Яс ба Ирвэс

 



Bringing Up Baby (1938). Америкийн домогт кино найруулагч Howard Hawks-н ойворгон комеди. Гол дүрүүдэд Katharine Hepburn, Cary Grant гэсэн Холливуудын алтан эриний шилдэгүүд тоглосон. Уг кинонд, нэгэн палеонтологич залуу болон сахилгагүй баян хүүхэн хоёрын хөгжилтэй хийгээд хөгтэй романсыг өгүүлдэг. Ингээд ойворгон комеди жанрын шедевр болсон уг бүтээлтэй ойроос танилцая. Киноны зохиолыг Америкийн зохиолч Hagar Wilde-н 1937 онд сэтгүүлд нийтлүүлсэн богино өгүүллэгээс сэдэвлэн Dudley Nichols болон Hagar Wilde өөрөө кино зохиол болгон хөрвүүлсэн; ингэхдээ зохиолыг тусгайлан Katharine Hepburn-н зан чанар, төрх байдалд зориулан бичжээ. Төсөв болоод Hepburn, Grant хоёрын хошин дүрдээ хангалттай орж чадахгүй байсан зэргээс болж продакшны үйл явц байнга хойшлогдсон байдаг. Hepburn инээдмийн дүрд тоглох гэж зүдэрч байсан тул алдартай инээдмийн жүжигчин Walter Catlett гэгчээс заавар, зөвлөгөө авах явдал гарч байж.

Кинонд сургуулилттай, тэжээвэр Nissa гэдэг ирвэс ашигласан бөгөөд энэ кинонд хоёр ч дүр бүтээсэн энэ ирвэсийн сургагч нь камерийн ард ташуураа бариад зогсож байсан гэдэг. Кино нээлтээ хийгээд санхүүгийн хувьд бүтэлгүйтэж, бараг нэгэн зэрэг шахуу жүжигчин Hepburn-г хэсэг бүлэг жүжигчдийн хамтаар "бокс оффисын хор" хэмээн нэрлэсэн ба жүжигчин бүсгүйн замнал хоёрын жилийн дараа гарсан "The Philadelphia Story" кино гарах хүртэл уруудсан байдаг. "Bringing Up Baby" киноны нэр хүнд 1950-аад онд ТВ-гээр гарч эхэлсэн үеэс л өссөн. Тэр цагаас хойш эл бүтээл нь элдэв тэнэглэл, абсурд нөхцөл байдал, үл ойлголцол, цагаа олсон хошигнол, бүхэлдээ ойворгон жүжигчдийн бүрэлдэхүүн, галзуу бас бодлогогүй цуврал үйл явдлууд, мөн гамшиг, хөнгөхөн гэнэтийн бэлэг, романтик байдлаараа үзэгчид, шүүмжлэгчдээс алга ташилт хүртэх болсон. Америкийн кино хүрээлэнгээс гаргасан бүх цаг үеийн хамгийн шилдэг 100 Америкийн кино жагсаалтад 88-р байрд бичигдсэн. Тэгвэл Entertainment Weekly сэтгүүл хамгийн шилдэг кино жагсаалтынхаа 24-р байрт, Total Film сэтгүүл бүх цаг үеийн хамгийн шилдэг комеди кино жагсаалтдаа 47-р байрт тус тус эрэмбэлжээ.

1937 онд найруулагч Howard Hawks RKO кино компанитай гэрээ байгуулж, өмнөх оны намраас хойш кино хийхээр бэлтгэгдэж байсан Английн зохиолч Rudyard Kipling-н "Gunga Din" зохиолыг дэлгэцнээ буулгахаар болжээ. RKO энэ төсөлд зориулж MGM-ээс Clark Gable, Spencer Tracy, Franchot Tone нарыг түрээслэн авах гээд чадаагүй ба ийнхүү "Gunga Din" төсөл хойшлогдсоны дараа Hawks шинэ төсөл хайж эхэлжээ. 1937 оны 4-р сард Hawks сэтгүүлээс Hagar Wilde-н ижил нэрт богино өгүүллэгийг уншаад нулимсаа гартал инээж, шууд кино хийхээр болжээ. RKO зохиолын эрхийг худалдаж авснаар Hawks, Hagar хоёр хэсэг хугацаанд кино зохиол дээр хамтран ажилласан аж. Hagar-н богино өгүүллэг киноноос эрс ялгаатай байдаг; жишээлбэл, гол баатрууд болох David, Susan хоёр сүй тавьсан хосууд байдаг, David судлаач биш, мөн үлэг гүрвэл, үлэг гүрвэлийн яс энэ тэр байдаггүй боловч Susan дүүгээсээ тэжээвэр ирвэс хүлээж аваад нагац эгчдээ өгдөг хэсэг богино өгүүллэгт байдаг аж. Мөн эх зохиолд David, Susan хоёр Коннектикутын зэрлэг байгальд ирвэсийг барихын тулд ирвэсийн дуртай дууг (I Can't You Anything but Love, Baby) дуулан бэдэрч явдаг ажээ.

Америкийн өөр нэгэн их найруулагч John Ford-той хамтран ажиллаж алдаршсан кино зохиолч Dudley Nichols-г Hawks кино зохиолчоор хөлслөн авсан. Hagar дүрүүд, хошин элементүүд дээр ажилласан бол Nichols түүх, бүтэц дээр ажиллажээ. Hawks тэр хоёртой зунжингаа ажилласны эцэст 202 хуудастай зохиол бэлэн болжээ. Гэхдээ энэ зохиолд хэдэнтээ гар хүрч өөрчилсөн байдаг. Киноны эцсийн зохиолд үйл явдлын дунд хэсэгт David, Susan хоёр биесдээ хайр сэтгэлээ илчилсэн сцэнүүд байсан ч найруулагч продакшны үеэр хассан байдаг. Nichols 1936 онд John Ford-н "Mary of Scotland"  кинонд Hepburn-тэй хамтран ажилласан байсан тул шинэ төслийг бүхэлд нь Hepburn-д зориулж бичсэн гэдэг яриа гарсан; учир нь тухайн үед Hepburn, Ford хоёр дотно харилцаатай байсан, тэгээд зогсохгүй киноны гол баатруудыг тэр хоёроос санаа авч бүтээсэн гэх цуурхал байдаг. Nichols киноны зохиол дээр ажиллаж байхдаа Ford-той байнгын холбоотой байснаас гадна Ford зураг авалтын талбай дээр зочилдог байсан нь Hawks, Ford хоёр найзууд байсантай холбоотой. Кинонд Grant буюу David дугуй шил өмсдөг нь найруулагч Ford-той төстэй харагдана.

  "Bringing Up Baby" кино нь ижил хүйстнүүдийн "гей" гэдэг үгийг ашигласан анхны уран сайхны кино (порнографикийг эс тооцвол) мөн эсэх маргаантай байсаар ирсэн. Киноны нэг сцэнд Cary Grant-н дүр эмэгтэй хүний дотуур халаадтай гардаг ба эсрэг дүр нь түүнээс учрыг нь асуухад тэрээр: "Яагаад гэвэл би гэнэт гей болчихлоо!" хэмээн хариулдаг. Гей гэдгийг нэр томьёо нь 1969 онд Стоунволлын үймээн болох хүртэл олон нийтийн дунд танигдаагүй үг байсан тул Grant энэ үгийг оригнал утга болох "жаргал" гэсэн утгаар хэлсэн үү эсхүд санаатайгаар ижил хүйстэн гэсэн утгаар хошигнон хэлсэн үү гэдэг эргэлзээтэй хэвээр буй. Киноны зохиолд огт тийм үг байгаагүй, жүжигчин маань тухайн мөчид импровизацласан гэдэг. LGBT идэвхтэн Vito Russo гэгчийн үзэж байгаагаар, тухайн цаг үеийн Холливуудынхан, үгүйдээн гэхэд Grant-н хүрээлэлд гей гэсэн үгний утгыг мэддэг байсан болохыг харуулж байна гэжээ. Гэсэн ч Grant болон кино багийн бусад гишүүд энэ талаар олон нийтийн өмнө ямар ч мэдэгдэлд өгөөгүй байдаг. Гей гэсэн үгийг 1930-аад оны эхээр ганц нэг кинонд хэлж байсан ч цензурынхны хараанаас мултарч гардаггүй байсан юм. Susan-н дүрд жүжигчин Carole Lombard-г тоглуулах яриа зурвасхан яригдаад өнгөрсөн байдаг бөгөөд баян, шинэ Англи эмэгтэйн дүрд Katharine Hepburn дүр төрх, гарал үүслээрээ ч хамгийн тохирч байсан гэж продюсерууд үзсэн.
Тэгвэл David-н дүрд продюсерууд болон Hawks нар хэнийг тоглуулах талаар зөвшилцөж чадахгүй байсны эцэст Hawks эхлээд дуугүй киноны од Harold Lloyd-г хүссэн ч продюсеруудын сонгосон эрэгтэй жүжигчид бүгд саналаас татгалзсан байдаг аж. Hawks-н найз, нэртэй продюсер, бизнесмен Howard Hughes түүнд Cary Grant-г санал болгосон бөгөөд Grant "The Awful Truth" киногоороо дөнгөж олны танил болоод байв. Hawks түүнийг сонгосон шалтгаан нь, "The Awful  Truth" киноны театрын бус хувилбарыг үзээд Grant таалагдсан учраас гэсэн таамаг байдаг. Grant оюунлаг, сэхээтэн дүрийг бүтээж чадах эсэхдээ эхлээд эргэлзэж байсан ба David-н дүрийг авахын тулд хоёр долоо хоног боджээ. Hawks түүнийг киноны туршид зааж сургахаа амалснаар Grant өөртөө итгэн зөвшөөрсөн бол зураг авалтын үеэр Grant Hughes-тэй уулзаж, дүрийнхээ талаар санаа оноо сонсдог байжээ. Кино нээлтээ хийгээд шүүмжлэгчдээс ерөнхийдөө сайн үнэлгээ авсан; шүүмжлэгч Otis Ferguson уг бүтээлийн хөгжилтэй байдал, найруулагчийн ажлыг магтсан байхад Variety сэтгүүл Hawks найруулга болоод хэмнэлийг өндрөөр үнэлээд Hepburn-н тоглолтыг "Түүний хамгийн жавхаатай дэлгэцийн дүрүүдийн нэг" гэж нэрлэж, харин Grant "дүрийн гүйцэтгэлээ гарамгай урласан" гэжээ. Зарим шүүмжлэгчид киноны цорын ганц сөрөг зүйл бол шоронгийн сцэн дэгдүү урт байсан гэж тодотгосон.

Кино эхнээсээ төгсөх хүртэл үймээнтэй, хошигнол нь бүхэлдээ хүндхэн, мөн үйл явдал нь түргэн гэж үзэгсэд байхад таныг инээлгэх олон нөхцөлтэй маш сайн саваагүй кино гэж нэрлэгсэд ч байв. Тэгвэл өмнөх комеди кинонуудын шинэчлэн нийлүүлсэн хувилбар, Hepburn-н тоглолтыг утгагүй, аймшигтай, амьсгалгүй, ядаргаатай гэж хатуугаар шүүмжлэгчид ч мэдээж байлаа. Хэд хэдэн судлаачид уг кино нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст оногдуулсан хүйсийн хэвшмэл үүргийг бүдгэрүүлж, урвуугаар нь үзүүлдэг гэж дүгнэсэн. Ажлын морь, "манин" David-г өөртөө итгэлтэй, анархи Susan түүнд дурлаад өөрийн болгодог; Susan-н эл төрх шинж David-н сүйт бүсгүй болох секс, нөхөн үржихүйгээс илүүтэй ажлыг илүүд үздэг Alice гэдэг дүртэй эсрэгцэж байна. Академич Robin L. Murray болон Joseph K. Heumann нарын бичсэнээр, яс ба ирвэс нь зөвхөн бодит байдлыг бус мөн David-н амьдардаг орчин үеийн хотын амьдралд секс, хүүхдүүд гэсэн ойлголт алдагдаж үгүй болж байгааг илэрхийлжээ. Киноны төгсгөлд David буцаад оригинал үүрэгтээ орохын оронд Susan-д сэтгэлээ илчилдэг нь Susan хүйсийн хувьд түүнийг дахин боловсруулсан болохыг харуулжээ. Академичид мөн түүнчлэн киноны өгүүлэмжийг, гэрлэлтийн талаарх увайгүй үзэл, орчин үеийн рационал нийгмийг сурталчилсан гэж дүгнэснийг кино шүүмжлэгч Sheila O'Malley дэмжин, дээрх элемент нь Hawks-н кино урлах аргад нийтлэг харагддаг сэдэв гэж тодорхойлсон байдаг.

  Sheila O'Malley: "Hawks-н кинонд гэрлэлт барагтаа л байдаггүй, мөн хэрвээ гэрлэлт байвал тэр нь жаргалыг илэрхийлдэггүй. "Bringing Up Baby" киноны төгсгөлд гэрлэлтийг хүлээн авч байж болох ч David, Susan хоёрыг уламжлалт гэр бүл гэж төсөөлөхөд бэрх юм" гэж бичжээ. Киноны төгсгөлд David жинхэнэ эр хүн болж байна. Alice түүнийг новш гээд "Чи жинхэнэ төрхөө харууллаа, чи бол нэг муу эрвээхэй" хэмээн хараадаг; тэгвэл эрвээхэй үүрэг хариуцлагын симбол бус харин өөрчлөлтийг бэлгэддэг бөгөөд Susan David-г үүрнээс нь хүчээр гарган эр хүн болгож байна. Энэхүү кино нь хүйсийн үүргээс гадна мөлжлөг, колоничлолын нөлөө, амьтдыг зэрлэг байгалиас нь зайлуулах зэрэг сэдвүүдийг хөнддөг. Уг кино нь Cary Grant, Katherine Hepburn хоёрын хамтран тоглосон дөрвөн киноны хоёрдахь нь байсан ба эдгээр кинонууд бараг классик статустай болсон. Уг кинонд Шекспирийн хошин жүжгүүдийн нөлөө ихээхэн туссан байдаг гэж зарим судлаачид үздэг. 

Comments