Та хэн руу залгах вэ?

 


Ghostbusters (1984). Америкийн кино найруулагч Ivan Reitman-н найруулсан ер бусын (supernatural), комеди жанрын бүтээл. Кино зохиолыг Dan Aykroyd, Harold Ramis хоёр хамтран бичсэн бөгөөд киноны гол дүрүүдэд; Dan Aykroyd, Bill Murray, Harold Ramis, Sigourney Weaver болон Rick Moranis нар тоглосон. Жүжигчин гэдгээ илүүтэй танигдсан Dan Aykroyd сүнс сүүдрийн тухай сонирхол дээрээ тулгуурлан "Ghostbusters"-ын санааг олж, улмаар энэ төслөө хөгжүүлсээр уг кино бий болсон ба энд киноны үйл явдлыг өгүүлэхээс зайлсхийн илүүтэй киноны бүтэц, үүсэл, сэдэв агуулгыг өгүүлэх болно. Энэ бол тухайн цаг үедээ өндөр өртөгтэй тусгай эффект ашигласан анхны комеди кино байсан бөгөөд ийм төрлийн кино гэхэд харьцангуй өндөр төсөвтэй хэмээн Columbia Pictures-ийнхан санаа зовж байсан тул бокс оффист амжилт олно гэдэгт итгэхгүй байжээ. Киноны зураг авалтыг Нью-Йоркт, Лос Анжелес хотуудад авсан. Тухайн цагт тусгай эффект ашиглах нь "моод" болоод байсан тул кино бүтээгчдэд тусгай эффект хийдэг студид олдохгүй байв; гэвч кино багийнхан төсвийнхөө тодорхой хэсгээр өөрсдийн тусгай эффектийн студид үүсгэн байгуулж, практик эффект, кино загвар, утсан хүүхэлдэй зэргийг хослуулан байж аймшигтай муухай зураглалуудыг бүтээжээ.

 Кино 1984 оны зун нээлтээ хийгээд шүүмжлэгчдээс сайшаал магтаал хүртэж, тэр даруйд л соёл гоц үзэгдэл болтлоо алдаршсан. Хоррор, комеди, адал явдалт жанруудыг бүтээлчээр ашигласныг нь судлаач шүүмжлэгчид онцолж байсны дээр Bill Murray-н тоглолтод алга ташиж байв. Анх театрт гарахдаа $282.2 сая ам.долларын ашиг олсон нь 1984 онд Америк, Канадаас хамгийн их ашиг олсон хоёр дахь кино болж, тэр үед хамгийн их ашиг олсон инээдмийн кино болсон ба нийт $295.2 сая ам.доллар олсоноор 1980-аад оны хамгийн амжилттай инээдмийн киноны нэг болжээ. Мөн түүнчлэн Ray Parker Jr-н дуулсан "Ghostbusters" гэдэг киноны дуу хит болсон буюу Billboard чартыг гурван долоо хоног тэргүүлсэн байдаг. Зөвхөн энэ дуу л гэхэд киноны нийт ашигт 20 сая долларыг нэмсэн гэдэг. Найруулагч Reitman хэд хэдэн алдартай оддыг тоглуулсан "Ghostbusters" нэртэй дууны клип хийсэн байдаг аж. Култ болж, олон мянган шүтэн бишрэгчидтэй болсон энэхүү кино олон тэрбум доллар бүхий мультимедиа франчайз-г эхлүүлсэн байдаг; үүнд комик ном, видео тоглоом, хөгжим, хүүхэлдэйн кино гээд бүхий л зүйлсийг хамарсан. 1989 онд киноны хоёрдугаар анги хийгдсэн ч эхний ангийнхаа хаана ч хүрсэнгүй бол дараагийн ангийг хийх оролдлого 2014 онд Ramis нас барснаар зогссон. 2016 онд киног reboot буюу дахин шинээр эхлүүлж, 2021 онд "Ghostbusters: Afterlife", 2024 онд "Ghostbusters: Frozen Empire" гэсэн үргэлжлэлүүдийг гаргаад буй. 

Уг киног академи, сэхээтнүүдийг, хотын захиргаа, дундаж давхаргыг, татварын мэргэжилтнүүд хийгээд ноомой Нью-Йоркчуудад хандсан ёгтлол гэж үздэг. Мөн Бүгд Найрамдах нам, либертиан, эсхүл неолиберал идеологи, ялангуяа Америкийн ерөнхийлөгч Ronald Reagan-н дэлгэрүүлсэн Reagan-н эриний эдийн засгийн үзэл баримтлалтай таарч тохирсон бүтээл гэж шинжилдэг. Reagan-н эриний эдийн засгийн номлол нь засгийн газрын зарлагыг хязгаарлагдмал болгож, төрийн оролцоог сааруулж, хувийн хэвшлийн бизнес эрхлэлт,  ашгийн сэдэл, хувь хүний санаачилгаар хангагдсан чөлөөт зах зээлийг хөгжүүлэх байв. Тухайлбал, кинонд төрийн байгууллагын хүнд суртал, чадваргүй байдлыг Walter Peck гэдэг дүрээр харуулдаг; Peck хувийн бизнес эрхлэгчид болох сүнсний ангуучдын ажилд хөндлөнгөөс саад учруулснаар хотод Gozer-г ирүүлэхэд хүргэдэг буюу үүгээр Peck төрийн муу менежер, чадваргүйг харуулж байгаа бол сүнс ангуучдаар хувийн бизнес эрхлэгчдийг төлөөлүүлсэн гэж үздэг. Нэг үзэгдэлд, сүнсний ангуучдыг хаалгахаар Peck-г ирэхэд Egon "энэ бол хувийн өмч" гэж хэлдэг билээ. Энэ утгаараа жинхэнэ хорон санаатан нь Gozer бус Peck болж байна. Найруулагч Reitman өөрийгөө 'консерватив либерал" үзэлтэн гэж хэлдэг байв. Хувийн хэвшлийнхэн буюу сүнсний ангуучид Нью-Йоркт муу муухайтай тулалдахын тулд төлбөр нэхдэг бол засгийн газар харин чөтгөр шуламсын эсрэг ямар ч чадвар мэдлэггүй байдаг. 

Засгийн газрын төлөөлөгч болох хотын дарга хэрвээ сүнсний ангуучид амжилт олбол сая сая сонгогчдын амийг аварна гэдгийг ойлгосны дараа тэднийг чөлөөтэй тавьж байгаа нь албан тушаалаа авч үлдэх гэсэн төрийн хүнд сурталтнуудыг тохуурхан элэглэсэн явдал аж. Хотын даргын сонголт идеологийн шинжтэй байдаг; сүнсний ангуучид хувьчлагдсан чөлөөт зах зээл юмуу төрийн агентлагийг төлөөлөгч Peck юм. Цагдаа нар хүртэл Louis/Vinz-тэй харилцаж чадваргүй байгаа тул сүнс ангуучдад ханддаг. Сайтар ажиглавал сүнсний ангуучид ашиглагдахаа больсон байранд орж, хуучирсан түргэний машин жолоодож байгаа нь далдуураа төрийн үйлчилгээ доголдсоныг илтгэнэ. Сая ангуучид бол Америкийн чөлөөт бодогчдын тод жишээ гэж үздэг бөгөөд тэд бол засгийн газрын дарангуйллын эсрэг тэмцэж буй сонор соргог хүмүүсийн төлөөл гэдэг ажээ. 1970-аад онд Америкт санхүүгийн хямралын дараа Нью-Йорк хотыг бохир, сүйрсэн, гэмт хэрэгт идэгдсэн байдлаар дүрсэлсэн "Taxi Driver", "The Warriors" гэх мэт кинонуудын дараа "Ghostbusters" нь чөлөөт зах зээлийг дэмжсэн өнгө аястай байснаараа ялгарч байв. "Цэвэр капитализм" гэж тодорхойлогддог эдийн засгийн сэргэлтийн эхэд үед эл бүтээлийг бүтээсэн ба хувьчлал, хувийн хэвшлийг дэмжиж, төрийн оролцоог бууруулах санааг ил далд өгүүлжээ. Оюун ухаанаа хоослох зорилготой Ray хэрэглээний маскотоос өөр юуг ч санах чадваргүй байгаагаас капитализмыг харж болохоос гадна өөр нэг сцэнд, Dana-н хүнсний бэлэн бүтээгдэхүүнээр дүүрсэн хөргөгчинд Zuul байж байдаг билээ.

 "Ghostbusters" киноны санаа сүнс, хий үзэгдэлд итгэдэг Dan Aykroyd-н итгэл үнэмшлээс улбаатай буюу түүний аав сүнсний тухай ном бичсэн хүн байсан, бол ээж нь сүнс харж байсан гэж ярьдаг байж, мөн өвөө алдартай сүнс судлаач байсан зэргээс харвал Aykroyd-д яагаад ийм кино хийх болсныг түвэггүй ойлгоно. 1981 онд Aykroyd нэгэн сэтгүүлээс квант физик, парапсихологийн тухай нмйтлэл уншсан нь түүнд сүнс баригчидтай кино хийх санааг өгчээ. Тэрээр мөн 20-р зууны дунд үеийн инээдмийн сүнстэй кинонуудаас санаагаа улам боловсруулсан. Aykroyd, Reitman хоёр уулзаж ярилцахад, Reitman түүний концептийг кино болгох боломжгүй гэж хэлсэн байдаг ба Aykroyd киногоо Дэлхий дээр өрнөж, ингэснээр ер бусын элементүүд илүү инээдтэй болох боломжтойгоос гадна илүү бодитой болно гэж тайлбарлажээ. Aykroyd сүнсний ангуучдын үүслийг "энэ бод 1980-аад оны эхэн үе, бүгд бизнес эрхэлж байсан" цаг гэж тодорхойлсон нь тун оновчтой дүрслэл болсон аж. Тэд дараа нь Reitman-тай өмнө нь ажиллаж байсан Ramis-тай уулзсан ба Aykroyd-оос илүү кино зохиолынхоо өнгө аясыг гаргаж чадна гэж Reitman үзжээ. Ингээд Reitman, Aykroyd, Ramis нар эхлээд Reitman-н оффис дээр кино зохиол дээр ажиллаж эхлээд дараа нь гэр бүлүүдээ аваад Массачусетс мужид өөрсдийгөө тусгаарлаад ажиллажээ. Aykroyd Массачусетс-д гэртэй байсан ба тэд хоёр долоо хоног орчим хонгилд нь өдөр шөнөгүй ажилласан байдаг. Aykroyd хөгжилтэй нөхцөл байдал, паранормал үг хэллэгийг нь зохиосон бол Ramis харилцан яриа, хошигнолуудыг нь зохиожээ. Тэд тусдаа бичицгээгээд дараа нь өөр хоорондынхоо нооргийг уншиж засдаг байжээ. Анхны ноорог 1983 оны 7-р сард дуусч, 8-р сарын эхээр эцсийн зохиол бэлэн болжээ. "The Razor's Edge" киноныхоо зураг авалтын дараа Нью-Йоркоос ирсэн Bill Murray өөрийнхөө тоглох дүрийн талаар бага сага саналыг тэдэнд хэлсэн байдаг ба түүнд зориулж багагүй засвар хийсэн гэдэг.

 Уг кинонд, Ramis-н дүр уураг тархи, Aykroyd-н дүр зүрх сэтгэл, Murray-ынх ам хэл нь байдаг. Aykroyd эдгээр дүрүүдээ "The Wonderful Wizard of Oz" зохиолоос санаа авч бүтээсэн гэдэг буюу Peter Venkman, Raymond Stantz, Egon Spengler нар бол зохиолын мануухай, арслан, бас тугалган хүн нар болох ёстой гэжээ. Aykroyd-н концептэд сүнсний ангуучдад дарга байсан ч Ramis дүрүүд өөрсдийн хувь тавилангаа удирдаж, өөрсдөө сонголтоо хийх нь илүү зөв гэснээр Aykroyd санаанаасаа ухарчээ. Ингэснээр дүрүүдийн хувийн онцлог шинж илүүтэй тодорсон; Peter догь, орчин үеийн хүн бол Ray шударга, хүсэл тэмүүлэлтэй техникч, харин Egon баримтыг чухалчилсан, стоик сэтгэгч ажээ. Жүжигчин Murray уг кинонд тоглосныхоо дараа дараагийн дөрвөн жилд ямар ч кинонд тоглоогүй. Тэрээр гэнэт ирсэн энэ ер бусын гоц амжилтыг замналынхаа хамгийн дээд амжилт гэж тодорхойлсон байдаг. Энэ кино үнэндээ түүний замналыг аварсан буюу "The Razor's Edge" хэмээх хувийн төсөл нь бүхэлдээ бүтэлгүйтээд байсан юм. Murray 1988 онд зул сарын сэдэвт "Scrooged" киногоороо эргэн кино урлагтаа ирэхэд хүмүүс түүнийг "сүнснүүддээ эргэн ирлээ" гэж хошигнож байжээ. Шүүмжлэгч Roger Ebert уг киног тусгай эффектээр удирдуулсан блокбастер киног зальжин харилцан яриатай амжилттай хослуулсан ховорхон жишээ гээд иш болгохуйц олон ишлэлтэй цөөхөн массын кино гэжээ.

 Шүүмжлэгч Joseph Gelmis эл бүтээлийг өсвөр насныхны фантааз гээд сүнсний ангуучдын гал сөнөөгчдийн байрыг "Batman'-ын Batcave-тай, мөн Ectomobile-г Batmobile-тай харьцуулсан буй. Олон шүүмжлэгчид найруулагч Reitman уг киногоороо найруулах ур чадвараа сайжруулж хөгжүүлсэн болохоо харуулсан гэж магтсан байдаг. Өмнө нь тэрээр бүдүүлэгдүү комеди киногоороо танигдаад байсан бол энэ кинонд хошигнол хийгээд сэтгэл хөдөлгөм байдлыг хэрхэн бүтээлчээр урлаж болохыг харуулсан нь түүний хөгжлийг харуулах. Зарим Шүүмжлэгчид киноны төгсгөл хэтэрхий хөөрүү төлөвт орсноор хошин шинжээ алдсан гэж сөргөөр шүүмжилсэн байдаг. Нэрт шүүмжлэгч Janet Maslin мөн киноны Апокалиптик төгсгөлийг "хяналтаас гарсан" гэсэн ч сүнсний ангуучдын хий үзэгдэл барьж байгаа жижиг сцэнүүдийг киноны хамгийн сайн хэсгүүд гэжээ. Шүүмжлэгч Dave Kehr: "Найруулагч Reitman импровизацын комедид гаргуун ч тусгай эффект аажмаар ширүүсэхийн хэрээр хяналтаа алдсан" гэж бичжээ. 

Comments