Харанхуйн зүрх


 Cold War (2018). Польшийн найруулагч Pawel Pawlikowski-н түүхэн драм. Тэрээр кино зохиолоо Janusz Glowacki, Piotr Borkowski хоёртой хамтран бичсэн ба Польш, Франц, Их Британийн продакшнуудын хамтын бүтээл юм. Киноны үйл явдал 1940-өөд оны сүүл үеэс 1960-аад он хүртэлх хүйтэн дайны үеийн Польш, Францад өрнөхдөө хөгжмийн зохиолч эр, залуухан дуучин бүсгүй хоёрын хайрын түүхийг өгүүлдэг. Pawel Pawlikowski эцэг эхийнхээ амьдралаас киноныхоо санааг авсан гэдэг. Киноны гол дүрүүдэд; Tomasz Kot, Joanna Kulig гэсэн Польш жүжигчид тоглосон. Кино 2018 оны Канны кино наадмаар нээлтээ хийж шилдэг найруулагчийн шагналыг Pawlikowski хүртсэнээс гадна 91 дэх удаагийн Оскарын наадамд шилдэг зураглаач, шилдэг найруулагч, шилдэг гадаад хэл дээрх кино төрлүүдэд нэр дэвшиж байв. Богинохон үргэлжлэх хугацааныхаа хором мөчийг огтхон ч гарздаггүй, энгийн хүүрнэлтэй нь нийцүүхүйц гайхалтай гялбам тод дүрслэлтэй; сэтгэл хөдлөлийн хувьд гашуун мөртлөө амттай нөлөөг харамгүй өгөх эл бүтээлийн үйл явдлыг товчхон хүргэе.

 Уншигчаа, дэлхийн 2-р дайны дараах Польшийг төсөөлөгтүн; хөгжмийн зохиолч, удирдаач Wiktor, менежер Kaczmarek болон бүжиг дэглээч Irena нар төрийн ивээл дор ардын хөгжмийн чуулгадаа дуучид, бүжигчид сонгон авахаар хөдөө нутгаар явна. Сонгон шалгаруулалтын үеэр Wiktor-н харцыг сэтгэл булаам, амбицтай залуухан хүүхэн Zula булаах буюу хүүхэн сонгогдохын төлөө өөрийнхөө гарал үүслийн тухай зохион ярьж, хүчирхийлэгч аавыгаа алах дөхсөн бараан түүхээ хав дарсан, хотод очиж алдартай дуучин болохын төлөө бүхнийг хийгч болой. Wiktor, Zula хоёрын дунд асар богино хугацаанд хүчтэй, автам янаг хайрын гал асаж, тоглолтоос тоглолтын дараах тэдний гал халуун хурьцлаас өвтгөм тачаангуй халуун сэрлийг нь харж болох. Wiktor, Irena хоёрт дээрээс коммунист суртал нэвтрүүлэгийг тоглолтдоо оруулбал чуулгыг нь Зүүн Европоор аялан тоглуулах болзол ирэх бөгөөд уран бүтээлчид эсэргүүцэж байсан оппортунист Kaczmarek зөвшөөрсөнөөр Irena чуулгыг орхин явж, Wiktor хамт аялахаар болдог. Kaczmarek мөн Zula-г сонирхох агаад өөрийнхөө өмнөөс Wiktor-г тагнаж байхыг шаарддаг боловч Zula дурласан залуугийнхаа талаар ганц үг ган хийдэггүй. Чуулга Зүүн Берлинд ирэхэд амрагууд Баруун Европ руу зугтахаар төлөвлөнө, энэ өөр утгаараа тэдний бие биенээ гэсэн хайр сэтгэлийг бататгах баталгаа болно. 

Ингээд болзсон цаг болоход Zula ирэхгүй, Wiktor ганцаараа хил давахаас аргагүй болно. Хэдэн жилийн дараа Zula, Wiktor хоёр Парист тааралдах ба Wiktor жазз клубт ажиллаж байлаа. Тэд одоо өөр хүмүүстэй хамт байгаа ч уулзалтынхаа дараахан л дахин нийлнэ гэдгээ дотроо ухамсарлацгаана. Wiktor түүнээс, яагаад хамт зугтаагүй юм бэ гэж асуухад Zula зориг зүрх дутсан хэмээдэг. Энэ явдлаас жилийн дараа Wiktor Zula-н тоглолтыг Югославт үзэхэд Zula түүнийг үзэгчдийн дунд байгааг хараад гайхна. Хоёр жилийн дараа Wiktor Парист киноны хөгжмийн зохиолчоор ажиллаж байна. Парист Zula, Wiktor хоёр дахин нийлэх агаад Zula Wiktor-той хамт Парист байхын тулд визний төлөө өөр эртэй гэрлэсэн. Wiktor хайртыгаа дуучин болгохоор бүх арга чаргаа хийж эхлэх бөгөөд хүүхнийг Michel гэдэг продюсертэй танилцуулна. Wiktor Zula-н үүх түүхийг илүү сонирхолтой болгож, Michel-н анхаарлыг татуулах гэж аавынх нь түүх зэргийг бүгдийг нь ярьчихсан нь Zula-н уурыг хүргэж, урмыг нь хугална. Zula Wiktor-г өмнөх амрагуудтай нь шалтгаалангүй хардаж, архи уух нь ихсэж, олон нийтийн газарт ёс бус авирлах нь олширно. Zula пянзаа гаргасан боловч Zula бухимдсан, жаргалгүй хэвээрээ л байдаг.

 Нэг удаа Zula Michel-тай унтдаг гэж Wiktor-д хэлээд алгадуулдаг агаад үүнээс хойш хүүхэн бараа сураггүй болж, Польш руугаа буцсан болохыг Wiktor Michel-ээс олж мэднэ. Парис дахь Польшийн ЭСЯ-ийн ажилтны зөвлөсний эсрэгээр Wiktor Польш-доо буцах ба дүрвэсэн, тагнуул хийсэн хэргээр Wiktor 15 жилийг хөдөлмөрийн лагерьт өнгөрүүлэх ял сонсоод байхад нь Zula түүн дээр эргэж очдог. Wiktor хүнд хөдөлмөрөөс болж дахиж хөгжим тоглох боломжгүй болжээ. Гэхдээ Zula түүнийг гаргаж авахаа амална. Таван жилийн дараа суллагдсан Wiktor одоо бараг бүрэн архичин болсон ч дуулсаар байгаа Zula-тай уулзахад хүүхэн Kaczmarek-тай гэрлэж, хүүхдийг нь ч гаргасан байна. Wiktor, Zula хоёр хоёулахнаа үлдсэн хойно Zula түүнээс өрөвдөлтэй, ядарсан энэ амьдралаас минь авраач хэмээн гуйна. Амрагууд автобусанд суугаад киноны эхэнд гардаг хаягдсан сүмд хүрч очоод гэрлэлтийн тангараг өргөж, хамтдаа амиа хорлохоор зэхнэ. Хор уусны дараа тэд гадаа байгалийг харан суух агаад Zula байгалийг нөгөө талд нь гарч харах санал болгосноор кино төгсдөг. 

Шүүмжлэгч Giuseppe Sedia уг бүтээлийг найруулагчийн "Ida" киноноосоо бага шатлалтай, үзэгчдийн алгасч болохгүй кино гэжээ. Мөн тэрээр Kenji Mizoguchi маягийн амраг хосын энэхүү түүх нь харгис, жазз хөгжмийн аястай байгаагүй бол найруулагчдаа Канны наадмын шилдэг найруулагчийн шагналыг авчрахгүй байсан гэжээ. Шүүмжлэгч Peter Bradshaw: "Польшийн харанхуйн зүрхний тухай тансаг хөгжимтэй, гоёмсог зураглалтай кино" гэжээ. Биелээгүй хайрын сэтгэл нь мөнхийн сорви, өвдөлт бий болгодог тухай "Casablanca", "The Passionate Friends" гэх мэт классикууд байдаг; тэгвэл хэзээ ч үнсэж байгаагүй гашуун дурсамж шиг энэхүү Польш бүтээл дээрх кинонуудын сэдвийг дахин хөндсөн мэт. Энэ бол Wiktor, Zula гэсэн ахин дахин салж нийлдэг ч хэзээ ч огт салж чаддаггүй амраг хосын тухай кино ба энэ киног онцгой болгож байгаа зүйлс бол яг энэ яаж ч болдоггүй хайр буюу ийм хайранд байгаа, ийм хайрыг туулсан хүмүүсийн тухай учир энэ бол бидний тухай кино юм. Wiktor, Zula хоёр дайны дараах хэцүүхэн үед танилцдаг, амьдрал амаргүй байсан ч тэдний хайрын гал хамгаас хурц дүрэлздэг, харин тэд эх орноосоо дүрвэн, бараг бүрэн эрх чөлөөтэй болсон ч европын баян орнуудаар хэрэн хэссэн хугацаанд тэдний хайрын цэцэг эсрэгээрээ гундсаар байдаг ба энэ бол зарим талаараа алив хайр эх үндсээсээ тасрахаар амьдарч чаддаггүй буюу хайранд орчин тойрон, төрсөн газар, хавь ойрын хүмүүсийн нөлөө үйлчилдэг болохыг харуулсан. 

Энэ бол хайр гэдэг капитализмд найдваргүй байдаг, капитализмаас хол тусмаа найдвартай байдаг талаарх кино юм. "Cold War" бол найруулагч Pawel Pawlikowski-н хувьд тун хувийн шинжтэй кино, өөрөөр хэлбэл тэрээр гол дүрүүдээ төрсөн эцэг эхийнхээ харилцаанаас үндэслэн бүтээжээ. Дөчин жилийн эцэг эхийнхээ амьдралыг кино хэлээр хураангуйлсан нь эгээ л кинонынхоо хөгжим шиг тархай. Амрагуудад тоглосон Польш хоёр жүжигчдийн тоглолт А үнэлгээ авахуйц агаад ялангуяа Joanna Kulig-н харагдах байдал хийгээд тоглолт Marilyn Monroe, Liv Ullman хоёрыг нийлүүлсэн мэт байдаг. Боловсролтой хөгжимчин хөдөө нутгаас нэгэн охин олоод хамт амжилтад хүрсэн ч хайр дурлал л тэдний амьдрал, замналыг хүндрүүлж, саад болдог; хайр ийм л саадтай зүйл. Энэхүү киноны өөр нэгэн анхаарах сэдэв бол дүрвэсэн, цөллөгдсөн амьдралын зовлон зүдгүүр юм. Гол дүрүүд маань Төмөр хөшигний Баруун талд гараад үнэндээ жаргасан гэж хэлэхэд хэцүү, харин ч өөрсдийгөө хэмлэж дуусдаг. Zula яагаад Wiktor-г Парист орхин явсан бэ гэвэл хүүхэн түүний хүлцэнгүй, харийссан, эх оронгүй байдал нь араншинд нь нэвчиж золбин болсноос үүдэлтэй бол Zula өөрөө эх орондоо нүүр бардам амьдрахыг хүссэн. Хайр хэзээ ч үхдэггүй, зөвхөн хэлбэр, дүрсээ л өөрчилдөг. 

Comments