Федор Достоевский "Ноомой"

 


"Ноомой". Оросын их зохиолч Федор Достоевскийн бодлын урсгалаар нэгдүгээр биеэс хүүрнэсэн богино өгүүллэг. "Уран зөгнөлт түүх" гэсэн дэд гарчигтай эл бүтээлийг Достоевский 1876 оны 11-р сард бичсэн бөгөөд барьцаалан зээлдүүлэгч болон түүний байнгын үйлчлүүлэгч бүсгүй хоёрын харилцааны тухай өгүүлдэг. Достоевский өгүүллэгийнхээ санааг 1876 оны 4-р сард нэгэн оёдолчин амиа хорлосон тухай мэдээ уншаад олж авсан ба тэрээр үүнийгээ "амиа хорлосон явдал нь таныг удаан хугацаанд зовоох тийм ноомой нэгний тухай" гэсэн буй.

 АНАЛИЗ. Хүүрнэгчийг "Газар дороос бичсэн тэмдэглэл" зохиолын хүүрнэгчтэй, мөн "Маанаг", "Гэм Зэм" романуудад гардаг барьцаалан зээлдүүлэгчидтэй харьцуулдаг. Хүүрнэгчийн болон түүний амиа хорлосон эхнэрийн төрх шинж бол Достоевскийн хэлснээр материаллаг хүслээс үүдэлтэй оюун санааны зогсонги байдлын үр дүн хэмээн шүүмжилсэн аж. "Ноомой" өгүүллэгт харгис эрх мэдэлдэнгүүд юмуу эсхүл хорон муу санаатнуудын алинд ч тооцогддоггүй хүмүүсийн тухай өгүүлдэг. Зохиолын гол баатар буюу хүүрнэгчийн хайртай эхнэр амиа егүүтгэсэн бөгөөд эл өгүүллэгийн хэлбэр нь үйл явдлын нөхцлөөс шалтгаалдаг. Энэ бол одоо, энд, мөн олон нийтийн өмнө тохиолдож байгаа бодлын бүтээл ба гол дүр нь өөрийнхөө төлөө өөртэйгөө ярьдаг зуршилтай буюу уншигч зохиолчтой хамт хананы цаана нуугдаад чих тавин сонсож болохуйц. Энд чухал хиймэл нарийн ширийн зүйлс байдаг; дүрийн эхний мөчид хэлсэн үгс утгагүй, уялдаагүй байдаг. Мэдрэлийн хурцадмал шинж улам нэмэгдэж, эцэст нь тэр ухамсараасаа гарах үгсийг чангаар хэлж эхэлдэг. Өөртэйгөө ярихдаа тэрээр хүйтэн цөхрөлийг мэдэрсэн хойноо л тайвширдаг билээ. Достоевский төрөлхийн суут сэтгэл судлаачийн хувьд хүмүүс хэрхэн өөрсдийнхөө сайн сайхан чанарыг үгүй хийдгийг харуулжээ. Ерөөсөө, барьцаалан зээлдүүлэгч болон түүний залуухан эхнэр хоёулаа л жинхэнэ жаргалтай гэр бүл бий болгохыг л хүссэн юм. Гэвч, тэд бардам зандаа хөнөөгдөгсөд юм. 

Достоевский уншигчдад тэд хоёулаа гэмтэнгүүд, хоёулаа өөрсдийгөө гэмт хэрэгтэнгүүд гэж боддог байсан гэсэн ойлголт руу хөтөлжээ. Ноомой нөхрийнхөө эсрэг хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөнөөр амиа егүүтгэхээр шийдвэрлэсэн бөгөөд тэр үнэхээр нөхрөөсөө урвахаар оролдсон, нөхрөө алахаар оролдсон; тэр ингэж бодсоноороо л нүгэлтэн юм. Гэмт үйл бодол санаагаар, үгээр, үйлдлээр, мөн үүргээ биелүүлээгүйгээс болж тодорхойлогддог буюу эдгээр нь цэвэр шашны утгаараа гэмт хэрэгт тооцогдоно. Ноомой өөрийгөө нүгэлтэн гэдгээ ухаарахын дээр амиа хорлохдоо бурхны хөрөг барьсан байдаг билээ. Гол дүр болох барьцаалан зээлдүүлэгч нь өнгөрсөнд, эхнэрээ нас барахаас нь өмнө өөрийгөө буруугүй гэж тууштай итгэж байсан; тэрээр нийгмийг жигшсэн өнцгөөс хараад "ийм л учиртай" гэсэн байр суурьтай байж, өөрийгөө буруутгахгүй байхыг албаддаг байсан. Гэвч аймшигт үйл явдлын дараа бодол санаагаа цэгцэлчихээд тэрээр өөрийгөө үхэгсдийн дундах үхдэл, эргэн тойрны бүх зүйлс нь үхэж мөхөв гэсэн дүгнэлт хийдэг; "хүмүүс ганцаараа байдаг, тэдний эргэн тойрон аниргүй байдаг, үүнийг л ертөнц гэнэ!". Ухамсрынхаа хаа нэгтээ эхнэрийнхээ үхэлд ямарваа байдлаар буруутай гэдгээ ухаарч, түүнийхээ өмнө, зарим талаараа ертөнцийн өмнө гэм буруутай гэдгээ мэдэрдэг бөгөөд үүнийгээ засч залруулж, өөрийнхөө зориг хүслийг нотлохын тулд мөнгөө ядууст өгөхийг хүсдэг. Гэвч өөрийнхөө гэм нүглийн бодит үнэнийг олж мэдсэний дараа барьцаалан зээлдүүлэгч дотор нь орших нүгэл өөрийг нь хөнөөсөн болохыг ойлгодог. Тэр нүглээс өршөөгдөх боломжгүй, учир нь тэр ёс суртахууны хувьд үхчихсэн хэрэг.

 ҮНДСЭН СЭДЭВ. АМИА ХОРЛОЛТ. Амиа хорлолтын сэдэв нь "Ноомой" өгүүллэгийн голлох сэдэв юм. Достоевский залуу үеийнхний амиа хорлолттой холбоотой баримтуудыг тууштай, анхааралтай судлаад энэ бүтээлээрээ амиа хорлогчдын 'ядарсан сүнснүүдийн" сэтгэлзүйд  гүн гүнзгий дүн шинжилгээ хийсэн. Достоевский сэтгэлзүйн үүднээс амиа хорлох явдлын талаар олон эссэ, өгүүлэл бичсэн, гэхдээ "Ноомой" нь уран зохиол гэдэг утгаараа уншигчдад шууд хариулт өгөхөөс зайлсхийж, харин ихэнхдээ үхлээр төгсч болох тохиолдлуудын нөхцлийг дүрсэлсэн. Амиа егүүтгэхийн сэдэв бол бүлэг болгонд дурдагддаг, мөр бүрт үхлийн хүйтэн мэдрэмж нэвт шингэсэн байдаг зохиолын "амин тулгуур" боловч Достоевский гаднах хүчин зүйлсийг ашиглан энэ асуудлыг анхааралд өртүүлж байгаа явдал нь хүмүүсийн сэтгэлийг гадна доторгүй мэддэг болохыг харуулахын сацуу түүний бичих суут чадварын нотолгоо юм. 

ДАВУУ БАЙДАЛ. Эл богино өгүүллэгт хүмүүс хоорондын харилцаанд харгалзагч ба хоригдол гэсэн функц үйлчилдэг буюу хүмүүс сайхь хоёр хэсэгт хуваагддаг гэж үздэг. "Тэгш бус байдлын мэдрэмж миний сэтгэлийг татсан, энэ маш, маш амттай сайхан" гэж барьцаалан зээлдүүлэгч хэлдэг бөгөөд хүүрнэгч Ноомой бол түүний хувьд ертөнц дээрх цорын ганц хүн хэмээн байнга онцолдог билээ. Барьцаалан зээлдүүлэгч түүний аврагч болж чадах байсан ч харгалзагч нь болсон; бүсгүй түүн дээр хайраар дүүрэн ирсэн боловч хүүрнэгчийг бардам зан нь сайхь сэтгэлтэй харгалзагч болгочихсон. Барьцаалан зээлдүүлэгч нийгмээс "өшөө авах" өөрийн гэсэн идеатай байсан; Ноомойгоос тэрээр юуны өмнө дуулгавартай байхыг хүсдэг буюу энэ нь бардам хүүрнэгчийн тэгш байдлыг хүлээн зөвшөөрдөггүйг харуулна.

 БИБЛИЙН СЭДВҮҮД. Библийн тухай сэдэв бол Достоевскийн бараг бүх бүтээлд байдаг ба итнэл үнэмшил бол амьдралынх нь хамгийн том эрэл хайгуул байсан гэдэг. Энэ бүтээлд хамгийн тод, хурц илэрхийлэл бол Бурхны Эхийн зураг байдаг; Ноомой анх барьцаалан зээлдүүлэх газарт аваачсан хөрөг зургаа хожим үсэрч үхэхдээ барьсан байдаг билээ. Энэхүү нарийн дүрслэл түүний амьдрахгүй байх хүсэл түүний итгэл үнэмшлээс илүү хүчтэй болохыг харуулснаараа чухал үүрэгтэй бөгөөд Христэд итгэгч хэн бүхэн амиа хорлохыг хамгийн том нүгэл гэдгийг мэддэг хэдий ч энэ тохиолдолд түүнд юу ч саад болохгүй. Библийн өөр нэг сэдэв бол хүүрнэгч нар үхсэн гэж хэлдэг нь Библийн Апокалипсисээс иш татсан хэрэг юм. МОТИФ. ОЛОН НИЙТ. Достоевскийн өгүүлж буй түүх бол бүх амьдрал нь өмнө нь байсан, хэрвээ өрөөсгөл буруу бодол байгаагүйсэн бол үхэхгүй байх байсан залуухан хүүхний үхлээр төгсч байгаа эмгэнэлт явдал вм. Олон нийтийн мотифийн үүднээс гол дүрүүд нэргүй байдаг ба Достоевский зориуд нэр өгөөгүй явдал бол тэр зохиолоо хувийн шинжтэй болгохыг хүсээгүй, энэ бүтээл хэн нэгэнд тусгайлсан бус бүх нийтэд зориулагдсан бололтой.

 СИМБОЛ. НАР.. өгүүллэгийн төгсгөлд хүүрнэгч амьдралынхаа хамгийн чухал хүнийг алдлаа хэмээн зүрхнийхээ угаас хашгирч, түүний хувьд бүх зүйл үхсэн, маргааш эхнэрээ оршуулчихаад ганцаараа яаж амьдрахаа мэдэхгүй байна гэдэг. "Нар мандаж байна, хараач, нар үхээгүй гэж үү?" гэж хэлдэг. Түүний хувьд бүх зүйл мөхөж үгүй болсон ба үхсэн нарны зураглал бол Апокалипсистэй холбоотой; амьдралын эх булаг болсон нар үхлийн симбол болж хувирч байна. ЗҮЙРЛЭЛ. ҮХЭЛ СУРГАМЖ БОЛОХ ЁСТОЙ. Ноомойгийн үхэл хүүрнэгчийг "амьлуулдаг"; түүний гэрт хуульчлагдсан анир чимээгүй байдал үгүй болж оронд нь зовлонтой ч "амьд" байдал ирдэг. Хүүрнэгчийн өнгөрсөнд Ноомойтой харилцах харилцааны "төлөвлөгөө", одоо өөрийгөө зөвтгөсөн хамгаалалтын "систем", түүнчлэн мөн чанар хийгээд хувь тавилантай тулгарах мөргөлдөөнийг жаргалтайгаар шийдвэрлэх маргашгүй хүсэл, шийдвэрлэшгүй байдлыг эцэстээ хүлээн зөвшөөрч, хүмүүсийн дунд үүссэн үндэслэлгүй яриаг ухамсарлаж, эхнэрийнхээ өмнө гэм буруутайгаас үүдэлтэй сэтгэлийн шаналал, бодлууд баатрын мэдрэмж, санааг самууруулдаг. Хүүрнэгчийн энэхүү "эргэлзээний сорилт" нь уг бүтээлийн өгүүлэмжийн бүтцийг тодорхойлдог. 

Comments