Winter's Bone (2010). Америкийн найруулагч Debra Granik-н насанд хүрэх явцыг харуулсан драм. Daniel Woodrell-н 2006 онд хэвлэгдсэн ижил нэрт романыг Anna Rossellini кино дэлгэц рүү хөрвүүлсэн. Миссури мужийн Озаркс алслагдсан тосгонд амьдардаг ядуу өсвөр насны охин гэр бүлээ хамгаалахын тулд сураггүй болсон эцгийгээ олох ёстой болж байгаа тухай эл бүтээлд өгүүлдэг. Киноны гол дүрд өнөө цагийн Холливуудын эмэгтэй нүүр царайнуудын нэг Jennifer Lawrence гарамгай тоглож шүүмжлэгчдээс талархал хүлээсэн, мөн энэ бүтээлээрээ Оскарын наадмын шилдэг эмэгтэй гол дүрийн шагналд нэр дэвшихдээ 20 настай байсан нь Оскарын наадмын түүхэнд хамгийн залуудаа нэр дэвшсэн хоёр дахь тохиолдол болж байжээ. Уг кино арилжааны хувьд ашигтай байхын зэрэгцээ олон арван кино наадамд амжилттай оролцсны дотор Оскарын наадамд шилдэг кино, шилдэг кино зохиол болон шилдэг эрэгтэй туслах дүрийн (John Hawkes) шагналуудад өрсөлдсөн бөгөөд киногоор дагнаж бичдэг шүүмжлэгчид оны шилдэг жагсаалтад эхний аравт багтаажээ. Баргар, санаанд хадагдам, ямар нэгэн байдлаар бидэнд итгэл найдварын оч төрүүлэх, Jennifer Lawrence-г од болгосон уг бүтээлтэй танилцая.
Миссуригийн хөдөө нутагт 17 настай Dolly охин 12 настай Sonny, 6 настай, Ashlee болон сэтгэцийн өвчтэй ээж нараа харан ядуурхан амьдарна. Хэрсүү Dolly дүү нараа хооллож ундлан мөн хэрхэн ууланд амьдрах талаар зааж сургана. Тэдний аав Jessup гэртээ ирээгүй удсан буюу хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа болой. Jessup хувиараа архи хийж борлуулсан хэргээр баригдаж байсан түүхтэй. Нэг өдөр нутгийн шериф хүрч ирээд Jessup товлосон хугацаанд шүүх хуралд ирэхгүй бол аавынх нь барьцаанд тавьсан байшингаа хураах болсныг дуулгана; энэ бол ядуу гэр бүлд мөхөл гэсэн үг юм. Ингээд Dolly эцгийгээ олох аянд гарна. Тэрээр эхлээд архичин авга ах Teardrop-н гэрт очихоос өгсүүлээд холын төрөл садангууд, түүнчлэн нутгийн гэмт хэргийн босс дээр хүртэл очно. Босс түүнтэй уулзахаас татгалзана; энэ бүхний эцэст аав нь архи нэрж байгаад шатаж үхсэн, эсхүл шүүхээс зайлсхийхийн тулд хотоос зугтсан гэсэн хоёрдмол утгатай мэдээлэлтэй болдог ч ямар ч тохиолдолд хүмүүс Dolly-д аавыгаа хайхаа боль гэж хэлж байлаа. Jessup товлосон цагтаа шүүх дээр ирээгүй тул зээлдүүлэгч байшингийн хураахад долоо хоногийн хугацаа өглөө шүү гэж Dolly-д дуулгана.
Охин "аавыгаа лав үхсэн" гээд "учир нь манай гэр бүлийнхэн зугтагсад" биш гэж шазруун хариулдаг. Харин зээлдүүлэгч түүнд хөрөнгөө авч үлдэхийн тулд аавынхаа үхлийг нотол хэмээнэ. Аргаа барсан Dolly мөнгө олохын тулд цэрэгт элсэж $40,000 долларын урамшуулал авах гэтэл эцэг эхийн зөвшөөрсөн гарын үсэг шаардлагатай гэснээр энэ арга нурна. Dolly босс-той уулзах гэж дахиад зүтгэтэл түүний гэр бүлийн хүүхнүүдэд зодуулах ба Teardrop ирж охиныг аврахдаа дахиж асуудал үүсгэхгүй гэж амалдаг. Авга ах нь охинд аав чинь бусад хууль бус архи хийгчдийгээ матсанаас болж үхсэн, гэхдээ хэн хөнөөснийг би мэдэхгүй, хэн хийснийг нь мэдвэл би өшөө авах учраас би мэдэхийн хүсэхгүй байна гэж хэлдэг. Тэднийг харих замд шериф зогсоож, шериф Teardrop хоёр бараг барилцаж авахын наагуур өнгөрдөг бөгөөд энэ үед шериф Jessup матаач байсан гэж хэлдэг. Хэдэн шөнө өнгөрсний дараа нэгэн шөнө дөлөөр Dolly-г зодсон хүүхнүүд гэрт нь ирээд "аавынхаа ясыг" авах гэж асуудаг. Хүүхнүүд Dolly-н толгойд шуудай углаад цөөрмөөр завьтай явсаар эцгийнх нь живсэн гүехэн газарт ирэх ба аавынх нь тал бие харагдаж байх шиг охинд санагдана. Dolly тэр цогцсын өрөөсөн гарыг хөрөөдөж авна. Энэ гар аавынх нь үхлийг гэрчилснээр охин гэрийнхэнтэйгээ гудманд гарахгүй болох ёстой агаад Dolly шериф дээр очоод тайрсан гарыг өгч, урд шөнө хэн нэгэн үүнийг гэрийнх нь үүдэнд үлдээсэн байна гэж хэлдэг. Киноны төгсгөлд Teardrop охинд аавыг нь хэн хөнөөснийг мэдэж байгаагаа хэлдэг, гэхдээ Dolly дүү нартайгаа амар тайван амьдрах хүсэлтэй байх шиг байдаг.
Rolling Stone сэтгүүл уг киног "Мартагдашгүй" гээд "Найруулагч энэхүү хувирамтгай, алслагдсан газрын аймшгт материалыг нүдээ салгамгүй мэдрэмжтэй, догшноор зохицуулжээ. Jennifer Lawrence-н хувьд найруулагч яг тохирсон залуухан жүжигчин олсон. Jennifer Lawrence-н тоглолт жүжиглэлтээс илүүтэй хуримтлагдаж буй шуурга юм" гэж бичжээ. Шүүмжлэгч James Berardinelli: "Энэ бүтээл триллер кинонууд хүмүүсийн анхаарлыг татахын тулд заавал чимээ шуугиантай, сүртэй байх албагүй гэдгийг санууллаа" гэсэн буй. Шүүмжлэгч David Edelstein: "Энэ киноны хамаг айдас бол оюун ухаанд саатсан ялзрал бус амьдрал өөд тэмүүлэх хүсэл юм" гэжээ. Харин David Denby: "Энэ бол хамгийн шилдэг феминист киноны нэг" гэж магтжээ. Супер хүчтэй биш, бүхэл бүтэн арми удирдсан юмуу чанга гоё яриад баатруудтай кино улиг болж, сонирхол татахаа больж, харин хэрэгтэй цаг, нөхцөлд тодорч, нүүр тулж чаддаг Dolly шиг эгэл дүрүүд жинхэнэ баатар шиг санагдах болжээ. 17 энэ охин ууланд бараг бусдын тусламжгүй дүү нартаа ан агнахыг заах ба аав нь хэзээ ч үзэгдэхгүй бол эх нь ердөө л нэр төдий болжээ. Дүү нар нь бусад хүүхэд шиг дэггүй бас эрч хүчтэй. Найруулагч Debra Granik-н энэхүү киноны ертөнцийн эдийн засаг сүйрсэн мэт хүйтэн харагддаг; нийгмээс хаягдсан хүмүүсийн тухай кино гэж тодорхойлж болно.
Кинонд гарах газар нутгийн байдал сүйрлийн дараах цаг үе шиг харагддаг агаад хэдий машин, телевизэр харагддаг ч эдгээр нь үеэ өнгөөрсөн эртний эдлэлийг санагдуулна. Энэ киноны кадрууд хөдөөгийн ядуу тарчиг амьдралыг харуулдаг гэрэл зурагчин Walker Evans-н орчин үеийн хувилбар шиг гэдэг үнэхээр үнэн бөгөөд Dolly ийм ертөнцөд хэрхэн өсөөд яаж тийм хүчирхэг бас бие даасан бардам болсныг төсөөлөх хэрэгтэй болж байна; яагаад гэвэл түүнд хүчтэй байхыг эцэг эх нь лав заагаагүй нь тодорхой. Кинонд тоглож байхдаа 19 настай байсан Jennifer Lawrence дүрийнхээ баатарлаг шинжийн үндэс болсон догшин, тайван байдлыг гарамгай илэрхийлдэг бөгөөд түүнд дэмжлэг гээд байх зүйлгүй бараг ганцаараа ч итгэл найдвараа огтоос алддаггүй. Тэр эрэгтэй дүүдээ "хүн чамд санал болгоогүй л бол битгий гуйж бай" гэж сургамжилдаг. Охины аав угаасаа муу хүн, түүнийг нь ч хавь ойрынх нь анддаггүй бололтой байдаг. Киноны эх сурвалж болсон роман, мөн кино зохиол бол эртний "Одиссейн" домгоос санаа авч ашигласан нь илэрхий ба Dolly-н аав үнэхээр үхсэн эсэх нь тодорхойгүй юм. Кинонд гарах бүх хүмүүс нэг түвшнийх байдаг; гол дүр Dolly тэдэнд дунд амьдардаг болохоор өөрийгөө тэднээс илүү сайн гэж хардаггүй. Энэ ертөнцөд бүгдээрээ гэмт хэрэгтэн юмуу тэдэнтэй холбоотой юм шиг санагдана. Dolly-н эрлийн аялал бидэнд дүрүүдтэй танилцах боломжийг олгох буюу Granik үүгээр дүр болгоны ямар нэгэн алдаа, доройтлыг харуулдаг ба тэд бол зугаа хөөгчид биш амьд үлдэхийн төлөөх тэмцэгчид шиг харагддаг. Амьдрах тэр чигээрээ урам хугаралт байж магадгүй ч хүн угаасаа өөдрөг байх чанартай; тийм ямар ч дорд нөхцөлд цөөхөн ч гэсэн тэмцдэг, тэмцлээрээ бусдадаа үлгэр болдог хүмүүс хүмүүс байдаг билээ.
Comments
Post a Comment