Le Cercle Rouge (1970). Францын кино найруулагч Jean-Pierre Melville-н гэмт хэрэгт жанрын кино. Гол дүрүүдэд; Alain Delon, Bourvil, Gian Maria Volonte, François Perier болон Yves Montand зэрэг Францын шилдэг жүжигчид тоглосон. Уг кино бараг ямар ч харилцан яриагүй хагас цаг орчим үргэлжилдэг үнэт эдлэлийн дэлгүүрийг тонодог оргил үзэгдлээрээ кино ертөнцөд алдартай. Киноны нэр нь "Улаан тойрог" гэсэн утгатай ба киноны эпиграфт Будда Сиддхарта Гаутама улаан шохойгоор тойрог зураад "Хүмүүс, өөрсдөө мэдээгүй ч танилцах ёстой бол юу ч тохиолдсон бай, зам яаж ч салсан бай хамаагүй, тэд танилцацгааж, улаан тойрогт нэгдэх нь гарцаагүй" гэж гардаг; сайхь эпиграф киноны амин сүнс, мөн чанарыг илтгэдэг. Нэрт найруулагч Melville уг бүтээлээ туурвихдаа ид үедээ байсан нь үзэгчдээ хууран мэхлэлт, гэмт хэрэг, туйлын түгшүүртэй ертөнцөд татан оруулж, өөрийгөө Францын дээрэм, гэмт хэрэгт жанрын мастер болохоо нотлон харуулсан юм.
Ингээд киноны үйл явдлыг товчхон өгүүлсү. Марсель хот, хоригдол Corey хүмүүжсэн гэгдээд суллагдана. Түүнийг суллагдахаас өмнө шоронгийн харгалзагч Парист очоод нэгэн үнэт эдлэлийн дэлгүүрийг тонон дээрэмдэх зөвлөгөө өгнө. Corey шоронгоос гараад хуучин хамтрагч байхдаа итгэлийг нь эвдсэн, одоо түүний хуучин найз хүүхэнтэй хамт амьдарч байгаа Rico гэгчийнд давхиж очоод хүч хэрэглэн буу, мөнгө авдаг. Дараа нь, Corey-г бильярдын газарт байхад Rico-н хоёр эр түүний араас хөөж ирсэн ч Corey ажиггүй нухчихаад машин худалдаж аваад Парис зорино. Замдаа тэрээр радиогоор нэгэн хоригдол оргосон тул цагдаа нар зам хаасан тухай сонсоно. Corey шоронгоос гардаг тэр өдөр Марсель хотоос Парис хүрэх галт тэргэнд хүндтэй комиссар Mattei гэгчид байцаагдахаар явсан өөр нэг хоригдол Vogel зугтан зайлж чадаад хөдөө нутагт бараа түрүүгүй болжээ. Mattei түүнийг хөөж, барьж авах бололцоотой бүхнийг хийнэ. Энэ зуурт цагдаагийнхны өргөн хүрээтэй ажиллагааг ойлгосон Corey машинаа замын хажуудаа зогсоогоод явахдаа багаажаа онгорхой орхих агаад үнэрч нохойноос зугтаж явсан Vogel машиныг хараад багаажинд нь орж нуугддаг. Corey түүнийг харж, багаажинд орохыг нь хүлээж байгаад машинаа хүнгүй, задгай талбайд хүрэх хүртэл жолооддог. Хоёр эрийн анхны уулзалт түгшүүр хийгээд хурцадмал байдалтай эхэлсэн ч Vogel Corey-г бас саяхан шоронд суллагдсан төдийгүй өөрийг нь аврах гэж оролдсон болохыг ухаардаг.
Ингээд Vogel дахин багаажинд нуугдаж, Corey жолоонб ард суун Парис зорино. Удсангүй тэдний араас машинтай залуус ирж зогсоосон ч хоригдол эрчүүд тэднийг түвэггүй хөнөөгөөд буу, мөнгийг аваад цааш явна. Corey Vogel-г Парис дахь байрандаа аваачаад хамтдаа өнөөх үнэт эдлэлийн дэлгүүрийг дээрэмдэхээр төлөвлөнө. Энэ ажилд нь тэдэнд хамгаалалтын системийг унтраах мэргэн буудагч, бас олсон үнэт эдлэлийг нь зарж борлуулж өгөх хүн хэрэгтэй. Энэ хооронд Mattei Rico-н залуусыг хөнөөсөн алуурчныг олж, мөн Vogel-г барихаар хичээсээр буюу комиссар хүссэндээ хүрэхэд Парисын бохир ертөнцийг сайн мэддэг, шөнийн клубын эзэн Santi гэгчийг дарамтлаж мэдээлэл олох шаардлага гарна. Corey мэргэн буудагчаар экс цагдаа, одоо архичин Jansen гэгчийг олохын сацуу хулгайн юмыг нь зарж өгөх хүн ч олно. Нэгэн шөнө дээрэмчид үнэт эдлэлийн дэлгүүрийг амжилттай дээрэмдэх бөгөөд хулгайн юмыг зарж өгөх хүн тэдэнтэй ажиллахгүй гэдэг, учир нь Rico-гоос түүнд анхааруулга ирсэн байлаа. Урам хугаралт удаан үргэлжилсэнгүй, Vogel, Jansen хоёрын санал болгосноор Corey явж Santi-тай уулзаж борлуулагч олохоор болдог. Mattei хэдийнээ Santi-г бүтэлгүй хүүгээр нь барьцаалан бүх мэдээллийг олж мэдээд зогсохгүй Corey клубт ирэхэд үнэт эдлэлийг нь зарж өгөх хүний дүрд хувирчихаад түүнийг хүлээж байлаа.
Тийнхүү хуурамч этгээдтэй Corey нэгэн хөдөөний байшинд уулзаж бараагаа үзүүлэхээр болно. Corey, Jansen хоёр хамт явж Vogel ард үлдэх бөгөөд Corey алслагдсан байшинд очоод байтал Vogel гэнэт гарч ирээд энэ бол отолт, юмаа аваад зугтаарай хэмээнэ. Дээрэмчид зугтаах боломжгүй бүслэгдсэн байсан учир бүгд цагдаа нарын бууны дор амь алдсанаар кино төгсөнө. Шүүмжлэгч Vincent Canby уг киног, Melville-г анх үзэж байгаа хүнд төөрөгдөм байж магадгүй гэсэн байдаг. Гурван гол дүрийн тоглолт, зураглаач Henri Decae-н өнгөт хэдий ч хар цагаан мэт амгалан зураглал болоод найруулагчийн цомхон кино зохиол нийлээд түүний минимал кино арга барилыг төгс илтгэдэг. Шүүмжлэгчид Peter Bradshaw уг бүтээлийг "тансаглал" гээд найруулагч Raymond Chandler маягийн ертөнцийг өөрийнхөө зохиосон Францын хатуу ширүүн бодит байдалтай хослуулсан гэж онцолсон. Мөн тэрээр киноны чимээгүйүргэлжлэх дээрмийн сцэнийг "Rififi" шедеврийг дуурайсан гээд орчин үеийн техно-триллер кино гэжээ. Парисын шалбаагтай гудамжаар бараг үг дуугүй алхах борооны цувтай эрчүүд үхлээс айх ч зорьсондоо хүрнэ гэдэгтээ найдах нь барагалж гэмт хэргийн балет шиг үзэсгэлэнтэй байдаг.
Тэдний зарим нь дээрэмчид бас зарим нь цагдаа нар байдаг ба тувт тамхи татах нь тэдний мөн чанар мэт харагддаг. Тэд буу, нударга, заль мэхийг эгээ л илбэчин хөзрөөр тоглодог шиг ашигладаг. Тэдний ёс суртахуун хуулийн аль талыг баримталж байгаад бус цөөхөн хүн л ойлгодог хүндлэгдсэн ёсыг дагах дүрмийг хуваалцахад оршдог. Найруулагч Melville энэ кинондоо дүрүүдээ сэтгэл зовнисон бурхны нүдээр хардаг ба түүний кинонд оргон хоригдол, цагдаагийн мөшгөлт, үнэт эдлэлийн дээрэм, мафийн өшөө авалт гардаг ч эдгээрийг илбэчин хөзрөөрөө тоглож байгаа аятай авч үздэг буюу илбэчин ур чадвараа толилуулаагүй тохиолдолд хөзөр нь ямар ч ач холбогдолгүй юм. Melville-н кино замнал Францын Шинэ Давалгаа Хөдөлгөөнөөс өмнө эхэлсэн ба 1973 онд нас барсан түүнийг Америкт тун бага мэддэг байсан гэдэг. Тэрээр торгон, тансаг хэв маягаараа алдартай байсан ба "Ocean's Eleven", "The Good Thief" зэрэг кинонуудаас түүний арга барил илэрхий харагддаг.
Melville кино үзэж өссөн, кино түүний амьдрал байсан ба түүний кинонууд амьдралаас илүүтэй кино мэдрэмжийг нь харуулдаг. Өөр ямар ч кинонд цагдаа юмуу хулгайч түүний үзүүлсэн шиг зан авиртай, хэв маягтай байдаггүй. Түүний "Le Samourai" шедеврийн гол дүрийн алуурчин шиг "Le Cercle Rouge" киноны дүрүүд амжилтаас илүүтэй зан авир, ёс дүрмийг чухалчилдаг. Кинонд Alain Delon тэргүүтэй Францын шилдэг жүжигчид тоглосон ч энэ бол оддын тухай кино бус кино нь өөрөө од болсон кино юм. Дүрүүд тайван, мэдрэмжээ дарж, үгээ залгиж, хүсэл тэмүүлэлгүй байдаг ч туршлагаараа ганц ч үггүйгээр ойлголцдог билээ. Дээрмийн сцэн үзэгчдийн хүлээлтэд нийцдэг ч дууссаных нь дараа энэ нь киноны үндэс биш болохыг ойлгох буюу дээрэм бус дээрэмд хүрэх явц чухал байсныг бид ухаарна. Нэг үгээр энэ кино бол дээрэмчдийн ажлын тухай биш харин тэдний мөн чанарын тухай л юм. Melville дэлхийн 2-р дайнаар Францын Эсэргүүцлийн хөдөлгөөний гишүүн байж тулалдаж явсан ба ёс суртахуунтай дээрэмчин юмуу алуурчны тухай сэдвээр олон дахин кино хийсэн нь магадгүй Францынхаа алдагдсан нэр төрийг сэргээх гэсэн хүсэлтэй нь холбоотой бололтой.
Comments
Post a Comment