Муу хүний наманчлал

 


Bad Lieutenant (1992). Америкийн кино найруулагч Abel Ferrara-н гэмт хэрэгт жанрын бүтээл. Abel Ferrara кино зохиолоо жүжигчин, загвар өмсөгч Zoe Lund-н хамтаар бичсэн гэдэг бөгөөд киноны гол дүрд Америкийн нэрт жүжигчин Harvey Keitel тоглосон. Уг кино бол найруулагч Ferrara-н хамгийн алдартай, шүүмжлэгчдийн талархал хүлээсэн бүтээлийнх нь нэг болсон, өнөөдөр култ статустай болсон бүтээл юм. Жүжигчин, загвар өмсөгч Zoe Lund: "Зураг авалтын үеэр зохиолыг олон дахин өөрчилж байсан. Хоёр дүрийг хасч, миний дүрийг олон удаа засч өөрчилсөн. Ер нь маш олон зүйлсийг өөрчлөх юмуу импровизац хийх шаардлагатай болж байлаа. Дэслэгчийн хувьд чухал ач холбогдолтой цус сорогчийн тухай яриаг л гэхэд камер ажиллахаас хоёрхон минутын өмнө бичсэн. Би тэр хэсгийг цээжлээд ганцхан л кадраар л авсан. Дэглэгчийн үзэж туулсан аяллын тухай хүүхэн сайн мэддэг учраас тэр яриа чухал байсан хэрэг. Хүүхэн түүнтэй хамт хар тамхи татчихаад дэслэгчийн хүсэл тэмүүллийг мэдэж байгаа тул түүнийг явуулдаг" гэж нэгэн ярилцлагадаа дурджээ. Zoe Lund ингэж хэлээд зогсохгүй киноны зарим сцэнд гар бие оролцон хамтран найруулсан гээд мөн ерөөсөө "Bad Lieutenant" киноны зохиолыг ганцаараа бичсэн, Ferrara-н оруулсан хувь нэмэр тийм ч их биш гэж мэдэгдсэн байдаг нь сонирхолтой юм. 

Найруулагч, яруу найрагч Jonas Mekas-н хэлснээр бол Zoe экс найз залуугийнхаа (найруулагч Edouard de Laurot) бичсэн зохиолын ихэнхийг авч энэ кинондоо ашигласан гэж хэлсэн байдаг бол хожим үүнийг найруулагч David Scott Milton баталгаажуулсан ба үүнийг нотлох баримт хүртэл байгаа гэсэн байдаг аж. Харин 2012 онд найруулагч Ferrara киногоо хийх явцдаа хар тамхи хэрэглэж байснаа хүлээн зөвшөөрч; "Энэ киног хийхэд найруулагч, кино зохиолч хоёрт хар тамхи хэрэглэх шаардлагатай байсан, гэхдээ жүжигчдэд энэ хамаагүй" гэсэн буй. Киноны DVD-д продакшны үеэр юу болж байсан, эх зохиолын үүсэл, эзэмшигч нь хэн болох тухай Ferrara ярьсан байдаг ажээ. Сонирхуулахад, год дүрд анхлан Christopher Walken тоглохоор яригдаж байжээ. Чөтгөр шиг ерын муухай цагдаагийн тухай өгүүлэх энэхүү увайгүй гэмт хэрэгт кино зарим "мэдрэмтгий" үзэгчдэд сорилт болох магадлалтай боловч Harvey Keitel-н төгс гүйцэтгэлийг үзэхээс татгалзах ч бас амаргүй байх бий. Ингээд киноны үйл явдлыг товчхон хүргэе. 

Хоёр жаалхан хүүгээ Католик шашны сургуульд хүргэж өгчихөөд Нью-Йоркийн нэр нь үл мэдэгдэх цагдаагийн дэслэгч хүн амины хэргийн газар руу очих замдаа хар тамхи хэрэглэж байна. Дэслэгч хэргийн газраас олсон хар тамхиа хар тамхины дилерт өгөнгөө дахин түүнтэй хар тамхи сорох ба дилер түүнд хар тамхи зарж олсон мөнгөө удахгүй өгнө гэж амалдаг. Дараагийн сцэнд дэслэгч хоёр хүүхэнтэй гуравласан секс хийж байгаа гарахдаа шал согтуу байдаг. Дараа нь тэрээр улаан үстэй хүүхэнтэй мөн л хар тамхи татан гарахтай зэрэгцэн нэгэн залуухан гэлэнмааг хоёр танхай этгээд хүчирхийлж байгаа үйл явдал гардаг. Маргааш нь дэслэгч бэйсболлын тэмцээнд тавьсан бооцоогоо алдсанаа мэднэ. Шартай бас шартсан дэслэгч дараагийн тоглолтод илүү их бооцоо тавьж орхив. Тэрээр дахиад өөр гэмт хэргийн газар дээр ажиллаж байхдаа ууттай хар тамхи олж, өвөртөө нуусан ч унагаж нөхөддөө баригдах дөхнө, гэвч сэргэлэн чөтгөр учраас нотлох баримт болгон авч байна гэсээр аргална. Гэлэнмаад үзлэг хийх явцыг тэрээр эмнэлэгт явж байгаад нууцаар харж, гэлэнмааг танхайчүүд хүчиндээд зогсохгүй цовдолсныг олж мэдэж байна. Тэр оройдоо дэслэгч аавынхаа машиныг зөвшөөрөлгүй унаж яваа хоёр өсвөр насны охиныг зогсоогоод аавд нь хэлнэ, журамлан гэж айлгаад нэгнийх нь өгзгийг харангаа нөгөөхийг нь аман сексийн хөдөлгөөн дуурайлган хийлгэнгээ машиных нь гадна гар хангалга хийнэ. Дараагийн өдөрт, дэслэгч гэлэнмаагийн санваартанд өчих наманчлалыг чих тавин сонсох ба гэлэнмаа хүчирхийлэгчдийг таньсан ч хэн гэдгийг нь хэлэхгүй, учир тэдний нүглийг уучилсан хэмээж байна. Бэйсболлын тэмцээний үр дүнг сонсонгоо хар тамхи татах дэслэгч дахиад баахан мөнгө алдснаа мэдсэн ч дахиад л улам өндөр бооцоо тавьж байна. 


Дараагийн сцэнд дэслэгч бааранд ууж байна; мөн л бооцоогоо алджээ. Клуб орж хар тамхи татаад дахиад бооцоо тавина гэхэд найз нь татагалзаад бооцооны бүртгэгчид алуулав гэж анхааруулдаг. Дэслэгч хар тамхины дилерээс өөрийнхөө мөнгийг аваад бооцоо тавихын тулд бооцоо бүртгэгч руу өөрөө залгаж байна. Тэд Мэдисон Сквер Гардены урд уулзахаар тохиролцдог. Дараа нь дэслэгч улаан үстэй хүүхэнтэй уулзаж хамт хар тамхи судсандаа тарина. Мансуурсан тэр сүмд очоод гэлэнмаагийн өмнө суугаад өшөөг нь авч өгнө гэхэд гэлэнмаа танхайчдыг хэдийнээ уучилсан гэдгээ л ахин дахин хэлнэ. Үүнээс болж сэтгэлийн хямралд орсон дэслэгчийн нүдэнд Есүсийн дүр төрх харагдах ба дэслэгч уйлан хайлан байж нүглийг нь өршөөхийг гуйна. Дэслэгч хүчиндэгч хоёрыг Испанийн Харлем дүүргээс олох ба тэднийг гавлаад өөр хот руу хөтлөх автобусанд суулгахдаа өөрт байгаа багагүй хэмжээний мөнгийг өгч явуулах агаад Нью-Йоркт дахиж үзэгдэж болохгүй хэмээдэг. Дэслэгч терминалаас гараад машиндаа сууж байтал хажууд нь нэг машин ирж зогстол буун дуу гарч өнөөх машин явтал дэслэгч машиндаа үхсэн харагдаж байна. 

Уг киног анх NC-17 гэж үнэлэн ангилсан буюу хүчирхийлэл ба хар тамхины хэрэглээг дүрсэлж ийм үнэлгээ авсан цөөхөн киноны нэг болж байсан; харин засварлаагүй хувилбарыг нь бэлгийн хүчирхийлэлд, бэлгийн харилцаа хийгээд хар тамхины хэрэглээг тод үзүүлсэн гэж дүрсэлсэн байдаг. Америкийн хамгийн том видео түрээсийн компаниудад NC-17 ангиллын киног худалдах, түрээслэхийг хориглож байжээ. Тиймээс зарим видео түрээсийн компани "Bad Lieutenant"-г зарж, түрээслэхийн тулд R ангиллын хувилбарыг засч эвлүүлэн бүтээсэн байдаг ба уг хувилбарт дэслэгчийн машинтай охидыг зогсоон гар хангалга хийж байгаа хэсэгт байдаггүй ажээ. The New York Times сэтгүүл найруулагч Abel Ferrara-н баяр баясгалангүй, бохир кино хийх авъяасыг магтаад: "Ferrara өөрийн гэсэн супер хямд чанарын брэндийг бүтээсэн бөгөөд кино үнэхээр хүсэл тэмүүллийг нь мэдрүүлээгүй бол энэ аймшигтай, уучлахын эцэсгүй бүдүүлэг бүтээл байх байлаа" гэж нэмж бичжээ. Washington Post сэтгүүл "дэслэгч сатанааё илүү түвшнийх" гээд жүжигчин Harvey Keitel киноны аврагч байсан буюу зөвхөн Keitel-н гүйцэтгэлийн хүч чадал л түүний бүтээсэн дүрд хүмүүний шинжийг олгож байна гэжээ. Шүүмжлэгч Mark Kermode уг киног Католицизмын гэтэлгэлийн хүчирхэг үлгэр гэсэн байхад энэ киног  найруулагч Martin Scorsese 1990-ээд оны шилдэг кинонуудын эхний 5-р байрт нэрлэжээ. 

Энэ бол гаднаа ч дотроо зовж шаналж байгаа хүний түүх бөгөөд тэрээр хэрэгцээ, айдсаар дүүрэн Нью-Йоркийн гудмаар алхана. Дэслэгч хар тамхины хэрэглээний эцсийн шатандаа орсон нэгэн; хар тамхи хэрэглээгүй үедээ архи ууна. Түүний амьдралд хайр байхгүй, хайртай хамаатай бараг юу ч байхгүй тул там шиг агаад ердөө биеийн мэдрэмжийн төлөө секс худалдаж авдаг бололтой байдаг. Гэвч ямар ч байлаа гэсэн түүний сэтгэл зовниж, сандрангуй байдаг нь эгээ л албин чөтгөрт туугдагч аятай амьдарна. Harvey Keitel ийм хүний дүрд тууштай үнэнчээр тоглохдоо тийм ч олон жүжигчдийн зүрхлэж чадахгүй эр зоригийг өөрийн гүйцэтгэлээр үзүүлсэн. Дэслэгч өөрийгөө огт хуурдаггүй, тэр өөрийгөө маш муу хүн гэдгээ мэддэг бөгөөд цагдаагийн албан тушаалаа боломжит бүхий л аргаар ашиглан бусдыг хохироож бас хүчирхийлдэг билээ. Дэлгүүр дээрэмдсэн дуудлага бол дээрэмчдийг олж шийтгэхийн оронд хулгайлсан мөнгийг нь булаах түүний ажил юм. Тэр хар тамхины дилерт хар тамхи зарж, дилерийг хамгаалдаг. Киноны хамгийн увайгүй, хүнд хэсэг бол дэслэгч өсвөр насны хоёр охины үг хэлээр хүчирхийлдэг явдал билээ. Найруулагч Martin Scorsese-н "GoodFellas" кинонд  жүжигчин Ray Liotta-н дүр хар тамхинаас болж цагдаа нар өөрийг нь мөшгөөд байна гэж хий хардаг; Ray Liotta-н дүрийн амьдрал түргэсч, бодол нь балайрдаг ба зугтаад байгаа хэрнээ нуугдаж чаддаггүй билээ. Harvey Keitel-н дүр иймэрхүү дүрүүдтэй адилхан агаад дэслэгч ийм амьдралаар удаан амьдарсан бололтой байдаг; хэн ч ингэж удаан амьдрах боломжгүй. Үзэгчид түүний тухай цөөхөн зүйлс мэдэж авдаг; тэрээр эхнэр, гурван хүүхдийн хамт аятайхан байшинд амьдардаг дундаж давхаргынх ч эхнэр нь түүний галзуутай амьдралд дасаад удсан мэт харагддаг. Энэ гэрт гэрлэлтийн дүр төрх огт харагддаггүй ба дэслэгч үүрээр ирээд буйдан дээрээ унтчихна, түүнийг шарталт буюу хүүхдүүдийнх нь зурагтаар үзэх хүүхэлдэйн киноны чимээ сэрээдэг. 

Ийм адгийн үе шатанд байгаа хувь хүн хэн гэдэг байлаа ч хамаагүй тул киноны гол дүр дэслэгчид нэр өгөөгүй бололтой. Тэр муу цагдаа; энэ үгс л түүний ёс суртахуун болон албан тушаалаа буруугаар ашиглагч болохыг хэлэх учраас энэ үгс л хангалттай. Дэслэгч гэлэнмаагийн уучилсан гэхийг дуулаад мэл гайхдаг, тэр хүчингийн бузар хэрэг үйлдэгчид өршөөгдөж байвал өөрөө хийсэн нүглүүдээсээ өршөөгдөх боломжтой юм биш биз гэж сэтгэж байх шиг байдаг. Кино заримдаа галзуурлын түвшинд очдог буюу дэслэгч сүмд Есүсийг хардаг; энэ үеэс тэрээр бодит байдлын хил хязгаараа алдаж, түр зуурын эмчилгээ болсон хар тамхи, янхнууд одоо түүнд үйлчлэхээ больдог. Одоо түүнд өөрийгөө үзэн ядах, гэмших, бие махбодийн шаналал ба авралын найдвар л үлдэж байна. Төсөв багатай, "exploitation" жанрын амбицтай кинонуудаараа алдаршсан Нью-Йоркийн зоригтой найруулагч Abel Ferrara-н энэхүү кинонд юу ч шийдвэрлэгдэхгүй, ямар ч гэмт хэрэг зогсонги бас баатар нь муу хүн байдаг тул энэ бол их хотын гудамжны амьдралыг зэвүүнээр үзүүлсэн кино. Harvey Keitel кино дээр чармай нүцгэн гардаг шигээ дүрдээ ч яг байгаагаараа тоглосон буюу түүний тоглолтыг бүх цаг үеийн хамгийн шилдэгүүдийн тоонд авч үзвэл зохилтой. 

Comments