Миний бяцхан цэцэг

 


Eternity and a Day (1998). Грекийн мастер кино найруулагч Theo Angelopoulos-н бичиж, найруулсан драм. Гол дүрүүдэд Швейцарын нэрт жүжигчин Bruno Ganz болон Францын жүжигчин Isabelle Renauld нар тоглосон. Уг кино тэр жилийнхээ Канны кино наадмаас дээд шагнал болох Palme d'Or болон шүүгчдийн нэрэмжит шагнал хүртсэн. Өгүүлэх нь, дунд эргэм настай зохиолч Alexandros эдгэршгүй өвчтэй болсноо мэдээд эмнэлэг бараадахаар Салоника хот дахь далайн эрэг дээрх байшингаа орхино. Alexandros ажил албаа цэцглэн, нохойг нь харах хүн олох ёстой болно тэрээр ухаан санаандаа нас нөгчсөн эхнэр Anna-тайгаа байнга ярина, эхнэр нь түүнд залуу сайхнаараа үзэгддэг. Alexandros цагдаад хөөгдөж байгаа Албани улсаас цагаачлан ирсэн машины шил арчин амь зуудаг бяцхан хүүг нууж туслана. 

Дараа нь, тэрээр 22 настай охиныдоо зочлох боловч охиндоо өвчнийхөө талаар ам нээдэггүй. Alexandros охиндоо ээжийнх нь бичсэн захидлуудыг өгч чангаар уншуулах ба энэ үеэр Alexandros-д охиных нь төрж байсан үеийн дурсамж сэргэнэ. Охин, хүргэн хоёр нь гэр бүлийнх нь далайн эрэг дээрх байшинг өөрөөс нь асуулгүйгээр зарсан болохыг мэднэ; мөн тэд нохойг нь авч үлдэхээс татгалзана. Буцах замдаа Alexandros цагаач хүүтэй дахин таарах ба хүүг машинтай залуус хулгайлж, хүний наймааны хохирогч болгох гэж байхад нь тэрээр араас нь дагасаар нууц уулзалтыг бусниулж, хүүг зольж аварч чаддаг. Хүүг автобусанд, таксинд суулгах гэсэн оролдлогыг болгон бүтэлгүйтсэний дараа тэрээр биечлэн түүнийг Албанийн хилд хүргэхээр авч явдаг. Alexandros цасанд хучигдсан уулсын хил дээр өргөст торонд наалдсан мэт цогцсуудын жихүүцэм төрхийг харж байна. Хөгшин эр, цагаач хүү хоёр хилийн хашааны хаалга онгойхыг хүлээж байтал хүү Албани дахь амьдралынхаа тухай худлаа ярьсан гэдгээ хүлээх бөгөөд харуулын цэргүүд ирж амжихаас өмнө тэд машиндаа суун зугтана. Хүүгийн аюултай нөхцөл Alexandros-г өөрийгөө өрөвдөх, мулгуу байдлаас нь гаргах агаад 19-р зууны Грекийн яруу найрагч Dionysios Solomos-г бишрэн хайрлах сэтгэлийг нь сэргээдэг. Хөгшин эр, хүү хоёрыг айдас холбоно. Хөгшин эр өөрийг нь юу хүлээж байгаа, амьдрал нь үр дүнтэй байсан эсэхэд эргэлзэн эмээж байгаа бол хүүгийн хувьд уул толгод бүхий замтай Албани руугаа буцах аюултай аялал хийгээд хүний наймаачдаас айн байв. 

Alexandros гэрийнхээ үйлчлэгч байсан Ourania гэдэг хөгшин эмэгтэй дээр очно; авгай түүний ирсэнд дурамжхан байна, учир нь Alexandros чухам яг хүүгийнх нь хуримын үеэр явж орон саад болсон хэрэг. Alexandros дундуур нь орох хүртэл хуримын бүжиг үргэлжилдэг бөгөөд тэрээр нохойгоо үйлчлүүлэгчдээ өгч үлдээсний дараа тасалдсан бүжиг дуу зогсоогүй мэт үргэлжилнэ. Энэ хооронд хүү эмнэлгийн балгас руу явж ороод өөр нэг залуу хүүгийн араас гашуудан бусад шил арчигч хөвгүүдийн хамтаар лаа асааж байна. Хөгшин эр, хүү хоёр автобусанд сууна; автобусанд унтаж байгаа зүүнтнээс классик хөгжмийн гурвал хөгжимчин гээд янз бүрийн хүмүүс байдаг ба тэд мөн цонхоор гурван хүний унадаг дугуй унасан шар борооны цувтай гурван хүнийг харна. Хүү очих газар нь үл мэдэгдэм тод гэрэлтсэн хөлөг онгоцонд суугаад шөнөөр далайд гардаг. Alexandros хуучин гэртээ ирнэ. Тэр байшингаа тойруулж хараад арын хаалгаар гарахад Anna нь болон бусад найзууд нь дуулж бүжиглэж байна; энэ бол түүний өнгөрсөн бололтой байдаг. Тэд түүнийг өөрсөдтэй нь нэгдэхийг хүсэх бөгөөд удалгүй зохиолч эхнэрийн хамт л үлдэнэ. Anna алгуурхан холдож, Alexandros түүнийг сонсохгүй байна гэж хэлдэг. Бас харахгүй байгаа бололтой байдаг. Alexandros эмнэлэгт очихгүй, харин маргааш болоход хэр удах вэ гэж эхнэрээсээ асуухад эхнэр нь түүнд маргааш үүрд мөнхөд нэг өдөр үргэлжилнэ гэж хариулдаг. 

Грекийн маестро Theo Angelopoulos-н эл Канны наадмын шилдэгээр шалгарсан кинонд алдартай зохиолч амьдралынхаа төгсгөлийг хүлээж байгаа тухай өгүүлдэг. Энэ бол найруулагчийн хамгийн "ойлгомжтой" киноны нэг байж болох ч зарим хүнд эсрэгээрээ байж магадгүй. Ямар ч байсан Palme d'Or шагнал авсанаар яруу найраглаг шинжтэй киног дээдэлдэг илүү оюунлаг кино сонирхогчдын анхаарлыг татахуйц кино гэж хэлмээр байна. "Reconstruction" гэдэг анхны киноноосоо хойш кино - философич Angelopoulos арван сод бүтээл хийсэн бөгөөд түүний ихэнх кинонууд гол дүрийнхээ аялалд төвлөрдөг; аялал голдуу чийглэг, манантай Грекийн хил орчимд өрнөдөг билээ. Angelopoulos ба түүний гарамгай зураглаач Giorgos Arvanitis хоёрын хамтын ажиллагаа ихэвчлэн урт,  замтай кадраар дамжуулан бидэнд мартагдашгүй зураглалыг өгдөг билээ. Angelopoulos-н европын улс төрийн сэдэв, нарийн нягт хэмнэл зарим үзэгчдийг үргээдэг бол харин илүү боловсронгуй кино сонирхогчдод таашаагдаж, чухам түүний удаан хэмнэл, урт кадрыг нь үнэ цэнэтэйд үздэг. Энэ кинонд ямар нэгэн "мөнхийн" элемент байгаагаас гадна мөн сэтгэл хөдлөлийн хувьд эмзэглэл хийгээд цогшим шинж ч байдаг. 1980-аад оны эхэн үед Angelopoulos кинонууддаа Marcello Mastroinni, Harvey Keitel гэх мэт олон улсад алдартай жүжигчид тоглуулдаг байсан, харин энэ кинондоо Швейцарын нэрт жүжигчин Bruno Ganz-г үхэлтэйгээ нүүр тулж буй зохиолчийн дүрд тоглуулсан. Alexandros эмнэлэгт хэвтэх л юм бол хэзээ ч эмнэлгээс гарч чадахгүй гэдгээ мэдэж байгаа болохоор эцсийн аялалдаа заавал гарч амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг сэтгэлдээ дурсахыг хүссэн ажээ. Тэр талийгаач эхнэр Anna-даа маш их хайртай, түүний дурсамжуудын ихэнх эхнэртэй нь холбоотойг бид киноны туршид гэрчилнэ. Түүний үндсэн харуусал бол тэр хэзээ ч өөрийгөө сэтгэл ханамжтай болгох ямар нэгэн зүйлийг хийж байгаагүйд оршдог; тэрээр 19-р зууны яруу найрагчийн дуусаагүй бүтээл дээр ажиллаж байгаа боловч үүнийгээ ч бас орхих хэрэгтэй болдог. Тэр үүрд явахынхаа өмнө охиныхоо зарсан байшинд бус нохойныхоо тав тухыг бодож байгаа нь түүний амьдралын материаллаг зүйлд хайхрамжгүй болсныг илтгэнэ.

 Амьдралынхаа сүүлчийн амьсгалыг тоолж буй хөгшин эрийн түүхэнд тэнэмэл, өнчин хүү гарч ирж байгаа нь, тэгээд тэд бие биедээ хань болж байгаа нь "сонгодог" зохиомж ба хөгшин нь үхэхийнхээ өмнө нэг амийг аварч, ирээдүйг нь бататгахыг хүсэх бол залуу нь хөгшний амьдрал хоосон байгаагүйг нь харуулж эцсийн замд нь үдэгч болдог билээ. Хөгшин эр, цагаач хүү хоёр манан дунд хил дээр очоод өргөст торонд өлгөгдсөн цогцсуудыг хардаг сцэн бол үнэхээр эвгүй бас сюрреал буюу Angelopoulos-н кинонууд иймэрхүү мартагдашгүй сцэнүүд тун ихтэй. Миний хувьд энэ кино дахь хамгийн сэтгэлд үлдсэн сцэн бол автобусан дахь сцэн буюу улаан туг барьсан босогч, гурван хөгжимчин, мөн яруу найрагч Dionysios Solomon-той хэсэг үнэхээр онцгой бас хүйтэн мэдрэмж өгдөг. Angelopoulos-н энэхүү киноны гайхамшиг юундаа байна вэ гэвэл энэ бүтээл өнгөрсөн ба одоод зовлонгүй шилжихдээ Alexandros болон цагаач хүү хоёрын харилцааг бүтээлчээр үзүүлсэн. Кинонд өнгөрсөн ба одоо гэсэн хоёр шугам буй; одоод ч өнгөрсөнд ч гол дүр маань хөгшин төрхтэйгөөр үзэгддэг. Киноны гол шугам одоо бус өнгөрсөн бөгөөд киноны бараг тал нь өнгөрсөн буюу Alexandros-н дурсамжийг харуулдаг. Alexandros-н хүүтэй харилцах харьцаа, үхлийн тухай сэдэв киног бат бөх болгодог. Тод, тунгалаг зураглалууд, камерийн урссан, мурий хөдөлгөөнүүдтэй Eleni Karaindrou-н хөгжмийн зохиол нийлээд харууслын, эмзэглэлийн, дурсамжийн мэдрэмжийг бидэнд өгнө. Angelopoulos энэ кинондоо өөрийнхөө кино урлах хэв маяг, сэдвийг илүү боловсронгуй болгосон гэдэг. 

Comments