Салангид хайр

 


Revolutionary Road (2008). Их Британийн нэрт кино найруулагч Sam Mendes-н романтик, драм. Америкийн зохиолч Richard Yates-н ижил нэрт романаас сэдэвлэн Justin Haythe кино дэлгэцнээ хөрвүүлсэн бөгөөд киноны гол дүрүүдэд: Leonardo DiCaprio, Kate Winslet, Michelle Shannon, Kathryn Hahn, David Harbour болон Kathy Bates нар тоглосон. Уг бүтээлийн үйл явдал 1950-аад оны дунд үед өрнөж, хувийн асуудлуудтайгаа тэмцэж, гэрлэлт нь мөхөн унтарч буй хосын тухай өгүүлдэг. 1997 онд "Titanic" кинонд хамтран тоглосон DiCaprio, Winslet, Bates нар энэ киногоороо дахин нэг удаа нэгдсэн бол киноны хөгжмийг Thomas Newman бичсэн буюу Newman, Mendes хоёрын дөрөв дэх хамтарсан бүтээл байжээ. Кино нээлтээ хийгээд  шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсны дотор эх романд үнэнч хандсан кино зохиол болоод жүжигчдийн тоглолтыг онцолсон ба Оскарын наадамд 3 төрөлд нэр дэвшжээ. Жүжигчдийн гайхам сайн тоглолттой, сэтгэлийн хувьд хүчирхэг энэхүү алдартай романы тун сайн кино хөрвүүлэлт болсон бүтээлийн үйл явдлыг товчхон өгүүлсү. 

1948 он, загасчин Frank, жүжигчин болох хүсэлтэй April хоёр нэгэн үдэшлэг дээр танилцаад гэрлэх бөгөөд April жирэмсэн болсны дараа тэд Коннектикутын хотын захын суурин болох "Хувьсгалын Зам" гэдэг газарт нүүж очно. Тэд хөршүүдтэйгээ дотносож, хөршүүддээ төгс хос гэсэн сэтгэгдэл төрүүлдэг хэдий ч үнэндээ тэдний харилцаанд асуудал байлаа. April жүжигчин болж чадаагүй бол Frank ажлаа банкны ажлаа үзэн ядна. Frank 30 насныхаа төрсөн өдрөөр нарийн бичиг хүүхэнтэйгээ ууж, улмаар нэг оронд орчихно. Энэ зуур тэдний хөрш авгай Helen April-аас галзуугийн эмнэлгээс гараад буй хүү John-той нь танилцаж, нөхөрлөлийг хүснэ. April сайхан сэтгэл гаргаж зөвшөөрдөг. Энэ байдлаараа амьдарвал харилцаа нь сүйрч дуусахыг мэдэрсэн April Frank-д хүүхдүүдээ аваад Парист явж амьдаръя гэх бөгөөд энэ бол тэдний анх танилцаад удаагүй байхдаа мөрөөддөг байсан тэр зүйл нь юм. Frank эргэлзэж байсан ч эцэстээ эхнэрийнхээ ятгалгад орох ба дараа хэд хоногт хосууд энэ төлөвлөгөөгөө хөршүүд хийгээд найзууддаа хэлтэл тэд огт ойлгохгүй байхад галзуу John л ойлгож баяр хүргэдэг. Парис явах дөхсөн үед Frank-д албан тушаал дэвших санал ирж бодол санаанд нь өөрчлөлт оруулахын дээр April жирэмсэн болчихов. April мөрөөдлийнхөө төлөө үр хөндүүлэх төлөвлөгөөтэй байгааг мэдсэн Frank уурлаж, бөөн хэрүүл үүсгэх бөгөөд April эхнийх нь "алдаа" биш гэдгийг батлах гэж хоёрдахь хүүхдээ төрүүлсэн хэмээн уурандаа хэлсэнд нь Frank гомдохын дээр явах сонирхол буураад байсанд нь бүр хүч болж өгдөг. Маргааш нь, Frank албан тушаал ахиснаар нэгэн хэвийн амьдралаа хүлээн зөвшөөрч буйгаа "мэдэгдэх" ба уйтгартай амьдралдаа үүрд гацах болсондоо бухимдаж, галзуурах шахсан April өөрийг нь илэрхий хүсдэг хөршийнхөө залуутай машинд хурьцана. 

Маргааш өдөр нь, Frank эхнэртэйгээ эвлэрч бас өөрийгөө лаг хүн болгож харагдуулахын тулд өөрийнхөө нууц амрагийн паянгаа илчилсэн ч April огтхон ч тоохгүй нь дээр өөрт нь хайргүй болсон гэж хэлдэг. Хөрш Helen хүү John-тойгоо оройн хоол идэх гэж ирэх үеэр Frank гэр бүл нь Парис явахаа больсон гэдгээ хэлэх буюу April жирэмсэн болсон гэж хэлтэл John Frank-г эхнэрийнхээ итгэлийг хөсөрдүүлэгч, хулчгар амьтан хэмээн загнаснаар бараг л зодоон болох дөхнө. Үүний дараа хосууд ширүүн хэрэлдэж, April ганцаараа байж бодохыг хүснэ. Frank оройжин уугаад өглөө сэртэл April түүнийг юу ч болоогүй юм шиг угтаад хамтдаа энгийнээр өглөөний цайгаа ууцгаадаг. Frank-г ажилдаа явсан хойгуур April дэлгэцэнд харагдалгүйгээр өөртөө үр хөндөлт хийчихнэ. Frank эмнэлэгт ирэхэд эхнэр нь цус их алдснаас болж нас барж түүнийг туйлын уй гашууд автуулна. Эхнэрээсээ хойш тэрээр өөр хот руу нүүж, хоёр хүүхэддээ илүү цаг зарцуулах болжээ. Тэдний байшинд хосууд нүүж ирэх бөгөөд хөршүүдээсээ Frank, April хоёрын эмгэнэлт амьдралыг сонсоно. Машинд April-тэй унтаж байсан хөрш эр эхнэрийнхээ ярих сайхь түүхийг сонсоод уйлж суудаг. 

1961 онд Richard Yates-н роман хэвлэгдэн гарсны дараа найруулагч John Frankenheimer романаас кино хийхээр төлөвлөж байсан ч оронд "The Manchurian Candidate" киног бүтээхээр шийджээ. Продюсер Samuel Goldwyn Jr. Номоор кино хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн боловч студийн зүгээс арилжааны хувьд ирээдүйгүй гэж дүгнэснээр больжээ. Дараа нь, 1965 онд продюсер Albert S. Ruddy номын эрхийг худалдаж авсан ба гэхдээ түүнд романы төгсгөл таалагдаагүй тул April-н үхлийг "камерийн овтой аргаар" халхлахыг хүссэн аж. Ruddy алдарт "The Godfather" киног бүтээх ажилд оролцож явсаар нэг мэдсэн 5 жил өнгөрсөн хойно Yates түүнд хандаж, өөрөө номоо кино зохиол болгон бичээд хамтран кино хийхийг санал болгосон бөгөөд тухайн үед Ruddy өөр олон төсөл дээр ажиллаж байсан тул татгалзаад зогсохгүй номын эрхийг жүжигчин Patrick O'Neal-д худалдсан байна. Жүжигчин эрд ном гүн сэтгэгдэл төрүүлж, амьдралынхаа үлдсэн хугацааг номыг чанартай кино зохиол болгохоор ажилласан ба Yates түүнийг номыг нь хэрхэн боловсруулж байгааг олж мэдээд "аймшигтай" хэмээн дуу алдаж, номынхоо эрхийг худалдаж авах хэд хэдэн санал тавьсан ч O'Neal татгалзсан байдаг. Yates 1992 онд нас нөгчсөн бол O'Neal үүнээс хоёр жилийн дараа өөд болжээ. Жүжигчин, найруулагч Todd Field 2001 онд кино хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлэх хүртэл сайхь номыг хэн ч сонирхолгүй, "хар нүхэнд унасан" байлаа. Гэтэл O'Neal-н бичсэн зохиолоор шууд кино хийнэ гэвэл энэ нь O'Neal-н өмч учир бөөн ажил чирэгдэл болохоор байсанд Todd Field бодлоо өөрчлөөд оронд "Little Children" киногоо бүтээхээр болжээ. 

Продюсер David Thompson эцэст  нь BBC-д номын эрхийг авч өгсөн бөгөөд 2008 онд Paramount Vantage "Revolutionary Road" киноны түгээлтийн эрхийг авснаа зарласнаар эл төсөл нэг юм кино болох нь тодорхой болов. Ингээд BBC кино зохиол болгох ажилд Justin Haythe-г хөлслөн авсан буюу кино зохиолчид маань эх роман "тун таалагдсан" учир зөвшөөрсөн гэдэг. Жүжигчин Kate Winslet агентаасаа романыг авч уншаад маш их сэтгэл нь хөдөлсний улмаас O'Neal-н бэлэвсэн эхнэр дээр очиж нөхрийнх нь бичсэн номоор кино хийх талаар ярилцаж зөвлөлдсөн гэдэг. Winslet зохиолыг продюсер Scott Rudin-д илгээгээд тухайн үед нөхөр нь байсан найруулагч Sam Mendes найруулагчаар ажииллавал төгс тохирно гэж ятгажээ. Мөн жүжигчин бүсгүй Mendes-д Yates-н номыг өгөөд "би энэ кинонд тоглохыг үнэхээр хүсч байна" гэж хэлсэн аж. Mendes эх романыг, дараа нь Haythe-н зохиолыг дарааллуулан уншсан ба Haythe-н анхны ноорог Yates-н үг үсгийг шууд ашигласан, нэг үгээр эх номонд тун үнэнч хандсан байсан; гэвч Mendes киноны гол дүрийн хосуудын бие биедээ хэлдэггүй зүйлсийг  биежүүлэн илэрхийлсэн аргыг олохыг Haythe-д даалгажээ. Winslet зохиолыг найз Leonardo DiCaprio руу илгээж, түүнийг Frank-н дүрд тоглохыг ятгав. DiCaprio-д 1950-аад оны үе болон гэрлэлтийн нарийн түвэгтэй байдал таалагдсан ба DiCaprio: "Frank, April хоёрын дундах динамик маш хүчтэй бас бодитой, та тэдний дотно харилцаа нурахыг хараад өөрийгөө ханан дээрх ялаа шиг л мэдэрнэ" гэсэн буй. Мөн тэрээр өөрийнхөө дүрийг "баатарлаг бус, бага зэрэг хулчгар" хэмээжээ.


 Гол дүрүүд тодорсны дараа Kathy Bates, Michael Shannon, David Harbour нар жүжигчдийн бүрэлдэхүүнд багтсан. Winslet дүрдээ зориулж Америкийн зохиолч Betty Friedan-н "The Feminine Mystique"  гэдэг номыг уншсан гэдэг бөгөөд Winslet: "Үнэндээ, April-д тоглоход хамгийн хэцүү нь түүнийг номонд гардаг шиг хурц араншинтай байлгахгүйн тулд тодорхой сонголт хийх хэрэгтэй болсон явдал байсан. Номонд, April тун хийрхүү, заримдаа галзуу мэт байдаг. Хэзээ мөдгүй тэсрэх гэж байгаа юм шиг л сэтгэлийн төлөвт байдаг" гэсэн буй. Тэгвэл DiCaprio дүрдээ бэлтгэхийн тулд 1950-аад оны хотын захын суурингуудын үүслийн тухай хэд хэдэн баримтад кино үзсэн гэдэг. DiCaprio, Winslet хоёр "Titanic" бүтээлээс хойш романтик харилцааг харуулсан төсөлд дахин хамтрахаас татгалзаж ирсэн байдаг ба "иймэрхүү сэдвүүдийг давтахыг оролдвол том алдаа болно гэдгийг бид мэдэж байсан" хэмээн DiCaprio өгүүлсэн буй. 2007 онд, жүжигчид үндсэн зураг авалт эхлэхээс өмнө гурван долоо хоногийн турш бэлтгэл хийсэн бөгөөд найруулагч Mendes мизасцэнийг клаустрофоби динамик байдлыг бий болгохыг хүссэн тул Frank, April хоёрын гэрийн дотоод зураглалыг жинхэнэ байшинд хийжээ. Кино багийнхны сонгосон байшин, хөршийнх нь байшинг оролцуулаад жижигтэр байсан ч 1950-аад оны хэв маягийн архитектуртай байжээ. Байшингийн эзэд кино багийнханд байшинд нь хүссэнээрээ өөрчлөлт хийх эрхийг олгосон ба өөрчлөлт, засварын ажилд мэргэжлийн 45 хүн оролцсон гэдэг. Продакшны дизайнер Kristi Zea: "Бид номонд дүрслэгдсэн хөндийрсөн мэдрэмжийг кинонд ч байлгахыг хүссэн" хэмээжээ. Mendes-н "Jarhead" кинонд ажиллачихаад байсан нэрт зураглаач Roger Deakins уг бүтээлд ажиллахдаа гар камер болон крантай камерийг хослуулсан. 

Deakins байшин доторх гэрэлтүүлдэг бүхий л зүйлсийг шинжлэн үзчихээд юу хүсч байгаагаа тодорхой хэлдэг байжээ. Гэхдээ бага орчинд, сүүдэр ихтэй байшинд ажиллах амаргүй байсан гэж нэрт зураглаач хэлсэн байдаг. Гэрийн хайхрамжгүй төрх хийгээд хосуудын гэрлэлтийн мөхлийг аажмаар харуулахын тулд кино багийнхан байшингийн зарим зүйлсийг аваад илүүтэй гар камераар зураглажээ. Mendes: "Киноны үлдсэн хагас цагийн туршид би Kate, Leo хоёрын тоглолтыг жинхэнэ харагдуулахыг хүссэн бөгөөд бид тэр мөчид хүрээд, би Deakins-д ямар ч кадрын шийдэл гаргахыг хүсэхгүй байгаагаа хэлсэн; би гар камераар авахыг хүссэн, би жүжигчдийг тэсрэмтгий, тааварлашгүй байгаасай гэж хүссэн" хэмээжээ. Жүжигчин Michael Shannon хожим зураг авалтын үеийг дурсахдаа "тэнд ямар нэгэн од жүжигчин байгаа огт санагдаагүй, байгаа материалдаа дурлаж, номыг хүндэтгэсэн хэсэг хүмүүс байгаа л санагдсан" гэж хэлжээ. Мөн тэрээр Winslet, DiCaprio хоёр эртнээс биесээ мэддэг болохоор жин хосууд шиг сайн тоглолт гаргасан гэжээ. Кино дахь Winslet-тэй хэрэлддэг сцэнүүдийнхээ талаар DiCaprio: "энэ кинонд тэдний дунд болж буй явдлуудын ихэнх нь хэлэгддэггүй үлддэг" гээд хэрүүлийн үеийн хэсгүүд өөрт нь зугаатай байсан гэсэн буй. Гэвч DiCaprio зураг авалт дууссаны дараа бие болон сэтгэлийн санааны хувьд маш их ядарсан болохоо олж мэдээд дараагийн киноныхоо хуваарийг хоёр сараар хойшлуулсан аж. Winslet харин DiCaprio-той ажиллах нь "сэтгэлийн хувьд сорилт" байсан ч "бие махбодын хувьд тухтай" байсан гээд өас нөхөр Mendes ба DiCaprio хоёртой хамт ажиллах нь "дарамттай" байсан гэжээ. Шүүмжлэгч Rex Reed уг киног, хадан хавцал дээр буй гэрлэлтийн талаарх өө сэвгүй, агшин зуурын задлан шинжилгээ буюу Америк мөрөөдлийн яллах дүгнэлт гээд цааш нь, кино бүтээх стандартыг ахиулсан гүн гүнзгий, оюунлаг, чин сэтгэлд хүрэхүйц бүтээл гэжээ. Rolling Stone сэтгүүл "шинэлэг бас анхаарахуйц" гээд найруулагчийн ур чадварыг магтаад, үзэхэд хатуу ч үзсэндээ харамсамгүй сод бүтээл хэмээжээ.

 Мөн түүнчлэн шүүмжлэгчид DiCaprio-г ялагдсан эрийн сэтгэлийн олон үе шатыг харуулсан буюу түүнийг жүжигчний хувьд оргил үедээ байна гэж биширч байсан бол Winslet өөрийг нь аугаа болгодог дүрдээ үнэнч тууштай байж чаддаг, бүхий л нарийн өнгө аясыг мэдрүүлж чаддаг цартай тоглолтоо энэ удаа ч амжилттай авчирлаа гэж шагшсан. Шүүмжлэгч Mick LaSalle: "Кино ийм л байх ёстой, нэгээс олон удаа үзэгдэх ёстой. Та April-н өнцгөөс хараад үзээд, дараа нь Frank-н нүдээр үзээд үзээрэй, кино аль ч талаар нь үзэхэд болдог, эна бол бүх талаас нь үзэж болдог кино. Энэ бол Америкийн агуу кино" гэжээ. Нэрт шүүмжлэгч Roger Ebert уг кинонд хамгийн дээд үнэлгээг өгөөд "сүйрлийн талаарх маш сайн кино" гээд DiCaprio, Winslet хоёрын тоглолтод А үнэлгээ өгсөн. Entertainment Weekly сэтгүүл: "Энэ кино маш бараан, зарим үзэгчдэд дэндүү хар бараан санагдах байх, гэхдээ энэ өөр хязгаартай кино; гэр бүлийн зөрчилдөөнт сүйрлийг үзүүлж байгаа ч үүнд тусгаарлагдсан, гоо зүйн шинжтэй зүйлс бий" гэсэн буй. DiCaprio, Winslet нарын гарамгай тоглолт, Mendes-н авъяас чадвар болон Haythe-н тун сайн кино зохиол нийлээд биднийг ухаарал, сэтгэл хөдлөлийн газарт авааччихаад тэнд үлдээснээр бидэнд хайр, гэрлэлт, хариуцлага болоод хүсэл мөрөөдлийн тухай дахин нэг эрэгцүүлэн бодуулна. 

Comments