Федор Достоевский "Инээдтэй хүний зүүд"

 


"Инээдтэй хүний зүүд".  Оросын их зохиолч Федор Достоевскийн богино өгүүллэг. Эл өгүүллэгт, энэ ертөнц дээр ямар ч үнэт зүйл байхгүй гэдэгт итгэсэн хүний туршлага, мэдрэмжийн тухай өгүүлдэг бөгөөд "тэсэмгүй шаналалт" нихилизмд автсан тэрээр амиа хорлохоор шийддэг. Гэсэн хэдий ч бяцхан охинтой санамсаргүй учирсныхаа дараа тэрээр хүн төрөлхтнийг дахин төрүүлэх дотоод ухамсрын аялалаа эхлүүлдэг. Энэхүү бүтээл нь анх 1877 онд Достоевскийн бие даан хэвтүүлдэг байсан сар тутмын "Зохиолчийн өдрийн тэмдэглэл" сэтгүүлд гарсан. Уран зохиолын онолч, Достоевскийн судлаач Михаил Бахтины хэлсэнээр "Инээдтэй хүний зүүд" бол эртний уран зохиолын Мениппеан егөөдөлт жанрын орчин үеийн илрэл болсон, Достоевскийн ланжгар бүтээлүүдийн онцлог шинж чанарт байдаг бараг бүхий л сэдвийг хөндсөн зохиол гэсэн буй.

  ҮНДСЭН СЭДЭВ. Михаил Бахтин: "Инээдтэй хүний зүүд" бол Достоевскийн хамгийн чухал сэдвүүдийг агуулсан бүрэн нэвтэрхий толь юм". Тэрээр мөн эдгээр сэдвүүд ба Достоевскийн хэв маягийг Минеппеан егөөдөлтыг карнавалчилсан (карнавалчилах гэдэг бол хошигнол, эмх замбараагүй байдлаар дамжуулан давамгайлсан хэв маяг юмуу уур амьсгалын төсөөллийг үгүйсгэж, чөлөөлдөг уран зохиолын аргачлал) жанрын онцгой шинж чанарыг харуулсан гэж тодорхойлсон. Энэ бол ухаалаг хэрнээ тэнэг, ер бусын этгээд дүрийн танилцуулга юм. Достоевскийн томоохон баатрууд үргэлж ямар нэгэн байдлаар "инээдтэй" байдаг; гэхдээ тэд нэгэн зэрэг өөрийгөө хийгээд бусдыг гүн гүнзгий ойлгох чадвартай байдаг. "Хэрэв ертөнц дээр намайг инээдтэй хүн гэдгийг маань хэнээс ч илүү мэддэг хэн нэгэн байсан сан бол тэр хүн би өөрөө юм" хэмээн инээдтэй хүн хэлдэг; мөн тэр зүүдэндээ дэлхийн диваажингийн ичгүүргүй номлогч болон хувирахдаа ч энэ хэзээ ч биелэх боломжгүй зүйл гэдгийг бүрэн ухамсарлаж байдаг. "Үнэнийг мэддэг гэдгээрээ ганцаарддаг, тиймээс ч бусдад галзуур гэж шоолуулдаг" хүний сэдэв нь эртний Мениппеан нийтлэг шинжээс гадна олон янзаар Достоевскийн гол баатруудаас харагддаг төрх билээ.

"Ертөнц дээрх бүх зүйлд туйлын хайхрамжгүй хандах" талаарх сэдэв нь Киник ба Стоикчуудын Мениппеагийн онцлог шинж чанар буюу юу ч хамаагүй, юу ч оршдоггүй гэсэн итгэл үнэмшлээр дамжуулан инээдтэй хүнээр илэрхийлэгдэж, улмаар энэ итгэл үнэмшил нь түүний бодлыг ээрч, эцэст нь амиа хорлох бодол руу хөтөлдөг. Амиа егүүтгэхээр хатуу шийдсэний дараа үхэхээс өмнөх сүүлчийн мөчийн сэдэв нь Достоевскийн томоохон романуудад байдаг. Инээдтэй хүн бяцхан охиныг бодохыг ч хүсэлгүй бушуухан зайлж оддог, учир нь тэр удахгүй амиа хорлох гэж байгаа тул өөрийгөө амьдралтай холбож, хэн нэгний өмнө хариуцлага хүлээхийг хүсдэггүй. Энэ сэдэв Достоевскийн "Ах дүү Карамазов" романы үндсэн сэдэвтэй холбогддог; энэ бол Бурхан гэж байдаггүй, сүнс мөнх бус, тиймээс бүх зүйлийг зөвшөөрдөг гэсэн санаа юм. Энэ нь эргээд ёс зүйн солипсизмын сэдэвтэй холбогддог. Зүүд нь илчлэлтийн хямрал буюу инээдтэй хүний хувьд зүүд бол хүн төрөлхтний нэн шинэ бодит байдлыг бий болгох алсын хараа юм. "Бодит амьдрал" гэж нэрлэдэг зүйл нь хоосон зүйл байсан ба тэрээр ийм амьдралыг нэг мөсөн эцэслэхийг зорьсон боловч зүүд нв түүнд "өөр амьдрал, аугаа, шинэчлэгдсэн, хүчирхэг амьдралыг" илчилсэн.
Түүхээ ярихдаа тэрээр бусад хүмүүс өөрийг нь шоолох юмуу түүний "үнэнд" эргэлзэх шалтгаан болсон зүүд, төсөөллийнхөө мөн чанарын тухай асуултыг үе үе хөнддөг. Гэвч тэрээр "бодит амьдрал" гэгч өөрөө зүүднээс өөр юу ч биш бөгөөд үүнийгээ үнэний илчлэлт гэдгийг огтхон ч эргэлзэлгүйгээр мэдэж байваас ямар хэлбэртэй байх нь чухал биш ажээ. "Утопиан" сэдэв нь абстракт санаа бус амьд хүний алсаа хар юм. Инээдтэй хүн дэлхий дээр диваажин байгуулах боломжтойг олж харсан ба энэ алсын хараандаа хүн төрөлхтний "мөн чанарын" төлөв байдлаас хамаагүй хол давсан хүчийг олж мэддэг. Энэхүү алсын хараа нь түүний амиа хорлох шийдвэрийг амьдрах хэрэгтэй, амьдралаа бусдад зориулахын төлөө тэмцэх хэрэгтэй гэсэн шийдвэрт хүргэхэд хангалттай байсан; "Амьдралыг ухамсарлах нь амьдралаас илүү, жаргалын дүрмийг мэдэх нь жаргахаас илүү". Энэхүү алсын харааны туйлын чухал чанар Достоевскийн бүтээлүүдэд гарч ирэх бүрт өөрчлөлт нь агшин хормын шинжтэй байдаг. "Хүн өөрийгөө хайрладаг шигээ бусдыг хайрлах ёстой, энэ бол хамгийн үндсэн зүйл, ингээд л гүйцээ, үүнээс өөр юу ч хэрэггүй, үүнийг ойлгосон хүн тэр даруй диваажинг байгуулах арга замыг олох болно"
. СИМБОЛ БА ЗҮЙРЛЭЛ. Үргэлж өөртөө ханддаг шигээ бусдад хандах ёстой гэсэн сургууль бол эл зохиолын алтан дүрэм бөлгөө. Инээдтэй хүний номлож буй философи буюу ба бусдыг өөр шигээ харж ойлго гэсэн оршихуйн шийдэл бол яг одоо үгүйрч хоосорсон газарт дэлхийн шинэ диваажинг хэрхэн бүтээхийн симболик илэрхийлэл юм. Ядарч туйлдсан бяцхан охин бол хэрвээ сайхь алтан дүрмийг хэрэгжүүлэхгүй аваас хүн төрөлхтөнд юу тохиолдож болохын симбол аж. Үүнтэй халз тулгарах үедээ хүүрнэгч амиа хорлох зорилготой байсан ба охиныг амьдралдаа хамааралгүй гэж хардаг. Гэвч хожим охин хамаатай байгаад зогсохгүй түүнд амьдралыг аварсан механизм болдог. Хүүрнэгчийн зүүдэндээ очдог ертөнц бол зэрэгцээ хэмжээст орших өөр галактикийн ертөнц байдаг. Зэрэгцээ ертөнцийн Еден цэцэрлэгт нигүүслэл унаагүй тул дэлхийн төгс төгөлдөр байдалтай хэвээрээ байдаг. Зүүдний бодит байдал тусдаа байгаагүй бол үүнийг Еден цэцэрлэгт могой ба эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд буруу зүйл болоогүй байсан бол манай дэлхийн ийм байх байсан гэсэн симбол дүрслэл гэж тайлбарлаж болохуйц. Энэхүү диваажинд өөр ертөнцөөс ирсэн зочин болох хүүрнэгч нь өөрөө уналт доройтлыг авчирсан бэлгэдлийн хувьд могой болж хувирч байна. Энэ тохиолдолд тэр могой гэхээсээ илүү тахал тээн авчирсан халдварт нян юм. Түүний айлчлал өндөрлөх үед нөгөө дэлхийн диваажин алга болж, энэ нь түүний буцах хэмжээсийн шилжилтийн тусгал болж хувирдаг. Түүний оршихуй яагаад ийм нөхцөл байдлыг болгов гэдэг талаар ямар ч тайлбар өгөгдөөгүй ч хүн хаана ч явлаа гэсэн үхэл мөхөл дагуулдаг болохыг харуулсан ажээ.

АНАЛИЗ. Достоевскийн ихэнх бүтээлийн нэгэн адилаар "Инээдтэй хүний зүүд" нь үнэндээ уран зохиолын "багаар" халхлагдсан философийн бүтээл юм. Бүтцийн хувьд уг өгүүллэг нь өргөтгөсөн дотоод монологи гэж үзэж болно. Дүрүүд нь ерөнхийдөө бодит ярианд оролцдоггүй ба хүүрнэгч өөрөө бүрэн дүүрэн итгэлтэй биш байсан ч өгүүллэгийнхээ нэр шигээ үйл явдлын ихэнх зүүдэнд өрнөдөг. Философийн хувьд дэвшүүлсэн санаа нь тун энгийн; хэрвээ сайхан сэтгэлтэй байлаа гээд мөнхийн хойд насаар шагнагдахгүй бол яах вэ? хойд нас гэж огт байхгүй юм бол ёс суртахуунтай байх хэрэгтэй юу? Хүүрнэгч буюу инээдтэй хүний оюун санааг чухам энэ санаа ээрч хоргоосноор тэр тусламж хэрэгтэй байсан бяцхан охиноос нүүр бууруулж, охиныг намаг шалбаагт орхидог. Тэрээр гэртээ ирээд харамсан гэмшиж, улмаар амиа хорлох бодлоо таягдан хаядаг билээ. Энэ их шаналгаа чухам юунаас бий болно вэ? Үүнээс юу ч олж авахгүй, энэрэх, хайрлах сэтгэл үзүүлснээр ямар нэгэн зүйл хүртэнэ гэсэн тодорхой баталгаа байхгүй боловч хэрвээ охинд тусалсан бол зовлон, зүдгүүрийг нь жаахан ч атугай нимгэлэх замаар үр дүн гаргаж болох байлаа. Хэдийгээр шууд хэлээгүй ч боломжит хувилбар тухайн эпизодод хүлээгдсээр үлддэг; гэхдээ зөв зүйл хийснээр, ёс суртахуунтай байж, энэрэнгүй зүйлс хийснээр инээдтэй хүн диваажинд очих эрх авах юмуу тиймээс эрх ямба эдлэх байсан бол яах вэ? Хариулт ийм байсан бол тухайн эпизод өөрчлөгдөх байсан юм.

Бусад хүмүүс бидэнд хэрхэн хандаж байгаагаас хамаарч бид тэдэнд адилхан хандах ёстой гэсэн хандлагатай тулгарахад бид бусдад сайхан сэтгэл гаргаснаар хойд насандаа диваажинд очих юмуу тиймэрхүү эрх ямба эдэлнэ гэдэгтээ эргэлзэж болох уу? Мэдээжээр энэ асуултын хариулт нь шашны итгэл үнэмшлийн үндэс суурь буюу эл зохиолын ч суурь багана юм. Итгэл үнэмшилтэй хүмүүс энэ амьдралдаа сайн зүйл хийвээс дараагийн амьдралдаа "шагнагдах" болно гэдгээ баттай мэддэггүй, харин тэд зүгээр л тийм байх болно гэж л итгэдэг. Хэрэвзээ, сайн үйлсийн хийлээ ч огт шагнагдахгүй гэж бодвол энэ нь бас сайн үйлс хийлээ гээд зардалгүй гэсэн үг юм. Ийм нөхцөлд сайн үйл хийх нь танд юу ч өгөхгүй, гэхдээ бас танаас юу ч унахгүй, харин ч сайн үйлс хийж, ёс суртахуунтай байснаа мэдрэх мэдрэмж танд сайхан таатай сэтгэгдэл төрүүлнэ. Үндсэндээ энэ нь инээдтэй хүний хийсэн аргумент ба тэр зүүднийхээ туршлагаар дамжуулан шинэ номлол айлдахыг төлөвлөсөн нь энэ юм. "Бусдыг өөр шигээ хайрла" хэмээн тэрээр чангаар номлож байна. Тэрээр энэхүү философоо Экзистенциализмын хувьд маш хүчирхэг хийгээд логиктой учраас эцсийн үр дагавар нь диваажин байх шаардлагагүй хэмээдэг. Хүн байх, амьдрах өөр арга түүнийхээр байхгүй. Би ч бас инээдтэй хүнийг дэмжиж, араас нь дагалаа...

Comments