Хулгайч, луйварчин хоёр

 


Trouble in Paradise (1932). Герман гаралтай Америкийн нэрт кино урлаач Ernst Lubitsch-н Холливуудын цензурын өмнөх үед хийгдсэн романтик комеди. Унгарын жүжгийн зохиолч Laszlo Aladar-н "A Becsuletes Megtalalo" гэдэг 1931 оны жүжгээс сэдэвлэн кино болгосон ба гол дүрүүдэд: Miriam Hopkins, Kay Francis, Herbert Marshall нар тоглосон. Киноны үйл явдалд, сүрчигний компанийн эзэн бэлэвсэн хүүхнийг "сэгсэрхээр" залилан хийж байгаа хулгайч хүүхэн, луйварчин залуу хоёрын хөгтэй түүхийг өгүүлдэг.

Кино урлагийн ертөнцөд "Lubitsch-н мэдрэмж" гэсэн хэллэг байдаг, энэхүү "Trouble in Paradise" киногоор анх олон нийтийн дунд "Lubitsch-н мэдрэмж" гэсэн хэллэг ойлголт бий болсон гэж үздэг бөгөөд эл бүтээл нь бусад Lubitsch-н киног бодвол илүү тогтуун хэв маягтай, сэтгэл хөдлөлийн хувьд дүнсгэр хэдий ч найруулагчийн кино хэлийг төгс илэрхийлсэн, хамгийн "Lubitsch" маягийн кино нь юм. Уран үгсээр жиргэсэн, эхэмсэг мөртлөө ёс суртахуунгүй, дээд зиндааны дүр эсгэсэн ч мөн чанартай сэтгэл хөдлөлийн хуйлрааг төгс үзүүлсэн уг киног Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 155-р байрт жагсаагаад байна. Шүүмжлэгч Roger Ebert эл шедеврийг өөрийнхөө агуу кино жагсаалтад багтаасан байдаг бол шүүмжлэгч Dwight Macdonald: "Миний үзэж байсан кинонуудаас төгс төгөлдөрт хамгийн дөхөж очсон кино" гэсэн байдаг. The New York Times уг киног 1932 оны хамгийн шилдэг киноны нэгээр нэрлэсэн. Найруулагч Wes Anderson, жүжигчин Ralph Fiennes өөрсдийнх нь "The Grand Budapest Hotel" кинонд маш их нөлөөлсөн гэжээ. Ингээд киноны үйл явдлыг товчхон хүргэе.

Венецэд, тайжийн дүрд хувирсан гарамгай луйварчин Gaston мөн гүнжийн дүрд хувирсан хөөрхөн хулгайч Lily-тэй танилцаж, улмаар бие биедээ дурлаж, хамтран "ажиллахаар" нэгдэнэ. Тэд Венецийг орхин Парист ирэх бөгөөд Gaston сүүлийн компанийн баян, бэлэвсэн хүүхэн болох Mariette-н анхааралд өртөж, томоохон луйвар хийхийн тулд Mariette-н алмаазан шигтгээтэй үнэт хэтэвчийг нь хулгайлчихна. Mariette хэтэвчийг нь олж өгсөн хүнд өндөр шагнал олгоно гэсэн зарлал тавьж, Gaston-н урхийг үмхэх нь тэр. Хэлэмгий, аргатай Gaston Mariette-н итгэлийг олж нарийн бичиг нь болоход ердөө ганцхан уулзалт л хангалттай байлаа. Gaston баян хүүхний баруун гар болоод зогсохгүй Lily-г ч ажилд авч чаддаг. Гэвч Mariette-н гэр бүлд олон жил үнэнчээр зүтгэж байгаа хөгшин менежер Adolph-д шинэ зочид нэг л сэжигтэй санагдах ч эзэгтэйн даанч ч үгэнд нь орохооргүйгээр Gaston-д дурлачихаад байв. Mariette гэртээ сейфэндээ их мөнгө хадгалдагийг, тэр байтугай сейфийнх нь нууц үгийг олж мэдсэн Gaston-д энэ бүхэн чамлалттай санагдах агаад улмаар аюулаас сэргийлэхийн тулд ихэнх мөнгөө сейфэндээ хадгалахыг үнэнч туслахын хувиар зөвлөнө. Mariette түүнд илэрхий сээтэн хаях бол Gaston ч хүүхэнд татагдаж байгаагаа ухаарна.

Mariette-н араас тууштай гүйдэг эр хөгшин эр бий; нэг нь хошууч цолтон бол нөгөөх нь саяхан шахуу Венецэд Gaston-д луйвардуулсан Filiba гэгч болой. Нэгэн үдэшлэг дээр Filiba Gaston-г хараад нэг л танил санагдах ч яг таг санаж чаддаггүй. Байдал бишдсэнийг ойлгосон луйварчид сейфийг хоослоод үтэр түргэн арилахаар шийддэг. Тэр орой Mariette хошуучийнд очих оройн зоог барих ёстой байсан ч Gaston-той шөнийг хамт өнгөрүүлэх үү, эсэхдээ эргэлзэн тээнэгэлзэнэ. Эцэстээ тэрээр явдаг ба тэдний явдлыг мэдсэн Lily өөрийн эр ээ алдсанаас төлөвлөгөөнөөсөө ухрахыг илүүд үзэж эхэлдэг. Mariette-н очсон үдэшлэгт хошууч Filiba хоёр ярилцаж байгаад Gaston гэгч бол Венецэд байсан луйварчин болохыг эргэн санана. Тэд үүнийгээ Mariette-д хэлсэн ч хүүхэн итгэлийг хүсэхгүй. Энэ зуурт Lily Gaston-н өмнө сейфийг тонох ба Mariette эргэж ирээд юу болоод байгааг тайлбарлахыг Gaston-оос шаардахад залуу сейфийг тонож, бэлэн мөнгө хулгайлагдсан гэж мэдэгдэнэ. Тэрээр мөн менежер Adolph олон жил компаниас нь мөнгө идэж байсныг олж илрүүлсэн болохоо ч мэдэгддэг. Lily тэр хоёр дээр явж очоод өөрийгөө сейфээс мөнгө хулгайлсан хүн гэдгээ хүлээгээд эхлээд мөнгөнөөс татгалзаж болно, тэгэхдээ мөнгөөр Gaston-г солилцох санал тавина. Gaston, Mariette хоёр салахаар эцсийн удаа хоёулахнаа уулзахад Gaston хүүхэнд, бид байвал үнэхээр сайхан байх байсан ч цагдаа нар өөрийг нь эрж ирэхэд байдал түвэгтэй болох учир салах нь ухаалаг хэрэг гэж хэлэхэд хүүхэн ч зөвшөөрдөг. Gaston явахдаа хүүхний үнэт зүүлтийг Lily сонирхоод байсан учир авчихсан гэдгээ улайхад Mariette ердөө л инээмсэглэдэг. Таксинд яваа Gaston, Lily хоёр мөнгөтэй ч, үнэт зүүлттэй ч, хамгийн гол нь хамтдаа байгаагаар кино төгсдөг.

Уг киноны нэрэнд "The Honest Finder", "Thieves and Lovers", "The Golden Widow" зэрэг сонголт байсан ч одооны энэ нэрийг сонгожээ. Найруулагч Lubitsch кино зохиолч Samson Raphaelson хоёр олон бүтээлд хамтран ажилласан байдаг ба голдуу Lubitsch кино зохиолд санаагаа оруулдаг шиг киноны найруулгад Raphaelson бас санаагаа оруулдаг байсан нь уг кинонд ч тусгалаа олсон. Lubitsch Raphaelson-д эх жүжгийн зохиолыг уншихгүй байхыг зөвлөөд харин оронд нь Румыний зартай луйварчин George Manolescu гэгчийн түүхийг уншихыг хүссэн буюу жүжигчин Herbert Marshall-н мастер луйварчин дүрийг чухам сайхь луйварчинаас сэдэвлэжээ. Продакшны цензурын тухай хууль хэрэгжихээс өмнө хийгдсэн уг кинонд сексийн болон насанд хүрэгчдэд зориулсан далд үг, сэдэв агуулж байснаараа цензурын өмнөх кинонуудын сонгодог жишээ болдог. 1935 онд цензурын албанаас уг киног дахиж гаргахыг хориглосон ба 1968 оноос л чөлөөтэй гарч эхэлжээ. Киноны дүрүүд зулгуйдсан, ёжтой, боловсронгуй, сэтгэл татам байдаг; тэд киноны турш гялалзаж бас гулсах аятай байдаг. Кино гурван гол дүртэй байхад туслах дүрүүд хошигнолын нэмэлт амт оруулна. Венецийн тансаг зочид буудлууд, Парисын пентахаусууд, хананы сейф, эргэлдсэн шат, шөнийн цэнгээний газар, дуурь, коктейль, үнэт эдлэл эл бүтээлийг бүрдүүлэх хэдий ч дүрүүд ийм дэгжин ертөнцөд бодитой мэт харагдаж байгаа нь сонирхолтой.

Романтик гурвалжин бол Lubitsch-н хамгийн дуртай үйл явдлын бүтэц байсан ба бат бэх харилцааг түр зуурын сексийн өрсөлдөөнөөр сорих нь найруулагчийн азгайг хөдөлгөдөг байжээ. Сүрчигний байна эзэн хүүхэн эхнээсээ л боловсон луйварчинд татагдаж байгаа нь илэрхий шиг боловсон луйварчин ч түүний тачаалд бөхийж, ерөнхийдөө аль аль нь энэ харилцаан урт насгүйг мэдсэн даваажин дахь амтат хором бүрийг алдахыг хүсэхгүй байгаа нь тодхон. Холливуудад цензур хэрэгжиж эхлэхээс өмнөх кинонуудад сексийн өнгө аяс маш тод, илэрхий мэдрэгддэг бөгөөд уг киноны гурван гол дүрийн хэн нь ч сексийг хайр гэж андуурахуйц "ухаантай" биш юм. Хоёр хүүхэн юу хүсч байгаагаа тодорхой мэддэг байхад Gaston ч өөрийнхөө байр байдлыг ухамсарладаг буюу тэрээр өөрийнхөө мэдрэмжийг боловсон зан чанарынхаа ард сайтар халхлаж чаддаг. Жүжигчин Herbert Marshall кино хийгдэх үед 42 настай байсан, намбалаг, хар үстэй энэ эрхэм бага зэрэг бөгтгөр болохоор эмэгтэй жүжигчид рүүгээ бөхийж байгаа мэт харагддаг.

Тэрээр дэлхий 1-р дайнд нэг хөлөө алдаж, кинонд тоглохдоо модон хөлтэй байснаас гадна доголонгоо нуухын тулд маш их дасгал хийдэг байсан учир кинонд согог нь огт мэдэгддэггүй билээ. Samson Raphaelson бол нэрт найруулагчийн хамгийн дуртай хамтрагч нь байсан. Киноны ёжтой, тохуутай харилцан яриаг энэ эрхэм бүтээсэн. Киноны харилцан яриаг дахиад жаахан өрдөөд өгвөл ойворгон комеди жанрынх болчихно гэдэг. Lily, Gaston хоёр намуухан үгсээр биесээ шоглодог; харин Mariette бол баян завхарсан юмуу гэнэн тэнэг хохирогч биш юм. Gaston, Mariette хоёрын хагацлын хэсэг хошин хөгжилтэй харагдавч үнэхээр гунигтай, өөрийг нь дээрэмдсэн ч хүүхэн залууг хайрлаж байна, харин залуу хохирогчдоо дурласан нь энэ хошин үзэгдлийг сэтгэл шимшрэм болгож байна. Чухам энд л Lubitsch-н мэдрэмж оршдог аж. Намхан, эгэл, үргэлж тамхи зуугаастай Lubitsch-г жүжигчин Mary Pickford холливуудад авчирсан байдаг ба мастерийн найруулагчийн замнал 1915 оноос эхэлсэн. "Lubitsch-н мэдрэмж" гэдэг хэллэгийг сэтгүүлч, нийтлэлч нар өгсөн бөгөөд үнэндээ Lubitsch маягийн кино ийм байна гэсэн ойлголт, онолыг найруулагч маань огт хэлж юмуу илэрхийлж байгаагүй юм. 

Comments