Deep End (1970). Польшийн кино найруулагч Jerzy Skolimowski-н сэтгэлзүйн, комеди драм ба кино зохиолыг Skolimowski өөрөө Jerzy Gruza, Boleslaw Sulik нартай хамтран бичжээ. Уг киног Баруун Герман, Их Британийн продакшнууд хамтран бүтээсэн бөгөөд өдгөө култ классик статустай болжээ. Киноны гол дүрүүдэд Jane Asher, John Moulder Brown зэрэг Англи жүжигчид тоглосон. Киноны үйл явдал Лондонд өрнөх бөгөөд хотын захын халуун ус, усан бассейнд ажилладаг 15 настай хөвгүүн хамтран ажилладаг хөөрхөн эгчмэд хүүхэнд дурлан тачаадаж буй тухай өгүүлдэг. Киноны концепт бэлэн болсноос эхлээд киног 6 сарын дотор бүтээсэн бөгөөд зураг авалтын ихэнхийг Мюнхенд, зарим зураглалыг Лондонгийн Сохо дүүрэгт авчээ. Зураг авалтын үеэр тухайн сцэн төлөвлөсний дагуу болохгүй байх тохиолдолд жүжигчдэд дүрийнхээ нөхцөл байдлыг хадгалж үлдэхийг найруулагч зааварласан байсан учир зарим тохиолдолд жүжигчид импровизацаараа тоглож байсан гэдэг.
Кино нээлтээ хийснээс хойш олон жилийн дараа жүжигчин Jane Asher-г зарим нүцгэн сцэн дээр орлон тоглогч тоглуулсан гэсэн яриаг жүжигчин өөрөө няцаасан байдаг; тэрбээр: "Би орлон тоглогч мэдээж ашиглаагүй!,,, одоо эргээд харахад хийсэн юм маань надад таалагдаж байна" хэмээжээ. Кино Венецийн наадмаар нээлтээ хийж шүүмжлэгчдийн талархал хүлээсэн; шүүмжлэгч Ryan Gilbey-н үзэж буйгаар хэрвээ наадмын зүгээс Алтан Арслан шагналыг олгохоо түр зогсоогоогүй бол (1970-аад оны үед энэ шагналыг олгоогүй) "Deep End" гол шагнал хүртэх байсан гэсэн байдаг. The New Yorker сэтгүүл "өвөрмөц, замбараагүйтэл бүтээл" хэмээсэн бол Variety жүжигчдийн гүйцэтгэлийг сайшаагаад: "Найруулагч Skolimowski-н сонирхолтой найруулагтай хөгжилтэй, адтай кино" гэжээ.
Шүүмжлэгч Nigel Andrew "Инээдтэй бас айдас төрүүлэм хэтэрсэн донтолтын өсөлтийг шинжилсэн судалгаа" гэжээ. Нэрт шүүмжлэгч Gene Siskel уг киног; авъяалаг найруулагчийн тухай гайхалтай танилцуулга гээд кино дээр Susan хэрхэн Mike-г уруу татдаг шиг найруулагч маань амттай хошигнол болон эротикоор үзэгчдийг уруу татдаг гэж бичжээ. Шүүмжлэгч Kevin Thomas "Энэ кино бол шедевр. Skolimowski хүсэл тэмүүлэлтэй хэрнээ сахилга батаараа том кино найруулагч болохоо харууллаа. Түүний камерын ажиллагаа уран дэгтэй байж сайн гүйцэтгэл толилуулдаг" гэжээ. Харин нэрт шүүмжлэгч Andrew Sarris эл бүтээлийг Godard, Truffaut болон Polanski зэрэг томчуудын шилдэг кинонуудтай харьцуулж, кино урлагийн дүрслэл хийгээд сэтгэлзүй гэсэн хоёр чиглэлийн хувьд суут бүтээл гэсэн буй.
Ингээд киноны үйл явдлыг товчхон хүргэе. Судлаач завсардсан 15 настай Mike Зүүн Лондонд нийтийн халуун усны газарт ажилд орох ба түүнийг өөрөөс нь 10 эгч үзэсгэлэнтэй Susan сурган ажилд оруулна. Susan байнга Mike-г өдөж, сээтэгнэх маягаар тоглох буюу эрчүүдтэй ингэж тоглож сурсан хүүхэн юм. Заримдаа долоочих гээд заримдаа хазчих гээд хүүхний ааш зан тун хувирамтгай аж. Хөөрхий Mike-н анхны эмэгтэй үйлчлүүлэгч болох хөгшин хүүхэн түүний толгойг хоёр хөхнийхөө дунд хавчуулчихаад хөл бөмбөгийн тухай ярин дур ханасан явдал Mike-д таалагдаагүй учир хүүхнээс цайны мөнгө авахаас татгалзана. Susan түүнд иймэрхүү үйлчилгээ үзүүлэх нь байх л зүйл, гол нь ахиаухан цайны мөнгө ав хэмээн сургамжилна. Mike Susan-д дурлаж, хүсэн тачаадаж эхлэх ч хүүхэн баян сүйт залуутай болох нь илэрнэ. Мөн Mike Susan-г хуучин биеийн тамирынх нь багш, одоо усанд сэлэлтийн багштай явалддаг болохыг олж мэдээд галзуурахад ганц хуруу дутна. Mike хүүхнээ найз залуутай нь ч, нууц амраг багштайн ч хардан, тэдний уулзалт учрал болгонд саад учруулахыг хичээнэ.
Нэгэн шөнө тэрээр Susan-г найз залуутайгаа хамт насанд хүрэгчдийн кино театрт ороход нь дагаж ороод яг Susan-н ард суун, хөхийг нь барьж бөөн хэрүүл шуугиан үүсгэдэг ч хүүхэн эл үйлдлийг нь адтайгаар өөгшүүлдэг. Susan ээжийг нь доромжилж, бас дугуйг нь машинаараа мөргөн эвдэж, алхам тутамдаа шоглон тохуурхаж байсан ч Mike хүүхнийг хүсэн мөрөөдсөөр байдаг. Mike зандангаа тайлах боломж гарсан ч татгалзсаар байдаг; үүнд хуучин найз охин нь өөрийгөө одоо бэлэн боллоо гэж өврөө нээхэд ч, Сохо-д янхан хөнгөлөлттэй унтах санал тавихад ч тэрээр өөрийгөө Susan-д хадгалсаар байдаг. Нэг орой Mike түүнийг дагаж яваад нэгэн тайчих клубын үүдэнд Susan-н хагас нүцгэн зурагтай рекламны зурагт хуудас байхыг хараад хулгайлчихна. Тэрээр зурагт хуудсаа аваад Susan дээр очоод; энэ чи мөн үү гэж уурлан хашгирахад хүүхэн хариулахаас татгалздаг. Mike зурагт хуудсаа усан бассейнд аваачин, нүцгэлээд зурагт хуудастайгаа хамт сэлэн шумбахдаа Susan-г мөрөөдөн байдаг.
Маргааш нь, Mike Susan-н машины дугуйг хагалж багахан ч гэсэн хорслоо тайлдаг боловч Susan эл тэнэглэлийг нь олж мэдээд Mike-тэй ноцолдож байгаад сүйн бөгжнийхөө жижигхэн алмаазыг цасан дунд гээчихнэ. Алга болсон эрдэнийг олохын тулд тэд тэр хавийн цасыг уутлаад бассейндаа авчран, бага багаар нь хайлуулах аргаар эрж хайна. Утас дуугарч, Susan түр гарсан хойно Mike алмаазыг олох ба хүүхнийг эргээд ирэхэд нүцгэн хэвтэад алмаазыг хэлэн дээрээ тогтоон байна. Ингээд Mike түүнд алмаазыг өгдөг бол Susan түүнд мөрөөдлийн сексийг нь өгдөг. Утсаар сүйт залуу нь ярьсан учраас даруйхан явах ёстой байсан Susan-г Mike дахиад жаахан байгаа ч хэмээн шалж, явуулахгүй зууралдаж байтал энэ зуур усан бассейны ажилтан ирээд мэдэхгүй бассейныг усаар дүүргэж эхэлнэ. Ус нэмэгдэхийн хэрээр Mike хүүхнийг явуулахгүй шинжтэй болж, тэмцэл ширүүсч, улмаар Mike цаас хайлуулахад ашигласан таазны унждаг дэнлүүгээр хүүхнийг толгойг хага цохичих ба хүүхэн унахтай зэрэгцэн дэнлүү савтай улаан будгийг цохисон нь усанд унаж ус, цус болон будганд нэвчинэ. Mike Susan-г нүцгэнээр нь тэврэх бөгөөд энэ нь яг л киноны дундуур гардаг зурагт хуудастай сцэнийг санагдуулна.
Замдаа шүүмжлэгчид киноны төгсгөл хэтэрхий бараан гэж шүүмжилсэн байдаг. Шүүмжлэгч Roger Ebert энэ шүүмжлэгчдийн тоонд орох ба "анхаарахуйц, симпатик кино" гэсэн буй. The New York Times сэтгүүл "Энэ кино сайн, хүчирхэг түүхтэй хэдий ч хувь хүний хувьд, гол төлөв хошигнолын хувьд хэвшмэл байдлаас ангид байдаг; кинонд дээрхүүдийн зарим нь энэ болдог, зарим нь болдоггүй" хэмээжээ. Шүүмжлэгчид мөн Skolimowski-н өнгийг бүтээлчээр ашигласан байдлыг магтсан байдаг. Нэрт кино найруулагч David Lynch 1982 онд өгсөн ярилцлагадаа уг бүтээлийн тухай ийнхүү ярьсан байдаг: "Би өнгөтэй кинонд дургүй, өнгөний талаар барагтаа боддоггүй. Өнгө миний хувьд үнэ цэнэгүй санагддаг, намайг гайхшруулж байсан өнгөтэй кино нэгээс өөр байгаагүй. Тэр киног "Deep End" гэдэг, энэ бол үнэхээр гайхалтай зохиомжтой урлагийн бүтээл". The Guardian сэтгүүл "Энэ кино бол зоримог хоёрдмол утгатай, салангид, комеди ба аймшгийн кино хоёрын дунд эргэлддэг хэдий ч гол дүрүүд нь бодитой. Энэ киног онцгой болгож байгаа зүйлс бол камерын ажиллагаа, зураглал, саундтрак; эдгээр нь тод эрчимжсэн байдаг учраас бусад насанд хүрэх явцыг харуулсан орчин үеийн кинонуудыг гүехэн, улиг домог мэт харагдуулдаг" гэж бичжээ. The Village Voice сэтгүүл уг киног 1960-аад оны Лондонгийн чөлөөт хайрыг хайрыг харуулсан, этгээд, гэнэтийн санаануудаар дүүрэн, өсвөр насныхны сексийн замбараагүй хүслийг алсаас ажигласан эрч хүчтэй судалгаа гэжээ. 1970-аад онд кино үхлээр төгсдөг моод бий болсон ба энэ нь зарим талаараа киног дуусгах амар хялбар арга болж байлаа. Үйл явдлыг шийдвэрлэх үргэлж хэцүү байдаг ба дүрүүд үнэмшилтэй, түвэгтэй байх тусам аливаа мэдэгдэл юмуу дүгнэлтэд хүрэх амаргүй байдаг. Тухайн цаг үед моод байсан уу, үнэхээр асуудлаа давж гараагүй юу, найруулагчид гол дүрээ үхүүлж киногоо төгсгөх нь элбэг байв. Үхлээр төгсгөх нь заримдаа нүдээ олддоггүй нь нэг жишээ энэ кино бололтой. Дээр хэлсэнчлэн, олон шүүмжлэгчид киноны төгсгөлийг шүүмжилсэн байдаг шиг би ч бас шүүмжилмээр санагдав. Киноны бараг цор ганц эмзэг цэг төгсгөл бөгөөд гэнэтийн ийм төгсгөл үнэхээр гайхшруулсан, гайхшруулахдаа сөрөг буюу ойлгомжгүй, утгагүй мэдрэмж үлдээсэн. Киноны төгсгөл маш чухал, төгсгөл түүхээ базах ёстой. Гэтэл энэ кино базсангүй, гэхдээ муухан төгсгөлтэй ч энэ кино санаанд хадаатай, миний хувьд сайн киноны тоонд орж байна; энэ бол найруулагчийн ур чадвар байх, гэхдээ ийм тохиолдол олон байдаггүй. Хөлөө гипстсэн янхантай хэсэг хийгээд баахан хүүхнүүдийн дунд байх ч зөвхөн хүсэл мөрөөдлийнхөө секс фантаазад түгжигдсэн хөвгүүний түүх бол маргаангүй А зэрэглэлийн киноны элемент бөгөөд найруулагч үүнийгээ уран гартай зураач шиг будсан нь киног гайхамшигтай болгож байна.
Comments
Post a Comment