In the City of Sylvia (2007). Испанийн кино найруулагч Jose Luis Guerin-н тун өвөрмөц бүтээлтэй танилцая. Уг кинонд, зургаан жилийн өмнө уушийн газарт танилцсан хүүхнээ Страсбургийн төвөөр хайж тэнүүлч буй залуухан зураачийн тухай өгүүлдэг. Энэхүү бүтээл 2007 оны 9-р сард Венецийн кино наадмаар нээлтээ хийсэн. Найруулагч Guerin мөн тэр жилдээ өөрийнхөө авсан гэрэл зургуудаас бүрдсэн "Some Photos in the Sylvia" нэртэй дуугүй баримтад киногоо гаргасан ба баримтад киноны зургуудыг 2004 онд авсан нь хожим "In the City of Sylvia" киноных нь үндэс суурь болжээ. Олон шүүмжлэгчид уг бүтээлийг 2008 оны шилдэг аравт багтаасан байдаг; өнөөдөр кино сонирхогчдын заавал үзэх киноны тоонд зүй ёсоор нэрлэгдэх болжээ. Найруулагч Guerin бол Pedro Costa, Jia Zhangke гэсэн үеийнхээ найруулагчдын адилаар уран сайхны болон Баримтад кино Мобиусын гадаргуу шиг байх ёстой гэдэг Jean-Luc Godard-н бодлыг хуваалцдаг аж.
Гэрэл зургаас бүтсэн кино болгон өгүүлэмжээс үл хамааран камерийн өмнөх зүйлсийг баримтжуулж, уран сайхны бус кино найруулагчид идеа ба үйл явдлыг бүтээлчээр холбохын тулд байгаа материалаа хэлбэржүүлдэг ажээ. Guerin уран сайхны ба баримтад хоёр бүтээлдээ уран зохиомж, бодитын хооронд давхцаж байгаа газар орчныг чадварлагаар залснаар зохиомол түүхийг бүтээмжтэйгээр гаргаж авчээ. "In the City of Sylvia"-д Францын Страсбург хотыг зургаан жилийн өмнө танилцсан ч одоо өөрийг нь танихгүй байх магадлалтай хүүхний араас хотыг хөндлөн гулд туулж буй залуугийн хүслэнт эрлийн талбар болгодог; залууд Xavier Lafitte тоглодог бол хүүхэнд Pilar López de Ayala тоглосон. Тэгвэл "Some Photos in the City Sylvia"-д ижил төстэй түүхийг илүү туршилтын хэлбэрээр үзүүлдэг бөгөөд эдгээр бүтээлүүд мэдрэмж, дурсамж хоёрын харилцааг харуулснаараа холбогдоно. Страсбургийн янз бүрийн газруудыг тодотгосон "In the City of Sylvia"-д явган хүний замын хажуудах кафед ихэнх цагаа зөрж өнгөрөх юмуу дэргэд нь суух эмэгтэйчүүдийн нүүр царайг зургийн дэвтэртээ зурах нэргүй залуу дээр төвлөрдөг бөгөөд аажмаар түүний хайгаад байгаа, бас зураад байгаа хүүхнийг Sylvia гэдэг болохыг, мөн тэр Sylvia-тай богино хугацаанд танилцсан ч түүнтэй дахиж уулзахыг маш их хүсч байгааг бид олж мэднэ.
Кафед эмэгтэйчүүдийн царайг зурангаа гиюүрэн байхдаа тэрээр (хойшид мөрөөдөгч гэнэ) харсан эмэгтэй хүн болгоны царайг нягтлан хараад дараа нь Sylvia байх магадлалтай нэгнийг даган гудамжаар бас трамвайгаар явдаг; гэтэл хүүхэн Sylvia биш байдаг, гэхдээ хүүхэн түүнтэй эелдэг харилцдаг ч дахиж уулзах сонирхолгүй гэдгээ тодорхой илэрхийлдэг билээ. Харин мөрөөдөгч итгэл найдвараа өвөртлөснөөр эрэл хайгуулдаа буцаж ирдэг. Найруулагч Guerin Страсбургийг сонирхох болсон нь залуухан зохиолч байхдаа Страсбургт их зохиолч Гётегийн "Залуу Вертерийн шаналал" зохиолыг уншиж байсантай холбоотой юм. Баримтад киноны баатар Флоренц хотод зочилдог, энд Данте Беатрисийг өөрийнхөө муза болгосон шиг дараа нь Петрарка хагас зуун жилийн дараа хайрт Лаурагаа онгодоо болгож байв. Манай кино ч үүн лугаа залуу зураач-мөрөөдөгч романтик хайраар хөтлөгдөн байна. Guerin-н кинонд төрөл бүрийн сэдэв эргэлдэж, түүхтэй харилцах харилцааг түвэгтэй болгож буй нь найруулагчийн дундад зууны урлаг, уран зохиолд татагддаг болохыг батална.
Гэхдээ энэ кино бол Европын олон зууны урлаг, өнөөгийн кино ба гэрэл зургийн урлагийн хоорондын уялдааг хамгийн сэтгэл хөдөлгөм хийгээд оновчтой дүрсэлдэг киноны нэг юм. Гэхдээ энэ киноны баатар танд төсөөлөгдөж байгаа шигээ ухаалаг юмуу хашир биш. Мөрөөдөгч танихгүй эмэгтэйчүүд рүү увайгүй ширтэх, араас нь дагаж мөшгөхөөс огт залхаж ядардаггүй ба Мөрөөдөгч үзэгчидтэйгээ амтат войеризмаа хуваалцдаг; войеризмын мастер бол мэдээж суут Alfred Hitchcock билээ, түүний "Vertigo", "Psycho" шедеврүүдээс Guerin санаа авсан байдаг. Guerin мөн Hitchcock-н толин тусгалыг талархагч байсан нь дүрүүдийн, газар орны олон тооны тусгасан кадруудаас харагддаг. Guerin-д мөн хоёр найруулагч чухал нөлөөтэй байж; харааны хувьд тасархай үгс, зар сурталчилгааны самбарын зургууд нь мэдээж Godard-ынх бол хоёр дахь Chris Marker-н цаг хугацаагаар аялагчийн талаарх "La Jetee" кино байв. Guerin өөрт нь нөлөөлсөн кино найруулагчдын улс төрийн үзлийг бас хуваалцсан агаад Страсбург бол Европын парламентын гэр билээ. Түүний баатрууд үндэстэн дамнасан капитализмын бүтээгдэхүүн гэдэг нь илэрхий харагддаг ба өөрсдийнхөө хэзээ ч ойлгодоггүй ядуу хүмүүсийг ажиг ч үгүй хараад л өнгөрдөг билээ.
Уг кино нь хүмүүний хамгийн энгийн бас нөлөөтэй дохио болох нүдний харц дээр тогтдог буюу энэ бол магадгүй хамгийн цэвэр илчлэгч шинж чанар юм. Киноны халхлагдсан өгүүлэмжийн цөм нь дурласан хүнийхээ царайны дахин давтагдашгүйд оршиж байгаа бололтой. Дурласан нэгэнд, романтик Мөрөөдөгчийн хувьд царайны гоо сайхан нь үл таних хүний оньсого шиг шинжтэй харилцан хамааралтай байдаг ба удаан ширтэх, хол алхах үүнийг харуулна. Уг кино нь тодорхой гаргацтай, албан ёсны нарийн нягт бүтэцтэй байдаг нь Guerin-н хүлээн зөвшөөрөгдөхүйц чадварыг харуулдаг. Түүний бүтээл нэгэн зэрэг авангард, хуучин хэв маягийнх буюу ангилахад түвэгтэй, гэвч орчин үеийн нийгмийг кино урлагийн үндсэн эхлэл болсон хэлтэй хослуулсан нь үеийнх нь найруулагчдаас ялгаруулах мэт. Тиймээс киноны Мөрөөдөгчийн симпатик хувь тавилан кино урлагтай салшгүй холбоотой. Алдагдсан хайрын нууцлаг, зугаатай схемээр дамжуулан эл кино нь кино театрт үзэгчдийн анхаарлыг татах болсон хуялаасаа болж хүчирхийлэл үйлдэж байгаа болон "бүгдээс зугтсан" дотогшоогоо Мөрөөдөгчийн сэдвийг зэрэгцүүлэн судалдаг. Guerin Мөрөөдөгчөөр дамжуулан үзэгчдэд, өөрөөсөө "гарч", хүсэл эрмэлзэллээ шинэчлэн батлахыг уриалсан буюу найруулагчийн мизасцэн нь үзэгчдийн төсөөллийн толь болдог.
Кино харилцан яриа тун багатай, драматик үйл явдлаас илүүтэй орон зай ба цаг хугацааны явцаар өрнөдөг нь Guerin-н сэтгэлзүй гэхээсээ илүүтэй онцгой төрх байдалд итгэдэгтэй холбоотой юм. Гётегийн "Залуу Вертерийн шаналал" зохиолын баатар шиг төрхтэй залуухан эр буудлын орон дээрээ зураг зурж буйгаар кино эхлэхэд хана дээр машины юмуу ямар нэгэн юмны сүүдэр туссаар байдаг. Кинонд шөнийн зураглал уушийн доторх болон Мөрөөдөгчийн уушийн газарт танилцсан хүүхэнтэйгээ унтаж байгаа сцэнүүдээс өөрөөр бараг байдаггүй. Мөрөөдөгч киноны эхэнд зогсонги, хийцгүй байсан бол хүүхнийг хараад хөдөлгөөнд орсноор кино маань албан бусаар хоёрдугаар хагастаа ордог; Sylvia гэж итгэсэн хүүхнээ хотын гудамжаар дагах хэсгүүд бол найруулагчийн архитектурыг мизасцэн болгон бүжиглэдэг бөгөөд энд найруулагч бараг бүхий л кадрыг ашигладаг билээ. Мөрөөдөгч хүүхнээ дагаж яваад төөрдөг байшинд орсон мэт алддаг ч гэнэт, санамсаргүйгээр, бараг сюрреалист маягаар кафены цонх дээр харагддаг; энэ үнэхээр гайхалтай кадр байсан. Мөрөөдөгчийн харах, Мөрөөдөгчийг харахын дундаас диалектик нээгдэнэ гэж найруулагч хэлсэн нь учиртай. Боломжоос хяналт, уран сайхнаас баримтад, байгалиас урьдчилсан таамаглал; найруулагч Guerin эдгээрийг л нэгтгэхийг зорьсон ба энэ киног хайрын түүх, бүтэлгүйтлийн талаарх сэрэмжлүүлэг, эрэгтэй хүний фантааз ч гэж ойлгож болох ажээ.
Comments
Post a Comment