The Apartment (1996). Францын кино найруулагч Gilles Mimouni-н зохиолыг бичиж найруулсан драм. Киноны гол дүрүүдэд: Romane Bohringer, Vincent Cassel, Jean-Philippe Ecoffey, Monica Bellucci нар тоглосон. Энэ Gilles Mimouni гэгч эрхэм амьдралдаа ганцхан бүрэн хэмжээний кино хийсэн нь эл бүтээл бөгөөд архитектур мэргэжилтэй түүний кино урлагийн замнал яагаад ийм ахархан болохыг мэдэхгүй ч энэ бол гайхалтай гоёмсог, ээдрээтэй кино урлагт дурлагсдын заавал үзэх ёстой драм юм. 1998 онд БАФТА-аас Англи бус хэлтэй шилдэг кино шагналыг хүртсэн байдаг аж. Америкийн театраар огт гараагүй уг киног 2004 онд Холливуудын өөрийнхөөрөө шинэчлэн дахин хийсэн ч эх хувилбартаа дөхөж ч очоогүй билээ. Дур булаам, сэтгэлд хоногшим энэхүү кинотой танилцая.
Өгүүлэх нь, хуучин богемист, зохиолч байсан Max Нью-Йоркт ажилд орохоосоо өмнө Lisa хэмээх үзэсгэлэнтэй хүүхэнд ухаан жолоогүй дурлаж явсан ч өнөөх хайр нь нэг өдөр учир битүүлгээр түүнийг орхиж, одоо ч энэ явдлын учрыг олохыг хүсдэг, мөн Lisa-гаа мартаж чадаагүй явсаар хоёр жилийн дараа Max төрсөн гэр Паристаа суурьшихаар иржээ. Гэвч тэрээр шинэ амьдралаа эхлүүлсэн буюу бизнесмэн болоод зогсохгүй Muriel гэдэг хүүхэнтэй сүй тавьжээ. Санамсаргүй учралаар Max нэгэн кафед Lisa-гаа харах шиг болоод араас нь гарч яваад бүдрэн унаснаар үнэхээр Lisa мөн байсан эсэхийг мэдэж чадсангүй. Ямар ч үнээр хамаагүй түүнтэйгээ уулзахаар шийдсэн Max сүйт бүсгүйдээ ажлаар Япон явлаа гэж худал хэлээд жинхэнэ хайрыгаа олохоор Парист үлдэнэ. Шаргуу зан, арга сүйхээ ашиглан Max Lisa-н байранд орж чадах агаад байранд дөнгөж орж ирээд байтал гаднаас Lisa бололтой нэг хүүхэн орж ирдэг. Max ч тэр үзэгч бид ч хүүхнийг Lisa гэж бодтол хүүхэн өөр хүн байлаа. Баахан шуугиан, үл ойлголцлын дараа хүүхэн өөрийн бас Lisa гэж танилцуулдаг; тэр шөнөдөө тэд янаглан хонох агаад улмаар тэдний харилцаа цэцэглэж эхэлдэг.
Үнэндээ энэ хүүхний жинхэнэ нэр Alice гэдэг. Киноны өрнөлийн туршид Max, Lisa (жинхэнэ) хоёрын танилцсан хийгээд хамт амьдарсан түүхийг эргэн дурсах хэлбэрээр өгүүлдэг бөгөөд мөн Alice Lisa-н найз болоод зогсохгүй найзынхаа хайртай залууд сэтгэл алдарсныг зэрэгцүүлэн үзүүлдэг. Lisa, Alice хоёр өөд өөдөөсөө харсан хоёр байрны зэрэгцээ давхарт амьдардаг агаад Alice өөрөөс нь илүү үзэсгэлэнтэй, авъяастай Lisa-д битүүхэн атаархаж, түүнтэй адилхан болохын тачаадан хүсэхдээ дээр нь найз залуу Max-д нь дурласан нь гал дээр тос нэмсэнтэй ижил зүйл болжээ. Тухайн үед жүжигчин байсан Lisa гэнэт хоёр сарын аялан тоглолтоор явах болж, энэ тухайгаа захидалд бичиж, итгэлт найз Alice-аар Max-д дамжуулахаар тохиролцсон боловч Alice захиаг Max өгсөнгүй. Энэ үеэр бас Нью-Йоркоос боломжийн санал сонсоод яахаа мэдэхгүй байсан Max Lisa-н нууцлаг сураг алдарсанд гомдоод Нью-Йорк явчихсан нь тэр юмаа. Max Alice-г хэзээ ч өмнө харж байгаагүй, Lisa-н найз гэдгийг ч мэдэхгүй. Ийнхүү Alice амраг хосуудыг амжилттай салгаад зогсохгүй өөрөө "Lisa" болов.
Max-г явсны дараа Lisa буцаж ирээд Max-г явчихсныг мэдээд сэтгэл нь шархлахад, Alice түүнийг сэтгэлээ тайвшруул хэмээн аяллаар явахыг зөвлөх бөгөөд Lisa найзынхаа үгэнд орсноор баян, эхнэртэй өөрөөсөө олон ах Daniel гэгчтэй танилцаж болзож эхэлнэ. Max-н очсон байр үнэндээ Lisa-нх агаад Lisa Daniel-ээс зугтахын тулд (Daniel түүнтэй байхын төлөө эхнэрээ алсан) байрныхаа түлхүүрийг Alice-д өгсөн аж. Зальт үнэг Alice мөн Max-н хамгийн сайн найз Lucien-тэй болзож байгаа нь зөвхөн Max-г өөрийн болгохын төлөөгөөс гадна өөрийгөө Lisa гэж мэдрэх хүсэлтэй нь холбогдоно. Киноны дэд үйл явдалд, Alice Уильям Шекспирийн "Зуны шөнийн зүүд" жүжигт тоглож байдаг ба Шекспирийн жүжигт гарах дөрвөн амрагийн түүх уг киноныхтой харьцуулам, нэг үгээр кино сайхь жүжгээс тодорхой хэмжээгээр санаа авсан нь ойлгомжтой болой. Эргээд кинондоо ороход Alice бас л Lisa шиг жүжигчин болсон байгааг анхаарах хэрэгтэй юм. Кино яаж эхэлсэн яг тэр цэг дээрээ төгсдөг буюу Max даргынхаа охин Muriel-тэйгээ суудаг нь илүү сайхан найдвартай байдлыг харсных болов уу.
Lucien үргэлж Alice-д үнэнч байж, араас нь хөөцөлдөж байсан бол Lisa, Alice (нэрс нь хэн хэнийхээ тусгал болно) хоёр хоёулаа Max-д хайртай, харин Max Lisa-д хайртай боловч хуурамч Lisa-н тэмдэглэлийн дэвтрийг уншчихаад Alice-д татагдаж эхэлдэг; гэхдээ Max эцэстээ Muriel-тэй хувь заяагаа холбоно. Ерөнхийдөө киноны үйл явдал зүүд мэт орчинд өрнөж, хайрлагсад чухам хэнд үнэхээр хайртайгаа мэддэггүй. Таван өнцөгт хайрын тухай шинэлэг, эрчтэй, нарийн түвэгтэй энэхүү кино нь гоозүй, загварлаг байдлаара найруулагч Gilles Mimouni-г сүрхий кино "барилгачин" болохыг бүрнээ харуулна. "The Apartment" гэдэг нэр танд Billy Wilder-н классик киног санагдуулж болох ч Mimouni кино жинхэнэ Франц кино буюу Парис хот яагаад хайрын хот гэгддэгийг тодорхой харуулсан. Энэхүү бүтээл дэх бүх дүр галзууртлаа дурлаж, үүнийхээ төлөө юу ч хийхэд бэлэн байдаг.
Кино зохиолын бүтэц өөгүй, нарийн ширийн зүйлсийг гайхалтай ашиглаж, аль ч дүрийг товойлгодоггүй. Эмэгтэй хүний нүүр будалт, цагаан сарнай, багц түлхүүр, кафены толь, үнсгэлжинг санагдуулам өндөр өсгийт; энэ дурдсан бүхэн өөрсдийн үүрэгтэй байдаг. Киноны баатрууд амьдралынхаа эргэлтийн мөч рүү тэмүүлж байгаа учраас үйл явдал нууцлаг одоо цагаас тайлбарлагдахдаа өнгөрсөн руу эргэлдэх өгүүлэмжтэй хүүрнэх аргыг ашигласан. Одоо цаг, өнгөрсөн цаг хоёр нийлээд үйл явдлыг нэлээд өтгөрүүлдэг ч сонирхол бууруулдаггүй. Кино төгсөн, нууцлаг түүх илэрхий болоход сентименталистуудад найруулагчийн шийдэл харгис санагдахыг үгүйсгэхгүй боловч ийм төгсгөл л хайрын огцом, ширүүн бас шударга талыг илтгэх болов уу.
Comments
Post a Comment