Этель Войнич "Соно"

 


"Соно". Ирланд гаралтай Их Британийн зохиолч Этель Войничийн 1897 онд хэвлүүлсэн роман. Романы үйл явдал 1940-өөд оны Австрийн дарангуйлал дор байсан Итали улсад өрнөж, дарангуйллаас чөлөөлөгдөхийн төлөөх бослого, үймээн самуунтай цагийг харуулдаг. Эл түүх зохиолын гол баатар болох Артур Бартон болон түүний хайрт бүсгүй Жемма хоёрын эмгэнэлт харилцааг өгүүлэхийн зэрэгцээ сүсэг бишрэл, урам хугаралт, хувьсгал, романс хийгээд баатарлаг байдлыг хурц тодоор өгүүлдэг. 

ҮҮСЭЛ. Түүхч Робин Брюс Локхартын бичсэнээр Их Британийн нууц тагнуулын албанд ажилладаг Орос гаралтай адал явдал хайгч, нууц агент Сидней Рейли 1895 онд Лондонд Этель Войничтой танилцжээ. Этель Войнич бол Викториан эриний сүүл үеийн уран зохиолын ертөнцөд төдийгүй Оросын цагаачдын хүрээлэлд чухал, нэртэй бүсгүй байлаа. Локхартын үзэж буйгаар Войнич, Рейли хоёр амрагийн харилцаатай байсан агаад Итали руу хамтдаа аялж; чухам энэ харилцааныхаа үеэр, Рейли "амрагтаа сэтгэлээ илчилсэн" буюу Орост өнгөрүүлсэн залуу насныхаа адал явдлыг Войнич-д дэлгэсэн бололтой аж. Тэдний харилцаа өндөрлөсний дараа Войнич 1897 онд шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан алдарт "Соно" романаа хэвлүүлсэн бөгөөд Артур Бартон дүрийг Сидней Рейлигийн залуу цагийн амьдралаас сэдэвлэсэн гэж үздэг ажээ. Номын үндсэн сэдэв нь жинхэнэ хувьсгалч хүн байхын тухай байсан тул шашин, бослогын талаарх эргэцүүлэл нь идеологийн хувьд тохиромжтой ч амжилттай ч болсон. 

"Соно" роман Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, мөн Иранд онцгой алдартай байж, соёлын томоохон нөлөө үзүүлсэн. ЗХУ-д эл бүтээлийг заавал унших номын тоонд оруулдаг байсны дээр хамгийн өндөр борлуулттай ном байсан буюу зөвхөн ЗХУ-д 2,500,000 хувь борлогдсон гэсэн тооцоо байдаг. Войнич 1955 онд ЗХУ-д дипломат айлчлал хийх хүртэл романыг хэн бичсэнийг төдийлөн мэддэггүй байсан нь хачирхалтай. Роман бас Хятад алдаршиж, 2,050,000 хувь борлогджээ. Ирландын зохиолч Пидар О'Доннеллийн дурссанаар "Соно" нь Ирландын иргэний дайны үед Маунтжой шоронд хоригдож байсан Бүгд Найрамдах намын хоригдлуудын дунд алдартай байсан гэжээ. Оросын хөгжмийн зохиолч Михаил Жуков уг романаар дуурь (Оросоор Овод) бичсэн байдаг бол 1955 онд Зөвлөлтийн кино найруулагч Александр Файнтсиммер кино болгоход Дмитрий Шостакович хөгжмийг нь бичжээ. Италийн Рисоргиментогийн (Нэгдсэн Итали улсыг байгуулах хөдөлгөөн) үеийг зурагласан энэхүү романд хувьсгал ба хувьсгалчдын соёлыг голлон өгүүлдэг. Соно хочтой Артур бол огооролтоосоо буцаж ирээд шударга бус байдлын эсрэг тэмцэж буй эмгэнэлт романтик баатрын дүр юм. Италийн газар нутаг, нэн ялангуяа Альпийн нуруудыг номын туршид тод дүрсэлсэн нь баатруудын бодол санаа, сэтгэлийн тусгал болдог. 

АНАЛИЗ. Войничийн "Соно" бол хувьсгалт амбиц, хувьсгалт хөдөлгөөн ба Католик сүм хоорондоо ээдрээтэй харилцааны талаарх драматик түүх юм. Романы үйл явдал нь 19-р зууны Италийн Рисоргиментогийн үед өрнөх бөгөөд "Залуу Итали" хөдөлгөөнд оролцож, зэвсэг нийлүүлж, үймээн самууныг уриалсан, лам хуврагуудыг ёгтолсон өгүүллэг бичдэг Артур гэдэг Англи залуугийн цогтой түүх нь номын хорхойтнуудад Александр Дюмагийн "Монте Кристо Гүн" романыг багахан ч атугай санагдуулах тийм онц содон өрнөлтэй ном бөлгөө. Сонын хажууд уламжлалт жендерийн үүргийг эсэргүүцдэг зоригтой, хувьсгалч Жемма хэн хүний хайрыг татах дүр байдаг. Дэлхий даяар нөлөөгөө үзүүлсэн эл Англи Ирланд ном нь хувьсгалт Орос ба Ирландыг "холбож" өгдөг. Ирландад тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөн 1912-1923 оны хооронд өрнөсөн (одоо Ирландын хувьсгал гэж нэрлэдэг боловч энэ нэр томьёо маргаантай гэж үзэгсэд бий). 1917 оны Оросын хувьсгалтай харьцуулахад Ирландын хувьсгал илүү консерватив шинжтэй байсан тул судлаачид үүнийг харьцуулах юмуу давхацсан гэж үзээд үл тоомсорлоход хүргэжээ. Войнич энэхүү бүтээлээрээ сайхь хоёр хувьсгалыг харьцуулах боломжийг санал болгосон ба "Соно" Орос болон Ирландад нэг цэгээс гарсан ч бариа нь эрс ялгаатай төгссөн.

 Войничийн бүтээл бидэнд Ирланд, Оросын хувьсгалаас өмнө үндэстэн дамнасан улс төр, соёлын сүлжээний ач холбогдол, өнгө төрхийг харуулдаг. Этель Войнич 1864 онд Блекрок хотод Английн нэрт математикч, философич Жорж Буле,  Мэри Буле (ээж нь бас алдартай математикч байсан) нарын охин болж мэндэлсэн бөгөөд аавыгаа нас барсны дараа Лондон руу нүүсэн ч хүүхэд нас нь Ирландтай салшгүй холбоотой байжээ. Залуухан хүүхэн байхдаа тэрээр Лондон дахь радикал үзэлтнүүдийн хүрээлэлд орох болж, Ван П. А. Кропоткин, Степниак (Сергей Кравчинский) зэрэг Оросын зартай улс төрийн цөллөгчидтэй танилцжээ. Степниакийн тусламжтайгаар тэрээр 1880-аад оны сүүлээр Орост очин багшилж, Орос хэл сурсан аж. Ингэж яваад Сибирийн цөллөгөөс оргосон Польшийн улс төрийн радикал үзэлтэй Вилфред Михаэль Войнич гэгчтэй танилцаж, улмаар гэрлэснээр түүний Оросын эзэнт гүрэнтэй холбогдох холбоо гүнзгийрэв. Ирландын зарим нэгэн радикал үзэлтнүүд Орос руу аялах юмуу Оросуудтай гэрлэж байсан цаг боловч Войнич ганцаараа Оросын улс төрийг сонирхогч байсангүй. 1920-1930-аад оны үед нөлөө бүхий социалист хувьсгалч Жеймс Конноллигийн хүү Родди Коннолли, Розамонд Жейкоб нарын Ирландын олон радикалууд түүний гаргасан жимээр Москвад ирж улс төрийн боломжуудыг эрэлхийлэв. 

Войничийн амьдрал бол хувьсгалын үед ард түмний амьдрал болоод туршлага хэрхэн үндэсний хийгээд улс төрийн хил хязгаарыг даван гарч түүх судлалд нарийвчилсан ангиллаас татгалзаж байсан нэг том жишээ юм. "Соно" романы сэдвүүд нь хувьсгалт Орос, Ирландын нийгэм, улс төрийн чухал маргаан мэтгэлцээнтэй холбогддог ба Италийн түүхэн үйл явдлыг үл харгалзан роман тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлын бас тусгал болж байв. Олон улсын сонгууль өгөх эрхийн хөдөлгөөн өрнөж байсан тухайн цагт эмэгтэйчүүд хувьсгалт хөдөлгөөнд чухал үүрэгтэй байж болохыг ур бүтээлд өгүүлдэг. Хүүрнэгч Жеммаг хамгаалалтад хэрхэн эрэлхэгээр тулалдах байсан, Жемма төгс хамтрагч нөхөр байж чадах тухай олонтаа дурддаг агаад Улаан Өндөгний баярын бослогын Констанс Маркевич эсхүл Александра Коллонтай шиг большевик феминистуудийн эрэлхэг жишээг бид мэдэх билээ. Сүм ба хувьсгал хоёрын харилцаа нь романы төвд оршдог; Войничийн шашин шүтлэгтэй холбогдох харилцаа нарийн түвэгтэй байж, амьдралынх туршид өөрчлөгдөж байсан бөгөөд тухайн үеийнх нь Орос, Ирландад үүссэн атеизм болоод социализмыг тойрсон өргөн хүрээтэй мэтгэлцээнүүд романд тусгагджээ. "Соно" романы тархалт нь Орос, Ирландад уран зохиол улс төрд ямаршуу ач холбогдолтой байсныг харуулна. "Соно" анхлан Америкт дараа нь Их Британид хэвлэгдсэн бөгөөд Войничийн Орост байхдаа танилцсан шүүмжлэгч, орчуулагч Зинаида Венгерова гэгч Орос хэл рүү хөрвүүлсэн аж. Анхлан социалист үзэл баримтлалын "Мир Божий" сэтгүүлд цувралаар нийтлэгдсэнээр энэхүү драматик роман асар алдарт болж, 1900 оноос ном болон хэвлэгдсэн. 1917 оны Оросын хувьсгалын дараагаар эл бүтээл хувьсгалын гол зохиол болсонд гайхах зүйл байхгүй юм. 

1957 онд Зөвлөлтийн соёлын "Вопросы Литератури" сэтгүүлд уг романы ач холбогдлын тухай нийтлэл гарсан буюу Ирланд гаралтай Английн нууцлаг зохиолч эмэгтэйн тухай Зөвлөлтийн уншигчид тун бага мэддэгт харамссан утгатай байжээ. Ингээд Зөвлөлтийн сэтгүүлчид Нью-Йорк дахь өндөр настай болсон Войничийг дахин олж нээснээр тэрээр Зөвлөлтийн баатар шахуу болсон гэдэг. "Соно" роман Ирландад Зөвлөлт Холбоот Улстай харьцуулахад хамаагүй бага амжилт үзүүлсэн. 1922-1923 оны Ирландын иргэний дайны үеэр уг роман Бүгд Найрамдахчуудын дунд тархсан ба зарим цаазын ял сонссон хоригдлуудын дунд Артурын цаазлуулдаг хэсэг хамгийн алдартай байж, хоригдлууд номыг дэрнийхээ хажууд тавиад унтдаг байсан гэдэг. "Соно" анх хэвлэгдсэнээсээ хойш 50 жилийн дараа Ирландад хориглогдсон номын жагсаалтад багтсанаар л Войничийг зохиолчийнх хувьд эх орон нь хүлээн зөвшөөрсөн гэдэг. Зөвлөлтөд алдаршиж, хувьсгалын нэг хэсэг болсон шахуу ном Ирландад буюу эх орондоо бага танигдаад зогсохгүй ад үзэгдэх болсон нь улс төрийн бодлого болон шашин шүтлэгт хандах соёлын хандлагын ялгаа хувьсгалыг үлэмж хэмжээгээр өөрчилжээ. Романы лам хуврагийн эсрэг өнгө аяс ЗХУ-д алдаршсан бол хувьсгалын дараах Ирландад Христийн сүмийн нөлөө эсрэгээрээ улам бэхжиж, тогтворжжээ. Соно хочтой романы баатар шашныг сэтгэцийн өвчин гэж нэрлэдэг; энэ мэт Католик шашныг доромжилсон үг хэллэгүүд тусгаар тогтнолын дараах Ирландад яагаад ч түгэн дэлгэрэхгүй нь илэрхий ойлгомжтой буйзаа. 

Comments