Дарангуйлагч, үсчин хоёр

 


The Great Dictator (1940). Их Британийн аугаа кино урлаач Charlie Chaplin-н зохиолыг бичиж, продюсерлэж, найруулж, мөн гол дүрд нь тоглосон улс төрийн егөөдөлт, бараан комеди. Кино урлаг дуутай эринд шилжсэн ч дуугүй кино хийсээр байсан мастерийн хувьд энэ нь түүний анхны жинхэнэ дуутай кино нь болсон. Chaplin энэхүү егөөдөлт бүтээлээрээ нацист Германы дарангуйлагч Adolph Hitler болон фашист Италийн дарангуйлагч Benito Mussolini нарыг зоригтойгоор буруушаасан юм. Кино анх нээлтээ хийх үед Америкийн нэгдсэн улс нацист Германтай дайн зарлаагүй, дэлхийн 2-р дайны эхэн үед төвийг сахисан байр суурьтай хэвээр байсан. Chaplin уг кинондоо фашист дарангуйлагч ба еврей үсчин гэсэн хоёр дүрд тоглосон. "The Great Dictator" ард түмний дунд маш алдартай байсан нь Chaplin-н хувьд хамгийн их ашиг олсон кино нь болжээ. Орчин үеийн кино шүүмжлэгчид киноны түүхэн ач холбогдлыг үнэлж, хамгийн шилдэг инээдмийн киноны нэг төдийгүй егөөдөлт, ёжлолын хувьд тун чухал бүтээл гэж үзэх болжээ.

Уг кино тухайн жилийнхээ Оскарын наадамд шилдэг эх зохиол, шилдэг хөгжим, шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин гэсэн таван төрөлд нэр дэвшсэн ч ганц ч төрөлд ялалт байгуулаагүй нь хачирхалтай. 1964 онд гарсан их найруулагчийн намтарт, хэрвээ тэрээр тухайн үеийн нацистын хорих лагерийн аймшигтай нөхцөл талаарх үнэнийг мэдэж байсан бол энэ киногоо хийхгүй байх байсан гэсэн байдаг. Өөрийнхөө хамгийн том хит болсон энэхүү киногоороо Chaplin Hitler-г хувь хүнийх нь хувьд зориуд уурлуулан хилэгнүүлэх зорилготой бас загвараар хийсэн нь эргэлзээгүй харагдах ба энэ бол уран бүтээлч хүний эрэлхэг шинж, дэвшилтэт ур ухааныг сонгодог жишээ болсон кино юм. Америкийн нэрт зохиолч Марк Твений "Жонон, гуйлгачин хоёр" романыг эрхгүй санагдуулах бүтэцтэй уг киногоороо Chaplin цаг үеийнхээ хамгийн харгис дарангуйлагчийг "зэрлэгээр" шоолохдоо хүн бүрт Hitler-г элэглэн дооглох төсөөллийг өгдөг. Киноны төгсгөлийн илтгэл тавьдаг хэсэг кино урлагт алтан үсгээр бичигдэн үлдсэн үнэнхүү сэтгэл хөдөлгөм, гайхалтай сцэн билээ. Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 210-р жагсаагаад байгаа энэхүү киноны үйл явдлыг товчхон хүргэе.

1918 он, Өрнөд фронтод Томайниа (Герман) улсын төлөө тулалдаж явсан еврей цэрэг шархдсан нисгэгч, командлагч Schultz-г эр зориг гарган аврахтай зэрэгцэн Томайниа улс дайнд ялагдана. Гэвч онгоц осолдож, аврагч болсон еврей цэрэг гэмтэл аван, улмаар ойн санамжаа алдана. Уг явдлаас хойш хорин жилийн дараа еврей цэрэг ой санамжаа алдсан хэвээр байгаа ба одоо Европ Томайниагийн дэглэм ноёрхох болж, тэрээр геттод үсчин хийж байна. Харин Schultz дарангуйлагч Adenoid Hynkel-н (Adolph Hitler) дор тушаал дэвшин геттод хжиллах болсон байна. Еврей үсчин хөршийн Hannah (Америкийн жүжигчин Paulette Goddard) гэгчид дурлаж, тэд хамтдаа харгис цагдаагийн эсрэг байнга тэмцэнэ. Нэгэн өдөр харгис цагдаа нар еврей үсчинг алах гэж байтал Schultz тэртээх өдөр алтан амийг нь аварсан аврагчаа таниад өршөөгөөд зогсохгүй ойн санамжийг нь сэргээж өгдөг. Энэ зуурт Hynkel улам бүр өсөн нэмэгдэж буй цэрэг армийн хүчээ санхүүжүүлэхээр нэгэн еврей банкирт хандсан ч банкир татгалздаг агаад хилэгнэсэн Hynkel еврейчүүдийг хормоглон устгах тушаал өгнө. Schultz сэхээрэн ухаарч, дарангуйлагчийн эсрэг босоод еврей үсчинтэй хамт геттод нуугддаг ч эцэстээ баригдан хорих лагерьт илгээгддэг.

Харин Hannah гэр бүлийнхээ хамт хөрш Остерлич (Австри) руу дүрвэнэ. Дарангуйлагч Hynkel Бактериа (Итали) улсын дарангуйлагч Benzino Napaloni-тай хэн нь Остерличийг түрэмгийлэн эзлэх талаар хөгийн хэрүүлнэ. Эцэстээ тэд хамтран ажиллахаар болсон боловч гэрээнд гарын үсэг зурсны дараа Hynkel армидаа Остерлич руу дайрах тушаал өгнө. Ингээд түрэмгийлэл эхэлж, Остерлич-д очсон Hannah цэргүүдэд дээрэлхүүлдэг. Цэргийн дүрэмт хувцас хулгайлсан Schultz, еврей үсчин хоёр зугтааж яваад Остерличийн хил дээр иртэл Томайниагийн дарга, цэргүүд еврей үсчинг Hynkel гэж андуураад ялалтын парадын илтгэл хийлгэхээр индэрт гаргачихна. Харин нөгөө талд жинхэнэ Hynkel жирийн хувцастай нугас агнаж яваад андуурагдан баригдаад хорих лагерьт хүргэгдэнэ. Schultz байдлыг ухаараад еврей үсчинг индэр дээр гар гэж ятгахдаа энэ л бидний цорын ганц зам гэж хэлдэг. Hynkel гэж андуурагдсан еврей үсчин индерт гараад сэтгэл санаагаа өөрчилсөн болохоо зарлаж, хүн төрөлхтөн ахан дүүсэг байж, хамтдаа сайн сайхан, эрх чөлөөний төлөө тэмцэж, жинхэнэ ардчилал байгуулахын тулд ард түмнүүд нэгдэх ёстой хэмээн урам цогтой ярьж, уриална. Дараа нь тэрээр Hannah-д хандан итгэл найдварын үгс илгээнэ: "Хараа өөдөө бай, Hannah, хүний сүнс жигүүртэй болоод эцэстээ нисч эхэллээ. Хүн солонго руу, итгэл найдварын гэрэл рүү, ирээдүй рүү нисч байна. Энэ бол танд, надад, бид бүгдэд хамаатай гайхамшигтай ирээдүй" хэмээхэд Hannah үүнийг радиогоор сонсонгоо мандах нарыг итгэл дүүрэн харна.

  Chaplin-ын эхэн үеийн Тэнүүлчийн дүр болон уг киноны еврей үсчин хоёрын дундын холбоосын талаар шүүмжлэлтэй яриа байхгүй ч үсчиний дүр Chaplin-ын үндсэн сэдвийг өөрчилсөн гэж үзэх хандлага байдаг. Продакшны эхэн үед Chaplin дуутай кинонд Тэнүүлчин дүрд дахиж тоглохгүй гэж мэдэгдэж байж. Гэхдээ олон жилийн дараа үсчин болон Тэнүүлч хоёрын дунд холбоо байгааг Chaplin хүлээн зөвшөөрсөн байдаг. Нэр нь үл мэдэгдэх еврей үсчин бол Тэнүүлчийн сүүлчийн дүр эсэх талаар нэлээн маргаан болж байсан ба хэдий Chaplin намтартаа үсчин бол Тэнүүлч гэж нэрлэсэн байсан ч 1937 онд өгсөн ярилцлагадаа; дуутай кинонд "Бяцхан тэнүүлч" дахиж гарахгүй гэж байжээ. Хожим шүүмжлэгч Roger Ebert "Chaplin техникийн хувьд Тэнүүлчийн дүрд тоглоогүй, тэр Hitler-г тохуурхахын тулд л бяцхан тэнүүлч болон өөрийнхөө 1.5 сая долларыг эрсдэлд оруулсан" гэж бичжээ.  Нацистын суртал ухуулгын Германы кино найруулагч Leni Riefenstahl-ын намтарыг бичсэн Jurgen Trimborn-ын хэлснээр Chaplin болон Францын кино найруулагч Rene Clair хоёр хамтдаа Riefenstahl-ын "Triumph of the Will" киног Нью Йоркт үзсэн бөгөөд Luis Bunuel-ын мэдэгдсэнээр Clair тус киноны хүчнээс айж, үүнийг хэзээ ч үзүүлж болохгүй, эс тэгвээс Өрнөдийнхөн балрах болно гэж хашгирч байжээ.

  Харин Chaplin чангаар инээж байсан гэдэг. Chaplin "The Great Dictator" киноныхоо олон элементүүдийн санааг сайхь аймшигт киноноос авсан ба энэ киног дахин дахин үзсэнээр Chaplin Hitler-ын зан авирыг маш сайн дуурайж чадсан гэдэг. Trimborn-ын үзэж буйгаар Chaplin Riefenstahl-ын киног үзээд "The Great Dictator" киногоо хийхээр шийдсэн аж. Уг киноны туслах найруулагчаар Chaplin-тай эцэг нэгт Wheeler Dryden гэгч ажилласан. Киноны зураг авалтыг голдуу "Charlie Chaplin" студиуд болоод Лос-Анжелес орчимд авчээ. Дэлхийн 1-р дайны үеийн зургуудыг Лаурел хавцалд хийсэн. Зураг авалд 1939 оны 9-р сард эхлээд (Герман Польш руу довтлон дэлхийн 2-р дайныг эхлүүлсний дараахан) 6 сарын дараа дууссан байна. Chaplin 1930-аад оны сүүлчээр нацистуудын еврейчүүдийн эсрэг үйлдэж буй харгислал, хүчирхийллийн эсрэг байр сууриа илэрхийлэхийг хүссэн бөгөөд өөртэй нь адилхан үзэлтэй байсан Европ дахь еврей найз нар, уран бүтээлчдийн давхар захиасыг Chaplin ийнхүү биечлэн уламжилжээ. Тухайн үед бүх дэлхий нацист Германы дарангуйлагч мөн чанар, милитарист хандлагыг ойлгож мэдрээд байв. Найруулагч Ernst Lubitsch 1942 онд "To Be or Not To Be" хэмээх Hitler-г ёгтлон буруушаасан адил төстэй кино хийсэн байдаг.

Гэвч хожим Chaplin хэлэхдээ хэрвээ нацистуудын гэмт хэргийн цар хүрээг мэдсэн сэн бол энэ киног хийхгүй байх байсан гэжээ. Холокостын аймшиг тодорхой болсны дараа кино бүтээгчид тухайн үеийг элэглэн харуулсан зөв өнцөг, өнгө аясыг олох гэж бараг 20 жил тэмцсэн гэдэг. 1930-аад оны үед хүүхэлдэйн киноны зураачид, хошин шогийн жүжигчид Chaplin, Hitler хоёрыг адилхан сахалтайгаар бүтээдэг байв. Chaplin-ын хүү Charles Chaplin Jr дурсамж номондоо аав нь Hitler-тэй төстэй гарал үүсэлтэйдээ зовж явдаг байсан гэж бичсэн байдаг; тэд 1889 оны 4-р сард дөрвөн өдрийн зайтай төрцгөөсөн бөгөөд хоёулаа ядуу байдлаас өнөөгийн өндөрлөгт хүрсэн гэжээ. Хүү нь номондоо ингэж бичжээ: "Тэдний хувь тавилан хоёр өөр туйл шиг байв. Нэг нь олон сая хүнийг уйлуулж байхад нөгөө нь дэлхийг бүхэлд нь инээлгэж байлаа. Аав Hitler-ын тухай хагас айж, хагас сэтгэл татагдахгүйгээр огт бодож чаддаггүй байсан. "Хүү минь, чи бод, тэр галзуу хүн, би хошин шогч, гэхдээ эсрэгээрээ байж болох байсан" гэж хэлдэг байж билээ". Chaplin уг киногоо Hitler-д илгээхээр тохиролцсон гэдэг бөгөөд зарим эр сурвалж Hitler киног хоёр ч удаа үзсэн гэдэг бол зарим огт тийм юм болоогүй гэсэн байдаг.

  Киноны хөгжмийг Chaplin хөгжмийн зохиолч Meredith Wilson-той хамтран бичжээ. Кинонд Richard Wagner-н хөгжим эгшиглэдэг бөгөөд судлаач James L. Neibaur бичихдээ Chaplin-н амьдрал ба Hitler-н амьдралын хоорондын ижил төстэй олон зүйлс Wagner-н хөгжмөөр холбогддог гэсэн байдаг нь сонирхолтой. Chaplin Wagner-г биширдэг байсан болохоор хөгжмийг нь кинондоо ашигласан гэдэг. Кинонд Hynkel бөмбөрцөгөн бөмбөлгөөр наадан бүждэг хэсэгт Wagner-н "Lohengrin" зохиолыг ашигласан нь учиртай ба киноны төгсгөл хэрд Hannah-д хандан ярих еврей үсчингийн ярианы үеэр сайхь хөгжим эгшиглэхдээ бараг бүтэн явдаг бол дарангуйлагчийн бөмбөлөгтэй бүжгийн үед хөгжим тасалддаг. Нацизм, Hitler-н элэглэсэн Холливуудын анхны кино "Yoy Nazty Spy!" гэдэг богино хэмжээний кино байсан ба энэ киноноос 9 сарын дараа Chaplin-н кино нээлтээ хийжээ. Chaplin энэ киногоо олон жилийн турш хийхээр төлөвлөж байгаад 1939 онд зураг авалтаа эхлүүлсэн. Hitler-г зүйрлэлт маягаар шүүмжилсэн кино 1933 онд гарсан ч энэ нь Австрид төрсөн найруулагч Fritz Lang-н "The Testament of Dr. Mabuse" гэдэг кино байв.

Кино Америкт тун алдартай болсон; шүүмжлэгч Bosley Crowther "үнэнхүү аугаа уран бүтээлчийн хийсэн гайхалтай кино, магадгүй урьд хожид байгаагүй хамгийн чухал кино" гэж магтаж байжээ. Харин нацизмыг дэмжигчдийн хөдөлгөөн идэвхжиж байсан Латин Америкийн хэд хэдэн оронд уг киног хориглож байжээ. Энэхүү бүтээл Францад 1945 онд нээлтээ хийхэд 8 сая гаруй тасалбар зарагдаж, оны хамгийн алдартай кино болж байснаас гадна 2008 онд Францын Cahiers du cinema сэтгүүлээс гаргасан шилдэг 100 кино жагсаалтын 24-р байрт жагссан. Chaplin-н намтар судлаач Jeffrey Vance "Chaplin: Genius of the Cinema" номондоо; хамгийн шилдэг егөөдөлт киноны дунд "The Great Dictator" кино чухал байр суурь эзэлдэг гээд Chaplin егөөдөл, улс төр хоёрыг комедитой уртай хослуулсан нь энэ киног мөнх настай болгож байгааг онцолжээ. Тэрээр мөн: "Энэ кино бол Chaplin-н өөрийгөө ухамсарласан улс төрийн бүтээл төдийгүй кино урлагийн анхны чухал егөөдөлт бүтээл" гэжээ. "The Great Dictator" кино нь Stanley Kubrick, Mel Brooks, Wes Anderson зэрэг олон найрагчдад нөлөөлсөний дээр "Jojo Rabbit - 2019", "The Dictator - 2012" гэх мэт кинонуудад санаа сэдэл өгсөн байдаг. 

Comments