ухааны хөгжлийн түүх болж байна. Эхний бүлэгт, залуухан Стивен өөрийнхөө ертөнцийг ердөө энгийн үг хэллэгээр илэрхийлэх чадвартай байдаг ба түүний сэтгэмж, мэдрэмжүүд нь хүүхэд насанд нь анхаарч, халамжилж байгаагүйн шалтгаан, үр дагавараас үүдсэн байдаг. Хожим нь, Стивен өсвөр насандаа шашин шүтлэгт хэт автсан байхдаа илүү тодорхой, насанд хүрсэн хүн шиг сэтгэн бодож чаддаг болдог. Догол мөрүүд романы эхлэл хэсгээс илүүтэй логик дараалалтай, бодол санаа нь логиктой өрнөдөг. Стивены оюун ухаан илүү төлөвшиж, орчин тойронтойгоо илүү уялддаг. Гэсэн хэдий ч тэрээр сүмд сохроор итгэсэн хэвээр бөгөөд түүний гэм буруугийн мэдрэмж хийгээд шашны хөөрөл нь тун хүчтэй учраас рационалаар бодоход нь саад болж байна.

Романы төгсгөлийн бүлэгт, Стивен их сургуульд байхдаа л үнэхээр рационал байгаа харагддаг ба романы төгсгөлд, Жойс сэтгэл хөдлөлтэй, ухамсартай, урлагийн хүний хувьд насанд хүрсэн хүний хөргийг буулгадаг. "Зураачийн залуугийн хөрөг" роман дахь Стивены ухамсрын хөгжил нэн сонирхолтой юм, учир нь Стивен Жойсын өөрийнх нь хөрөг буюу Стивены дүрийн хөгжил нь бидэнд уран зохиолын ертөнцийн суут зохиолчийн талаарх ойлголтыг өгнө. Стивены туршлага нь цаагуураа өнөөдрийн Жойс бий болоход юу нөлөөлсөн тухай харуулна; Стивен хэл ярианд автаж, түүний шашин, соёл, гэр бүлтэйгээ харилцах хурцадмал байдал; мөн Жойсын төлөвших жилүүдэд түүний амьдралд учирсан янз бүрийн хурцадмал үйл явдлуудтай холбоотой зүйлсийг толин тусгал маягаар үзүүлэхдээ гоозүйн төрх байдлыг бий болгохыг зорьжээ. Романы төгсгөлийн бүлгээс бид суут зохиолч маань олон талаараа дотоод сэтгэлийн дуудлагаа дагаж байгаа ч асар их хөдөлмөр, ихэхээн золиос шаардсан болох нь мэдэгддэг. Стивены гоозүйн философийн нууцыг тайлах гэсэн өдөр тутмын зүтгэлийг ажигласнаар бид түүнийг хүлээж буй аугаа ажил зорилгыг мэдэж авдаг. Католик шашинтай гэр бүлд төрж өссөн Стивен анхандаа сүмийн ёс суртахуунд туйлаас итгэдэг. Өсвөр насанд нь энэхүү итгэл үнэмшил түүнийг эсрэг, тэсрэг хоёр туйл руу хөтөлдөг бөгөөд хоёр туйл хоёулаа хор хөнөөлтэй юм.

 Эхлээд тэрээр нүглийн туйл руу хазайж, биеэ үнэлэгчидтэй ахин дахин унтаж, шашин шүтлэгээсээ санаатайгаар нүүр буруулдаг. Хэдий тэрээр хүслээрээ нүгэл үйлддэг ч сүмийн дүрмийг зөрчиж байгаагаа ямагт ухамсарлаж байдаг. Дараа нь, Эцэг Арналлын айлдвар түүнийг католик шашиндаа буцаж очиход түлхэц болоход Стивен нөгөө туйл руу хазайн унаж, шашинт хэт үнэнч, дуулгавартай дагагч, төгс фанатик загвар болж хувирдаг. Гэвч, эцэст Стивен эдгээр амьдралын хэв маяг хоёулаа нүгэлтэй буюу хэт шүтэх, хэт нүгэл үйлдэх нь хуурамч, хортой амьдрал болохыг ойлгосон. Тэрээр зах замбараагүй амьдралаар амьдрахыг хүсдэггүй хэдий ч баригдмал, хатуу католик шашныг үгүйсгэдэг бөгөөд эдгээр нь түүнд хүн байх бүрэн боломжийг олгодоггүй гэж үздэг. Стивен эцэст нь далайэ эргээр тэнүүчилж яваад залуухан бүсгүйг олж хараад амьдралыг хүлээж авч, хүн байхын бахдалыг мэдэрч амьдрах шийдвэрт хүрнэ. Түүний хувьд бүсгүй бол цэвэр ариун, бүрэн дүүрэн амьдралын симбол ажээ.

  Уг роман бол уран бүтээлч болно гэдэг ямар утгатай болохыг харуулжээ. Романы төгсгөлд Стивен гэр бүл, найз нөхдөө орхиод зураач болохын тулд өөрийгөө цөлж байгаа нь Жойс уран бүтээлч хүн заавал тусгаарлагдах ёстой гэж үздэгийг нь харуулжээ. Шийдвэр гаргахдаа Стивен нийгэмлэгээсээ нүүр буруулж, улс төрийн оролцоо, шашин шүтлэг, гэр бүлийн үүрэг хариуцлага гэх мэт олон нийтээс гишүүддээ тавьдаг хязгаарлалтыг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. Гэсэн хэдий ч зураач нь тусгаарлагдсан нэгэн боловч Стивены эцсийн зорилго нь өөрийнхөө орхиж буй нийгэмлэгтээ дуу хоолойгоо хүргэх явдал ба энэ нь ч романы төгсгөлийн хэдэн мөрт бичигдсэн байдаг. Нийгэмлэг нь түүний хувь хүний шинжийг тодорхойлж, бий болгосон учраас үргэлж өөрийнх нь нэг хэсэг байх болно гэдгийг тэрээр хүлээн зөвшөөрдөг. Тэрээр санаагаа бүтээлчээр илэрхийлэхдээ нийгмэглэгийнхээ дуу хоолойг ч бас хүргэх юм. Стивен нийгмийн оролцоо ба гишүүнчлэлийн уламжлалт хэлбэрээсээ нүүр буруулсан ч бүтээлээ нийгэмлэгтээ үзүүлэх үйлчилгээ гэж төсөөлдөг.

МОТИФ. "Зураачийн залуугийн хөрөг" номонд хөгжим, ялангуяа дуулалт олонтаа гардаг ба Стивены хөгжмийг бахдан биширдэг нь түүний хэлний дуу авиаг хайрлан үздэгтэй нягт уялддаг. Бага залуудаа тэрээр Данте Алигьерийн нэгэн бичвэрийг дуу болгон хувиргадаг. Дуу дуулах нь зүгээр нэг хэл яриа бус харин энэ бол амьдлаг, нигүүлсэнгүй хэл ажээ. Чухамдаа хөгжим нь Стивены бүрэн дүүрэн амьдрахыг хүсдэг хэсгүүдэд гарч ирдэг. Бид номын төгсгөл хавьд Стивен нэгэн эмэгтэйн дуулахыг сонсоод гэнэт амар амгаланг мэдрэхэд хөгжмийн аспект гарч ирж байгаа ба эмэгтэйн дуу хоолой түүнийг Ирландаас гарч зохиолч болох шийдвэрээ эргэн санахад хүргэж, бичиж туурвих замаар амьдралыг алдаршуулах шийдвэрийг нь улам бэхжүүлдэг.. Жойсын бичвэртээ оруулсан залбирал, дуу, латин хэллэгүүдийн хэсгүүдийг хараад уншигч Стивены оюун санааны төлөв байдлыг олонтаа харж болно. Стивеныг Сургуулийн сурагч байхыг Жойс хүүхдэрхүү, чин сэтгэлийн залбирал мөргөлийг оруулсан нь хүүхэд шашин сүмийн сургааль номлолын утгыг ойлгохгүй ч сүслэн биширснээр сүмд хэрхэн итгэж байгааг харуулжээ.

Стивен нүгэл үйлдсэн ч сүмд залбирах үед Жойс латинаар бичигдсэн залбирлын урт хэсгийг галиглаж бичсэн нь Стивен ярьж байгаа үгэндээ итгэхгүйгээр ердөө ярьдаг нь ойлгомжтой. Харин дараа нь, Стивен их сургуульд байхад латин хэлийг хошигнол болгон ашигладаг; түүний найзууд "бүхий л цустай бөмбөрцөгт энх тайван" гэх мэт ярианы хэллэгийг латин хэл рүү орчуулж хөгжилддөг. Энэхүү латин хэлээр шооглон буй явдал бол залуу харчуудын боловсролд, мөн сүм хийдэд латин хэлийг хатуу чанд болоод чухалчлан ашиглаж байгаа явдлыг тохуурхан элэглэсэн хэрэг ажээ. Энэ мэт хэл шинжлэлийн хошигнол нь Стивен шашинд нухацтай хандахаа больсныг харуулж байна. Эцэст нь, Жойс номынхоо төгсгөлд Ирландын ардын дуу болох "Rosie O'Grady" хэмээх дууны хэдэн мөрийг багтаасан ба энэхүү эгэл мөрүүд нь Стивен, Крэнли хоёрт авчирдаг дууны амар тайван мэдрэмжийг, мөн Стивены орхихоор төлөвлөж буй Ирландын уламжлалт соёлын тусгал болно. Номын туршид залбирал, дуу, хэллэгүүд нь Стивены амьдралын гарал үүслийг бүрдүүлнэ.

СИМБОЛ. Стивен ногоон ба элгэн хүрэн өнгийг өөрийнхөө хүмүүжүүлэгч Данте Алигьери болон Ирландын эсэргүүцлийн хоёр удирдагч Чарльз Парнелл, Майкл Дэвит нартай холбодог. Парнелл нас барсны дараа Ирландын ард түмэн удирдагчаасаа хагацсандаа гашуудаж байхад Стивен зүүдэндээ Дантег ногоон, элгэн хүрэн хувцастай байгаагаар хардаг. Энэхүү өнгөний дүрслэлээр Стивены гэр бүл хийгээд Ирландын улс төр хэрхэн ядарч туйлдаж байгааг харж болно. Эмма Стивены залуу үеийн амьдралын ихэнх хугацаанд ердөө зэрвэсхэн харагдаад өнгөрдөг бөгөөд тэр бүсгүйг хэзээ ч хувь хүнийх нь хувьд мэдэж чаддаггүй ба Эмма бэлгийн амьдралд юмуу бодит байдалд бохирдоогүй цэвэр хайрын симбол болж байна. Стивен түүнийг цэвэр ариун эмэгтэйн идеал гэж шүтдэг. Стивен шашинд сүсэглэн байхдаа өөрийнхөө сүсэг бишрэлийн шагналыг дарь эх болсон Эмматай нэгдэн нийлэх явдал гэж төсөөлдөг. Стивен, Эмма бодитой яриаг хожим их сургуульд байх үед нь л уншигчид олж хардаг; энэ ярианыхаа талаар Стивен өдрийн тэмдэглэлдээ, Эммаг бодитой, найрсаг, зарим талаараа жирийн л охин гэж дүрсэлсэн ч Стивен урьд өмнө нь дарь эхийг харж байгаагүй нь лавтай билээ. Эммаг энэхүү илүү тэнцвэртэйгээр харах нь Стивен бүрэн гэм нүгэл, бүрэн сүсэглэн шүтэх гэсэн туйлшралыг орхиж, дундын замыг сонгож, гоо сайхныг эрхэмлэх, бишрэх замд гарсныг харуулж байна. 

Comments