"Харанхуйн дундах инээд". Оросын нэрт зохиолч Владимир Набоковын 1932 онд "Современные записки" сэтгүүлд цувралаар нийтлүүлж байсан роман. Орос нэр нь "Камера обскура" буюу энэ нь жижигхэн нүхээр дамжин харанхуй орон зайд нэвтэрч буй гэрлийн цацаргууд гадаргуу дээр тусах дүрсийг үүсгэх байгалийн үзэгдлийг хэлдэг аж. Анхны Англи орчуулгыг 1936 онд Винифред Рой хийж, зохиогчийн нэр нь Владимир Набокофф-Сирин гэж байв. Тус орчуулга Набоковт таалагдаагүй тул 1938 онд өөрөө орчуулж, "Харанхуйн дундах инээд" гэсэн нэр өгчээ. Зарим хүмүүс түүнийг энэ номондоо дургүй байсан гэдэг боловч үнэндээ энэ роман зохиолчийн амьдралд тохиолдсон хувийн шинжтэй ололтоос үндэслэгдсэн байв. Уг романд гарах дунд эргэм насны эрэгтэй насанд хараахан хүрээгүй охинд дурлаж, улмаар бие биенээ шимэгчилж буй харилцаанд орж байгааг өгүүлдэг бөгөөд 1955 онд Набоков энэ сэдвийг "Лолита" бүтээлдээ илүү сайжруулан дахин ашигласан билээ.
"Харанхуйн дундах инээд" романыг Набоковын хамгийн харгис зохиолын нэг гэж үздэг. Тэрээр ярвигтай сэдвүүдийг хөнддөг, зохиол бүтээлдээ бараан хошигнолыг ашигладаг гэдгээрээ цуутай. Энэ бүтээлд ч гамшигт үр дагаварт хүргэсэн хуял тачаал, хууран мэхлэлт, өс хонзонгийн нарийн түвэгтэй сүлжээнд орооцолдсон, залуухан охидод татагдах сул талаас өөр зүйлгүй сайн санаатай, гэр бүлтэй эрийн гунигт түүхийг өгүүлдэг. Энэ нь мөн Набоковын бүхий л зохиолд байдагчлан гоёмсог үгс, нарийн нямбай үг хэллэгээр бичигдсэн. Уг роман хорь гаруй жилийн дараа бичигдсэн илүү амжилт олсон "Лолита" романы "өмнөх тусгал" гэдгээрээ хүмүүсийн анхааралд өртөх болжээ. "Харанхуйн дундах инээд" бол зохиолчийн зургаа дахь роман байсан ба замналынхаа эхэн үед Владимир Набокофф-Сирин гэдэг нэрийг ашиглаж байсан шалтгаан нь зохиолч, улс төрч аавтайгаа (мөн Владимир Набоков) андуурагдахаас зайлсхийсэн арга байжээ. Оросоор бичигдсэн эх хувилбарт гол баатар Альбинусыг Бруно Кречмар, түүний дайсан Аксель Рексийг Роберт Горн, харин Маргог Магда гэж нэрлэсэн байв. Набоков текстээ сайжруулах юмуу шинэчлэх боломжийг алддаггүй зохиолч байсан гэдэг. 1955 онд Набоков "Лолита"-тайгаа олон улсад асар их амжилт олсны дараа түүний зохиолуудыг дахин орчуулах, судлах болжээ.
ХҮҮРНЭХ СТРАТЕГИ. Набоков түүхээ шинэлэг, ёжтой байдлаар илэрхийлдгээрээ алдартай. Заримдаа тэрээр уран зохиолын "нуугдаж тоглох" аргаар уншигчаа өдөж, хүүрнэлийн уламжлалт бус олон хувилбаруудыг танилцуулдаг ба эл бүтээлд энэхүү шинэлэг байдлын хоёр жишээг дурдаж болж байна. Эхнийх нь хүүрнэлийн зоримог хэлбэр юм; тэрээр романыхаа үйл явдлыг урьдчилан илчилдэг; нээлтийн догол мөрийг үлгэр маягаар толилуулдаг: "Эрт урьдын цагт Германы Берлин хотод Альбинус гэдэг хүн амьдардаг байжээ" гээд шууд үхлийг, мөн үхлийн шалтгааныг илчилчихдэг. Үүгээр романы үйл явдлыг хоёр өгүүлбэрт багтааж дүгнэж болно; уншигчийн хувьд бид юу болохыг мэдэж байгаа. Илүү чухал нь энэ үйл явдал хэрхэн болох вэ?, түүхийг хэрхэн өгүүлэх вэ?. Хүүрнэлийн шинэлэг байдлын хоёр дахь жишээ бол удалгүй илэрдэг бөгөөд хүүрнэх стратегийн хувьд энэ эсрэгээрээ байдаг.
Набоков романыхаа төгсгөл хүртэл хараахан ач холбогдол өгөөгүй байсан нарийн ширийн мэдээллийг далдуур өгдөг; Альбинус кино театрт орж ирээд Марготой танилцдаг; Альбинус нэгэн киноны төгсгөл дээр орж ирэх ба дэлгэцнээ баг өмссөн буутай эрээс зугтах охин бөөн тавилга дундуур бүдчиж байгаа хэсэг гарч байдаг. Альбинус эхлэлийг нь үзээгүй болохоор киног огт сонирхолгүй орхичихдог. Хэрвээ Альбинус кинонд арай илүү анхаарал хандуулсан бол кинонд роман хэрхэн төгсгөхийг харуулдаг буюу Набоковын түүний үхлийг киногоор зөгнөжээ. Энэ нь Альбинус Маргог буудахаар явсан түүхийн төгсгөлийн зураглал агаад масктай хүн нь мэдээж сохорсон Альбинус болой. 1932 онд Набоков зохиолчийн хувьд хөгжлийнхөө эхэн шатандаа байсан боловч тэрээр хүүрнэхүйн зальжин аргыг ашигладаг байсан ба 1930 онд бичсэн "Нүд" гэдэг туужаас нь харж болно. "Нүд" бол нэгдүгээр биеийн өгүүлэгчтэй, өөрийнхөө тухай худлаа ярьж, өөртэйгөө холбоотой түүхийг ярьж байхдаа амиа хорлосон хүний түүх юм.
НАБОКОВ БА ПЕДОФИЛ. Набоков эхэн үеийн зохиолуудаасаа л залуухан охидод хүсэн тэмүүлж, бэлгийн харьцаанд орж байгаа ахимаг насны эрчүүдийн тухай бичиж байлаа. Набоковыг туйлаас биширдэг Английн зохиолч Мартин Амис энэхүү гаж ичгүүртэй байдал нь Набоковын амжилт гэсэн байдаг нь сонирхолтой. 1926 онд бичсэн "Хүүхдийн өрөөний түүх" зохиолын гол дүрийн хөгшин эр өөрийнхөө эротик объектоор залуухан охиныг сонгож байгаа тухай өгүүлдэг. "Харанхуйн дундах инээд" романд Маргог Альбинус арван наймтай гэж харж байгаа ч охины ах Отто түүнийг арван зургаан настай төдийгүй Альбинустай уулзахаасаа өмнө биеэ үнэлж явсныг нь баталдаг. Үүгээр зогсохгүй Набоков энэ сэдэв дээр суурилсан 1939 онд "Шидтэн", 1955 онд "Лолита" зэрэг насанд хүрээгүй охиныг уруу татах, хулгайлах, хүчирхийлэх явдлыг дэлгэрэнгүй бичсэн бүхэл бүтэн романууд бичсэн. Дараа нь, 1972 онд "Нэвтэрхий Юмс", 1974 онд "Харлекуиныг харахуй" зэрэг бүтээлүүддээ педофилийн хэсгүүдийг оруулсаар байжээ. Набоковын бүтээлүүдэд энэ сэдвийг дахин дахин онцолж байгаагаас, педофилийн сэдэв түүнд тохиолдлын сэдэв биш, харин ухамсарт нь гүн гүнзгий шингэсэн сэдэв гэдгийг онцлон тэмдэглэх хэрэгтэй юм. Набоков зохисгүй гэсэн буруутгал зэмлэлээс зайлсхийхийг хичээж, өөрийнхөө хэт авталтыг нимфолепси хэмээн нэрийдэж, үүнийхээ үүслийг багадаа төгс хайраа алдсантай холбон тайлбарлаж иржээ.
Түүний үг хэллэг 20-р зууны дунд үед өөрийгөө хамгаалж болохуйц байсан байж болох ч өнөөдөр 21-р зуунд харин энэ нь өөрийгөө зөвтгөсөн, өөрөөр хэлбэл илэрхий боловсронгуй хэлбэр байсан нь харагдаж байна. Сонирхолтой нь педофил сэдэвтэй зохиолууд голдуу педофилийн үхлээр төгсдөг; "Шидтэн" зохиолд машинд дайруулж үхдэг бол "Лолита" романы тухай юу ярих билээ. Харин энэ романд Альбинус өөрийг нь араар тавьж, жигшүүртэйгээр хуурсанд өшөөгөө авах гэж Маргог алах гэсэн ч өөрөө үхэж дуусдаг билээ. Альбинус, Марго, Рекс нарын харилцаа "Лолита" дахь Гумберт, Лолита, Куилти нарын урьдал тусгал болох нь тодорхой харагдана. "Харанхуйн дундах инээд" гэх мэт Набоковын зохиолууд 20-р зууны эхэн үеийн ёс суртахууны хязгаарлалт дор хэвлэгдэж байв. "Лолита"-ийн эргэлтийн цэгийн дараа 1959 онд "Нүцгэн үдийн хоол", 1960 онд "Чаттерлигийн амраг" зэрэг маргаан дагуулсан бүтээлүүдийг Набоков бичсээр байсан ба Набоков сүүл үеийнхээ зохиолуудад "нимфетүүдийнхээ" насыг аажмаар багасгөж ирсэн байдаг. Энэ нөхцөл байдал гоо зүйн хувьд асуудалтай бас шүүмжтэй нь ойлгомжтой. Набоковыг судалдаг, шүүмжилдэг олонх хүмүүс түүний энэ талыг үл тоомсорлож, оронд нь түүний үгийн ур чадвар, оюун ухаан, найргуулгын зохион байгуулалтыг л тодотгон авч үздэг. Гэхдээ л педофилийн сэдэв бол алдарт зохиолчийн салж чаддаггүй, ахин дахин эргэн ирдэг сэдэв байсан.
ХОЁРДМОЛ ШИНЖ. Альбинус, Рекс хоёр романы туршид бие биенийхээ тусгал эсхүл "ижил нь" байдаг. Альбинус чинээлэг уран зургийн судлаач бол Рекс шог зураач байдаг нь ёжтой эсрэгцэл юм. Рекс Маргог янхан зуучлагчаас худалдаж аваад зөвхөн өөрөө л эзэмдэхээр орон сууцанд байлгадаг байхад Альбинус ч адилхан зүйлсийг хийдэг; түүний анхны үйлдэл нь Маргог өөрийнхөө секс тоглоом болгон байрандаа суулгадаг. Романы төгсгөл хэрд Рекс дахин гарч ирэхэд Альбинус түүнтэй найрсаг байж, эрчүүд нөхөрлөөд зогсохгүй Марго Альбинусыг араар нь тавьж байхад хүртэл тэд гурвуул хамтдаа аялалд гардаг билээ. Эцэст нь, тэд Маргогийн бэлгэ дур хүслийг хуваалцахын дээр Альбинусын мөнгийг ч хамтдаа үрдэг. Төгсгөлийн хэсэгт тэд хамтдаа гарахдаа хоёулаа хагас нүцгэн байдалтай байдаг буюу Рекс бүрэн нүцгэн, Альбинус халаадтай байдаг. Рекс амандаа зууж байсан өвсний ишээр Альбинусын нүүрийг ирвэгнүүлдэг. Альбинус хууртагдаж байснаа мэдэнгүүтээ Рексийг бус харин Маргог алахыг хүсч байгаа нь утгатай юм.
This comment has been removed by the author.
ReplyDelete