Нөхөрлөл сексээр төгсдөг

 


When Harry Met Sally... (1989). Америкийн кино найруулагч Rob Reiner-н романтик, комеди. Кино зохиолыг найруулагч, кино зохиолч Nora Ephron бичиж ба гол дүрүүдэд; Billy Crystal, Meg Ryan, Carrie Fisher, Bruno Kirby нар тоглосон. Эл романтик комедийн үйл явдал "Эрэгтэй, эмэгтэй хүмүүс зүгээс л найзууд байж чадах уу?" гэсэн асуултыг авч үзээд хариулахыг оролдсон. Rob Reiner, Nora Ephron хоёрын энэхүү бүтээл бараг өө сэвгүй тийм төгс төгөлдөр романс; Нью-Йоркийн улирал солигдох үзэсгэлэнтэй зураглалууд, хөнгөхөн жазз аялгуу, Meg Ryan, Billy Crystal хоёрын сэтгэл татам тоглолт, мэдээж Nora Ephron-н (түүний хамгийн шилдэг кино зохиол) бишрэм зохиол нийлээд утга төгөлдөр зохицон ажилладаг. Америкийн кино хүрээлэнгээс гаргасан хамгийн шилдэг 100 инээдмийн кино жагсаалтад 23-р байрт, Bravo сэтгэлийн хамгийн хөгжилтэй 100 кино жагсаалтын 60-р байрт эрэмбэлэгддэг уг киног Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 706-р байрт жагсаагаад байна.

Ингээд киноны үйл явдлыг товчхон хүргэе. 1977 он, их сургуулиа төгссөн Sally Нью-Йоркт очиж сэтгүүлч болох хүсэлтэй бөгөөд найз Amanda-ынхаа найз залуу Harry-д дайгдан явахаар болно. Harry мөн сая төгссөн бөгөөд Нью-Йоркт ажиллахаар явахдаа ийнхүү найз охиныхоо найзыг хүргэж өгөхөөр болсноор тэд танилцана. Замын туршид тэд эсэн бусыг ярина; тэдний яриа нэг сэдэв дээр зөрилддөг; энэ бол Harry эрэгтэй, эмэгтэй хүмүүс нөхөрлөж чадахгүй, учир нь секс нөхөрлөлд садаа болно гэж мэтгэхэд Sally түүнийг шоолон эсэргүүцнэ. Тэд нэгэн зоогийн газарт зогсон хооллох үеэр Harry Sally-г сэтгэл татам юм гээд илт сээтэн хаяхад хүүхэн уурлаж, буруушаана. Тэд Нью-Йоркт ирээд зам замаа хөөхдөө дахиж биесээ харах хүсэлгүй байв. 1982 он, Harry, Sally хоёр нэг нислэгээр нисч байгаад таарах агаад Sally Harry-н хөрштэй болзож байгаа бол Harry сүй тавьсан байна. Harry өмнө нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс нөхөрлөх боломжгүй гэсэн санаагаа өөрчлөн Sally-д өөрийнхөө нөхөрлөлийг санал болгодог. Тэд онгоцны буудал дээр салахдаа хэзээ ч найзууд болохгүй гэсэн дүгнэлттэйгээр салцгаадаг. 1987 он, Sally, Harry хоёр номын дэлгүүрт таарна. Тэд хамт кофе уунгаа өмнөх харилцаануудаа ярих агаад Sally ганц бие болсоноо хэлэх бол Harry сүйт бүсгүйдээ хаягдсан нь илэрнэ.

Ингээд тэд нөхөрлөх буюу хамт хоолонд орж, утсаар шөнөжин ярих гэх мэтээр найзууд ямар байдаг яг л тийм байж эхэлнэ. Шинэ жилийн үдэшлэгт хамт яваад уламжлалт ёсоор он гарахтай зэрэгцэн бүх хосууд үнсэлцэж байхад манай хоёр баатар найзын хувиар эв хавгүй үнсэлцээд өнгөрдөг. Тэд ийм байдалтай байвал улам бие биедээ татагдахаа дотроо ухамсарласан учир өөрсдийнхөө сайн найзуудыг хэн хэнтэйгээ танилцуулах гэж оролдсон боловч найзууд нь эсрэгээр биё биедээ татагдаж бүр хуримаа хийхээр болдог. Нэгэн шөнө Sally Harry руу залгаад өмнөх экс нь гэрлэх гэж байна хэмээн уйлан ярих агаад Harry гэрт нь очсоноор удаан хүлээсэн сексийг тэд ашгүй нэг юм хийнэ. Маргааш өглөө нь Harry секс хийсэндээ харамсаж, сэтгэлээр унана. Найзуудынхаа хурим дээр Sally, Harry хоёр ширүүн маргалдаж, хуучин шигээ нөхөрлөж чадахаа өнгөрсөн нь тодорхой болно. 1988 оны шинэ жилийн үдэшлэг дээр Sally ганцаардан байхад Harry бас гэртээ зурагтаа үзэн гиюүрнэ. Он гарахаас өмнө Harry хотоор лэмий хэсүүчилж байгаад яг амжиж үдэшлэг дээр очтол Sally арай явчихаагүй байв. Harry түүнд хайртай гэж хэлэхэд Sally түүнийг уйдсандаа, ганцаардсандаа тэгж хэллээ гэсэн ч Harry хайртайгаа хангалттай илэрхийлж чадсанаар тэд жинхэнэ дурлалт хосын ёсоор үнсэлцдэг. Harry, Sally хоёр гурван сарын дараа буюу анх танилцсанаасаа хойш 12 жилийн дараа гэрлэжээ.

  1984 онд найруулагч Rob Reiner, зохиолч Nora Ephron, продюсер Andrew Sheinman нар Нью-Йоркийн нэгэн ресторанд уулзаж шинэ кино төсөл боловсруулахаар уулзацгаажээ. Reiner нэг санаа дэвшүүлсэн ч Nora татгалзсан ба хоёр дахь уулзалт дээр Reiner, Sheinman хоёрын яриа ганц бие эрчүүдийн тухай урт удаан яриа болж хувирсан аж. Reiner: "Би эхнэрээсээ салаад багагүй хугацааг өнгөрүүлчихсэн, ганц бие амьдралынхаа дунд үед байлаа. Би хэд хэдэн бүсгүйтэй болзсон ч бүгдээрээ бүтэлгүйтсэн, будлиантай үе байсан" гэсэн байдаг. Дараагийн уулзалт дээр Reiner бэлгийн харилцаанд ороогүй, хэрвээ секс бий болвол нөхөрлөл нь сүйрнэ гэдгийг мэддэг хэдий ч эцэстээ бэлгийн харьцаанд орж төгсдөг эрэгтэй, эмэгтэй хоёрын найзын тухай хийхийг хүссээр ирсэн тухайгаа хэлтэл энэ санаа Nora-д таалагдаж, улмаар Reiner студитэй гэрээ байгуулжээ. Nora зохиолын материал бүрдүүлэхдээ Reiner Sheinman хоёроос амьдралынх нь талаар ярилцлага авч, гол дүрийн нэг болох Harry-г бүтээсэн. Reiner энэ үедээ байнга депресс, гутрангуй байсан ч хөгжилтэй зангаа гээгүй гэдэг. Тэгвэл нөгөө гол дүр болох Sally-г Nora найзуудаасаа болон өөр дээрээсээ үндэслэн бүтээжээ. Nora "The Princess Bride", "Stand By Me" зэрэг хэд хэдэн Reiner-н киноны зохиолын ноорог дээр өмнө нь ажиллагаагүй байсан туршлагатай байлаа.

  Тухайн үед Reiner-н аав дотно найз байсан жүжигчин Billy Crystal найзынхаа салалт, хувийн амьдралыг мэддэг байсан болохоор Harry-н дүрд тоглоход харьцангуй зовлон багатай байжээ. Tom Hanks, Richard Dreyfuss, Michael Keaton, Albert Brooks нар Harry-д тоглохоос татгалзсан байдаг ба Albert Brooks энэ кино Woody Allen-н кинотой хэтэрхий төстэй гэж үзээд татгалзсан гэсэн байдаг. Кино зохиолоо бичих явцад сонирхол нь буурах юмуу ядрах үедээ Nora продакшны компанид ажиллаж байсан хүмүүсээс ярилцлага аван дүрсжүүлдэг байсан ба киноны дундуур янз бүрийн насны хосуудын хэрхэн танилцсан тухайгаа ярьдаг сцэнүүдийн үүсэл чухам ийм байж; хожим эвлүүлгийн үеэр ярилцлагын бичлэгүүдийг кинотой эвлүүлжээ. Nora Reiner болон Crystal хоёрын бодит амьдрал дээрх нөхөрлөлөөс нь үндэслэн киноны харилцан ярианы ихэнх хэсгийг бүрдүүлсэн; жишээлбэл, кинонд Harry, Sally хоёр хуваагдсан дэлгэцэн дээр утсаар ярингаа зурагт үзэж байгаа сцэн байдаг; энэ нь бодит амьдрал дээр Reiner, Crystal хоёрын орой болгон зурагт үзэнгээ утсаар ярьдаг зуршлаас санаа авсан зүйл байв. Анхлан Nora киногоо "How They Met" гэж нэрлэхыг хүсч байж. Reiner үндсэн зураг авалтын үеэр кино багийнхантайгаа нэр өгөх тэмцээн зохиож, улмаар нэр өгсөн хүн нь хайрцаг оргилуун дарсны эзэн болсон гэдэг.

Дүрийнхээ салж, ганцаардсан төрх байдалд орохын тулд жүжигчин Crystal Манхэттены зураг авалтын үеэр кино багийнхнаас тусгаарлагдан, тусдаа өрөөнд ганцаараа байсан гэдэг. Анхны кино зохиолд Reiner-н хүссэнээр Harry, Sally хоёрын дунд романтик харилцаа үүсэлгүй найзууд хэвээрээ үлддэг буюу энэ нь түүнийхээр "жинхэнэ төгсгөл" байсан аж. Эцэст нь, Nora, Reiner хоёр сайхь төгсгөл бодитой бус, гол баатрууд гэрлэж төгсөх нь зохимжтой гэсэн шийдэлд хүрцгээжээ. Reiner хоёр дахь эхнэртэйгээ танилцахаас өмнө эл кино гунигтай төгсгөлтэй байсан ба шинэ хайр түүнд төгсгөлийг гэгээлэг болгоход нөлөөлжээ. Киноны үндсэн асуулт болох "Эрэгтэй, эмэгтэй хүмүүс зүгээр л найзууд байж чадах уу?" гэж Meg Ryan-аас асуухад; тэрээр "Тиймээ, эрэгтэй, эмэгтэй хүмүүс найзууд байж чадна, надад зөндөө платоник (эрэгтэй) найзууд байдаг, бидний нөхөрлөлд секс садаа болдоггүй" гэж хариулсан. Харин Billy Crystal "Би Harry-аас арай илүү өөдрөг хүн, гэхдээ миний бодлоор тийм байх хэцүү. Надад платоник (эмэгтэй) найзууд байдаг боловч хамгийн сайн найз байх боломжгүй" гэж хариулжээ. Киноны хамгийн алдартай сцэн бол гол хоёр баатар маань Манхэттены Katz's Delicatessen гэдэг зоогийн газарт хоол идэж байхдаа эмэгтэй хүн дур тавилтыг хуурамчаар үйлдэхийг эрэгтэй хүн мэдэж чадахгүй гэж маргалддаг ба Sally эрчүүд жинхэнэ ба хуурамч дур тавилтыг ялгаж чадахгүй гэдэг бодлоо нотлохын тулд үйлчлүүлэгчдийн дунд дур тавьж байгаа мэт дүр эсгэдэг. Уг сцэн дууссаны дараа хажуугийн ширээний настай эмэгтэй (найруулагчийн ээж тоглосон) гөлрөнгө төрхтэйгөөр "энэ хүүхний авсан хоолыг би авъя" гэж хэлдэг билээ.

Reiner-н ээж 94 настайдаа 2008 онд нас барахад The New York Times сэтгүүл Reiner-н ээжийн хэлдэг хэсгийг кино урлагийн түүхэн дэх хамгийн инээдтэй ишлэлийн нэг гэсэн байдаг. Энэхүү сцэнийг маш олон удаа авсан ба Meg Ryan хэдэн цагийн турш хуурамчаар дур тавих хэрэг гарчээ. Кинонд Harry-д төвлөрсөн хэсэг арай их байна, тиймээс Sally-г тодотгох хэсэг байх хэрэгтэй гэсэн санааг жүжигчин Crystal гаргасан ба Nora ч хуурамч дүр тавилтын сцэний санааг шүүрч авсан бол жүжигчин Meg энэ сцэнийг дэмжээд зоогийн газарт өрнөх санааг гаргасан ажээ. Харин алдарт ишлэлийн санааг Crystal гаргажээ. Сайхь сцэний туршилтын зураг авалтын үеэр кино багийнханд байсан эмэгтэйчүүд инээлдэж байхад эрэгтэйчүүд нь чив чимээгүй байсан гэдэг. Нэрт шүүмжлэгч Roger Ebert уг киноноос нь үүдэн найруулагч Reiner-г Холливуудын хамгийн шилдэг комеди кино найруулагчдын нэг гэсэн байдаг гээд кино бүтцийн хувьд болоод бидний хүлээлтийг хангасан байдлаараа хамгийн уламжлалт гэжээ. Мөн тэрээр Meg Ryan, Billy Crystal хоёрын ойлголцол, зохицлыг киноны амин сүнс гэсэн байдаг. The New York Times сэтгүүл "Ухаалаг, амжилттай, мэдрэлийн өвчтэй Нью-Йоркчуудын амьдралыг романтикчилан үзүүлсэн энэ кино тун инээдтэйгээс гадна бүхэлдээ шагшим" гэжээ. Өөр нагэн шүүмжлэгч Woody Allen-н киноны ситком хувилбар гэсэн байдаг. The Washington Post сонин Meg Ryan-н тоглолтыг; тэр гэнэн цайлган ч биш, хорон муу санаатай ч биш, тэр бол эмэгтэй хүний үзэгнээс бүтсэн эмэгтэй гэжээ. Гэхдээ бүх шүүмжлэгчид магтаад байсангүй, зарим шүүмжлэгчид Crystal-н тоглолтыг хэт тайван, өөрийгөө хамгаалсан шинжтэй нь романтик гол дүр бүтээхэд зохимжгүй байсан хэмээжээ. Найруулагч Reiner-н мэдрэмжтэй, хөгжилтэй, романтик, комеди жанрт шинэ жишиг тогтоосон уг киног шинэ жил, хайрын баяраар үзэхийг санал болгож байна. 

Comments