Хайрын биет тал

 


Two or Three Things I know About Her (1967). Францын кино найруулагч Jean-Luc Godard-н бичиж найруулсан Францын Шинэ Давалгаа Хөдөлгөөнд хамаарагдах бүтээл. Энэ бол найруулагчийн 1967 онд хийж дуусгасан гурван киноны нэг буюу нөгөө хоёр нь  "La Chinoise", "Weekend" гэсэн кинонууд юм. Нийгмийн хийгээд хэв маягийн хувьд радикал хэлбэрээр хийгдсэн уг киног Godard-н хамгийн том амжилтуудын нэг гэж үздэг. Энэхүү кино 1960-аад оны дунд үеэс хойших Godard-н олонх киноны нэгэн адилаар түүний Америкт улам бүр дургүйцэх хандлагатай болж байгааг илэрхий харуулдаг ба ингэснээр түүний өмнөх "Breathless" зэрэг Францын Шинэ Давалгаа Хөдөлгөөний бүтээлүүдээс эрс ялгардаг буюу Godard эхэн үеийн кинонууддаа Америкийн кино урлагаас иш татах зэргээр хүндлэн биширдэгээ тод харуулж байсан байдаг.

"Two or Three Things I know About Her" бол Godard-н кино хэлд эргэлтийн цэг болсон гэдэг; энэ кино хэдий хүүрнэлийн хувьд үзэж байгаа үзэгчийнхээ кино мэдлэг, ойлголтоос хамаарах боловчиг ахин дахин үзүүштэй, орчин үеийн нийгмийг шүүмжилсэн чухал бүтээл юм. Ингээд киноны гүн рүү аялцгаая. Хэдийгээр киноны олон сцэн дээр жүжигчид нь бэлдсэн зохиолын мөрүүд уншдаг ч кино ердийн хүүрнэлийн бүтэцгүй буюу оршил, өрнөл, шийдэлгүй; харин оронд нь тухайн цаг үеийн Godard-н бодлыг харуулсан кино - эссэ хэлбэрийн бүтэцтэй байдаг. Парист өрнөж буй бүтээн байгуулалтын кадруудыг драматик сцэнүүдийн хооронд болон дотор нь салгаж, жүжигчид ихэнхдээ камер руу хараад өөрсдийн бодол, амьдралаа монологоор хүргэж байгаа нь дөрөв дэх ханыг эвдэж байгаа хэргээс гадна мөн киноны дууны дийлэнхийг улс төр, бодит байдал, ухамсар, учир утга зэргийн тухай Godard-н философилог шивнэх өгүүлэмж эзэлдэг. Киноны драматик үйл явдал нь өдрийн цагаар биеэ үнэлдэг, чинээлэг нөхөртэй, хоёр жаахан хүүхдийн эх Juliette (Францын жүжигчин Marina Vlady) гэгчийн 24 цагийн боловсон соёлтой хэрнээ хоосон хөндий амьдралыг толилуулдаг.

Juliette Парисын захад орших шинээр баригдсан өндөр барилгуудын нэгэнд амар тайван амьдрах ба өглөө эрт хүүхдүүдээ аваад хотын төв рүү ороод биеэ үнэлэгчдийн хүүхдүүдийг хардаг, биеэ үнэлэгчдийн байр шиг газарт очоод асрагч өвгөнд нь хүүхдүүдээ үлдээнэ. Дараа нь тэрээр үнэтэй дэлгүүрээс худалдаж авч, кафед орж тэнд хэдэн гэрийн эзэгтэй - биеэ үнэлэгчтэй уулзсныхаа дараа залуухан үйлчлүүлэгчийнхээ өврөөс гараад гоо сайхны салон ордог. Үдээс хойш Juliette найз хүүхэнтэйгээ хамт нөхрийнхөө ажил - машин угаалгын газраар зочилчихоод дараа нь найз хүүхнийхээ хамтаар Америкийн дайны сэтгүүлч хөгшин эрийн гэрт очно; тэнд хүүхнүүд нүцгэнээр толгойдоо цүнх углах зэргээр гаж сэтгүүлчийн балай хүслийг гүйцэлдүүлнэ (Juliette-д энэ нь таалагдаагүй тул нэг оронд орохоос татгалзаж оронд нь нөхрөө, өөрийгөө, бас Вьетнамын дайныг эрэгцүүлэн боддог). Дараагийн сцэнд, кафед Juliette-н нөхөр, эхнэрээ ирэхийг хүлээнгээ хажуу талын ширээнд суух хүүхэнтэй ярилцаж байх зуурт үзэгчид өөр ширээнд суух нэгэн хүүхэнтэй ярих Нобелийн шагналт зохиолчийг харна. Гэртээ ирээд Juliette өдөр тутмын амьдралаа, өнөөдөр юу үзсэнээ эргэцүүлэн бодоод үүний учир утга юунд байна вэ гэж боддог. Орондоо орсон хойноо тэрээр нөхөртэйгөө орчин үеийн хүн хийгээд хайрын тухай ярилцах гэсэн ч бүтэлгүйтсэнээр кино төгсдөг.

Уг киног 1966 онд Парисын захад шинээр баригдсан өндөр барилгуудтай хорооллуудын тухай бичсэн Catherine Vimenet гэгчийн "The Shooting Stars" гэдэг нийтлэлээс санаа авч бүтээжээ. Найруулагч маань эл бүтээлийнхээ зорилгын талаар хэлэхдээ; найруулагч Alain Resnais-н "Muriel" киногоороо эхлүүлсэн Хөдөлгөөниййг үргэлжлүүлэхийг хүссэн буюу математик, социологид "комплекс" гэж нэрлэгддэг үзэгдлийг тайлбарлах оролдлого гэсэн байдгаас гадна: "Үндсэндээ миний хийж байгаа зүйл бол үзэгчид миний дурын сонголтын мөн чанар, тодорхой сонголтыг зөвтгөх ерөнхий дүрмийн эрэл хайгуулыг хуваалцаж явдал юм" гэж хэлжээ. Мөн Godard: "Би өөрийнхөө кино хийх явцыг харж байна, та миний бодлыг тодхон сонсож байна. Өөрөөр хэлбэл, энэ бол кино биш, энэ нь кино хийх оролдлого" хэмээжээ. Түүний эл кинонд спорт, улс төр, хоол хүнс гээд бүхий л зүйлс багтан зураглагдсан байдаг агаад магадгүй киноны хамгийн алдартай сцэн бол ойроос, удаан авсан аягатай кофены сцэн болов уу. Godard 1966 оныг зун киноныхоо продакшны ажлыг эхлүүлсэн.

Тэгтэл нэгэн дотно танил продюсер түүн дээр ирээд өөр нэгэн Францын Шинэ Давалгаа Хөдөлгөөний найруулагч Jacques Rivette-н "The Nun" киног засгийн газар хориглосноос болж санхүүгийн хүндрэлд орсон учир кино хийж өгөн туслаач хэмээн гуйжээ. Байнгын хамтаргч нөхөртөө туслахыг хүссэн Godard тухайн ондоо "Made in U.S.A" киноныхоо зэрэг авалтыг бас эхлүүлж байжээ (кино өвчтөн гэмээр). Хэдий кинонд зохиол, ямар тохиолдолд юу хэлэх вэ гэсэн бэлэн асуулт, хариулт бичигдсэн байсан боловч яг зураг авалтын үеэр найруулагч маань жүжигчиддээ чихэвч зүүлгээд тухайн мөчид асуулт асууж, жүжигчдийн импровизацласан хариултыг ашигласан нь дүрүүд болоод кинонд тохирсон нь одоо харагдах. Juliette Парисын захын хороололд амьдардаг, хэдий энэ хороолол нь дайны дараах үед нийслэлд ажиллаж байсан гэр бүлүүдийг орон сууцаар хангах зорилготой бодлого хөтөлбөр байсан ч Godard үүнийг консумеризм бүхий худалдан авах чадвар дээр суурилсан системийг дэмжсэн дэд бүтэц гэж үзэж, үүнийг биеэ үнэлэхтэй адилтгаж, уг киногоороо шүүмжилсэн аж. Найруулагч маань консумерзим бол нийгмийг цаг хугацаа, орон зайд хавчигдан амьдрах, дургүй ажлаа албадан хийхийг шаарддаг; сэтгэл завхайрал гэж харсан ажээ.

  1966 онд Францын нэгэн Телевизийн нэвтрүүлэгт Godard засгийн газрын гишүүнтэй мэтгэлцсэн бөгөөд засгийн газрын гишүүн Францын нийгмийн амьдралын түвшинг сайжруулахын тулд зар сурталчилгааг нэмэгдүүлэх шаардлагатай гэж мэтгэсэн байхад найруулагч маань зар сурталчилгааг янхан зуучлагчтай адилтгаж, зар сурталчилгаа нь эмэгтэйчүүдэд жаргалыг буруу ойлгуулах хортой, жаргалыг мөнгөөр худалдан авч болно гэсэн бусармаг сэдэл төрүүлж, улмаар эмэгтэйчүүд сексийн таашаал ханамжаас илүүтэй мөнгийг илүүд үзэн биесээ зарах болно гэж мэтгэсэн нь өнөөдөр Франц төдийгүй Монголд ч биеллээ олжээ. Godard-н уг кинонд эмэгтэй хүн, Парис хот хоёр нэг утгатай ба тиймээс ч тэрээр тэдгээрийг хамтад нь судалдаг. Киноны нэрний (Her буюу эмэгтэй) гэдэг нь шууд утгаараа Парисыг хэлж байгаа хэрэг; засгийн газар Парист шинэчлэл хийхээр төлөвлөж байжээ. Найруулагч Godard замналынхаа энэ үед классик өгүүлэмжээс зайлсхийж, кино урлахыг аналитик, эссэ маягаар харж байсан кино хувьсгалч байсан бололтой. Энэ кинонд баян залуу, ядуу охинд дурлаж байгаа маягийн тодорхой хэвшмэл түүх байхгүй, шууд зайлсхийсэн бөгөөд оронд нь жендер, хэл яриа, консумерзим, империализм, топограф зэргийн сэдвийг ашиглан олон янзын, огтлолцсон, хуваагдсан Парисын бас эмэгтэй хүний хүслийн тухай түүхийг өгчээ. Кино тод өнгөтэй бас хөг аягүй хэдий ч гайхалтай ажиглалтын дунд бие хүн хэрхэн улс төр, нийгмийн асуудалтай тулгарч байгааг үзүүлсэн бөгөөд Godard намуухан ч ширүүнээр номинал идеализм, Голлизм (дэлхийн 2-р дайны үеийн Францын Эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагч Charles de Gaulle-н улс төрийн үзэл санааг дэмжигчид) руу дайрсан агаад найруулагч маань Голлистууд орчин үежих нэрийн дор улс орноо ёс суртахуунгүй болгосон гэж киногоороо буруутгажээ. 

Comments