Улаанбаатарт байгаа миний аавд

 


Улаанбаатарт байгаа миний аавд (1961). Ээждээ гомдож, аавыгаа санасан Гочоо хүү бороо, цахилгаантай тэр шөнө гэрээ орхин, аавтайгаа уулзахаар Улаанбаатарыг зорьсноор кино өрнөл хэсэгтээ орох буюу 30 минут орчмоос эхлэх эл хэсэг хүртэл найруулагч Д. Жигжид болон кино зохиолыг бичсэн Д. Дожоодорж, Н. Надмид нар киноныхоо үйл явдлыг гарамгай барилгачид шиг тоосго тоосгоор нь нямбай өрсөөр энэхүү гэр бүлийн драмыг уртайгаар сүндэрлүүлэн босгожээ. 

Социализм тогтохоос өмнө Феодал системт Монголд залуус хайр сэтгэлээрээ гэрлэж, жинхэнэ айл гэр болохоос илүүтэй ахуй амьдрал, тогооны хүн, нэг үгээр хань түшиж гэр бүл болдог байсан болов уу. Ийм нийгэмд үр хүүхэд гэдэг ойлголт туслагч, өв залгамжлагч гэдгээс илүү гарахгүй, хувь хүн, улс орны ирээдүй гэж үзэгдэж ойлгогдох нь учир дутмаг байсан болов уу. Эндээс дүгнэвэл "Улаанбаатарт байгаа миний аавд" кино бол дөнгөж бүрэлдэн бэхжиж байсан социалист нийгмийн залуу гэр бүлүүдэд зайлшгүй хэрэгтэй үзэл суртлын, соёлын ач холбогдолтой кино байж, тиймээс ч хийгдсэн гэж бодох.


Пролетари гэдэг үг нь Латинаар "үр хойч" гэсэн утгатай үг бөгөөд эртний Ромын үгээгүй ядуучуудад үр хүүхдүүдээс нь өөр хөрөнгө, мөнгө байгаагүйтэй холбоотой үг аж. Социализмын үеийн гол уриа "хүүхдийн төлөө бүхнийг" гэсэн байсан нь энэ киноноос ч илэрхий харагдана. Эцэг, эх байх, үр хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээх нэн шинэ ойлголтыг агуулсан уг бүтээлд хүүхэд бол зөвхөн эцэг эхийн ч бус нийт нийгмийн үнэт зүйл, ирээдүй учраас нийтээрээ анхаарч харах ёстойг харуулжээ. Кинонд дээрх сургаалийг айлдагчид байдаг; жишээлбэл, Самдангийн хөрш эмэгтэйн (М. Бадамгарав): "Чи өөрийгөө татаж авахгүй бол хүүгээ алдаж, гэр бүлээ үгүй хийх нь байна шүү" гэсэн Долгорт хэлсэн үг хийгээд хөгшин сэргийлэгчийн мөн төстэй үгсийг дурдаж болно. 

Гэр бүл салалтын тухай кино өнөөдөр олон байгаа ч дэндүү нулимстай, цустай бас дарамттай байдаг учир үзсэн ч үлдэцгүй байдаг бол "Улаанбаатарт байгаа миний аавд" кино адилхан сэдвийг ердөө л Бадамгаравын үг, Гочоогийн адал явдлаар даруухан ч оновчтой өгүүлж чадсан болохоор цаглашгүй бүтээл болжээ. Энэ киноны хөндсөн сэдэв өнөөдөр ч хүчинтэй, учир нь, одоо Улаанбаатраар дүүрэн аавыгаа хайж, ээждээ гомдсон хүүхдүүд байна.


"Ээж Архангайд байгаа, аав Улаанбаатарт ажиллаж байгаа" хэмээн сэргийлэгч хүүхэнд уйлан ярих Гочоо бол Монголын кино урлагийн түүхэн дэх хамгийн хайр татам, өхөөрдөм хүүхэд дүрийн нэг бөгөөд энэ дүрийг бүтээсэн С. Ямаахүү үнэхээр гайхалтай тоглосон. Гочоо Улаанбаатарын аялалд гараагүй бол аав, ээж нь дахиж нийлэхгүй байх байсан. Тэр үйл явдлыг үүтгэгч, гэр бүлийн амин сүнс хүүхэд байдаг шиг киноны туг далбаа юм. Түүний хувьд аав нь хамгийн чухал хүн, баатар нь юм. Түүний аялал, хайр татам дэлгэцийн төрх байдлыг Ираны найруулагч Аббас Киаростамигийн "Where is the Friend's House?' болон Мажид Мажидигийн "Children of Heaven" кинонуудын хүүхдийн дүрүүдтэй харьцуулам санагдсан. Холливуудын ижил нэрт кинонууд шиг хиймэл, гялгар бус бодитой, байгаагаараа л үнэмшилтэй эдгээр дүрүүд яагаад сүржин, сүртэй байх тусам сэтгэлээс хөндийрдөгийн тод жишээ юм. 


Долгор (Ц. Тогтох) нууц амрагтайгаа зугаалж яваад гэртээ ирэхэд гэр нь эл хуль, нохойн хороо шиг байдаг. Тэрээр ширээнд суугаад Самдантай (Р. Дамдинбазар) өнгөрүүлсэн амьдралаа эргэцүүлж боддог ба угааж, цэвэрлэж, нэг л хэвий байдлаар амьдарч ирснээ, нэг үгээр өөрийгөө умартаж явснаа энэ мөчид ухаарч байх шиг байна. Долгор бол тодорхой хэмжээгээр романтик дүрээс гадна тухайн цагт бол орчин үеийн эмэгтэйн дүр төрх юм. Бүжиг, дуунд дуртай тэрээр залуухан, царайлаг залууд татагдан, хээр талаар цэцэг түүж,мотоцикл сундлан давхиж, айраг уухдаа ичингүйрэн эрхлэн байгаа зэргээс түүний өөрийгөө дахин эмэгтэй хүн гэж мэдэрч байгааг харуулна. Дамдин (Л. Жамсранжав) бол "урлагийн авъяастай" учир романтик Долгорийн сэтгэлийг эрхгүй татсан.

 Аялан тоглолтын үеэр Дамдин эхлээд Долгорыг дараа нь найзыг нь, дахиад Долгорыг найрч байгаа нь эрэгтэй хүний найрах сонгодог арга буюу чухам үүнд Долгор барьц алдчихдаг. Дамдин ба Долгорын хоорондох: "Би чамд тун их сэтгэлтэй болжээ" гэхэд "Чи надад муу санадаг байсан юмуу" гэж хариулдаг диалоги бол Монголын кино урлаг дахь хамгийн аальгүй, өдсөн хэсгийн нэг мөнөөсөө мөн. Би Долгорыг Францын зохиолч Гюстав Флоберын "Бовари хатагтай" романы Эмматай, мөн Францын кино найруулагч Клод Шабролын "The Unfaithful Wife" киноны Хелентэй харьцуулмаар байна. Долгор, Эмма, Хелен нар нөхөрт хүүхдийнхээ эцэг, удаан амьдарсан дассан хайраар хайрладаг бол нууц амрагууддаа хээрийн гал, цасан шуурга шиг хүчтэй, өршөөлгүй хүсэл тачаалаар дурлан тэмүүлцгээдэг. Гэхдээ тэд орон гэрээ орхидоггүй; Эмма үхдэг бол Хелений нөхөр түүний нүглийн гэсгээл болдог, харин манай Долгор гэр бүлээ эргүүлэн авч чаддаг.  Киноны төгсгөлд л тэрээр чин сэтгэлээсээ инээмсэглэдэг билээ.


Нөхрийн тухай ярихад, манай киноны Самдан (Р. Дамдинбазар), Гюстав Флоберын романы Шарль, Клод Шабролын хуурагдсан нөхөр ч тэд бүгдээрээ даруухан, дөлгөөнөөс гадна эхнэртэй үнэнч, туйлын хайртай бас сайн аавууд байдаг. Самдан дуугүй, хүлцэнгүй, нэг үгээр ёстой л гүндүүгүй монгол эрийн үлгэр жишээ болсон дүр юм. Үдэшлэгт эхнэр нь өөр эртэй бүжиглэж байхад эвшээж суух, ажлаасаа ядраад ирэхэд эхнэр нь хоолгүй угтахад гуанзанд хооллохоос гэдэг энэ эр сайн аав ч сайн нөхөр байсан эсэх нь эргэлзээтэй юм. 

Тээвэрт явж байхад нэг хүүхэн түүнд түүхийг нь сонсоод "гээндээ ч, гоондоо ч байна даа" гэж хэлдэг үнэн юм. Тэрээр дэндүү дотогшоо ба дуу цөөнтэй нь асуудал болж байна. Тэр эхнэртэйгээ ярилцаж бас хүслийг нь сонсох ёстойгоос гадна зөвхөн машин техник гэлтгүй гэр орны ажилд туслах хэрэгтэй юм. Гэр бүл болох амархан, гэр бүл байх хэцүү буюу гэр бүлийн гишүүд дор бүрнээ үүнийг ухамсарлаж, өөрсдийгөө хийгээд гэр бүл (томоор бол эх орноо) хөгжүүлж сайжруулах ёстой юм. Гэхдээ Самдан сайжирсан нь киноны төгсгөлд шалаа угааж байгаагаас харагддаг. Тэр эхнэрээ уучилж, гэр бүлээ хадгалж үлдэж байгааг түүний хот руу явахаасаа өмнөх бодол-төсөөлөл хийгээд төгсгөлд хүүгээсээ ээж нь ирсэн үү гэж дахин дахин асуухаас батлагдан харагдана. 


Энэ кино яагаад ийм үзүүштэй, цаглашгүй юм бэ? Үүнд би ингэж хариулна. Эргэлт, саад, учралын зохиомж, зохицуулалт киног амттай бас санаа сэдэл авахуйц болгож байна. Киноны эхэнд, үдэшлэгийн үеэр дуудлага ирж аялан тоглолт нэг өдрийн өмнө явахаар болсноор Гочоо аавтайгаа ууланд гардаг, хэрвээ дуудлага хуваарийн дагуу ирсэн бол? Самдан хот явахаасаа өмнө эхнэртэйгээ олигтойхон ярилцаж, тэдний ажил зөрөөгүй бол Гочоо Улаанбаатар зорих?

Мөн Гочоо Улаанбаатарт ирээд аавынхаа амьдардаг байранд очсон ч ааштай хөрш эгчээс болж аавтайгаа уулзаж чаддаггүй, үнэндээ тэр Самданг хайж байна гэхэд л уулзчих байсан шүү дээ. Самдан согтуу ирээгүй бол, Долгор нөхрөө ирэхэд хоолтой угтсан бол зэргээр энэхүү киног одоо ч үзүүштэй бас сонирхолтой болгож байгаа зүйл бол энэхүү зохиолын өрөлт, зохиомж, эргэлтүүд нь юм.

Comments