Сувд ба Хуяг

 


From Here to Eternity (1953). Австри-Америкийн кино найруулагч Fred Zinnemann-н романтик, дайны сэдэвт драм. Америкийн зохиолч James Jones-н ижил нэрт романаас сэдэвлэн Daniel Taradash кино зохиолд хөрвүүлсэн. Уг кинонд, Япончууд Сувдан эрэг руу дайрахаас хэдхэн сарын өмнө Хавайд байрлах Америкийн гурван цэрэг эрийн зовлон, жаргалын тухай өгүүлдэг. Киноны жүжигчдийн бүрэлдэхүүн үнэхээр ланжгар; тухайлбал Burt Lancaster, Montgomery Clift, Frank Sinatra, Deborah Kerr, Donna Reed нарын шилдгүүд гол болон туслах дүрүүдэд тоглосон. Кино тухайн жилийнхээ Оскарын наадамд 13 төрөлд нэр дэвшсэнээс 8 төрөлд ялалт байгуулж жилийнхээ оргил кино болсон ба шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг кино зохиол хөрвүүлэлт, шилдэг эрэгтэй туслах дүр (Frank Sinatra), шилдэг эмэгтэй туслах дүр (Donna Reed) шагналуудыг тус тус хүртжээ. Киноны нэрийг Английн зохиолч Rudyard Kipling-н "Gentlemen-Rankers" гэдэг яруу найргийн мөрөөс авчээ. Үлбийсэн хэмнэлээр дэлхийн 2-р дайны тухай өгүүлэх энэхүү романс нь сайн жүжигчдийн хүчирхэг тоглолтоороо өнөөдөр классик хэмээгдэх болсон бөгөөд ингээд киноны үйл явдлыг товчхон өгүүлсү. 

1941 он, бүрээчин, цэрэг Prewitt Хавай дахь нэгдсэн улсын цэргийн нэг хорооноос өөр нэгэн хороонд шилжинэ. Prewitt мөн боксчин учраас хорооны захирагч Holmes  түүнийг боксын багтаа авахыг хүссэн ч Prewitt татгалздаг; шалтгаан нь гэвэл тэрээр нэгэн тоглолтын үеэр өрсөлдөгчийнхөө нүдийг сохолж, үүндээ гэмшиж явдаг ажээ. Уурссан Holmes түүнийг аль чадахаараа чангалаад Prewitt-г ахлагч түрүүч Milton-д даатган цэргийн шүүхээр оруул гэж тушаана. Milton шийтгэлийн өөр хувилбарыг санал болгож, шинэ цэргээ авардаг. Prewitt-г бусад цэргүүд үл тоомсорлох бол Maggio гэгч цэрэг түүнтэй дотно нөхөрлөж эхэлдэг. Maggio, Prewitt хоёр ойр хавийн уушийн газраар шагайх нь ихсэж, Prewitt ингэж яваад Lorene гэдэг хүүхэнд дурлачихна. Нэг үдэш цэргүүд уушийн газарт ууж байтал Judson гэдэг түрүүч Maggio-г өдөж, үймээн дэгдээх бөгөөд тэд барилцаж авдагийн даваан дээр Milton ирж салгана. Milton дарга Holmes-нхоо үзэсгэлэнтэй эхнэр Karen-тай янаг амрагийн харилцаатай ба нөхөр нь өөрт нь үнэнч бус, үр зулбаснаас болоод үргүйдсэнээс хойш Karen нөхрөө араар нь тавих болжээ. Karen Milton-г офицер болгохыг хүсдэг, хэрэв Milton офицер болбол тэд гэрлэнэ гэж хүүхэн бодно. Согтуугаар харуулын манаагаа орхисон хэмээн Maggio-г цэргийн шоронд хагас жил хорих ял өгнө. 

Энэ үеэр Prewitt Lorene-н жинхэнэ нэр Alma болохыг олж мэдээд зогсохгүй энэ хүүхэн цэргийн эхнэр байхаас илүүтэй мөнгөтэй эртэй суугаад тав тухтай амьдрахыг хүсдэг болохыг нь амнаас нь дуулаад ирээдүйгүй гэдгээ хэн хэн нь ухамсарлацгаана. Holmes-н боксын багийн гишүүн цэрэг Prewitt-г өдөж зодоон үүсгэх бөгөөд Holmes зогсоохыг хүсдэггүй. Holmes ингэж хорслоо бага ч гэсэн тайлдаг. Judson-д хэмхэртлээ зодуулсан Maggio гайхамшгаар гэмээр шоронгоос оргож ирсэн ч зодуураа даахгүй Prewitt-н гар дээр амьсгал хураачихна. Prewitt найзынхаа өшөөг авахын тулд Judson-г гудамжинд отож байгаад хутгалж алах ба шархтсан түүнийг Lorene нууж, Milton хайцаалан өнгөрүүддэг. Holmes-н ёс зүйгүй авир үйлдлийг дээд тушаалтнууд шалгаж үзээд түүнийг огцруулж, оронд нь өөр хүн тавьснаар Milton-д өсөж дэвжих боломж гарлаа хэмээн Karen баярладаг боловч Milton түүнд офицер болох сонирхолгүйгээ, ер нь бидний харилцаа цааш амьдрахгүй гэж хэлдэг. 12-р сарын 7нд Япон Сувдан эрэг рүү дайрав. Lorene-н ятгалгыг үл ойшоон Prewitt нөхөдтэйгөө хамт тулалдах ёстой гэж зөрүүдэлж яваад өөрсдийнхөө харуулын цэргүүдэд буудуулж үхдэг. Milton түүнийг таниад, сайн цэрэг байсан ч даанч их зөрүүд хүн байсан гэж хэлдэг. Кадр солигдоход, Karen, Lorene хоёр усан онгоцоор эх газар руу явж байдаг.

 Кино найруулагч, продюсер S. Sylvan Simon Columbia кино компанийг үүсгэгчдийг нэг Harry Cohn-д романыг эрхийг худалдаж авахыг санал болгосон ба Simon киног найруулахаар томилогдоод байсан ч 1951 онд зүрхний шигдээсээр нас баржээ. Холливуудын домог Frank Sinatra уг кинонд дүр авахдах мафитай холбоотой асуудалд оролцсон нь илчлэгдээд ид шуугиж байсан буюу чухам энэ сэдэв алдарт "The Godfather" киноны дэд сэдэв болсон байдаг юм. Гэвч үүнийг кино багийнхан болоод жүжигчид удаа үгүйсгэсэн байдаг. Найруулагч Fred Zinnemann энэ талаар: "Морины тасалсан толгойн домог бол "The Godfather"-г бичсэн Mario Puzo-н цэвэр зохиосон уран сэтгэмж" гэж хэлжээ. Sinatra энэ кинонд тоглох болсон нэг шалтгааныг, тухайн үед түүний эхнэр байсан Ava Gardner студийн захирал Harry Cohn-н эхнэрийг таньдаг байсан учир лобби явсан гэдэг бөгөөд үүнийг нэрт намтар судлаач Kitty Kelley бас номондоо бичсэн байдаг аж. Joan Crawford, Gladys George нарт гол дүрүүдийг авах боломж олдсон ч найруулагч Gladys эмэгтэй дүрийнхээ эсрэг тоглоход таарахгүй байна гэсээр Gladys хасагдсан бол Joan Crawford өөрийнхөө зураглаачийг кинонд ажиллуулахыг шаардсанаар хасагдаж Deborah Kerr оронд нь оржээ. 

Жүжигчин Kim Stanley Lorene-н дүрд тоглохын төлөө нэлээд оролдсон ч эцэстээ Donna Reed ялагч болсон. Зураг авалтын үеэр Burt Lancaster, Deborah Kerr хоёр болзож байсан, тиймээс ч дэлгэц дээрх тэдний харилцаа бодитой мэт болсон гэсэн яриа хөөрөө байдаг аж. Эх романы ээдрээтэй маргаан дагуулсан хэд хэдэн үйл явдлаас болж Америкийн кино урлагийн цензурын алба болон Армийн зүгээс кино зохиолд зарим нэг хасалт, өөрчлөлтийг хийсэн байдаг. Кино зохиолыг бичсэн Daniel Taradash-н хэлснээр Арми болон Цензурын алба зохиолыг нь магтсан учраас харин ч бага цензурдсэн гэсэн буй. Тун бодитой, сэтгэл татам энэхүү драмыг ерөнхийдөө шүүмжлэгчид өндрөөр хүлээж авсан. James Jones-н ашиг орлогоороо тэргүүлсэн номыг гаргууд кино зохиолд хөрвүүлснээр эгэлгүй кино бий болж; том бизнест зориулсан үлэмж энтертайнмэнт бүхий аль ч өнцгөөс харсан ач холбогдол өндөртэй кино. Мөн жүжигчдийн нэрс харагдаж байгаа шигээ сайн, тэдний амнаас гарах үг бүхэн үнэ цэнэтэй гэмээр бас өөрсдийгнь илэрхийлдэг; мөн түүнчлэн онцгой содон кадр эсхүл ерөнхий кадр, аль нь ч байсан бүх үзэгдэл тод байдаг. Milton буюу Burt Lancaster бусдыгаа гэсэн сэтгэлтэй, мэргэжлийн цэрэг хэдий ч тэр сул дорой чанартай шигээ худлаа хоосон сүржин төрхтэй байдаг; Lancaster-н дүр төрх өөрөө л шууд зузаан жүжигчдийн бүрэлдэхүүний жинг улам хүнд болгодог; нэг үгээр түүний дүр өөрт нь яг таарчээ. Montgomery Clift мэдрэмжтэй, гурван хэмжээст тоглолтуудаараа алдартай билээ. 

Түүний бүрээчин дүр захирагч, дарга нараа эсэргүүцсэн, бие даасан байдлыг илэрхийлдэг. Frank Sinatra Итали гаралтай Америк цэрэг Maggio-н дүрийг гарамгай бүтээсэн нь анхны кадраас л харагддаг. Өөрийг нь дуучин гэж шоолдог шүүмжлэгчдийг тэрээр энэ дүрээрээ нэг мөсөн чимээгүй болгосон гэдэг билээ. The New York Post сонин Sinatra-н тоглолтыг нэгэн зэрэг сэтгэл хөдөлгөм, бодитой, тэр одоо л өөрийгөө жүжигчин гэдгээ харууллаа хэмээн магтсан байдаг бол Newsweek сонин; Sinatra дуучнаас жүжигчин болсноосоо хойш анх удаа л юу хийж байгаагаа ойлгож жинхэнэ жүжигчин боллоо, ухааны утгатай үгс бичжээ. Burt Lancaster нэгэн ярилцлагадаа, ааг омогтой, хорссон Maggio-н дүр бол зарим талаараа Sinatra өөрөө байсан буюу тэр сүүлийн хэдэн жилд үзэж туулсан бүхнээ энэ дүрээрээ илэрхийлсэн гэсэн байдаг. "Stalag 17" киногоороо тухайн жилийн Оскарын наадмын шилдэг эрэгтэй гол жүжигчин болсон William Holden энэ шагналыг би биш "From Here to Eternity" киногоо Lancaster юмуу Clift авах ёстой байсан гэж хэлсэн байдаг бол хожим Sinatra туслах дүрээрээ авсан Оскарын оронд "The Man with the Golden Arm" киноныхоо дүрээр Оскар авах ёстой байсан гэж ярьсан байдаг. 

Comments