Доголон чөтгөр

 


The Usual Suspects (1995). Америкийн найруулагч Bryan Singer-н найруулсан гэмт хэрэгт, триллер. Кино зохиолыг Christopher Macquarrie бичсэн ба гол дүрүүдэд; Stephen Baldwin, Gabriel Byrne, Benicio del Toro, Kevin Pollak, Chazz Palminteri, Pete Postlethwaite болон Kevin Spacey нар тоглосон. Киноны үйл явдал нь Лос Анжелесийн боомтод байсан хөлөг онгоцон дээр гарсан аллага, уг аллагаас амьд үлдсэн хоёрхон хүний нэг болох луйварчин "чалчаа" хочит Kint мөрдөгчдөд байцаагдаж байгаа явдлыг үзүүлдэг. Kint үйл явдлыг эргэн дурсах маягаар кинонд хүүрнэгчийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд яагаад нөхдийнхөө хамт онгоц дээр байсан, тэднийг энэ хэрэгт алсаас удирдан оролцуулсан Keyser Soze гэдэг нууцлаг гэмт хэргийн удирдагчийн тухай ярина. Киноны нэрийг домогт "Casablanca" кино дахь алдартай өгүүлбэрээс санаа авч өгсөн ба найруулагч Bryan Singer энэ нь кинонд тун сайхан тохирох нэр гэж үзжээ.

Кино нээлтээ хийгээд кино зохиол, үйл явдлын эргэлт, нууцлаг элемент хийгээд жүжигчин Kevin Spacey-н тоглолтод шүүмжлэгчдээс магтаал хүртсэн. Зохиолч McQuarrie Оскарын наадмаас шилдэг эх зохиол төрөлд ялагчаар тодорсон бол Kevin Spacey Kint-н дүрээрээ шилдэг эрэгтэй туслах дүрийн шагнал хүртсэн. Америкийн Зохиолчдын Эвлэл уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг кино зохиолтой кино жагсаалтынхаа 35-р байрт эрэмбэлсэн байдаг. 68 дахь удаагийн Оскарын наадмын шагнал гардуулах ёслолд шилдгээр шалгарсан Kevin Spacey индэр дээрээс: "Тэгэхээр, Keyser Soze хэн ч байлаа гэсэн тэр өнөө орой маш их уух болно гэдгийг л би хэлэх байна" гэж хэлж байв. 2008 онд, Америкийн кино хүрээлэнгээс гаргасан хамгийн шилдэг 10 нууцлаг киноны тоонд "The Usual Suspects" багтаж, Verbal Kint-н дүр шилдэг 100 баатар ба хорон санаатнууд жагсаалтад 48-р байрт бичигдсэн байна. Тэгвэл Entertainment Weekly сэтгүүл уг киног заавал үзэх ёстой шилдэг 13 дээрмийн сэдэвт кинонд оруулсан байхад Empire сэтгүүл хамгийн шилдэг 100 киноны дүр жагсаалтдаа Keyser Soze-г 69-р байрт эрэмбэлжээ. Эхлээд үзэгчдэд энгийн үйл явдлыг өгчихөөд араас нь мэхлэлт, эргэлт, хүчирхийлэл зэрэг толгой эргэм олон давхаргат энэхүү гайхамшигтай гүйцэтгэлтэй киноны үйл явдлыг товчхон өгүүлсү.

Сан Педрогийн тэнгисийн булангийн боомтод зогсох хөлөг онгоцон дээр гэмт хэрэгтэн Keaton шархтай хэвтэхүйд нэгэн сүүдэр түүн рүү дөхөн ирж, "Keyser" гэж хэлтэл сүүдэр түүнийг буудаж алаад, дээр нь хөлөг онгоцыг шатаачихна. Маргааш нь цагдаа нар боомтоос олон тооны цогцос олох ба ердөө хоёрхон хүн амьд үлдсэн нь тогтоогдоно; Унгарын мафи, аймшигтай түлэгдсэн Kovash нэг нь бол нөгөөх нь жижиг гарын луйварчин "чалчаа" хочит, хөгжлийн бэрхшээлтэй Kint гэгч байв. Нэгдсэн улсын агент Kujan Kint-г байцаахаар Нью-Йоркоос хэрэг гарсан Лос Анжелест ирнэ, харин Лос Анжелесийн мөрдөгч Jack үхлүүт түлэгдсэн Kovash-тай уулзахаар эмнэлэг явж; чалчаа, Kujan хоёр Лос-Анжелесийн цагдаагийн хэлтсийн оффист уулздаг. Чалчаа түүнд байцаагдсанаар киноны маань үйл явдал эхлэх буюу чалчаа хэрхэн Keaton-той танилцаж бас энэ хэрэгт татагдсан орсноо дурсан ярина. Зургаан долоо хоногийн өмнө Keaton, Fenster, McManus, Hockney нартай Нью-Йоркийн цагдаагийн газарт анхлан Чалчаа танилцсан агаад тэднийг ачааны машин дээрэмдсэн гэж хамсаатнууд болгон баривчилсан ч хэн ч хэрэгт оролцсон нь тогтоогдоогүй ажээ. Хорих өрөөнд хамтарч болохоо ойлголцсон гэмт хэрэгтнүүд тэндээс гараад нэг баг болж ажиллахаар тохиролцжээ.

Keaton эхэндээ дургүйцсэн ч бохир цагдаа нарыг дээрэмдэх, бас хүний амь бүрэлгэхгүй гэсэн нь санаанд нийцснээр тэд ажилдаа орсон бөгөөд эрчүүд бохир цагдаа нар мафийнхантай байхад нь явж ороод нэлээд хэмжээний үнэт эдлэлийг булааж чадна. Энэ явдал бохир цагдаагийн хэргийг олонд гарган тавьж нийгэмд шуугиан тарив. Эрчүүд үнэт эдлэлээ зарж борлуулахаар Калифорнид очиж, Улаан хөлт гэгч этгээдээр зуучлуулан үнэт эдлэлээ заруулахаар болтол Улаан хөлт тэдэнд бас нэг үнэт эдлэлийн дээрмийн ажил санал болгосон байна. Ингээд дээрэм болсон ч тэдний дээрэмдсэн зүйл үнэт эдлэл бус хар тамхи байж таарчээ. Удалгүй тэдэн дээр өөрийгөө Kobayashi гэж нэрлэсэн хүн ирээд саяны ажиллагаа бол Туркийн нууцлаг гэмт хэргийн удирдагч Keyser Soze гэгчийн зохион байгуулсан ажил төдийгүй өөрийгөө нууцлаг эзнийхээ бие төлөөлөгч гэж танилцуулж. Энэ Keyser Soze гэгч гэмт хэргийн ертөнцөд үлгэр домог шиг яригддаг, гэмт хэрэгтнүүдийн хар дарсан зүүд бөгөөд бүх томоохон гэмт хэрэг, хулгай дээрэм түүний удирдлага дор явагддаг ч хэн ч түүнийг харж, биеэр уулзаж байгаагүй боловч бүхний оройд тэр л байдаг гэжээ.

Kobayashi мөн тэд нар Нью-Йоркт хамт баривчлагдсан хэрэг бол Keyser Soze-н зохион байгуулсан ажил буюу учир нь тэдний хулгайлсан зүйл эзнийх нь байсан, тиймээс тэд одоо эзэнд нь үйлчилж Сан Педрогийн боомтод байгаа асар их хар тамхийг устгавал уучилж үзэн амь насыг нь хэлтрүүлнэ гэж Kobayashi өгүүлж. Энэ хар тамхи бол Аргентин болон Унгарын мафиудын хамтарсан ажиллагаа байлаа. Таван эр маань татгалзах бодолтой байсан ч зугтахыг оролдсон Fenster алуулснаар хүчээр ажлыг гүйцэтгэхээс өөр аргагүйд хүрнэ; үүнд нэмж хэлэхэд ерөнхийдөө толгойлогч нь болох Keaton-н найз хүүхнийг Kobayashi барьцаалсан нь үлэмж түлхэц болжээ. Энэ хэсэгт кино одоо цагт ирнэ; Чалчаа ажиллагаа болоход хөлөг онгоц дээр ямар ч хар тамхи байгаагүй, мөн Keyser Soze тэнд байсан гэж Kujan-д хэлдэг. Харин эмнэлэгт, мөрдөгч Jack бараг амь тавьж байгаа Kovash-аар Keyser Soze-н ам зургийг гаргуулж байдаг. Кино Чалчаагийн эргэн дурссан ярианы төгсгөлд ирнэ. Тэрээр нөхдийн хамт хөлөг онгоц руу дайрч, Унгар, Аргентины гэмт хэрэгтнүүдтэй үхлийн тулаан хийсэн я онгоцонд хар тамхи байгаагүй аж. Харин үл үзэгдэгч алуурчин McManus, Hockney, Keaton болон онгоцонд байсан хоригдлыг хөнөөсөн гэжээ.

Дараа нь Kint боомтын хаа нэгтээ нуугдаж байгаад нууцлаг сүүдрэн хүн гал тавихыг харжээ. Kujan энэ үед хөлөг онгоцонд байсан хоригдол бол Arturo гэдэг бас л нэг буруу гарын нөхөр, гэхдээ хамгийн гол нь тэр Keyser Soze гэгчийг тодорхойлж чадах хүн байсан тул түүнийг хөнөөсөн болохыг Kint-д тодруулж хэлнэ. Мөн тэрээр Arturo нь Keyser Soze-н гол дайсан байснаас гадна Keaton-н найз хүүхнийг алсан нь тогтоогдсон гэнэ. Агент Kujan-н мэдэгдэж байгаагаар Keaton өөрөө Keyser Soze байсан буюу Keaton энэ бүх аллага, хуйвалдааны ард тэр байж, Keyser Soze гэдэг үлгэр зохиосон гэж мэдэгдэхэд Kint уйлна. Ингээд Чалчаа батлан даалтанд гараад суллагдахтай зэрэгцэн эмнэлгээс цагдаагийн газарт факс ирнэ; факст Keyser Soze-н аман зураг байлаа. Агент чалчааг явсны дараа оффисын ханан дээрх янз бүрийн хэргүүдийн түүх, зургийг хараад гэнэт саяны доголон чалчаа нөхөр үнэндээ Keyser Soze байсныг, байцаалтын үеэр ханан дээрх зүйлсийг хараад зохиож ярьж байсныг ойлгох ч энэ бүхэн оройтсон байлаа. Доголон чалчаа одоо гудамжаар энгийн хүн шиг алхаж явсаар Kobayashi-н машинд суун алга болно.

Найруулагч Bryan Singer "Public Access" гэдэг анхны бүрэн хэмжээний киногоороо 1993 онд Sundance кино наадмаас шүүгчдийн нэрэмжит шагнал хүртсэн ба наадмын дараах үдэшлэг дээр жүжигчин Kevin Spacey-тэй танилцжээ. Spacey түүнд дараагийн кино нь ямар ч байсан хамаагүй хамтран ажиллахыг хүсч байгаагаа илэрхийлсэн байна. "Public Access" киноны зохиолыг мөн л Christopher Macquarrie бичсэн бөгөөд Sundance кино наадмын үеэр сурвалжлагч түүнээс дараагийнхан киноны талаар асуухад Macquarrie: "цагдаагийн газарт танилцсан гэмт хэрэгтнүүдийн тухай байх болов уу" гэж хариулжээ. Энэ бол найруулагч Singer-тэй бодож олсон анхны идеа байсан ба киноны постерт тусгалаа олсныг бид мэдэх билээ. Найруулагч Singer дараа нь эдгээр таван хүнд гарыг юу нэгтгэх вэ? гэж бодож эхэлсэн бөгөөд үүн дээр гэр бүлээ хөнөөж, сураггүй алга болсон ч домоглог шинжтэй болсон гэмт хэрэгтэн гэсэн санааг Macquarrie нэмснээр кино зохиолын араг яс бүтэв. Keyser Soze-ын дүрийг 1971 онд гэр бүлээ алаад, дараа нь 20 жил шахам алга болж байгаад баригдсан John List гэгч нягтлан бодогчоос үндэслэн бүтээжээ. Кино зохиолыг бичсэн Christopher McQuarrie хуулийн фирм-д ажилласан байсан туршлага, мэдлэгээсээ улбаалан уг киноны зохиолыг бичжээ.

  Keyser гэдэг нэр түүний хуучин даргын нэртэй төстэй бол Soze гэдэг нь түүний өрөөний хамтрагч Турк хүний нэрээс улбаатай буюу Soze гэдэг нь Туркээр "чалчаа хүн" хүн гэсэн утгатай аж. Singer эл бүтээлээ "Double Indemnity" ба "Rashomon" кинонуудын найрсал гэж тодорхойлоод: "Та киног нэг удаа үзээд ойлгоогүй бол хоёрдахь удаагаа үзээд нарийн ширийн зүйлсийг нь ойлгох боломжтой. Та хоёрдахь удаагаа үзэхдээ анхных дээрээ олж хараагүй зүйлсээ олж харах болно" гэсэн буй. Найруулагч маань мөн киноныхоо бүтцийг "Citizen Kane" кинотой харьцуулсан буюу байцаагч ба түүхийг өгүүлэгч субъектууд гэсэн агуулгатай байдаг. Үлэмж хэмжээний харилцан яриа, шугаман бус түүх, мөн алдартай од байхгүй гэсэн үндэслэлээр кинонд санхүүжилт олоход хүндрэлтэй байв. Санхүү олгогчид алдартай од хүсч байсан ба Jeff Bridges, James Spades, Al Pacino, Christopher Walken нарын оддыг хүссэн нь талаар болсон ба эцэст нь Европын кино компани санхүүжүүлэхээр болжээ. Гэхдээ л мөнгөний асуудал байсан боловч "The Usual Suspects" кинонд тоглосон жүжигчид Macquarrie-н зохиолыг чанар чансааг уншаад ердийн төлбөрөөсөө багыг аваад тоглохыг зөвшөөрсөн байдаг. Жүжигчдийн сонгон шалгаруулалтын тухай найруулагч Singer: "Та хүмүүсийг байгаагаар нь бус харин тэд хэрхэн хувирч чадахыг төсөөлж байгаагаараа сонгодог шүүдээ" гэсэн буй. Жүжигчин Kevin Spacey дүрийн судалгаа болгож саажилттай холбоотой эмч, мэргэжилтнүүдтэй уулзаж ярилцаж, мөн Singer-тэй энэ бүхэн нь кинонд нь таарч тохирох талаар тувт ярилцаж байжээ.

Бэлтгэл сургуулилтын үеэр жүжигчид хоорондоо маш сайн харилцаатай байсан гэж Gabriel Byrne ярьсан байдаг. Жүжигчин Benicio del Toro дүрийнхээ бараг ойлгомжгүй яриаг мэргэжлийн хүнтэй хамтран бий болгосон ба жүжигчний хэлснээр өвөрмөц ярианы үүсэл нь дүрийнх нь зорилго бол үхэл байсантай холбоотой гэжээ. Нэрт шүүмжлэгч Roger Ebert уг киног ойлгомжгүй, төөрөлдөхүйц гэсэн байдаг бол USA Today сонин таахуйц хялбархан гэсэн байдаг. Уг киног "Оскарын өгөөш" гэж үзэгсэд багагүй байдаг ба энэ бол үзсэний дараа үйл явдал, хэсэг болгоноор нь холбож, зөв тааруулах гэж оюун ухаанаа ажиллуулдаг тийм киноны нэг юм. Энэ бол дурсамжаас бий болсон нягт нямбай хуйвалдаант нууцыг харуулсан түүх юм. Жүжигчдийн сонголт бас тоглолт өөлөх юмгүй. Киноны дээрэмчдийг Quentin Tarantino-н "Reservoir Dogs" киноныхтой харьцуулж болох ч Quentin Tarantino-н баатрууд хамаагүй харгис, эрэлхэг байдаг. Энэ киноны төгсгөл үнэхээр гоёмсог бас хүлээлтээс давснаараа киноныхоо амин сүнс, суурь үндэс нь болдог. 

Comments