Tootsie (1982). Америкийн кино найруулагч Sydney Pollack-н найруулсан егөөдөлт, романтик комеди. Don McGuire, Larry Gelbart хоёрын бичсэн зохиолоос сэдэвлэн Murray Shisgal болон Larry Gelbart өөрөө кино зохиол болгон хөрвүүлжээ. Киноны гол дүрүүдэд; Dustin Hoffman, Jessica Lange, Teri Garr, Dabney Coleman, Charles Durning нар тоглосон. Уг кинонд тун авъяастай боловч мэргэжлийн хувьд төгс төгөлдөр байхыг хүсдэг, ааштай жүжигчин залуу ажилтай байхын тулд эмэгтэй хүний дүрд хувиран кинонд тоглоод зогсохгүй асуудалтай романтик харилцаанд орж байгаа тухай өгүүлнэ. Энэхүү кино нь ерөнхийдөө нэгэн жүжгээс санаа авч бүтсэн, мөн найруулагчид солигдож олон бартаатай замыг туулж бидний үзэх дуртай киноны нэг болсон зэрэг хөшигний ардах явдлыг хойно тодорхой өгүүлэх болно.
Киноны үндсэн дуу болох Stephen Bishop-н дуулсан "It Might Be You" дуу "Billboard hot 100" жагсаалтад 25-р байранд хүртэл бичигдэж байсан байдаг бол кино нээлтээ хийгээд $241 сая долларын ашиг олсон нь тухайн оныхоо шилдэг гуравт орох үзүүлэлт болж байв. Шүүмжлэгчид Dustin Hoffman, Jessica Lange хоёрын тоглолт, киноны хошин байдал, нийгмийг авч үзэж байгаа өнгө төрх хийгээд харилцан яриаг магтсан буй. Кино тухайн жилийнхээ Оскарын наадамд шилдэг кино, шилдэг эрэгтэй гол дүр зэрэг нийтдээ арван төрөлд нэр дэвшсэнээс Jessica Lange шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналын эзэн болсон. Weekly People сэтгүүлээс үзэгчдийн дунд явуулсан санал асуулгаар "Tootsie" хамгийн шилдэг комеди кинонуудын 5-р байрт шалгарсан бол Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 592-р байрт эрэмбэлээд байна. Ийнхүү киноны үйл явдлыг товчхон өгүүлсү.
Michael Dorsey бол нэр хүндтэй жүжигчин ч мэргэжлийн хувьд төгс байхыг шаарддаг ааштай чадварлаг эр учраас Нью Иоркт хэн ч түүнийг ажилд авахыг хүсдэггүй бөгөөд тэрээр амьдрахын тулд ресторанд зөөгч хийхийн хажуугаар жүжигчний сургалтад багшилна. Жүжигнийхээ хувиар ажилгүй удсан Michael өөрийнхөө сурагч бас найз Sandy-ээс нэгэн телевизийн савангийн дуурьт шалгаруулалт өгөөгүй талаар нь дуулна. Цөхөрч ядсан, мөн төлөөлөгчтэйгөө маргалдсаныхаа дараа Michael өөрийгөө "Dorothy Michaels" гэдэг эмэгтэйд хувиргаад савангийн дуурийн сонгон шалгаруулалт ороод тэнцээд зогсохгүй гол дүр Emily-д тоглохоор болно. Michael овоохон мөнгөний гэрээ үзэглэж, энэ мөнгөөрөө өрөөнийхөө найз жүжгийн зохиолч Jeff-н жүжигт хөрөнгө оруулах боломжтой болно. Ажил дээрээ Dorothy болсон Michael төрөлх ур чадвараараа цойлж, хамтран ажиллагсдаа бишрүүлж, үзэгчдийн дунд од болж, түүний бүтээж байгаа Emily дүр нь бараг л феминист симбол болчихов. Нэг бүтэлгүй орой Michael Sandy-н хувцасны шүүгээг ухан, Dorothy-доо таарах даашинз хайн нүцгэн байхдаа хүүхэнд баригдаж буруу сэтгэгдэл өгснөөр аргагүй секс хийж, хүчээр үерхэхээс замгүй болно.
Асуудал ингээд дууссангүй, Michael хамтран тоглогч Julie гэдэг хөөрхөн хүүхэнд дурлачихна; гэтэл Julie түүнийг эмэгтэй хүн гэж харах тул түүнд хамаг юмаа ярьж, нөхөрлөхийг хүсэх бөгөөд Julie-г ганц бие ээж, ёс суртахуунаа уландаа гишгэсэн банзал найруулагч Ron-той үерхдэг, Ron нь үргэлж араар нь тавьдаг болохыг Dorothy бишээ Michael олж мэднэ. Өдрөөс өдөрт, Dorothy, Julie хоёр дотносож, улмаар Dorothy шалиг найруулагчаасаа салахад Dorothy-н хувь нэмэр ч орох ба уйлж байгаа Julie-г үнсэх гэж оролдсон төрөлхийн эр хүн Dorothy өөрийгөө түүнд лесби гэсэн өрөөсгөл ойлголтыг өгчихнө. Уг адармаатай явдлын хажуугаар Dorothy-д ахмад жүжигчин John болон Julie-н бэлэвсэрсэн аав Les нар хөл алдан дурлацгаана. Les бөгж барин гэрлэх санал тавьж булай юм болдог бол жаахан азгүй байсан бол Dorothy John-д хүчиндүүлэхээ шахдаг; гэвч хөөрхий тэд түүнийг эмэгтэй хүн л гэж бодож байсныг ойлгох хэрэгтэй. Sandy бас тодорхойгүй харилцаагаа нэг тийш болго гэснээр туйлдсан Michael өөр хүүхэнд хайртай гэж хэлэн мөрөн дээрээсээ нэг ч гэсэн ачаагаа суллана.
Киноны нэр хүнд, Dorothy-н мандалтаас болж продюсерууд гэрээгээ сунгахыг санал болгоно. Цаашид зүсээ хувилган, үргэлж худлаа хэлж амьдарч чадахгүйгээ ойлгосон Dorothy бишээ Michael шууд нэвтрүүлгийн үеэр өөрийгөө илчлэх бөгөөд хүн болгон шоконд орсны дотор Julie-н уур хилэн нударга болж Michael-д бууснаас харж болно. Хэсэг хугацаа өнгөрчээ. Michael бааранд Les-тэй уулзаад бөгжийг нь эргүүлж өгөхөд; "Чиний одоо хүртэл амьд яваа цорын ганц шалтгаан бол би чамайг үнсээгүй явдал юм шүү" гэж хэлдэг Les. Гэхдээ эрчүүд учир зүйгээ олж, нөхөрлөдөг. Дараа нь Michael кино студийн гадаа Julie-тэй уулзах ба хүүхэн түүнд Dorothy-г санаж байна гэж хэлэхэд Michael миний дотор Dorothy оршиж байгаа, тэр ч бас чамайг санаж байна гэж хэлдэг. Тэд хамтдаа алхаснаар Julie түүнийг уучилсан бололтой.
1970-аад онд загварын компанийн гүйцэтгэх захирал Charles Evans (нэрт кино продюсер Robert Evans-н ах) дүүгийнхээ амжилттай замыг даган кино хийх хүсэлтэй байгаагаа олон нийтэд ярьсан байдаг. 1970-аад оны эхээр Don McGuire-н "Would Lie to You?" гэдэг жүжигт уг кино дээрх шиг үйл явдал гардаг ч Холливуудад энэ жүжгийг хэн ч тоохгүй явсаар комедиан, жүжигчин Buddy Hackett анхааралд өртснөөр кино болох үйл явц жинхэнээсээ эхэлсэн. Buddy Hackett жүжгийн зохиолыг Evans-д үзүүлснээр Evans жүжгийг түрээслэх маягаар худалдан авсан ч Evans-н гэрээний асуудлаас болж киноны продакшн хойшилсоор 1979 онд Evans кино зохиолчоор Bob Kaufman, найруулагчаар Dick Richard хоёртой хамтран кино зохиол дээр ажиллах болсон. Dick Richard кино хөгжүүлэлтийн компани хамтран эзэмшдэг Dustin Hoffman-г төсөлдөө урьж, хамтрахаар болсон ба Hoffman уран сайхны бүрэн хяналтыг хүссэн; Evans үүнийг нь баяртайгаар зөвшөөрсөн нь өөрийг нь кино зохиолын үүргээс чөлөөлсөнтэй хамаатай байлаа. Hoffman төсөлд орохоос өмнө гол дүрд Michael Caine, Peter Sellers нар яригдаж байв. Продюсерууд шинэчилсэн зохиолыг хүлээж байсан учраас кино дахин нэг жилийг хөгжүүлэлтийн төлөвт өнгөрүүлсэн ба урьдчилсан продакшны ажил эхлэхтэй зэрэгцэн найруулагчаар ажиллах ёстой байсан Richard "бүтээхүйн ялгаааны" улмаас найруулагчийн суудлаа орхин продюсерээр үлдэн, харин нэрт найруулагч Hal Ashby найруулагчаар сонгогдсон.
Гэтэл кино хуваарь, кино студидын асуудлаас болж Hal Ashby "огцорч", Hoffman-н оролдлого, ятгалгаар Sydney Pollack найруулагчийн суудалд суусан байдаг. Hoffman түүнд найруулагчаар ажиллахаас гадна кинонд төлөөлөгчийн дүрд тоглуулахыг хүссэн ч Pollack татгалзсан ч Hoffman сүрхий ятгагч байсан бололтой, бас л зөвшөөрүүлж чаджээ. Төлөөлөгчийн дүр нь Pollack-н олон жилийн дараах анхны тоглолт байсан. Уг нь төлөөлөгчийн дүрд Dabney Coleman тоглох байсан ч найруулагч маань өөрөө тоглосноор Coleman-д Ron гэдэг их зантай банзал дүрийг өгчээ. Жүжигчин Hoffman дүрийн бэлтгэл болгож 1978 оны "La Cage aux Folles" гэдэг Франц киног олон удаа үзэж, мөн савангийн дуурь хийдэг кино студидээр явж судалгаа хийж, нүүр будалтын талаар өргөн шинжилгээ хийсэн гэдэг. Энэ судалгаа болон эл киноноос Hoffman нүүрээ яаж ч төгс будаад, өөрийгөө яг эмэгтэй хүн гэж бодтол хувирсан ч хэзээ ч жинхэнэ эмэгтэй хүн шиг үзэсгэлэнтэй болохгүй гэдгээ ухаарсны дээр хэрвээ үдэшлэг юмуу аливаа газарт Dorothy шиг хүүхэнтэй учирвал, хүүхнийг үзэсгэлэнтэй биш учраас ярилцахгүй өнгөрөх байсан буюу ийм байдлаар хүмүүс зөвхөн зүс царай хараад дотоод сэтгэлийг үл тоосноор олон сайхан боломжийг алддаг болохыг ойлгосон гэсэн байдаг.
Hoffman "Tootsie" киногоо хэзээ ч комеди кино гэж үздэггүй гэсэн байдаг. Энэ бол абсурд байдлыг нухацтай байдалтай, нийгмийг доогтойгоор, зөөлхөн эмзэглэлтэй зоригтойгоор хольсон элэглэл юм. Та энэ киног огт үзэж байгаагүй бол ахин дахин үзэх тийм кино кино гэмээр байна. Эл бүтээл хүйсийн ялгааны талаар хөнгөхөн хэрнээ сайтар чиглэсэн ажиглалттай кино. Энэ мөн савангийн дуурь, Нью-Йорк хотын шоу бизнесийн агентуудыг шоглосон комеди юм. Холливууд хэрхэн ажилладаг, жүжигчид, зохиолчид, техникчид, ерөөсөө арын албаныхны тухай тодорхой ойлголт өгөх гайхалтай кино.
Comments
Post a Comment