Үхнэ гэдгээ сана

 


Memento (2000). Их Британи - Америкийн нэрт кино урлаач Christopher Nolan-н нео-нуар, сэтгэлзүйн триллер. Найруулагч маань төрсөн дүү Jonathan Nolan-н "Memento Mori" гэдэг богино өгүүллэгээс сэдэвлэн (кино зохиолд дүүтэйгээ хамтарсан) бүтээсэн. Киноны гол дүрүүдэд: Guy Pearce, Carrie-Anne Moss, Joe Pantoliano нар тоглосон. Уг кинонд; богино хугацааны ой санамжаа алдаж, шинэ дурсамж бүтээх чадваргүй болсны улмаас антероград амнези гэдэг өвчтэй болсон Leonard гэгчийн тухай өгүүлэх буюу эхнэрийг нь хүчиндэж хөнөөгөөд, өөрийг нь ийм өвчтэй болгосон алуурчныг олохын тулд гэрэл зургууд, шивээс, бичсэн тэмдэглэлийн нарийн систем ашиглан ажиллаж байгааг үзүүлдэг. Киноны шугаман бус өгүүлэмжийг киноны туршид огтлолцсон хоёр өөр дараалсан үзэгдлүүд хэлбэрээр үзүүлдэг; хар-цагаан цувралууд нь он цагийн дарааллаар байдаг бол өнгөт үзэгдлүүд нь урвуу дараалалтай байдаг (гол дүрийн сэтгэцийн төлөв байдлыг үзэгчдэд адилхан мэдрүүлэх гэж). Ингээд хоёр өөр үзэгдлүүд киноны төгсгөлд нийлж нэгдсэн, бүхэл өгүүлэмжийг бүтээдэг.

 2000 оны Венецийн кино наадмаар нээлтээ хийж, шугаман бус бүтцийг нь хийгээд өөрийгөө хуурах, уй гашуу, ухамсарлах чадвар, ой санамжийн талаарх сэдвүүдийг нь шүүмжлэгчид өндрөөр үнэлсэн. Багахан төсвөөр бүтээд ихээхэн ашиг олж, култ статустай болжээ. Мөн киноны зохиол 2005 онд Америкийн Зохиолчдын Эвлэлээс гаргасан шилдэг 101 кино зохиол жагсаалтад багтсан аж. Эхнээсээ дуустал зураглаач Wally Pfister-н зураглал, эвлүүлэгч Dody Dorn-н ажил гайхам нууцлаг байдлаараа таныг нэг л татсан бол огт тавихгүй: "Memento" бол хэнд ч итгэхгүй байхыг "шаарддаг кино бөгөөд Nolan энэхүү хоёрдахь бүрэн хэмжээний киногоороо толгой эргэм түгшүүрийг үзэгчдийнхээ сэтгэлд цуурайтуулна. Найруулагчийн бодож олсон урвуу үйл явдал бач мэх бус энэ нь биднийг Leonard-н толгой дотор оруулах арга юм. Theyshootpictures сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 797-р байрт эрэмбэлээд байна. Nolan энэ киногоороо үзэгчидтэй хамт "харгис уй гуниг" руу үсрэхийг хүссэн, тиймээс хамтдаа энэ бүтээлийн гүн рүү үсэрцгээе. 

Уг кино хоёр цаглабарт шугаман бүтэцтэй; өнгөт үзэгдлүүд нь хар-цагаан үзэгдлүүдээр солигддог бөгөөд хар-цагаан нь он цагийн дарааллын дагуу бол өнгөт нь хойноосоо урагшилдаг (хойшоогоо ухарсан ганц өнгөт сцэн байдаг нь киноны эхэнд байдаг). Он цагийн дарааллаар хар-цагаан нь нэгдүгээрт, өнгөт нь араас нь явна. Судлаач Stefano Ghislotti-н бичсэнээр, найруулагч Nolan үзэгчдэд үйл явдлын өрнөлийг тайлж, он цагийн дарааллыг ойлгоход нь нэгэн сэжүүр өгсөн бөгөөд энэ бол; өнгөт үзэгдлүүд урвуу дарааллаар тавигдаж байгаа боловч товчхон давхцалыг агуулдаг аж; тасархай урвуу үзэгдлүүдийн зорилго бол үзэгчид хараахан харж амжаагүй байгаа учраас өмнөх үйл явдлуудаа эргэн дурсаж чадахгүй байгаа Leonard-н шинэ урт хугацааны дурсамж бий болгох чадваргүйг үзэгчдэд мэдрүүлэх явдал гэжээ. 1996 оны 7-р сард ах дүү Nolan нар Чикагогоос Лос-Анжелес руу нүүжээ. Аяллын үеэр Jonathan ахдаа кино болохуйц түүх ярьж, ах нь ч урамшин хүлээн авчээ. Тэд Лос-Анжелес хотод ирсний дараа Jonathan Жоржтауны их сургуульд сурахаар Вашингтон хотыг зорьсон аж. Кинонд гарах нууцлаг алуурчны "John G" гэдэг нэр бол Jonathan-н их сургуулийн кино зохиолын багш профессор John Galvin гэгчийн нэр буюу Jonathan түүнд хүндэтгэл үзүүлж энэ нэрийг сонгосон гэдэг. Christopher дүүгээсээ кино зохиолынхоо нооргийг илгээхийг удаа дараа хүссэнээр хэдэн сарын дараа Jonathan "хүсэлтийг нь гүйцэдүүлсэн". 

Ингээд хоёр сарын дараа ах Nolan киногоо хойноос нь өгүүлэх санааг олж, кино зохиол дээрээ шаргуу ажиллаж эхэлсэн. Дүү Nolan мөн энэ үеэр богино өгүүллэг бичиж эхэлсэн ч ах дүү хоёр захидлаар санаа оноогоо солилцож, кино зохиолоо боловсронгуй болгож байв. Christopher Nolan анхлан зохиолоо шугаман өгүүлэмжтэйгээр бичсэн ч хожим шалгаж үзээд анхныхаа санаанд эргэн очжээ. Түүнд мөн Хорхе Луис Борхесын "Funes the Memorious" гэдэг богино өгүүллэг нөлөөлсөн гэдэг: "Миний бодлоор "Memento" бол бүх зүйлийг санаж байдаг, юуг ч мартаж чаддаггүй хүний тухай өгүүлсэн Борхесын өгүүллэгийн хачирхалтай үеэл гэж бодож байна, миний кино бол Борхесын зохиолын эсрэг нь юм" гэж найруулагч маань хэлсэн буй. Дүү Nolan-н "Memento Mori" нэртэй богино өгүүллэг ахынхаа киноноос эрс ялгаатай байсан боловч зарим адилхан чухал элементүүдийг агуулсан байв. Jonathan-н хувилбарт гол дүр нь Leonard биш Earl гэдэг нэртэй сэтгэцийн эмнэлгийн өвчтөн байдаг ба кино дээрх шиг эхнэрийг нь үл таних этгээд хөнөөсөн, энэ хандлагын үед Earl шинэ урт хугацааны дурсамж бүтээх чалвараа алдсан байдаг аж. Мөн түүнчлэн Leonard-н адилаар Earl өөртөө тэмдэглэл бүхий шивээс хийж, үүгээрээ алуурчны араас мөрддөг. Jonathan-н хувилбарын ялгаа гэвэл Earl сэтгэцийн эмнэлгээс зугтаж, эхнэрийг нь хөнөөсөн алуурчныг олж өшөө авахын тулд бичсэн тэмдэглэсэн бүхэндээ өөрийгөө итгүүлдэг. 

Мөн киноноос ялгаатай нь, Earl алуурчныг олоод алдаг нь кино шиг хоёрдмол утгатай биш аж. Гол дүрд буюу Leonard-д анхлан Brad Pitt тоглохоор төлөвлөгдсөн. Pitt эна төслийг сонирхож байсан ч өөр киноных нь хуваарьтай давхацсан учир төслийн орхисон ба Charlie Sheen, Alec Baldwin, Aaron Eckhart (тэрээр хожим Nolan-н "The Dark Knight"-д тоглосон) нарын одууд яригдсаны байсан ч тухайн үед төдийлөн танигдаагүй байсан Guy Pearce гол дүрийг авсан буюу Christopher Nolan-д түүний тоглолт онцгой сэтгэгдэл төрүүлсэн гэдэг. Guy Pearce-г сонгох болсон өөр нэг шалтгаан нь Brad Pitt төслөөс гарсны дараа Nolan тэргүүтэнгүүд ерөөсөө үнэтэй од жүжигчин хөлслөн зардал гаргахын оронд ирээдүйтэй шинэ хүн авъя гэсэн санаа давхар байжээ. Тэгвэл жүжигчин Carrie-Anne Moss "Matrix" киногоороо тухайн үед алдаршаад байсан учир түүнийг сонгосон ба Nolan түүний талаар: "Тэр Natalie-н дүрд кино зохиолд байгаагүй их зүйлсийг нэмж өгсөн" гэж магтсан байдаг. Ёс суртахуунгүй цагдаа Teddy-н дүрд тоглооч гэж Denis Leary гэдэг жүжигчинд санал тавьсан ч энэ жүжигчин татгалзсанаар Carrie-Anne Moss "Matrix" кинонд хамтран тоглосон Joe Pantoliano-г санал болгосон ч Pantoliano хэтэрхий хорон муухай дүр байна гэж байсан ч эцэстээ зөвшөөрсөн бөгөөд Nolan түүний тоглолтыг хараад биширсэн гэдэг. Киноны синтезатор хөгжмийг Английн хөгжмийн зохиолч David Julyan бичсэн бөгөөд Vangelis-н "Blade Runner", Hans Zimmer-н "The Thin Red Line" кинонуудын синтезатор хөгжмийн зохиолууд түүнд урам бас санаа өгчээ. David Julyan хөгжмийн зохиолоо бичихдээ хар-цагаан ба өнгөт гэсэн ялгаатай сцэнүүдэд зориулж өөр өнгө аяс хэмнэлтэйгээр бүтээсэн буюу өнгөт үзэгдлүүдийг илүү бодлогошронгуй, классик байдлаар бичсэн бол хар-цагааныг дарамттай бас илүү чимээ шуугиантайгаар бичжээ. David Julyan: "Миний хөгжим дэх зорьсон гол сэтгэл хөдлөл бол хагацал хийгээд хүсэл тэмүүлэл байсан" гэжээ. 

Шүүмжлэгч James Berardinelli уг киног өөрийнхөө гаргасан хамгийн шилдэг 100 киноны тоонд багтаагаад: "эхлэлээсээ төгсөл хүртэл гайхалтай, туйлын сэтгэл татам энэ киног үзсэн ч хэн оны хамгийн шилдэг кинонуудын нэг гэж санах болно" гээд цааш нь киноны хойшоогоо урвуу өгүүлэх бүтцийг магтаад "энэ киног бусдаас ялгаж буй зүйл бол шинэлэг бүтэц, бас Guy Pearce-н үнэмшилтэй, нягт шилдэг тоглолт" гэж бичжээ. Шүүмжлэгч William Arnold эл бүтээлийг "нэг удаагийн амттан" гээд цааш нь "Найруулагч Christopher Nolan уг киногоо зөвхөн шугаман бус оньсогон кино болгоод зогсохгүй хурцадмал уур амьсгалтай, триллер болгон бүтээжээ" гэж онцолжээ. Киноны бүтцийг сөргөөр шүүмжлэгчид бас байсан. Шүүмжлэгч Marjorie Baumgarten: "Кино урагшлах тусам өгүүлэмж сонирхолгүй болж байгаа нь урвуу хүүрнэх аргыг сонгосон найруулагчийн этгээд бардам чанарыг л харуулж байна" гэсэн бол шүүмжлэгч Sean Burns: "Албан ёсны бүх гоц авьяастнуудын хувьд "Memento" бол оюуны мөс шиг хүйтэн ур чадварыг харуулсан кино" хэмээжээ. Шүүмжлэгч Roger Ebert уг киног олон удаа үзэх шаардлагагүй гэж дүгнэсэн бөгөөд ерөнхийдөө нэг үзээд ойлгочихсон бол үнэ цэнээ алдах кино, үзэх тусам төөрөгдүүлж, асуулт үүсгэж чаддаг тийм киноны чанар дутмаг гэж дүгнэжээ. Эмнэлгийн олон мэргэжилтэнгүүд "Memento"-д үзүүлсэн антероград амнези-г маш бодитой, үнэн зөв дүрсэлсэн гэж магтсан байдаг ба мэдрэл судлаач  Christof Koch уг киног ой санамжийн тухай үзүүлсэн хамгийн сайн кино гэсэн байхад сэтгэцийн эмч Esther M. Sternberg эл бүтээлийг ой дурсамжийн нейробиолигийн төгс судалгаанд ойртсон хэмээгээд: "Бодлогошруулах энэхүү триллер нь үзэгчдийн санаанаас гаршгүй ба давтамж бүхэн нь таамаглалыг өөр өнцгөөс авч үздэг. Энэ кино бол ой санамжийн үйл ажиллагааг сонирхдог хэн бүхэнд зориулсанаас гадна үнэндээ бодит гэж юу вэ гэж өөрсдөөсөө асуугчдад зориулсан кино" гэж бичжээ.

Comments