Баавгай болохсон

 


Баавгай болохсон (2023). Өлзийгийн дүү халуураад эм авах мөнгөгүй, хүйтэн гэрт цөхөрч байхдаа "баавгай болчихвол ингэж зовохгүй дээ" ухааны юм ярьдаг. Энэ бол аргаа барсан хүний үг юм. Баавгай тэвчээр, хүч, эр зоригийн симбол болдог, харин Ази тал руугаа ичдэг баавгай нь оюун санааны өсөлт бойжилтын хувьд ганцаардал, эргэцүүллийн ач холбогдлын симбол болдог аж. Найруулагч Пүрэвдашийн Золжаргалын зохиолыг бичиж найруулсан драм. Энэ кино Канны кино наадамд танилцуулагдсан анхны Монгол кино (вики дээр тэгж байсан) юм. Дээрх симболыг бодсон ч, гол дүр Өлзийгийн үзэж туулсаныг харсан ч энэ бол драмаас гадна насанд хүрэх явцыг харуулсан кино юм. Найруулагч бараг минимал бүтэцтэй ч өгүүлэмжийн хувьд энгийн, тодорхой; өнгө аясын хувьд хошигнол ба нухацтай байдлыг хослуулахдаа тэнцвэртэй байж чадсан бол сэдэв, мессежийн хувьд ончтой буулгасан нь сайтар судалгааны үр дүн гэж бодож байна. Энэ бол бодитой, үнэмшилтэй, уртай кино болжээ.


Кино хамаг малаа нядлаад хөдөөнөөс ирэх хоёр хөгшин хийгээд Өлзийгийн ээж зөрөөд хөдөө самранд явж байгаагаар гол өрнөлдөө орно. Хөдөөнөөс ирсэн хоёр хөгшин хөдөө амьдрах аргагүй болсоноо Өлзийд хэлдэг (тэд Өлзийгийн хөрш болдог), харин Өлзийгийн ээж хотод амьдрах аргагүй болсноо хэлээд хөдөө явдаг. Ингээд 15 настай Өлзий хоёр дүүтэйгээ үлдэж, ээж нь бага нялхыгаа аваад явна. Өлзий бол хэрсүү, ухаалаг, сайн сурлагатан ба физиктээ сайн тэрээр олимпиадад амжилт гарган, тэтгэлэгтэй гадаадад сурч, улмаар гэр бүлээ авч явах хүсэлтэй. Ээж нь эзгүйд тэрээр хүүхдийн мөнгөөр аль болох болгох гэж үзэхдээ хөрш өвөөгийн нядалсан махыг хамтдаа зарж ойр зуурын мөнгө олдог.


 Америкийн найруулагч Дебра Граникийн "Winter's Bone" гэдэг 2010 оны кинонд алслагдсан ууланд амьдрах охин хоёр дүүгээ тэжээхийн төлөө зүтгэж байгаа тухай өгүүлдэг. Найруулагч Золжаргалын киног үзэж байхад сайхь кино эрхгүй санагдсаны дээр Бэгзийн Балжиннямын "Гарын таван хуруу" кинотой харьцуулж бодож байлаа. Балжиннямын кинонд, гол дүр Сүрэн дүү нартайгаа хэцүүхэн байдалд үлддэг ч сайн хүмүүс, зөв системийн ачаар өсч дэвждэг бол Золжаргалын кинонд Өлзий киноны төгсгөл хүртэл улам доройтдог; нэг үгээр кино яаж төгсөж байгаа нь үзэгчийнхээ бодол дүгнэлтээс хамаарахаас бидэнд тодорхой жаргалтай сайхан төгсгөлийг найруулагч санал болгодоггүй. Өлзийгийн орчин, Сүрэнгийн орчин бол системийн ялгаа, нийгмийн ялгаа болох нь илэрхий харагдана. 


Өлзийгийн ээж бол тун сул дорой, арчаагүй нэгэн мэт санагдаж, магадгүй киноны хамгийн эмзэг цэгийн нэг буюу ийм ээж ер нь байх нь үнэмшилтэй биш байж болно. Гэвч өөрөөр харваас ээжийн дүр бол саяхан хотод орж ирсэн огт боловсролгүй цаг үеийн хохирогч юм. Энэ ээж хөдөө бүх юмтай байсан байх, харин хотод нөхрөө алдаад зогсохгүй өөрийгөө архинд алдаж байгааг бид Өлзийтэй ярилцах харилцан яриа болгоноос нь харж болно. Ээж боловсролгүй болохоор сайн цалинтай ажил олдохгүй, олдсон нь цалин бага хар бор ажил байхын дээр цалингаа өгөхгүй; цалингаа өгөхгүй байдаг энэ асуудлыг кино хөөрхөн чимхээд авсан нь энэ. Өлзий ээжтэйгээ хэрэлдээд гэрээсээ гарахаараа хоёр найзтайгаа уулзаж ээж шигээ архи ууна. Өсвөр насныхны архидалтын шалтгаан ерөөсөө ар гэр асуудлаас үүдэлтэй байдаг нь мөн л энэ сцэнээс харагдана. Гэхдээ Өлзий ээжийнхээ замаар явахгүй, харин ээж нь яваад эргэж ирж байгаагаар лав кинонд гардаггүй; магадгүй ийм ээж эргэж ирэхгүй болов уу.


Өлзий хөрш өвөөтэйгөө хамт мах заран хотоор явдаг. Найруулагч маань хот, гэр хорооллын хоорондын ялгааг тодотгохдоо гэр хорооллыг утаанд сааралтсан, өнгөгүй, бараан, цаанаа л ирээдүйгүй шинжээр харуулсан бол хотыг өндөр барилгууд, Солонгос хоол, сүржин нэртэй хорооллуудаар үзүүлдэг. Өлзий, өвөө хоёр хотод явж байхад агаарын бохирдлын эсрэг тэмцэж байгаа жагсагчидтай таардаг сцэн өнөөдөр ч хүчинтэй, чухал юм. Мөн киноны эхэн хэсэгт, Өлзий хотод байх авга эгчийндээ очиж, эгчийнхээ хүүхдийн аманд дом маягаар хөлөө хийдэг нь хотынхны дэндсэн мухар сүсэг хийгээд эгчийн увайгүй зангаар тэдний шуналыг харуулжээ. 


Хөрш өвөө болон Өлзий хоёр Зайсан толгой дээр гардаг хэсэг бол киноны чухал хэсэг юм. Өвөө хоёр хүүхдээ алдсан гэдгээ мөн хамаг хөрөнгөө зарж байгаагаа хэлдэг. Өвөөтэй адилаар Өлзийгийнхэн саяхан сайхан мөрөөдөл тээн хотод ирсэн ч аавыгаа хотод алдаад зогсохгүй ээжийгээ ч алджээ. Өлзий одоо тэсч үлдэж чадах уу гэдэг нь чухал юм. Би түрүүн Өлзийгийн ээжийг хохирогч гэсэн нь учиртай ба ээж болон өвөө нар илүү сайхан амьдрал хүсч хотод ирсэн хүмүүс биш тэд бол амьдрахын тулд төрсөн гэр, нутгаа орхин гарсан хүмүүс юм. Ямар хүн төрсөн гэр, нутгаа орхин гардаг юм бэ? энэ бол буруу бодлого, ялзарч доройтсон төр засгийн алдаанаас өөр юу ч биш юм. Өлзий, өвөө хоёр Зайсангаас хотыг харахад үнсэн саарал, баргар, амьгүй харагддаг нь, найруулагч улс орноо ингэж харсны толин тусгал гэмээр. 


Өлзийгийн аавын талаар кинонд бараг дурдагддаггүй. Гэхдээ кинонд хоёр сайн дүр бий; энэ бол багш болоод өвөө юм. Өвөө ахуйн байдлаар түүнд тусалдаг, харин багш түүний оюун санааг дэмждэг. Багшийн дүр үргэлж Өлзийд зөвлөж, дэмждэг. Өөрөөр хэлбэл багш, өвөө хоёр Өлзийд эцгийн дүр төрхийн үүрэгтэй байдаг ба тэд түүнд эцгийг нь орлодог. Хичээлээ таслан, хууль бус модны наймаанд явах сурагчийнхаа чадварыг үнэлээд амжилтад нь итгэн араас нь явах багшийн дүр танд багш хүний жишээг харуулна, харин Өлзийд нүүрснээс авхуулаад нүнжигтэй хоолоор дайлах жинхэнэ Монгол сайхан өвөөгийн дүрээс бид нинжин сэтгэл, бие биенээ гэх хандлага бөхөөгүй үзэх ёстой юм.


Кинонд нүүрстэй сцэн маш олон. Ерөөсөө энэ кино нүүрс, утааны тухай мэт санагдана. Гэхдээ тийм л юм. Философийн доктор С. Молор Эрдэнэ Монголчуудын үнэт зүйл бол хонь гэж хэлж байсан бол энэ кинонд Монголчуудын үнэт зүйл нүүрс болж байна. Гэр хороололд нүүрс шиг хэрэгтэй зүйл байхгүй, тэгвэл хотынхонд нүүрс гэдэг утаа л юм. Монгол улс уул уурхайн орон болоод удаж буй. Бид газар, хөрсөө л ухаж зараад байгаагаас өөрөөр хийж бүтээсэн зүйлгүй амьдарч ирсэн нь сүүлийн 30 жил юм. Тиймээс кинонд нүүрс олонтаа гардаг нь буруу биш ба энэ бол бидний ядуу байгааг илтгэхийн сацуу үнэт зүйлсийг маань ёжилсон элэглэл аж. Киноны төгсгөлд Өлзий олимпиадад түрүүлсэн байгаасай гэж бид хүсдэг шиг үзэгчид бид ч бас баавгай болохсон доо. 

Comments