Муу хань

 


Dodsworth (1936). Герман гаралтай Америкийн нэрт кино найруулагч William Wyler-н найруулсан драм. Sinclair Lewis-н 1929 оны ижил нэрт романыг 1934 онд Sidney Howard тайзны жүжиг болгон бичсэнийг William Wyler кино дэлгэцнээ буулгасан. Киноны гол дүрүүдэд; Walter Huston, Ruth Chatterton, Paul Lukas, Mary Astor, David Niven нар тоглосон. Уг кинонд хямралд орсон гэрлэлтийг судалдаг. Шүүмжлэгчдээс талархал сайшаал хүртсэн энэхүү бүтээл нь тухайн жилийнхээ Оскарын наадамд долоон төрөлд нэр дэвшсэнээс (тухайлбал шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй гол - Walter Huston) шилдэг продакшн дизайн төрөлд ялж байв. Кино түүхч Robert Osborne өөрийнхөө хамгийн дуртай киногоор нэрлэсэн байдаг бол найруулагч David Mamet-н төгс төгөлдөр гэж үздэг дөрвөн киноны нэг ("The Godfather", "A Place in the Sun", "Galaxy Quest") болсон эл классик драмтай танилцая. 

"Dodsworth" автомашин компанийн ерөнхийлөгч Samuel бол 20 жилийн өмнө өөрийн амьдрал ахуйгаа улаан гараараа босгосон амжилттай бизнесмэний хувьд аргагүй хөгширсөн тул гавьяаныхаа амралтад гарч, хайрт эхнэр Fran-тайгаа хамт Европоор аялахаар шийдвэрлэнэ. Хөгшин тивийг зорихынх нь өмнө нэг найз нь түүнд "чи бол ажиллаж байхдаа л жаргалтай байдаг төрлийн хүн дээ" гэж хэлдэг. Fran бол нэг хэвийн амьдралдаа уйдсан нөхрөөсөө насаар дүү, дөнгөж л "хөгширч" байгаа хүүхэн болой. Хосууд Англи руу далайгаар аялж явахдаа янз бүрийн хүмүүстэй танилцана; тэдний нэгийг Edith гэх бөгөөд Edith нөхрөөсөө салсан Италид амьдардаг Америк хүүхэн байна. Edith Sam хоёрын яриа хачин сайхан нийлж, хүүхэн түүнийг эхнэрээс нь илүү ойлгож байв. Энэ зуур Fran царайлаг Англи эртэй дотносож амжих ба Англи эр харилцаагаа илүү гүнзгийрүүлэхийг хүссэнээр тэдний "нөхөрлөл" эцэслэж, уурлаж гомдсон Fran нөхрөө Англи бус Франц явъя гэж ятгана. Францад, Fran өөрийгөө дээд зиндааныхны нэг төдийгүй залуухан гэж гэж төсөөлж, дураараа авирлаж эхэлнэ. Sam түүнийг анзаарсан ч мэдээгүй дүр эсгэнэ. Өдөр хоног өнгөрөх тусам Fran нөхрийгөө бүжиглэдэг залуустайгаа харьцуулж, уйтгартай, хөгшин хүн шиг санагдаж эхэлдэг. Удсан ч үгүй Fran боловсон "playboy" Arnold-той сээтэгнээд зогсохгүй түүнийг дагаж Монтре явахыг хүсч, нөхрөө ганцаараа гэртээ харь хэмээхэд хөөрхий нөхөр дуулгавартай дагахаас яахав. 

Америкт, Sam-г энхрий болон хүргэн нь угтаж авах ч гэрийн эзэгтэй эзгүйд гэр нь хоосон хөндий санагдахын дээр Sam дотроо Fran-г хардаад шаналж байсан учир Европ дахь түнш рүүгээ залгаж эхнэрийнхээ талаар мэдээд өгөөч хэмээн бөгөөд хариу нь мэдээж сэжиглэж байснаар нь батлагддаг. Sam шууд аянд гарах ба Fran, Arnold хоёртой нүүр тулахад Fran ичихгүй үгүйсгэж байсан ч Arnold хүлээн зөвшөөрснөөр хэрэг тодорхой болно. Fran нөхрөөсөө уучлалт гуйж, эвлэрэхийг хүснэ. Sam эхнэртээ хайртай болохоор уучлаад зогсохгүй аяллаа үргэлжлүүлдэг. Гэвч аяллын туршид тэдний хооронд нөхөшгүй ан цав үүссэнийг Sam ойлгодог. Венад тэдний харилцаа бүрэн нурдаг буюу охин нь төрж, өөрөө эмээ болсонд Fran баярлахаасаа илүүтэй хөгширлөө гэж сэтгэлээр унаж, мөн эмээ болсныг минь нуугаарай гэж Sam-д хэлдэг. Fran хэдийнээ, дахиад л шинэ амрагтаа болсон ба өөрөөс нь дүү, барон Kurt түүнд гэрлэх санал тавина. Sam тэвчихээ больж, эцэс төгсгөлгүй хуурмаг амьдралыг зогсоохын тулд эхнэрийнхээ хүссэнээр салахыг зөвшөөрдөг. Гэр бүл салалтын үйл явц өрнөж байх хооронд Sam Европоор хэрэн тэнүүчилсээр байх агаад Неаполь-д Edith-тэй дахин учирна. Хүүхэн түүнийг Итали дахь гэртээ урина, хэн хэнээ амархан ойлголцох тэдний дунд хайрын сэтгэл үүснэ. Шинэ хайр нь Sam-г хөглөж хөгжүүлсэнээр бизнесийн шинэ санаа ч олж, түүнийг нь ч Edith дэмжинэ. Ингээд, Sam Fran-аас салбал тэд гэрлэхээр тохиролцоно. Венад, Fran бароны ээжид хөгшин, тиймээс ач төрүүлж чадахгүй гэж үзэж байгаа учир хүүтэйгээ гэрлүүлэхгүй гэсэн хатуу хариу сонсоод аяганд цохиулсан мэт болоод байв. Барон Kurt гэрлэхээ түр хойшлуулъя гэж Fran-д хэлсэн ч Fran энэ бүхэн найдваргүй болсныг ухаараад Sam руугаа залгахаар шийддэг. Sam учрыг дуулаад Edith-г орхиж явахаас өөр аргагүйд хүрдэг, тэрээр явахынхаа өмнө "20 жилийн нөхөр байсны дадлыг яах ч арга алга даа" гэдэг. Sam, Fran хоёр дахиад онгоцон дээр явж байна, Sam Fran-г сайтар ажиглаад ерөөсөө би чамтай хамт байж чадахгүй, чамайг дахиж тэвчишгүй нь гээд Edith руугаа явснаар кино төгсдөг.

 Жүжигчин Walter Huston 1934 оны Broadway нь жүжигт мөн Sam-н дүрд тоглож байжээ. Тэгвэл киноны продакшны үеэр жүжигчин Mary Astor жүжгийн зохиолч George S. Kaufman-тай салж, хүүхдээ өөр дээрээ авах гэж шүүхийн хаалга байнга татаж байсан үетэй давхацсан байдаг аж. Жүжигчин бүсгүй маань хэвлэлийнхний анхааралд өртөхгүйн тулд продакшны үеэр жүжигчдийн хувцас солих өрөөнд унтаж, өдөр нь зураг авалтын үеэр шүүх хуралд оролцдог байж. Шүүх хуралд хань болж жүжигчин Ruth Chatterton хамт явдаг байсан гэх. The New York Times сэтгүүл "Бахдам" гээд найруулагч Wyler-н кино хийх арга барил, авъяаслаг жүжигчдийн тоглолт нийлээд үзэгчдийн сэтгэлийг бүхэлд нь эзэмдэнэ гэжээ. Мөн кино хувилбар нь жүжгээсээ илүү шударга ёсыг харуулсан хэмээжээ. Time сэтгүүл "William Wyler өөрийн үнэт зүйлс гэж үздэг зүйлсийн тухай зөв зохистойгоор найруулсан, шагшим жүжигчдийн бүрэлдэхүүнтэй, гайхам гүйцэтгэлтэй драм" гэж бичжээ. Зохиолч Graham Green: "Тун сайн хийгдсэн бас сайн жүжиглэлттэй кино" гэж тодорхойлсон боловч киноны хөгжим бараг залхмаар байсан гэж шүүмжилжээ. Гэсэн хэдий ч тэрээр кино урлагт ийм "жинхэнэ" чанартай кино маш ховор хэмээн магтсан буй. Уг бүтээлийн найруулгын ажил болон Danny Mandel-н эвлүүлгийн ажлыг бүтээлийнхээ хамаг өө сэвийг дарж чадсан гэж гэж магтсан буй. Энэ бол бокс оффисын кино, урлагийн кино хоёр нэг "саванд" байж болохыг харуулсан эртний жишээнүүдийг юм. Мөн түүнчлэн кино продакшн ийм байх ёстой гэсэн үлгэр болохуйц бүтээл ч гэдэг. Кино тогтвортой хэмнэлтэй; анхны хурдацтай драматик эхлэлээс сэтгэл хангах төгсгөл хүртэл хэмнэлээ алддаггүй билээ. 

Энэ бол өнөөдөр яг цагаа олсон, харин тухайн үедээ цаг үеэсээ түрүүлсэн сэдэвтэй кино буюу гэр бүл салалт, нийгмийн олон асуудлыг хөндсөн үзэгчдийн сэтгэлийг гашуун хийгээд зөөлнөөр уяруулж чадах ховор киноны нэг билээ. Хөгшрөлт, насны ялгаа хайр, дурлалд хэрхэн нөлөөлж байгааг гаргууд судалсан уг кинонд мөн үнэнч байх, хоёр дахь боломж, залуугаараа үлдэх гэсэн цөхрөл зэргийг бас нухацтай авч үздэг. Жүжигчдийнх нь харилцан ойлголцол, дуулиантай хөгжим, ухаалаг харилцан яриа нь энэ бүтээлийг бүх цаг үеийн хамгийн шилдэг (мөн дутуу үнэлэгдсэн) драмуудын нэг болгодог. Хосуудын харилцааны уналт, нуралтыг илэрхий тод, цаг хугацааны өршөөлгүйг өршөөлгүй үзүүлэх энэ кино сэтгэл хөдөлгөм, ухаалаг бас түвэгтэй романс юм. Та энэ бичвэрийг уншаад байдаг л нэг "савангийн дуурь" гэж бодуузай, үгүй юм, энэ бол зохиол, жүжиглэлт, гүйцэтгэл зэргээрээ А зэрэглэлийнх болой. Киноны хамгийн сэтгэл хөдөлгөм сцэн магадгүй галт тэрэгний өртөөн дээрх Sam, Fran хоёрын салалт болов уу. Sam удаан бодсоны эцэст зөв сонголт хийснээр жаргалдаа хүрч, харин буруутан Fran шийтгэгдэж байгаа буюу сайн дүр ялж, муу дүр ялагдах төгсгөл бол Холливуудын Алтан эриний алтан стандарт байсан. 

Comments