Гудамжны буг

 


Mean Streets (1973). Америкийн кино мастер Martin Scorsese-н гэмт хэрэгт, драм. Кино зохиолыг тэрээр Mardik Martin-тай хамтран бичсэн. Киноны гол дүрүүдэд; Robert De Niro, Harvey Keitel нар тоглосон. Уг бүтээл 1973 оны Нью-Йоркийн кино наадмаар нээлтээ хийж, жүжигчин Robert De Niro "Johnny" дүрээрээ Нью-Йоркийн кино шүүмжлэгчдийн хүрээлэн болон Үндэсний Кино шүүмжлэгчдийн нийгэмлэгээс шилдэг туслах дүрийн шагнал хүртсэн байдаг. Энэ кино найруулагч Martin Scorsese болон жүжигчин Robert De Niro хоёрын гайхамшигтай урт хугацааны хамтралын эхлэл болсон кино бөгөөд Scorsese-н анхны шүүмжлэгчдээс талархал хүртсэн, мөн арилжааны хувьд ч амжилттай болсон кино нь юм. Энэ бол маргаангүй Нью-Йорк хотыг сэдэв болгосон Нью-Йоркийн талаарх хамгийн шилдэг киноны нэгээс гадна рок хөгжмийг киноны бүтцэд үр бүтээлтэй шингээж чадсан цөөхөн киноны нэг билээ.

  "Mean Streets" мөн цэвэр Итали Америк хүний тухай кино. Harvey Keitel мафийн гэр бүлээ сонгож, хийдэг гэмт хэргийн ажил, найз хүүхэн хийгээд найзуудаасаа үүрд ичиж амьдрах уу, эсхүл энэ бүхнийг орхиод тонилж өгөх үү хэмээн эргэцүүлэн тунгаахад нь түүний Католик шашны итгэл үнэмшлийн улмаас зөрчилдөх дүрийг гайхамшигтай бүтээсэн. Харин Robert De Niro хүн бүхэнд өртэй, бүгдэд гай яршиг удаж явдаг, хагас галзуу гэмээр гудамжны панкийн дүрийг эрч хүчтэй, бишрэм гүйцэтгэсэн. Хурц, түргэн яриа, чимээ шуугиантай, амьсгаа давчдам, неон гэрэл дор хүчирхийллээр адреналин ихэсгэх уг киног Theyshootpictures бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 298-р байрт жагсаагаад байна. Мастер найруулагчийн кино хэлний дуу хоолой болж ирсэн энэхүү их хотын нүгэл, гэм буруугийн талаарх хүчирхэг үлгэрийг товчхон танилцуулъя.

  Нью-Йорк хотын "Бяцхан итали" хороололд амьдардаг Итали-Америк залуу Charlie ойр үеэс багын найз болох мөрийтэй тоглогч, жижиг гарын гэмт хэрэгтэн Johnny-ынхоо тарьсан хэрэг түвэг, өр зээлний асуудлаас болж толгой гашилгах нь ихсээд буй. Charlie мөн Johnny-н үеэл, унадаг өвчтэй Teresa гэгч хүүхэнтэй нууцаар болздог ба авга ах, нөлөөтэй мафи Giovanni нь Charlie-г өвчтэй хүүхнээс, бүтэлгүй Johnny мэтээс хол байж; нэр хүндтэй мафийн гишүүн байхын тулд нэр хүндтэй хүмүүстэй нөхөрлө хэмээн байнга ятгах болсон нь түүний толгойг улам янгануулна. Charlie сүслэн шүтдэг категори шашин ба авга ахынхаа гэмт хэргийн ертөнцөд ажиллаж амьдрахын хооронд эргэлзэж бас шаналдаг. Johnny улам бүр өөрийгөө сүйтгэх хандлагатай болохын дээр зээлсан мөнгөө мафийнханд эргүүлж төлөхгүй том толгойлох нь байдлыг хурцатгана. Сүмээс аврал хүртэж чадаагүй Charlie өөрийгөө золиослоод ч хамаагүй багынхаа андыг аврахыг хүснэ. Мафиас Johnny-г хашраахаар илгээгдсэн Michael бааранд ирэхэд Johnny түүнийг шинэков гэдгийг нь мэдчихсэн байсан учир хэл амаар дайрч мөнгөө төлөхгүй гэж томрох агаад угтаа Charlie "дарга" нартаа Johnny-г хүмүүжүүлнэ гэж амалсан байсан нь ийнхүү нурж байгаа нь тэд сайнаа үзэхгүй болох нь дамжиггүй болно.

Michael, Johnny хоёрын зодооны дараа Michael хүн хүч нэмэгдүүлэхээр явахад Johnny, Charlie хоёр ч хотыг яаралтай орхих хэрэгтэй болно. Гэтэл Teresa тэдэнтэй хамт явна гэж зөрүүдэлснээр тэр гурав машиндаа сууж аваад давхичихна. Гэтэл хаанаас ч юм Michael залуустайгаа машинтай гүйцэж ирээд буудаж эхлэх бөгөөд Charlie машанаараа гал унтраах цорго мөргөн зогсоно; Johnny хүзүүндээ шархдсан байх бол Charlie гарандаа буудуулж, Teresa мөргөлтөөс болж багахан шархтсан байна. Johnny гудамжинд гараад явж чадан ядан явж байна; Charlie цус алдснаас ухаан алджээ. Teresa, Charlie хоёрыг эмнэлгийн ажилтнууд аваад явах бол харин Johnny-н хувь заяа тодорхойгүй үлддэг. Martin Scorsese-н анхны бүрэн хэмжээний кинонууд бол "Who's That Knocking at My Door" болон "Boxcar Bertha" бүтээлүүд хэдий ч "Mean Streets" бол түүний анхны өөрөө бүгдийг нь зохион байгуулсан кино нь юм. Жишээлбэл, Boxcar Bertha" бол өөр найруулагчийн төслийг найруулсан л кино гэж хэлж болно. Нэрт кино найруулагч John Cassavetes "Boxcar Bertha" киноных нь дараа Scorsese-д хандан: "чи амьдралынхаа нэг жилийг энэ мэт новш хийж өнгөрүүллээ" гэж зэмлэжээ. Эл хатуу үгс Scorsese-д өөрийнхөө амьдралын туршлагаас санаа авч кино хийх хүслийг нь өдөөжээ. Үнэндээ Cassavetes-д түүний "Who's That Knows at My Door" кино нь таалагдсан учраас Scorsese-д иймэрхүү кино хийх ёстой гэж хэлжээ.

Найруулагч маань Нью-Йоркийн "Бяцхан итали" хороололд өсөж торнихдоо үзэж харсан туршлага дээрээсээ үндэслэн уг киногоо бүтээжээ. Кино зохиолыг " Who's That Knocking at My Door" киноны дүрүүдийн үргэлжлэл болгож бичиж эхлүүлсэн аж. Киноны анхны нэр нь "Season of the Witch" нэртэй байсан ч зохиолч Raynold Chandler-н "The Simple Art of Murder" гэдэг эссэнээс санаа авч одооны нэрийг нь өгчээ. Scorsese кино зохиолоо бичиж дуусгаад найруулагч, продюсер Roger Corman руу илгээхэд Corman бүх дүрүүд нь хар арьстай байвал кинонд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэжээ. Scorsese киногоо хийхийг адган хүсч байсан тул сайхь шаардлагыг хүлээж авсан боловч жүжигчин Verna Bloom сайн менежер Jonathan Taplin гэгчтэй Scorsese-г уулзуулжээ. Ингээд киног Warner Bros. санхүүжүүлснээри "blaxploitation" бус Итали-Америк дүрүүдтэй кино хийгдэх нь батлагдсан. Scorsese бүхэлдээ шахуу хуучны хит поп дуунуудыг киноныхоо саундтракт ашигласан нь тухайн цагтаа хувьсгал болсон аж. Кино "The Ronettes" хамтлагийн "Be My Baby" дуугаар эхэлдэг, энэ нь найруулагчийн замналын хамгийн мартагдашгүй кино агшнуудын нэгээр нэрлэгддэг. Шүүмжлэгч Owen Gleiberman: "Холливуудын түүхэн дэх поп дууг хамгийн гайхалтайгаар ашигласан явдал" гэжээ. Энэ бол шүүмжлэгчдийн "мөлжих" дуртай кино байсаар ирсэн.

  Шүүмжлэгч Pauline Kael: "Жинхэнэ эх бүтээл, бие даасан кино урлахуйн ялалт, толгой эргэм сенсаац" гэсэн байхад The New York Times сэтгүүл "Хичнээн арзгар бараан дэвсгэртэй байсан ч, хичнээн зүрх шимшрүүлэм хүүрнэлтэй байсан ч зарим кинонууд сэдэвтэйгээ ямар ч хамааралгүй нэгэн төрлийн маш нарийн, үзэсгэлэнтэйгээр ойлгогдохуйц тоник нөлөөтэй байдаг" гэж бичжээ. Time Out сэтгүүл энэхүү киног 1970-аад оны шилдэг киноны нэгээр нэрлэсэн байхад шүүмжлэгч David Denby киноны жүжигчдийн тоглолтыг магтаад "Одоогоор байдлаар Америкт Scorsese шиг импровизацыг амжилттай ашигласан хүн байхгүй" гэж байжээ. Scorsese сцэн бүртээ амьдралдаа мэдэрч, үзэж байсан бүхнээ тусгаж, энэ нь улмаар үзэгчдэд ядаргаатай удаан, хязгааргүй шархлуулж бас эмзэглүүлсэн шинэ ухамсрын төлөвт аваачдаг. Мөн кино дахь Robert De Niro-н монологи гайхамшигтай. Нэрт кино шүүмжлэгч Roger Ebert уг киног ерөнхийд нь онц гээд телевизийн орчин үеийн гэмт хэрэгт цувралаас одоо цагийн олон киноны эх сурвалж болсон кино гэжээ. Найруулагч Spike Lee энэхүү кино болоод "On the Waterfront" киног өөрт нь хамгийн ихээр нөлөөлсөн кинонуудын тоонд оруулсан байхад мөн найруулагч Kathryn Bigelow өөрийнхөө хамгийн ихээр дээлдэг киноны нэг гэжээ. 

Comments