Equinox Flower (1958). Кино урлагийн мастер, Японы нэрт найруулагч Yasujiro Ozu-н анхны өнгөт кино. Кино зохиолыг Kogo, Noda, Yasujiro Ozu нар Ton Satomi-н номоос сэдэвлэн бичжээ. Сонирхуулахад, Японы анхны өнгөт кино бол Keisuke Kinoshita-н 1951 онд бүтээгдсэн "Carmen Comes Home" байв. Ozu улаан өнгийг илүү сайн дамжуулдаг гэж гэж үзээд Kodak, Fujifilm бус Германы Agfa-гаар киногоо хийжээ. "Higabana" буюу "Equinox Flower" нэр нь улаан сараана гэсэн утгатай ажээ. Shochiku продакшн тухайн цагт ид мандаад байсан жүжигчин Fujiko Yamamoto-г Daiei кино студээс зээлээд байсан тул жүжигчин бүсгүйг кинондоо онцгойлон тодотгохын тулд киногоо өнгөтөөр хийхийг Ozu-аас хүсчээ. Киноны үйл явдлыг хөндлөнгөөс шийдэх учиртай Fujiko-н дүрийн уртасгасан диалогитой сцэнүүдийг жүжигчин бүсгүйг тодотгох зорилготой киноны бүтэц юм. Fujiko Yamamoto 1958 онд энэ кинонд тоглосон дүрээрээ Японы кино урлагийн нэр хүндтэй шагнал "Цэнхэр Тууз"-ийн эзэн болсон байдаг. Ozu олон нэр, алдартай жүжигчидтэй хамтарч байсан ч Fujiko шиг ганцаараа дэлгэцийн кредитийг нь авсан жүжигчин бараг байгаагүй ажээ. Намуухан, өршөөнгүй, үл баригдам, аядуухнаар сэтгэл ханамж өгөх энэхүү драмын үйл явдлыг товчхон хүргэе.
Токиогийн чинээлэг бизнесмэн Hirayama (Shin Saburi) дээр нэг өдөр сургуулийнх нь найз Mikami (Chishu Ryu) хүрч ирээд маргалдаж, санал зөрсний улмаас гэрээсээ явсан Fumiko (Yoshiko Kuga) охинтой минь уулзаж туслаач хэмээнэ. Hirayama охиныг нь ажилладаг гэж дуулсан баарнаас олох агаад охины яриаг анхааралтай сонсоно; Fumiko хэлэхдээ, аав нь даанч зөрүүд, өөрөө амьдралаа зохиож, хайртай залуутайгаа гэрлэнэ гэсэнд аав нь зөвшөөрөөгүйгээс гэрээсээ явсан гэж ярьдаг. Ажлын нэгэн өдөр Taniguchi (Keiji Sada) гэгч залуу Hirayama дээр ирээд том охин Setsuko-той (Ineko Arima) нь хуримлах хүсэлтэй буйгаа илэрхийлнэ. Hirayama төрсөн охин нь өөрийнх нь зөвшөөрлийг авалгүйгээр гэрлэх болсонд туйлаас гомдон дургүйцнэ. Тэрээр гэртээ хариад охинтойгоо уулзаад загнаж, ажилдаа явахыг нь хүртэл хориглоно. Гэхдээ Hirayama ажлынхаа туслахаас Taniguchi гэгчийн тухай илүү ихийг мэдэхийг оролддог. Энэхүү эцэг, охин хоёрын зөрчилдөөнийг шийдвэрлэхээр Setsuko-н найз хүүхэн Yukiko (Fujiko Yamamoto) нэг ухаалаг арга олно; Yukiko Hirayama-д нэг залууд хайртай болоод гэрлэх гэсэн ээж дургүйцээд байна би одоо яах вэ гэж асуухад Hirayama гэнэдээд зүрх сэтгэлээ л дага, ээж юу гэх хамаагүй гэж хэлснээр хүүхнүүдийн урхинд орох буюу хүний хүнд ийм зөвлөгөө өгсөн хүн өөрийнхөө охины сонголтыг хүндлэхгүй байхаас өөр аргагүйддэг. Гэсэн ч Hirayama бүрэн зөвшөөрөл олгохгүй л байх агаад эхнэр Kiyoko (Kinuyo Tanaka) нь түүнийг "тогтворгүй" гэж буруутгаж охиныхоо талд орох бол бага охин Hisako (Miyuki Kuwano) эгчийнхээ талд зогсож, аавыгаа даанч хуучинсаг бодолтой гэж зэмлэнэ. Ийнхүү эцэстээ, зөрүүд эцэг номхорсноор охиныгоо хүссэн тэр хайртай хүнтэйгээ гэрлэхийг зөвшөөрдөг. Киноны төгсгөлд Hirayama ажлаар аялж явахдаа Хирошимад байгаа шинэхэн хуримлагсадынхаар зочлохоор шийддэг.
Шүүмжлэгч Roger Ebert энэ киноны талаар: "Японы кино урлагийн хөгшин мастер Yasujiro Ozu-н уг бүтээл ийм кадруудаас бүтдэг: Наана харагдах улаан данхтай өрөө. Өөр нэг өрөөнд ээж хувцас эвхэнэ. Коридороор явж өнгөрч буй ээж, дараа нь охин ардуур нь явж өнгөрнө. Ирж буй аавыг угтаж буй ээж, охин хоёрыг коридорт эсрэгцэн зураглах. Аав кадрыг орхиход дараа нь ээж, тэгээд охин орхино. Аав, ээж хоёр өрөөнд орж ирэхтэй зэрэгцэн охин цаана улаан данхыг аваад өрөөнөөс гарна. Цагийг нь тааруулсан хөдөлгөөн, эвлүүлгийн эл дараалал аливаа төгс төгөлдөр хөгжим, бүжиг, яруу найраг лугаа адил." гэжээ. Ямар ч кино Ozu-н кино шиг тайвшруулдаггүй. Кино эхлэхэд дүрүүд өч төчнөөн асуудалтай харагдаж байгаа ч Ozu-г мэддэг үзэгч энэ бүх гаслан, зовлон киноны төгсгөлд шийдэгдэнэ гэдгийг буюу ертөнц ёс суртахууны тэнцвэрээ дахин олно гэдэгт эргэлздэггүй. Ozu-н бүх бүтээл аядуу тайван шинжийг мэдрүүлдэг. Уг кинонд, жишээлбэл, тод, дулаахан өнгө, бүүвэйн дуутай адил хөгжим, найруулагчийн зураглалын зохиомжтой нийлээд төгс тэнцвэрийг олдог. Мөн түүнчлэн түүний жүжигчдийн тоглолт хязгаарлагдмал байдаг; жүжигчид кадр дотор удаан, алгуур хөдөлж, өөр хоорондоо саад учруулах нь бараг үгүй.
Ер нь Ozu-н бараг бүх кинонд ширүүн, огцом үйлдэл байдаггүй гэж хэлэхэд буруудахгүй (ганц хоёрыг эс тооцвол). Түүний жүжигчид голдуу нэгэн зэрэг хөдөлдөг; уг кинонд Hirayama болон Mikami гэсэн охидтойгоо асуудалтай байгаа хоёр эрийн Мартагдашгүй нэгэн сцэн байдаг. Тэдний биеийг адилхан өнцгөөс авч, тэднийг ярихаас өмнө нүд нь дэлгэцэн дээр хөдөлж, дараа нь бүхэлдээ синхрончлогдсон хөдөлгөөнөөр өлийдөг. Ozu жүжигчидтэйгээ уйгагүй бэлтгэл хийдэг байв, ингэснээр жүжигчид яг зөв цагтаа шаардлагатай үедээ ямар дохио зангаа гаргахаа мэддэг байв. Түүний кинонууд чуулга жүжигчдийн хэв маягийн үлгэр жишээ болохуйц байдаг ба ямар ч жүжигчин кинонд нь давамгайлах эрхгүй байсан гэдэг. Ozu-н кинонуудад жүжигчид ярьж байхдаа камер руу хардаг бол уламжлалт кино урлагт хориотой зүйл юм. Тэдний дуу хоолой тогтуун, огт хашгирдаггүй, диалогийн бүтэц нь ерөнхийдөө тогтвортой байдаг. Энэ нь түүний эвлүүлэгт тусгагдсан байдаг. Түүний кинонд урт юмуу тун богино кадр байдаггүй; диалоги дахь дүр бүрийн оролцоог ганцхан кадрт багтаадаг. Гэхдээ энэ техникийг ярьж байгаа талын жүжигчнийг ээлжлэн харуулдаг телевизийн арга барилтай андуурч болохгүй ба Ozu-н жүжигчид төв хэсэгт байрлаад сонсогчид болон үзэгчид рүү хардаг. Диалогитой сцэн бүрийн дунд тогтсон кадр гэж бий. Энэ нь өөр бусад найруулагчдын кинонд байдгаас илүүтэй удаан оршдогоос гадна хөдөлгөөн багатай, эсхүл хөдөлгөөн байгаа бол тэр нь алсад, ирэв хоёр хананы дундах коридорт тохиолдолддог. Ozu-н кинонуудын өнгө аяс тун сайтар бодож боловсруулагдсан байдаг.
Түүний баатрууд амьдралынхаа хамгийн үймээнтэй, хэцүү үеийг туулж байгаа ч дотоод амгалангаа харуулдаг. Ozu-н онцгой сод гоо зүй бол трансцендентал хэв маягаараа Karl Theodore Dreyer, Robert Bresson нарынхтай адилхан буюу Dreyer, Bresson хоёр Христийн шашныг судалдаг Христ кино найруулагчид бол Ozu-н хэв маяг бол хүмүүний алдааг философийн үүднээс хүлээн зөвшөөрдөг, Зэн буддизмын чөлөөлттэй төстэй байдаг. Түүний бүтээлүүд яагаад тийм намуухан, тайван байдаг нь гэнэтийн зүйл бус түүний насан туршийн кино бүтээх туршлагаас үүдэлтэй мэдрэмж, дадал зуршил бололтой. Ozu-н кинонуудыг бодито асуудалтайгаа тулгарч чаддаггүй Америкийн 1950-1960-аад оны ситкомуудтай харьцуулах боломжгүй ба Ozu ажилгүйдэл, өсвөр насныхны гэмт хэрэг, гэрлэлтээс гадуурх секс, гэр бүл салалтыг бодитоор авч үздэг. Кинонд Hirayama-н охид консерватив үзэлтэй ч эцэгтэйгээ зөрчилдсөн Барууны хандлагатай байдаг. Кинонд мөн Баруунтай холбоотой олон зүйлс гардаг; жишээлбэл, Өрнөдийн зар сурталчилгаа, гол дүрүүдийн ордог бааранд байх Англи нэртэй архи, вискийг дурдаж болно.
Comments
Post a Comment