1947 онд Францын философич, зохиолч Альбер Камюгийн "Тахал" нэртэй абсурдист философийн роман хэвлэгдэн гарч байв. Тахал хүмүүний нөхцөл байдалд хэрхэн нөлөөлж байгааг, давагдашгүй хүчин зүйлийн өмнө хүн гэгч амьтанд тулгарч буй олон асуудлыг уг роман гарган тавьдаг ба тахлын үеэр хүмүүс бие биедээ тусалж, мөн амиа бодон ёс суртахуунаа уландаа гишгэж байгаа хийгээд тахлыг далимдуулан ашиг хонжоо хайгчдыг ч дүрсэлсэн. Камю олон дүрээр олон янзын сэтгэлзүй, үхлийн аюулд өртсөн оюун санааны төлвийг хурцаар дүрсэлжээ. Камюгийн тахлын түүх 1940-д оны Франц~Алжирын Оран гэх хотод өрнөх агаад Камю 1849 оны Францын колони байсан Оран хотын иргэдийн үлэмж хэсэг булчин задрах тахлаар амь үрэгдсэн бодит явдлаас сэдэвлэжээ. Уг романыг Экзистенциалист буюу хүний оршихуйн тухай классик бүтээл хэмээдэг боловч Камю энэ "шошгоос" татгалздаг байжээ. Романы хүүрнэлийн өнгө аяс Ф. Кафкагийн "Шүүх ажиллагаа" бүтээл шиг бие даасан өгүүлбэрүүд нь олон давхар утгыг илэрхийлэх боломжтой агаад энэ нь хүний нөхцөл байдал болон феноменал ухамсарын талаарх хурц зүйрлэл болдог аж.
Мөн түүнчлэн роман нь дэлхийн хоёрдугаар дайнаар нацистуудад эзлэгдсэн Францын эсэргүүцлийг тахлаас болж хөл хорионд тусгаарлагдсан байдлаар зүйрлэн үзүүлсэн гэж үздэг. Камю хүмүүний реакцийг абсурд дүрслэлээр буулгасан бөгөөд "Тахал" нь абсурдист философийг дэлхий дахин хэрхэн ойлгох ёстойг илэрхийлсэн буюу энэ бүтээл нь Камюгийн онолыг тодорхойлоход тусалсан гэж үздэг. Романы дүрүүдийн тахлын эсрэг тэмцэх чармайлт нь драматик бус, мугуйд, мөн романд эмэгтэй дүр дутагдалтай, бас Араб дүрүүд байдаггүй хэмээн шүүмжлэгчид шүүмжилсэн бол хүмүүний жаргал, хайр, сайныг хүсэх хийгээд бусадтай харилцах харилцаа гээд бүх төрлийн асуудлыг ухаалгаар харуулсан; хүний тэмцэл, өгөөмөр чанар болон хүн ямар өчүүхэн болохыг, нэмээд баатарлаг чанар гэдэг өчүүхэн, хулчгар зан нь аварга болохыг үндсэн сэдвээ болгосон философийн бүтээл хэмээн өндрөөр үнэлсэн байдаг.
АНАЛИЗ. "Тахал" романы үндсэн егөөдөлт бол Камю "эрх чөлөө"-г хэрхэн авч үзсэнд оршдог. Ораны иргэд хот нь бүхэлдээ хорио цээрийн дэглэмд орсноор хоригдогчид болж байгаа ч тэд тахал дэглэхээс өмнө үнэндээ "эрх чөлөөтэй" байсан эсэх нь эргэлзээтэй бөгөөд тэд дадал зуршлынхаа боол байснаа ухамсарладдаггүй байв. Тиймээс тэд үнэхээр амьд байсан эсэх нь эргэлзээтэй. Гэр бүл, амраг, найз нөхдөөсөө хорио цээрийн дэглэмээр тусгаарлагдсан үедээ л тэд тэднийгээ хамгийн ихээр хайрладаг. Харин өмнө нь тэд хайртай хүмүүсээ ердөө байх л ёстой хүмүүс гэж хүлээж авдаг байсан. Камюгийн философийг Экзистенциализм ба хуманизмын нэгдэл гэж хэлж болно. Камю үхэл, зовлон, хүн төрөлхтний оршин байх нь ёс суртахууны болон рационал утгатай гэдэгт итгэдэггүй байв. Бурханд эсхүл хойд насанд итгэдэггүй учраас Камю хүн байх нь мөнх бусын хувьд тайлбарлагдашгүй, иррационал, бүхэлдээ абсурд цаазын ялтай амьдардаг гэж үздэг. Гэсэн хэдий ч Камю хүмүүс амьдралаа утга учиртай болгох чадвартай гэдэгт итгэдэг байсан ба Камюгийн философийн хүрээнд хамгийн утга учиртай үйлдэл бол үхэл, зовлонтой тэмцэхийг сонгох явдал гэжээ. Тахлын эхэн үед Ораны иргэд бие биенийхээ зовлон зүдгүүрийг үл тоомсорлодог, учир нь хүн бүр өөрийнхөө зовлонг "нийтлэг" зовлонтой харьцуулахад онцгой өвөрмөц гэж аминчхан итгэцгээдэг. Тахлын халдвар хэдэн сар үргэлжлэхэд Ораны олонх иргэд тахлын эсрэг тэмцэлд нэгдэж, хамтарч чаддаг. Тахал өвчнийг хамтын асуудал гэж хүлээн зөвшөөрснөөр тэд өөрсдийнхөө оршин байхыгаа тодорхойлж, улмаар харийссан байдлаасаа ангижрах боломжтой болдог. Иймд тэд үхлийн эсрэг хамтран босохыг сонгосон учраас амьдрал нь утгатай болж байна. Хотоос зугтах юмуу тахлын эсрэг тэмцэхгүй байх нь амьд хүн бүхэн абсурд цаазын ялын өмнө толгойгоо зүгээр тавьж өгсөнтэй ижил юм.
Үхэл, зовлонгийн эсрэг тэмцэх нь эцсийн эцэст үр дүнгүй байдаг шиг тахал өвчний эсрэг гаргасан аливаа хүчин чармайлт нь тахлын тасралтгүй ахиц дэвшилд өчүүхэн өөрчлөлт оруулдаг; гэсэн хэдий ч Камюгийн романд энэхүү тэмцэл нь эцэс төгсгөлгүй ялагдалтай тулгарч байгаа ч энэ нь утга учиртай, эрхэмсэг тэмцэл гэдгийг тэмдэглэлэг. Энэ утгаараа "Тахал" бүтээлд итгэл найдвар алдагдсан цагт оптимизмын үнэ цэнд Камюгийн итгэл үнэмшил шингэсэн байдаг. Тахалтай тэмцэх, үхлийн эсрэг тэмцэхийг сонгосон хүн бүр өөрсдийнхөө хичээл зүтгэл нь хэдийгээр тахал өвчин тусах магадлалыг нэмэгдүүлэхийг мэддэгийн сацуу хэрэв тэд гар хумхин суусан ч тахал өвчнөөр өвдөнө гэдгээ мөн ойлгодог. Үхэл ба үхэхийн хоорондох ийм утгагүй сонголтын өмнө тэд өөрсдийнхөө хийгээд бусдынхаа төлөө ажиллаж, үйлдэж, тэмцэх сонголт хийснээр амьдралаа илүү утгатай болгодог; энэ нь салхины өөдөөс нулимах шиг үр дүнгүй эсэргүүцэл боловч энэ нь мөн хүн өөрийгөө тодорхойлох цорын ганц зүйл ажээ.
Үхэл, зовлонгийн эсрэг тэмцэх нь эцсийн эцэст үр дүнгүй байдаг шиг тахал өвчний эсрэг гаргасан аливаа хүчин чармайлт нь тахлын тасралтгүй ахиц дэвшилд өчүүхэн өөрчлөлт оруулдаг; гэсэн хэдий ч Камюгийн романд энэхүү тэмцэл нь эцэс төгсгөлгүй ялагдалтай тулгарч байгаа ч энэ нь утга учиртай, эрхэмсэг тэмцэл гэдгийг тэмдэглэлэг. Энэ утгаараа "Тахал" бүтээлд итгэл найдвар алдагдсан цагт оптимизмын үнэ цэнд Камюгийн итгэл үнэмшил шингэсэн байдаг. Тахалтай тэмцэх, үхлийн эсрэг тэмцэхийг сонгосон хүн бүр өөрсдийнхөө хичээл зүтгэл нь хэдийгээр тахал өвчин тусах магадлалыг нэмэгдүүлэхийг мэддэгийн сацуу хэрэв тэд гар хумхин суусан ч тахал өвчнөөр өвдөнө гэдгээ мөн ойлгодог. Үхэл ба үхэхийн хоорондох ийм утгагүй сонголтын өмнө тэд өөрсдийнхөө хийгээд бусдынхаа төлөө ажиллаж, үйлдэж, тэмцэх сонголт хийснээр амьдралаа илүү утгатай болгодог; энэ нь салхины өөдөөс нулимах шиг үр дүнгүй эсэргүүцэл боловч энэ нь мөн хүн өөрийгөө тодорхойлох цорын ганц зүйл ажээ.
ҮНДСЭН СЭДЭВ. АБСУРДИЗМ. "Тахал' бол үндсэндээ философийн роман бөгөөд үйл явдал, хэв шинжээрээ тодорхой ертөнцийг харах үзэл бодлыг илэрхийлдэг. Камюг гол төлөв Экзистенциалист гэж үздэг ч түүний хамгийн их тодорхойлж, хөгжүүлсэн философийг абсурдизм хэмээдэг. Энэхүү философийн үндэс нь хорвоо ертөнц гэдэг утгагүй буюу абсурд, Бурхны юмуу сансар огторгуйн дэг журам гэж байхгүй, мөн түүнчлэн хүмүүс зовж шаналж, үхэх ёстой гэж үздэг. Ийм нөхцөл байдлын улмаас хүнд гурван сонголт байдаг; амиа хорлох эсхүл Бурханд юмуу аливаа дэг журамд итгэх, үгүй бол абсурдыг хүлээн зөвшөөрч, амьдралаа утга учиртай болгох аж. Камю гуравдахыг нь сонгохыг зөвлөсөн бөгөөд эхнийх нь хулчгар зан бол удаах нь сэтгэлзүйн хувьд худал хуурмаг учир амиа хорлохтой Камю зүйрлэсэн байдаг. "Тахал" романд, хорио цээрт орсон хот нь хорвоогийн бичил орон болж хувирдаг ба янз бүрийн хүмүүс тахалтай буюу абсурдтай хэрхэн харьцаж байгааг харуулдаг. Жишээлбэл, Котар эхлээд амиа хорлохыг оролддог (өөрийн гэм буруугаас болж: өөр төрлийн тахал), дараа нь тахал өвчний эсрэг тэмцэж, бусдын зовлонгоос ашиг хонжоо олдог. Эцэг лам Панелу тахалд (Бурхнаас шийтгэл болгон) утга өгөхөөр оролдсон боловч хүүхэд үхэхийг хараад абсурдын мөн чанартай тулгарахдаа Панелу итгэл үнэмшлээ алдаж, өөрөө өвчинд бууж өгдөг. Романы гол баатрууд болох Рие, Рамберт, Тарроу нар Камюгийн зөвлөсөн арга замаар амьдарч бас тэмцдэг бөгөөд тэд абсурдыг (тахал ба өөрсдийнхөө зайлшгүй үхлийг) хүлээн зөвшөөрсөн ч тахлын эсрэг зогсолтгүй ажиллаж, мөн бусдыг эдгээх замаар амьдралдаа утга учир өгдөг.
ЗОВЛОН БА ҮХЭЛ. Романы бусад сэдвүүд нь ерөнхийдөө Камюгийн философийг дагана. Романд гарах тахал нь хатуу харгис, утга учиргүй хорвоо ертөнц, хүмүүний нөхцөл байдал, дайн тулаан зэрэг олон зүйлийн симбол болдог боловч ерөнхийдөө зовлон, үхэл гэсэн утгатай байдаг. Ораны иргэд энэ утгагүй зовлонтой янз бүрээр авч үздэг; эхлээд тэд тахлыг дутуу үнэлэх эсхүл үл хайхардаг ба дараа нь тахал хайртай хүмүүсээс нь тусгаарлахад тэд тахлыг антагонист гэж хардаг. Мөн зарим нь үүнийг Бурхны шийтгэл эсхүл ашиг олох хэрэгсэл гэж харж байхад зарим нь үүнээс болж итгэл найдвараа алдаж, давагдашгүй хүчин зүйл гэж үзэн бууж өгдөг. Отоны бяцхан хүү Жак бол роман дахь зовлон ба үхлийн хамгийн хурц жишээ бөгөөд түүний тарчлалт үхлийг нарийвчлан дүрсэлсэн нь Эцэг лам Панелуг Бурханд итгэх итгэлдээ эргэлзэхэд хүргэнэ. Зовлон шаналал ба үхэл тувт эргэлдэж байдаг тул эл бүтээл бараан, харанхуй байдаг ч үүгээр л Камю бидэнд хүмүүний аймшигт нөхцөл байдал, түүнтэй шууд нүүр тулах шаардлагатайг сануулжээ.
БААТАРЛАГ БАЙДАЛ БА ЭСЭРГҮҮЦЭЛ. Дэлхий дээр зовлон, үхэл үлэмж их, тахал дийлдэшгүй мэт санагддаг ч баатарлаг, бусдыг гэсэн өгөөмөр сэтгэлийн тэмцлийн тохиолдлуудыг мартах ёсгүй. Дүрүүдийн тахалтай тэмцэж байгаагаар Камю хүн угаасаа сайн сайхан чанартай, жинхэнэ хүн л ийнхүү тэмцэж чадна гэдэгт итгэж байсных ажээ. Түүний "баатарлаг" дүрүүд абсурдизмтай нь нийцдэг, хатуу хахир, хайхрамжгүй ертөнцөд хүн ялагдах нь гарцаагүй байсан ч бусдад туслахын төлөө тэмцэх ёстой. Тодорхой үхлийн эсрэг ийм тэмцэл баатарлаг байдлын тодорхойлолт байж болох ч Камю өдөр тутмын амьдралын иймэрхүү баатарлаг байдлыг санал болгодог; абсурдыг хүлээж аваад үхлийн эсрэг итгэл найдвар тээлгүйгээр тэмцэх.
ХЭЛ БА ХАРИЛЦАА. "Тахал" абсурд философийн үлгэр боловч амьд дүрүүдтэй, хүн төрөлхтний түүхийг гүн гүнзгий агуулсан роман ба Камю эр зориг, цөхрөл, шаналлыг гайхалтай дүрсэлсэн байдаг. Үйл явдлын мөчлөгийг үл танигдах, нэргүй хүүрнэгч өгүүлдэг ч эцэстээ өөрийгөө тахлын талаар нэгдсэн бус бодолтой байхыг хичээж байсан эмч Рие болохоо илчилдэг. Энэ бол хүн төрөлхтөн тахал өвчинтэй үргэлж тэмцэж байхыг харуулсныг эс тооцвол зовлонг ч, баатарлаг байдлыг ч романтик болгохгүй, эсхүл ёс суртахууны номлолгүйгээр Оран хотын гамшгийг бодитойгоор дүрсэлсэн Камюгийн өөрийнх нь тусгал ажээ. Хүүрнэлийн хүрээнд бусад дүрүүд тахалтай тэмцэж байгаа шигээ хэл яриа, харилцааны хувьд ч хүндрэлтэй байж тэмцдэг. Хамгийн тод жишээ бол Гранд юм; тэрээр ном бичих гэж үргэлж оролддог ч хэзээ ч эхний өгүүлбэрээсээ гарч чаддаггүй; захидал ч бичиж чаддаггүй учраас хуучин эхнэрийнхээ өмнө өөрийгөө зөвтгөх чадваргүй байдаг. Грандын үйлдэл ерөнхийдөө элэглэлийн тайвшрал өгдөг ч харилцаан дахь абсурдын эсрэг нэг төрлийн уран сайхны тэмцэл болдог. Хэзээ нэгэн цагт өөр хэн нэгнийг таних юмуу харилцаж чадах найдвар байхгүй ч Гранд зохистой төгс өгүүлбэрийг эрэлхийлж байдаг. Бусад дүрүүдийн хоорондын харилцан яриа нь бас хязгаарлагдмал, харилцах гэж зүдэрдэг; Рие ээжтэйгээ асуудалтай байдаг бол Тарроу, Рие хоёрын нөхөрлөл эв хавгүй байдаг. Хэлний ертөнц бол хорвоо ертөнцтэй адил уудам бас мэдэгдэмгүй байдаг гэж Камю үзэж байгаа ч хүмүүс хоорондоо харилцах гэж хичээх ёстой ажээ.
Comments
Post a Comment