Гивлүүртэй жолооч


 Ten (2002). Ираны кино мастер Abbas Kiarostami-н баримтад - уран сайхны кино. Кинонд Mania Akbari, Amina Maher гэсэн Ираны эмэгтэй уран бүтээлчид тоглосон ба 2020 оноос хойш Mania Akbari энэ кинонд өөрийнх нь санаа хийгээд материалыг ашигласан буюу хулгайлж, зохих ёстой кредитийг нь өгөөгүй хэмээн найруулагч Abbas Kiarostami-тай олон нийтийн сүлжээгээр маргаан дэгдээсэн байдаг. Уг кино 55 дахь удаагийн Канны кино наадмаар нээлтээ хийж, тэргүүн шагналд өрсөлдөж, ерөнхийдөө шүүмжлэгчдээс эерэг үнэлгээ авсан. Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах үзлээс болж энэ бүтээлийг Иранд гаргахыг хориглож байв. Кинонд гол дүр бүтээсэн Mania Akbari Kiarostami өөрийнх нь санааг хулгайлаад зогсохгүй биед нь халдсан гэсэн үндэслэлээр киног гаргахыг зогсоохыг дистрибьютэр нарт уриалж байжээ.

  Эл бүтээлийг Empire сэтгүүл 2008 онд гаргасан бүх цаг үеийн хамгийн шилдэг 500 кино жагсаалтынхаа 447-р байрт, Францын Cahiers du cinema кино сэтгүүл 2000-2009 оны шилдэг жагсаалтдаа 10-р байрт тус тус жагасаасан бол BBC-ээс олон улсын шүүмжлэгчдийн дунд явуулсан санал асуулгаар 2000 оноос хойших бүтээгдсэн шилдэг 100 киноны тоонд мөн багтжээ. Уг бүтээл арван сцэнд хуваагдсан буюу сцэн бүр дээр нэг эмэгтэй жолооч (Mania Akbari) янз бүрийн зорчигчидтой ярилцан Тегеранаар явж буй тухай гардаг. Өөрөөр хэлбэл киноны бүх өрнөл машин дотор, жолооч эмэгтэй болон түүний зорчигчидтой хийх харилцан яриаг л үзүүлэх юм. Гивлүүртэй жолоочийн зорчигчид нь гэвэл түүний бяцхан хүү Amin (Mania Akbari-н төрсөн охин Amina Maher) болон түүний эгч, биеэ үнэлэгч, сүйт бүсгүй, залбирахаар явж байгаа эмэгтэй гэх мэт төрөл бүрийн эмэгтэйчүүд байдаг. Ингээд киноны арван сцэнтэй танилцая.

Киноны эхний сцэнд гивлүүртэй жолооч маань бяцхан хүүгээ усан сан руу хүргэж өгөнгөө ярилцаж байна. Ярианы явцад жолооч ээж хүү рүүгээ дуугаа өндөрсгөж, хүү хариу хашгичсанаар нөхцөл байдал хурцдах агаад энэ үеэр жолооч эмэгтэй нөхрөөсөө салахын тулд шүүхэд нөхрөө хар тамхичин гэж мэдүүлж, улмаар санасандаа хүрсэн нь илчлэгдэнэ. Эх, хүү хоёрын яриа хэрүүл болж, хүү машинаас буугаад явчихна. Хоёрдугаар сцэнд жолооч маань багш мэргэжилтэй эгчтэйгээ явж байна. Тэд эцэг эх байхын ачаа дарамт, хүүхдүүдийнхээ өмнө хүлээх үүрэг зэргийн тухай ярилцдаг ба тэдний хүүхдүүд нь өөрсдийг нь сайн ээж биш гэж буруутгадагт зовж явдаг нь харагдана. Жолооч эмэгтэй замаараа шинэ нөхөртөө төрсөн өдрийн бялуу авна. Жолоочийн эгч дүүдээ хүүгээ зөв сайн хүн болгоё гэвэл төрсөн эцэгтэй нь хамт амьдруул, аав нь л хүүг сайн хүмүүжүүлнэ хэмээн сургадаг. Гуравдугаар сцэнд жолооч өдөрт гурван удаа бунханд очиж залбирдаг настай эмэгтэйг хүргэж өгдөг. Настай эмэгтэй нөхөр болон 12 настай хүүгээ алдсан, тиймээс бунхан явж залбирдаг гэж хэлдэг. Мөн тэрээр Сирид очиж мөргөл хийхийн тулд эд хөрөнгөө зарж, үлдсэн жаахан юмаа ядуу хүмүүст тараасан гэх бөгөөд тэр жолоочийг хамт явж залбирч мөргөе гэж ятгаж үзээд дийлэлгүй машинаас бууна.

Киноны дөрөвдүгээр сцэнд гивлүүр жолоочийг маань эрэгтэй хүн байна гэж андууран машинд нь суусан биеэ үнэлэгчийн тухай гарна. Жолооч нэрээ нууцалсан биеэ үнэлэгчээс замын туршид хувийн асуултыг уйгагүйгээр тавьсаар явдаг; эцэстээ биеэ үнэлэгч жололчид уран илтгэл тавьж эхэлдэг. Үйлчлүүлэгчдийнх нь ихэнх нь эхнэрээсээ уйдсан эрчүүд байдаг, эрчүүдийг үнэнч гэдэгт итгэн, тэдэнтэй зууралдах нь тэнэг, ямар утгагүй хэрэг гэх зэргээр биеэ үнэлэгч урсгаж гарна. Биеэ үнэлэгч өөрийгөө нэгэнтээ сүй тавьж явсан тэнэг гэдэг бөгөөд биеэ үнэлэгч машинаас буунгуутаа шинэ үйлчлүүлэгчтэй учирдаг. Тавдугаар сцэнд жолоочтой ямар холбоотой нь тодорхойгүй эмэгтэй зорчигчийн тухай байдаг. Энэ эмэгтэй залбирлаас буцаж явж байдаг ба хоёр хүүхэн шашин шүтлэг хийгээд шашинд итгэх талаар ярилцдаг. Зорчигч урьд нь сүсэг бишрэлтэй байсан бол одоо итгэл үнэмшилдээ итгэлтэй биш болсон гэдгээ  хүлээдэг. Мөн зорчигч урьд нь гэрлэх ёстой байсан, гэхдээ одоо болзож байгаа залуутайгаа гэрлэнэ гэж найддаг, түүнтэй гэрлэх гэж л бунхан явж залбирдаг гэж жолоочид ярина.

  Дараагийн сцэнд жолооч экс нөхөртэй нь хамт амьдардаг хүүгээ хөл хөдөлгөөн ихтэй замын дундаас машиндаа суулган авдаг. Жолооч эмэгтэй хүүтэйгээ хонох зөвшөөрлийг экс нөхрөөсөө авна. Хүү ээждээ, аав нь шөнө гэртээ ганцаараа насанд хүрэгчдэд зориулсан кино үздэг гэж хэлдэг. Дараа нь жолооч 7 жил хамт амьдарсан нөхөр нь өөрийг нь хаясанд гомдон уйлж буй дүүгээ тосч авдаг. Гивлүүртэй жолооч маань дүүдээ урьд шөнө биеэ үнэлэгчийн өөрт нь сургамжилсан сургаалийг бараг тэр чигээр нь давтан хэлнэ. Жолооч мөн дүүгээ сул дорой байна, битгий ийм нялцгай бай хэмээн хатуухан загнана. Наймдугаар сцэнд жолооч дахиад хүүтэйгээ хамт байна. Жолооч эмэгтэй хүүдээ, чи эрэгтэй хүн учраас аавтайгаа хамт байж, ааваасаа суралцах ёстой гэж хэлдэг. Харин хүү аав нь шинэ эхнэртэй болж байгаа, шинэ эхнэр нь гэрийн ажилдаа сайн, гэртээ эрт ирээд амттай хоол хийдэг, танаас хамаагүй дээр гэсэн утгатай үгс хэлдэг. Жолооч замаа товчлох гэтэл хүү уурлаж, тэд ахиад л маргалддаг. Есдүгээр сцэнд киноны тавдугаар сцэнд гардаг шиг эмэгтэй гарна. Тэр эмэгтэй найз залуу нь өөртэй нь гэрлэхийг хүсэхгүй байна, найз залуу нь өөр эмэгтэйтэй болсон гэж бодох нь өөрийг нь хэмлэж байна гэх зэргээр жолоочид ярина. Жолооч маань зорчигчийнхоо гивлүүрээ яагаад чанга уясныг асуухад зорчигч үсээ хуссанаа илчилдэг. Киноны төгсгөлийн буюу аравт сцэн хамгийн богино нь ба жолооч эмэгтэй хүүгээ ааваас нь аваад эмээгийнхэн гэрт хүргэж өгөхөөр явдаг.

Найруулагч Kiarostami уг киногоо уран сайхны кино гэж тодорхойлсон боловч 2020 оноос хойш энэ бүтээл чухам хэнийх вэ гэсэн маргаан үргэлжилсээр буй. Оффистоо ажиллах боломжгүй болсон сэтгэлзүйч машиндаа өвчтнүүдээ хүлээн авч эмчилгээ үзүүлсэн тухай кино зохиол анхлан бичсэн гэж Kiarostami хэлсэн байдаг. Гэвч энэ зохиол болж өгөөгүй учраас дараа нь өөрчилжээ. Kiarostami нэгэн ярилцлагадаа, сцэнүүдийн үеэр Mania Akbari-н чихэнд чихэвч зүүлгээд бүхий л хэрэгтэй зааварчилгааг өгч байсан гэж ярьсан байдаг ч хожим тэрээр эл аргыг ердөө ганцхан удаа л туршиж үзээд тохиромжгүй гэж үзээд больсон гэсэн тайлбар хийсэн байдаг нь сонирхолтой. 2020 онд Mania Akbari "Ten" бол өөрийнх нь авсан бичлэгүүдээс бүрдсэн кино, өөрийнх нь материалыг Kiarostami хулгайлсан гэж буруутгав. Akbari-н хэлснээр, тэрээр хувийн төслийн хүрээнд зориулж 120 цагийн видео бичлэг хийсэн байсан ба эдгээр бичлэгийг кинонд ашиглахаар төлөвлөөгүй байжээ. Мөн тэрээр энэхүү кинонд оролцсон эмэгтэйчүүд сохор зоос ч аваагүй гэжээ. Kiarostami түүнд бичлэгийг нь кино зохиолд хөрвүүлээд кино болгох сонирхолтой байгаагаа хэлж. Kiarostami киноны гурван хэсгийг авсан аж; үүнд шашинлаг эмэгтэй, биеэ үнэлэгч хийгээд хүүгийн аавтай хэсгүүд байж.

Kiarostami кинонд багтаагүй нэмэлт кадрууд ч авчээ. Kiarostami эцэстээ Akbari-н оригинал бичлэгийг ашиглаад бүсгүйн ямар ч нэр ороогүй эцсийн эвлүүлгийг үзүүлсэн ажээ. The New York Times сэтгүүл "Найруулагч Kiarostami автомашиныг эргэцүүлэн бодох, ажиглах, мөн юун юунаас илүү ярилцах газар гэдгийг ухаарчээ" гэсэн байхад шүүмжлэгч Roger Ebert киног сэдвээ үзүүлсэн аргыг шүүмжлээд "энэ киног магтах нь хүүхэд шугам дундахыг будсаныг магтахтай адил" хэмээжээ. The Village Voice "Энэ бол үзэл баримтлалын хувьд нягт, гайхам арвич, Bazin маягийн радикал" гэсэн байна. Түрүүн хэлсэнчлэн энэ киноны анхны зохиол үнэхээр сэтгэлзүйч эмчийн өвчтөнгүүдтэйгээ хийсэн ярилцлага хэлбэрээр хийгдсэн гэж үзвэл (энэ санаа хэрэгжээгүй ч ул мөр нь үлдсэн нь гарцаагүй) энэ кино хүмүүс хоорондын харилцааны тун хувийн мөчүүдийг үзүүлснээрээ үзэгчдэд ийм төрлийн эмчилгээний гэрч болсон мэт мэдрэмж төрүүлнэ. Гэхдээ Kiarostami кинонд гарах эмэгтэйчүүдийг эмнэлзүйн анализид зориулсан судалгаа болгож гаргаагүй ч эмэгтэйчүүд хэн гэдгээ танин мэдэх, хүсэл тэмүүлэл, бэлгийн амьдрал, шашин шүтлэг гэх мэт асуудал бас асуулттай санаануудыг агуулсан ярилцдаг нь нэг талаар сэтгэлзүйн судалгаа болж байна.

  Эмэгтэйчүүдийн яриа хувь хүний түвшинд ба олон нийтийн соёлын идеологийн түвшинд байдаг. Кинонд дуу хоолойг янз бүрийн хэлбэр, утгаар ашигласан нь биеэ үнэлэгчтэй хэсгээс онцгой тод харагддаг. Kiarostami-н хэлснээр кинондоо жинхэнэ биеэ үнэлэгч тоглуулахаар ятгаж чадаагүй тул жүжигчин сонгон шалгаруулж авсан аж. Жүжигчний бие дэлгэцэнд харагддаггүй тул түүний тоглолт цэвэр дуу хоолойны түвшинд явагддаг. Дэлгэц дээрх дүрс/дэлгэцээс гадуурх дуу хоолой гэсэн хэв маяг нь уг бүтээлийн бүтцийн нэг бөгөөд сайхь сцэн бүтцийн хувьд нээлтийн сцэнтэй төстэй ч дүрүүд нь эсрэгээрээ юм. Эхний тохиолдолд жолооч нь дэлгэцэн дээрх дүр, харин зорчигч дэлгэцээс гадуурх дуу хоолой болно. Удаах тохиолдол болох нээлтийн сцэнд найруулагч хүүгийн ээж, жолооч эмэгтэйн төрхийг эцсийн мөч хүртэл халхалсан тул үзэгч бид түүнийг дуу хоолойны өнгө, авиагаар нь л төсөөлдөг. Энэ илчлэлт бол эмэгтэйн нийгэмдээ далдлагдаж, нуугдаж яваа амьдралынх нь илчлэлт байж магад. Энэ кино бол ерөөсөө Исламын ертөнцийн эмэгтэйчүүдийн төрх байдлыг харуулсан кино юм. 

Comments