Завхайрагчийн зүүд

 


Fellini Satyricon (1969). Италийн мастер кино найруулагч Federico Fellini-н эртний Ромын зохиолч (Эзэн хааны туслах) Petronius-н "Satyricon" хэмээх зохиолоос сэдэвчлэн бичиж, найруулсан бүтээл. Petronius-н зохиол Ромын Эзэн хаан Nero-н хаанчлалын үед бичигдсэн ба зохиол болон киноны үйл явдлууд Ромын эзэнт гүрний эринд өрнөдөг. Эл кино 9 эпизодод хуваагддаг; Encolpius (Английн жүжигчин Martin Potter) болон түүн найз Ascyltus (Америкийн жүжигчин Hiram Keller) хоёрын сюрреал, зүүд мэт Ромын ландшафт дотор Giton хэмээх залуухан хөвгүүний зүрх сэтгэлийг эзэмдэхийн төлөө өрсөлдөж буйг үзүүлдэг. Fellini-н эл бүтээл Венецийн 30 дахь олон улсын наадамд оролцож Италийн шилдэг кино шагнал хүртсэн; "Satyricon" ерөнхийдөө олон улсын шүүмжлэгчдээс талархал хүртсэний дотор Danilo Donati-н тод хурц продакшны дизайн, Federico Fellini-н найргуулгыг онцгойлон магтсан ба энэхүү кино нь Fellini-г Оскарт гурав дахь удаагаа шилдэг найруулагчийн төрөлд нэр дэвшүүлсэн байдаг.

 Эртний Ромын амьдралыг егөөдсөн латин зохиолыг Fellini өргөн хүрээнд, амбицтай, бараг экспрессионист байдлаар сэдэвчлэн бүтээсэн; өнгө, харааны дүрслэлийн хувьд ямар ч үзэгчийг гайхшруулам болжээ. Найруулагч маань Petronius-н бичсэн тухайн үеийн Ромын ялзарч доройтсон амьдралыг дахин сэргээн бүтээхдээ хүмүүнийг амьтнаас ч долоон дор адгийн болгодог шунал, тачаал, нарциссизм зэрэг нь мөнхийн буюу одоо энэ цагт ч оршин байдгийг харуулахыг зорьсон. Theyshootpictures уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 557-р байрт жагсаагаад байна. Petronius-н эх бичвэрээс ердөө тасархай хэлтэрхийнүүд л үлдэж бидний цаг үед иржээ. 1967 онд өвчнөөсөө илааршиж байхдаа Fellini Petronius-н зохиолыг дахин уншаад дутуу хэсгүүд буюу нэг эпизоди болон дараагийн эпизоди хоёрын дунд том зай байгааг анзаарсан ба дутуу хэсгүүдийг төсөөлөн зохиовол сайн кино зохиол болох боломжтойд хөхин баяссан гэдэг. Текстийн тасархай байдал нь найруулагчид кинондоо өнгөрсөн үеийг дахин бүтээх уламжлалт аргачлалаас даван гарах санааг өгсөн; ийм сэдэвчилсэн байдал нь кино хүүрнэлд зүүдний мэт нууцлаг, оньсогон, ёс суртахуунгүй, зөрчилдөөнтэй, гаж этгээд дүрслэлийг бий болгожээ. Fellini Petronius-н классик зохиолыг кино хэл рүү хөрвүүлэх үндсэн зорилгоо: "зүүд ба төсөөллийн хоорондоо хил заагийг арилгах; бүгдийг зохиож, дараа нь уран зөгнөлийг бодитой болгож; бүхэлдээ нэг, үл мэдэгдэм зүйл хэмээн судлахын тулд эх зохиолоос холдох хэрэгтэй юм" гэсэн буй.

 Шүүмжлэгч Christopher Sharrett-н үзэж буйгаар Fellini-н сэдэвчилсэн байдал нь эх сурвалжийн хомсдол, мөн уран зохиолын түүхэн дэх хамгийн муухай "том санаануудыг" агуулсан гэжээ. Fellini янз бүрийн жанруудыг чөлөөтэй ашигласан нь чухам харааны хувьд үзэсгэлэнтэй ч үзэшгүй муухай ч мэт кино төрөх үндэс болсон бололтой. Fellini-н эх зохиолд оруулсан хүүрнэлийн өөрчлөлтүүдээс хамгийн чухал нь бол төөрдөг байшин дахь Encolpius-г Thesues-тэй холбож байгаа Encolpius ба Минотавр хоёрын тулаанаас гадна түүний эрх чөлөөгүй аялал аж. Эх зохиолд цөхрөнгөө барсан нөхөр Ascyltus, Encolpius хоёрт мөнгө төлж нимфоманик эхнэрээ хангуулдаг хэсэг, мөн Cerec-н сүмд хагас бурхан гэж шүтэгддэг Hermaphrodite-тэй хэсэг багтдаг. Хоёр гол дүр болон хөлсний цэргийн хулгайлсан Hermaphrodite хожим элсэн цөлд үхдэг бол Fellini-н зохиомж ба эдгээр нь Petronius-н хувилбарт байдаггүй ажээ. Гол дүрүүд болох Encolpius, Ascyltus хоёр киноны туршид гардаг ч бусад дүрүүд, газар орны байдал гэнэтийн байдлаар солигддог. Энэхүү зориудын тасархай тасалданги аргачлал нь найруулагчийн эх зохиолыг хэрхэн харж байгаа хийгээд зохиолын мөн чанарыг харуулдаг ба үүнийг киноны төгсгөлийн кадрт эмтэрч бутарсан хананы зургуудаас харж болно. Найруулагч сэтгэлзүйч Карл Юнгийн "нийтийн ухамсаргүйн" онолыг сонирхож байгаа нь зүүдний мэт орчин нөхцөлд янз бүрийн олон архетипүүдээр илэрдэг.

 Ингээд киноны үйл явдлыг товчхон өгүүлсү. Encolpius залуухан амраг Giton-гоо найз Ascyltus-даа алдсандаа гашуудан буйгаар кино эхэлнэ. Амраг хонгороо эргүүлэн авахаа өөртөө амалсан тэрээр Терме (эртний Ромын усан сангийн цогцолбор) Ascyltus Giton-г жүжигчин Vernacchio-д зарчихсныг олж мэдэх бөгөөд театрт Vernacchio садар жүжигтээ Giton-г тоглуулж байгааг мэднэ; хилэгнэсэн Encolpius дайрч ороод амраг хүүгээ босгуулан авч одно. Encolpius, Giton хоёр харих замдаа Ромын эмсийн хүрээлэнгээр аялж өнгөрөхдөө олон тооны хурьцлын гэрч болж байна (мөн үзэгчид бид). Encolpius түрээсийн байрандаа тэнэмэл амрагаа авчраад янаглан жаргасны дараа Ascyltus хүрч ирээд эд хөрөнгөө хуваах тухай ярьдаг. Ascyltus Giton хэнийг дагаж явахыг асуух хэрэгтэй гэхэд Giton Ascyltus-г сонгосноор Encolpius туйлын цөхрөлд автдаг агаад энэ үед газар хөдөлж байшин сав нь нурж үгүйрнэ. Encolpius яруу найрагч Eumolpus-тай урлагийн музейд танилцана. Яруу найрагч түүнд одоогийн бидний бүхий л гаж буруу явдал мөнгөний төлөөх шуналаас үүдэлтэй гэж тайлбарлах агаад Encolpius-н дагуулан баян, чөлөөт иргэн Trimalchio-н шилтгээнд очиж оройн зоог барихаар явна. Яруу найрагч шүлгээ уншихад хүмүүс хоол идэж доромжлох агаад энэ үеэр Trimalchio садар эхнэр Fortunata-гаа ёсгүй аашилсанд хилэгнэн дээрээс нь шөлтэй хоол асгаж зугаацдаг.

 Өөрийгөө бас яруу найрагч гэж дөвийлгөсөн Trimalchio нэгэн шүлэг уншихад Eumolpus түүнийг аугаа Lucretius-н шүлгээс хулгайллаа гэж буруушаахад баян гэрийн эзэн түүнийг гал тогоонд аваачин тамлахыг боолууддаа тушаана. Үүний дараа Trimalchio өөрийнхөө булшинд зочдоо урин залаад өөрийн үхлийг сүр жавхлантай үйлддэг. Эфесийн Матроны түүхийг өгүүлдэг хэсэг киноны түүхэн доторх түүхэн өгүүлэмжийн анхных нь болдог. Encolpius эцэст нь шилтгээнээс занчуулсан яруу найрагчийг авч гарах бөгөөд сайхан сэтгэлийн хариу болгож яруу найрагч Encolpius-д яруу найргийн "сүнс"-ийг шилжүүлэн өгдөг. Маргааш өглөө нь Encolpius, Giton, Ascyltus нар далайн дээрэмчингийн онгоцонд хоригдон байгаа харагдах агаад энэ бол Ромын эзэн хааныг зугаацуулахаар хүргэгдэж буй царайлаг залуухан эрчүүдээс бүрдсэн илгээмж болой. Хөлөг онгоц дээр Encolpius бөхийн тэмцээнд оролцож ялагч болдог. Encolpius-н сайханд дурласан далайн дээрэмчин эхнэрийнхээ адислал дор Encolpius-той гэрлэнэ. Хөлөг онгоц эзэн хааны хувийн арал дээр ирэхэд тэднийг босогчдын цэргүүд угтах бөгөөд цэргүүд далайн дээрэмчинг цаазлах бол өсвөр насны эзэн хаан амиа егүүтгэж орхино. "Шинэ Цезарь" Ромд буцаж ирсний сүрдэм ялалтын жагсаал зохион байгуулж байх зуурт Ascyltus, Encolpius цэргүүдээс зугтааж амждаг. Тэд шинэ эзэн хаанаас зугтаахын тулд амиа хорлоод боолуудаа чөлөөлсөн нэгэн тосгонд ирэх бөгөөд залуус нэгэн байшинд зугтаж чадаагүй үлдсэн Африк боол хүүхэнтэй цэнгэн жаргаж хонодог.

 Цэргүүд байшинг шатаахаар ирэх үед Encolpius, Ascyltus хоёр цөл рүү гарч амждаг. Цөлд, Ascyltus нимфоманик хүүхнийг мөнгөний төлөө хангаж байх хойгуур Encolpius Ceres-н сүмд эдгээх увдистай Hermaphrodite гэдэг хагас бурхны тухай нэгэн боолоос сонсож байна. Ascyltus, Encolpius хоёр нэгэн хөлсний цэргийн тусламжтайгаар Hermaphrodite-г хулгайлсан ч цөлд гарсан хойно хагас бурхан өвдөж, цангаж үхчихнэ. Уурласан хөлсний цэрэг киноны маань хоёр баатартай тулалдсан ч аргагүй хүний илүү нь хүнээ барьдаг. Тэгж байгаад тэд цэргүүдэд баригдаж, Encolpius-г төөрдөг байшинд хүчээр оруулаад Минотаврын төрхтэй Гладиатортой тулалдуулах агаад Encolpius-н яруу найргийн уран үгсэд уярсан Гладиатор түүний амийг хэлтрүүлснээр Encolpius олныг зугаацуулахын тулд нийтийн өмнө Ariadne гэгч хүүхэнтэй хурьцал хийхээр шагнагддаг ч түүний "бахархал" унжийж орхисноор хүүхэнг хилэгнүүлэхээс цаашгүй буюу. Eumolpus түүнийг бэлгийн сулралыг эмчилдэг янхны газарт очихыг санал болгох агаад Encolpius тэнд очоод ч тусыг эс олно. Киноны хоёр дахь түүхэн доторх түүхийн өгүүлэмж бол шидтэнд хараагдсан гуа үзэсгэлэнт Oenothea гэгч хүүхний тухай байдаг. Ascyltus, Encolpius хоёр завь хөлслөөд тэр Ownothea гэгчийнд очно; нэгэн эмгэний шидтэй бэлдмэл уусан Encolpius-д бэлгийн чадавх нь иргэн ирж Oenothea-тай хурьцдаг. Энэ зуурт Ascyltus-г завьчин хөнөөх бөгөөд Encolpius Хойд Африк зорихоор шийддэг. Гэвч түүнтэй хамт явах байсан Eumolpus нас барж, түүний өвийг өвлөж авагчид махаар нь хоол хийж иднэ. Encolpius далайд гарснаар кино жаргадаг. 

Кино Венецийн кино наадмаар нээлтээ хийгээд 5 минутын алга ташилт хүртэн "цочирдом самуурал" гэгдэж байсан ба наадмын үеэр тасалбар нь олдохоо байж хар зах дээрээс олдох болсон гэдэг. Анх гараад бараг сөрөг шүүмж сонсоогүй уг киноноос болж хүмүүний ёс суртахуун моодноос гарчээ гэсэн яриа хүртэл гарч байв. Шүүмжлэгч Giovanni Grazzini: "Fellini-н Ром бол сургуульд заадаг Ромоос тэс ондоо. Энэ Ром бол түүхэн цаг хугацаанаас гадуурх газар, Petronius-той хамааралтай эпизодиуд нь Fellini-н сүнснүүдээр дахин амилсан ухамсаргүйн газар нутаг юм" гэжээ. Fellini-н "Satyricon" бол насанд хүрэгчдэд зориулсан үлгэр бөлгөө. Өдрийг зугаа цэнгэл, завхайралд зориулж, таашаалын араас хөөцөлдөгч эртний Ромчуудын энэ "зуршил" үхлээс айх айдастай холбоотой, тиймээс ч тэд үнэхээр жаргалгүй хүмүүс байсан бололтой (энэ киногоор дүгнэхэд). Амьдрал нь сүүдэр мэт жирэлзэн өнгөрч байгаа орчин цагийн бид ч бас үхлийн айдсаасаа үүдэн хором мөч болгоноо таашаалд зориулж байгаа юм биш биз гэж бодох хэрэгтэй юм. 

Нэгэн шүүмжлэгч эл бүтээлийг хүний өөртөө хийх дүн шинжилгээний судалгаа гэсэн байдаг нь үнэн юм. Энэ киноны бүх зүйл үзэгчийнхээ сэтгэл санааг тайвшруулдаг; амьдралдаа огт, магадгүй хэзээ ч мөрөөдөн төсөөлж байгаагүй зүйлсийг харуулсанд л киноны гайхамшиг орших мэт. Fellini киногоо "өнгөрсөн үеийн шинжлэх ухааны уран зөгнөлт кино" гэсэн байдаг агаад найруулагч маань объектив байдлын хүчин чармайлтаар субъектив сэтгэлзүйн анализ хийжээ. Уг кино эртний Ромын бодит тайлбар уу, эсхүл Petronius-н зохиомж уу гэдэг чухал биш, энэ бол түүхэн кино бус, жинхэнэ кино уран төсөөллийн охь юм. Шүүмжлэгч Vista Canby: 'Үл мэдэгдэм галактикаар аялсан, Fellini-н жишиг бүтээл" гэсэн байдаг. Шүүмжлэгч Roger Ebert уг киног шедевр гээд 1969 оны хамгийн шилдэг 10 киноны тоонд багтаасан байдаг ба өнөөдрийн бидний үзэж байгаа кинонуудаас хамаагүй илүү амбицтай, увайгүй кино гэжээ. Fellini-н намтар судлаач Parker Tyler-н хэлснээр энэ бол кино урлагийн түүхэн дэх хамгийн бүрэн төгс ижил хүйстний тухай кино ажээ. 

Comments